Tuesday, 1 May 2012

Д.Хаянхярваа: Миний сонгогч гээд дуугүй өнгөрч чадахгүй


УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Дархан-Уул аймгийн Засаг дарга байхдаа Хонгор сумын
Засаг даргаас 30 сая төгрөгийн авилга авсан тухай баримт байгааг тус сумын иргэн
Ц.Мөнхбат хэлжээ. Энэ талаар сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр бишгүй ярьж
байгаа. Харин УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаас энэ талаар тодруулав.
-Та тойргийнхоо сонгогчийг шүүхэд өгсөн юм уу?
-Яагаад болохгүй гэж. УИХ-ын гишүүнийг хэн дуртай нь гүтгэж болдог. Бусад хүнийг гүтгэж болохгүй гэсэн хууль байна уу. Монгол Улсын хууль хүн бүхэнд адил тэгш үйлчлэх ёстой шүү дээ. Хонгор сумын иргэн Ц.Мөнхбатыг шүүхэд өгч мууг нь үзэх гээгүй. Үнэхээр шударга үнэн гэж байдаг юм бол түүнийг тогтоолгох сэн юм. Яагаад гэвэл тэр хүн намайг Хонгор суманд очоод сонгогчидтойгоо уулзаж байхад орж ирээд "Аймгийн Засаг дарга байхдаа Хонгор сумын Засаг даргаас 30 сая төгрөг авсан бичлэг, хуурцаг чинь надад бий" гэж хэлсэн. Түүнд үнэхээр энэ бичлэг баримт нь байгаа юм бол үзье гэж бодсон юм. Хууль шүүхийн байгууллага үүний учрыг олж, үнэнийг тогтоож өгөөч ээ гэж би хүссэн. Миний хувьд алдаа, оноотой буруу зүйл хийсэн байгаа бол өөрийгөө хаацайлахгүй ээ. Би өөрийгөө сайн хүн гэж хэзээ ч хэлдэггүй. Хэрэв ямар нэгэн алдаа гаргасан бол ард түмнийхээ өмнө уучлалт гуйчих ухамсар надад бий. Гэхдээ энэ удаа үнэн зөвийг тогтоолгох нь зөв юм байна гэж үзсэн. Учир нь Ц.Мөнхбат "Надад баримт. чинь бий" гэж хэлсэн шүү дээ. Үнэхээр байгаа бол түүнийг нь үзье. Шалгуулж батлуулъя гэж бодсон. Түүнээс түүнийг миний сонгогч юм чинь намайг гүтгэг, худлаа ярьж л байг. Дуугүй өнгөрье гэж болохгүй биз дээ. Би ч бас хүн шүү дээ.
-Танд мөнгө өгсөн гэж байгаа Засаг дарга одоо ажлаа хийж байгаа биз дээ?
-Надад мөнгө. өгсөн гээд байгаа Хонгор сумын Засаг дарга Чүлтэмбат гэдэг залуу одоо ч ажлаа хийж байгаа. Түүнийг нутгийнхан нь ажлаа хийж чадаж байна гэж дүгнээд дахиад сонгочихсон байна лээ ш дээ. Энэ тохиолдолд намайг хоёр дахиа мөнгө авчихсан гэх үү. Энэ мэт яриа нь сумын Засаг даргыг мөнгөөр томилдог гэсэн буруу ойлголтыг иргэдэд төрүүлээд байгаа юм. Гэтэл сумын Засаг даргыг Иргэдийн хурлаас нь тодруулсныг аймгийн Засаг дарга нь батламжилдаг шүү дээ.
-Ц.Мөнхбат гэж хэн бэ. Та түүнийг хэр сайн мэдэх вэ?
-Түүний тухай яримааргүй байна. Хувиараа бизнес эрхэлдэг нэг залуу шүү дээ. Би энд нэг жишээ хэлье л дээ. Хонгор сумын иргэдтэй би есдүгээр сарын 11-нд очиж уулзалт хийсэн. Энэ үеэр иргэд саналаа хэлээд нарын хэдэн хүн орж ирээд Хонгор сумын мөнгөн ус, цианит натрийн хортой холбоотой асуудал ярьсан. Нэгэнт энэ хэрэг дээр төрийн зүгээс, авах ёстой арга хэмжээгээ аваад өнгөрчихсөн хойно үүнийг би тэнд яриад яах юм бэ. Гэтэл тэд уурлаад намайг янз бүрээр хэлсэн. Хурлыг жинхэнэ бусниулж, замхруулсан. Тэгэхдээ "Надад чиний тухай баримт бий" гэж хэлсэн. Тиймээс би үүнийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан юм.
-Хонгор сумын асуудал сүүлийн үед нам жим болчихож. Үнэхээр чимээгүй орхичих хэрэг мөн гэж үү. Тэнд үнэхээр хүн, мал нь мөнгөн усанд хордож, байдал хэцүү байсан шүү дээ?
-Хонгор сумын иргэд намайг очих тоолонд энэ асуудлыг ярьдаг. Би Дархан-Уул аймгийн Засаг дарга байхдаа ч, одоо ч энэ асуудал дээр нэг л хариулт өгдөг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч, Хонгорын талаар хангалттай бичсэн. Тиймээс би тайлбар хийгээд байх шаардлагагүй. Үнэхээр мөнгөн усны хор нөлөөний юм байсан уу гэвэл байсан. Тухайн үед эмч нар очсон. Олон улсын шинжээчид ч дүгнэлтээ гаргасан. Төрөөс ч авах ёстой арга хэмжээгээ авсан.
-Хэрвээ таныг хонгорт очиж хэд хоноод хоол идэж, ундны уснаас нь хэрэглэ гэвэл яах вэ?
-Ямар сонин юм асуудаг юм бэ. Ерөөсөө хүмүүс Хонгорын хоол унднаас идээд хордоод байгаа юм байхгүй шүү дээ. Би үүнийг хэний ч өмнө хэлнэ. Хонгор суманд миний таньдаг найз, нөхөд тэдний аав, ээж, хамаатан садан олон бий. Бид тэндээс сүү цагаан идээ, ногоо авчирч идэж, уудаг. Хордоод байгаа юм алга байна шүү дээ. Одоо ийм зүйл ярьж Хонгор сумын иргэдээр тоглохоо болих хэрэгтэй байна аа. Тэнд амьдарч байгаа хүмүүсийг бид бодох ёстой, Яахав миний нэр хүндийг унагаах зорилготой хүмүүс байгааг үгүйсгэхгүй. Мэдээж би хүн учраас надад сул тал байдаг л биз. Тэгвэл үүгээр л оролд. Энэ зөвшөөрлийг харин ч би өгчихье. Түүнээс биш намайг гутаах гэж хонгор сумын иргэдийн сэтгэл зүйгээр битгий тогло л доо.
-Тойргийнхоо сонгогчийг шоронд хорихоор шүүхэд өгчээ гэсэн яриа гарч байна. Магадгүй энэ нь таныг дараагийн сонгуульд нэр дэвшихэд сөргөөр нөлөөлөхгүй гэж үү?
-Юу гэсэн үг вэ. Намайг сонгуульд дахин нэр дэвшинэ гээд хэн хэлчихэв ээ. Дарханы ард түмэн надад итгэл хүлээлгэсэн учраас би УИХ-д нэг удаа сонгогдсон. Миний амьдралын туйлын зорилго УИХ-д дахин дахин сонгогдох явдал биш шүү дээ. Сонгууль бол цаг хугацаатай. Тухайн үедээ нам эвсэл холбоодын зүгээс ард түмний итгэлийг даах хүнээр нэр дэвшүүлдэг. Тиймээс үүнийг ярихад эрт байна.
-Шүүхэд хандсан хэрэг ямар шатандаа явж байгаа вэ?
-Мэдэхгүй. Хууль хяналтын байгууллага үнэн мөнийг тогтоож л байгаа. Үнэн зөвийг нь шударгаар олох байх гэж бодож байна.
-Танаас нэг өөр зүйл асууя. УИХ-д дуу цөөтэй гишүүдийн дунд таны нэр сонсогдох болжээ..
-Хүн олон дуугарснаараа сайн болдоггүй. Аливаа асуудлын мөн чанарыг ойлгож ул үндэстэй ярих ёстой гэсэн байр суурьтай байдаг. Хэлэх ёстой зүйлээ би хаана ч, хэнээс ч айхгүй хэлнэ. Хэрэггүй зүйл дээр дуугараад байхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр их дуугарч, камерын өмнө их ярьснаараа сайн болж, мундаг төрийн бодлого явуулахгүй шүү дээ. УИХ-д олон зүйл дээр санал бодлоо хэлдэг идэвхтэй гишүүд бий. Тэдний хэлж байгааг анхааралтай сонсоод л суудаг.
-Та эдийн засагч хүн. Тэгвэл "Зоос" банкийг төр аваад Засгийн газар бонд гаргахаар болсон нь зөв үү, буруу юу гэдэг дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Манай намын бүлгийн хурлаар яригдаж байна л даа. "Анод", "Зоос" зэрэг Монголын томОохон банкнууд дампуураад байгаа нь Монголын эдийн засагт хохиролтой. Үүнийг ямар нэгэн аргаар аврах ёстой. Үйл ажиллагаа нь муудсан банкийг төр ивээлдээ авч хохирол багатайгаар тэднийг хямралаас гаргах нь зүйтэй гэж үзэж байгаа.Мөн бонд гаргах нь зөв гэж бодож байгаа. Засгийн газар бонд гаргасан ч эргээд түүнийгээ энэ банкнаас нөхөж олно гэсэн судалгаа хийсний үндсэн дээр өгч байгаа шүү дээ. Ер нь хариуцлагын тогтолцоо банкны салбарт үйлчлэх ёстой. Энэ банкуудыг ийм байдалд хүргэсэн удирдлагууд хариуцлага хүлээх ёстой. Монголын эдийн засагт хохирол учруулсан тэдэнд хариуцлага тооцох ёстой.

Я.Мөнгөнцэцэг
2009 оны 12-р сарын 08, Мягмар гариг
Өдрийн сонин

No comments:

Post a Comment