УИХ-ын гишүүн Ц.Хаянхярваатай
хөгжлийн талаар хөөрөлдсөн юм.
-Хөгжил
гэдэг үгийн үнэ цэнийг тодорхойлно уу ?
-Тухайн улсын хөгжлийн үнэ цэнэ нь
хувь хүнийхээ хөгжлөөр хэмжигдэх ёстой. Тодруулбал, иргэдийн амьжиргааны
түвшингээр гэсэн үг. Өндөр хөгжилтэй орнууд гэдэг тодорхойлолтын цаана
үйлдвэржсэн хот байдаг. Үүнийг би хувьдаа хөгжилтэй орон гэж боддоггүй. Харин
хэдий чинээ хүн ард нь өндөр боловсрол, соёлтой, сайхан амьдарч байна түүгээр
нь хэмжих ёстой гэж боддог.
-Манай
улсын хөгжлийн "чөдөр" юу вэ?
-Хамгийн аюултай хөгжлийн
"чөдөр" бол төрийн бодлого мөн. Аливаа улс орон төрийн бодлогоо хэр
зөв тодорхойлно тэр чинээгээр хөгжлийн гарц дэвшилттэй байх болно. Ингэснээр
төр нь төвшин ажиллаж, иргэдийнхээ ажиллах нөхцөлийг хангах боломжтой болно
гэсэн үг.
-Дээдэс
нь суудлаа олохгүй бол доодос нь хөлөө олохгүй гэдэг шиг төрийн бодлогоо зөв
тодорхойлохгүй бол улс орон хөгжихгүй юм байна. Тийм үү?
-Үнэн шүү. Манай улс төрийн байдал
тогтворгүй байна. Жишээ нь гэхэд л, өнөөг хүртэл засаг захиргааныхаа бүтцийг
хуульчилж чадаагүй. Ядаж л сонгуулийн дараа бүх шатны байгууллагад бүтцийн
өөрчлөлт хийж төрийн албанд ажиллаж байсан олон хүн хохирч үлддэг. Нөгөө талаас
яам, тамгын газрын бүтэц зохион байгуулалтыг ярихдаа нэг хүний хувийн эрх ашигт
нийцүүлдэг нь нууц биш юм. Тэгэхээр УИХ-ын гишүүдийн яриад байгаа төрийн албаны
шинэчлэлтийг хийх нь зөв гэж боддог.
-Иргэн
хүнийхээ хувьд эх орныхоо хөгжил, цэцэглэлтэд хэр сэтгэл ханамжтай явдаг вэ?
-Эх орныхоо хөгжил цэцэглэлтэд
сэтгэл ханамжгүй байлаа гээд яалтай ч билээ, энэ улсад амьдарч байгаа юм чинь.
Гэхдээ манай улсад одоогийн байгаагаас хэдэн хувь өөдлөн дэвших нөхцөл бололцоо
бий. Үүнийг иргэн хүнийхээ хувьд ямар утгаар хэлж байна вэ гэвэл манай төр
засгийн бодлого тиймхэн байна. Тодруулбал, төрийн бодлого хөгжил цэцэглэлтэд
дутагдаж байна гэсэн үг. Би ийм л бодолтой явдаг.
2011 оны 1-р сарын 07, Баасан гариг
Нийгмийн толь
No comments:
Post a Comment