-МАН байнгын хороодоо залуучуудаар цус сэлбэлээ-
Ардын намын бүлгийнхэн байнгын
хорооны дарга нарынхаа нэрийг баасан гаригийн чуулганы хуралдаанд оруулж
батлууллаа. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын
хорооны дарга Д.Арвины оронд УИХ-ын гишүүн Д.Очирбатыг нэр дэвшүүлснийг
гишүүдийн 95.9 хувийн саналаар баталлаа. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын
хорооны дарга Ө.Энхтүвшингийн оронд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг нэр
дэвшүүлснийг 100 хувийн саналаар дэмжив. Мөн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны
дарга Б.Бат-Эрдэнийн оронд УИХ-ын гишүүн Д.Од-баярыг 97.9 хувийн саналаар
баталж, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн оронд УИХ-ын
гишүүн Д.Хаянхярвааг 97.8 хувийн саналаар батлав.АН-ын бүлгийнхэн энэ долоо
хоногт байнгын хорооны дарга нараа шинэчлэх саналаа УИХ-д оруулж шийдүүлэх аж.
МАН-ын бүлгийнхний хувьд энэ
удаагийн байнгын хорооны даргын албан тушаалын төлөөх өрсөлдөөн нэлээд хүчтэй
өрнөж, хэд хэдэн хүн нэр дэвшжээ. Өмнөх дарга нар нь ч улиран ажиллахыг хүссэн
тохиолдол гарсан байна. Гэхдээ санал хураалтаар асуудлыг шийдвэрлээд, олонхын
санал авсан нь эдгээр дөрвөн гишүүн юм. Ямартай ч энэ удаа тус бүлгийнхний
хийсэн сонголт нь парламентын ангийн залуучууд төдийгүй мэргэжлийн хүмүүс
байгаа нь анхаарал татаж байна. Байнгын хорооны даргаар томилогдсоных нь дараа
тэдэнтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.
Төсвийн байнгын хорооны дарга Дамдингийн ХАЯНХЯРВАА
1960 онд Завхан аймгийн Их-Уул
суманд төрсөн, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.1980 онд Завхан аймгийн
Тосонцэнгэл сумын арван жилийн сургууль, 1986 онд Москва хотын Удирдлагын дээд
сургуулийг барилгын инженер, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Орос, англи
хэлтэй.1986-1989 онд Дархан хотын Угсармал барилга, үйлдвэрлэлийн нэгдэлд эдийн
засагч, 1989-1990 онд Дархан хотын МАХН-ын хороонд зааварлагч, 1990-1991 онд
Дархан хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргаанд эдийн засагч, орлогч дарга, 1991-1993
онд Дархан хотын Төмөрлөгийн үйлдвэрт эдийн засагч, орлогч дарга, 1993-2000 онд
Дархан хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргаа, аймгийн Засаг даргын Тамгын газрын
хэлтсийн дарга, 2000-2008 онд Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байсан.
2008 онд Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойргоос УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
-Төсвийн
байнгын хорооны даргаар сонгогдсонд тань баяр хүргэе. Бүлгээсээ хичнээн
гишүүнээс санал авч энэ ажлыг хийхээр болж байна вэ?
-Баярлалаа. Намын бүлэг дээр гурван
хүн өрсөлдсөн. Нэг нь 13,нөгөө нь долоон хүнии санал авч, 23 хүний саналаар
сонгогдсон.
-Төсвийн
байнгын хорооны дарга болох зорилт тань юу байв. Ямар асуудалд гол анхаарлаа
хандуулах вэ?
-Төсвийн байнгын хорооны дарга
болохын тулд зорилго тавих нь утгагүй юм.Байнгын хорооны дарга гэхээр хүмүүс
эрх мэдэл талаас нь хараад буруу ойлголттой байх шиг байна. Үнэн хэрэгтээ
байнгын хорооны дарга болно гэдэг хариуцлага үүрч байгаа л хэрэг шүү дээ. Нөгөө
талаасаа хурлыг даргалагч. Парламент асуудлыг олонхоороо шийдэгддэг жаягтай.
Мэдээж мэргэжлийн байнгын хороог даргалж байгаагийн хувьд улсын төсвийг аль
болох хуулийн дагуу, үр ашигтай байлгах, одоо хэлэлцэгдэх гэж байгаа Төсвийн
тухай хууль, бусад төсөв, санхүүтэй холбоотой хууль эрх зүйн орчныг
боловсронгуй болгоход онцгой анхаарч ажиллах ёстой.
-Төсвийн
байнгын хорооноос Оюутолгойг шалгах ажлын хэсэг гарсан боловч гацаанд орчихсон.
Энэ ажлыг үргэлжлүүлэх үү?
-Оюутолгой, Тавантолгойг тойрсон
олон асуудал бий. Мэдээж ардчилсан нийгэмд санал шүүмжлэл, олон хүчин зүйл байх
нь зүйн хэрэг. Гэхдээ энэ том төслүүдийг бид явуулах л шаардлагатай.
Боловсронгуй болгох зүйл бий юу гэвэл байгаа. Түүнийг явцын дунд нь харж, тайлагнах
тал дээр нь зөвхөн байнгын хороо биш, УИХ, Засгийн газар хамтарч ажиллах ёстой.
Дан ганц Төсвийн байнгын хорооны дарга үүнийг нэг талд нь багтааж чадахгүй.
Сурвалжлагч :Мөнхжаргалын Уранчимэг
2010 оны 12-р сарын 27, Даваа гариг
Өглөөний сонин
No comments:
Post a Comment