Tuesday, 1 May 2012

Д.Хаянхярваа: Гүүрэн гарц барихад Маршалын гүүрний алдааг давтахгүй байхсан


УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаас "Нарантуул" худалдааны төвийн баруун гарцаас төмөр зам дээгүүр тавигдах гүүрэн гарцын талаар тодрууллаа.
-Саяхан УИХ "Нарантуул" худалдааны төвийн урдах төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих шийдвэрийг дэмжлээ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Нийслэлийн зам төлөвлөлтөд онцгой анхаарал хандуулахаас аргагүй болсон. Нийслэлчүүд замын түгжрэлээс болоод ямар их бухимдал дагуулж чирэгдэл учирдгийг мэднэ. УИХ олон улсын "Нарантуул" худалдааны төвийн урд төмөр зам дээгүүр гүүрэн гарц барихыг дэмжсэн нь анхны гүүрэн гарц тавигдах шийдэл, хэлбэр юм.
-Эргэн төлөгдөх нөхцөлөөр бариулах нь хэр зөв шийдвэр вэ?
-Цаашид болж өгвөл олон гүүрэн гарц, давхар зам барих хэрэгтэй. Гэхдээ төр мөнгө гаргаж хөрөнгө оруулалт хийж чадахгүй байх талтай. Ийм тохиолдолд төр эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хөрөнгө, санхүүгийн боломж, чадамжтай компаниудаар хийлгэж болно. Энэ бол хамгийн зөв шийдвэр юм. Хотын хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд, бизнесийг дэмжихэд ч байх л ёстой хувилбар.
-Гүүрэн гарц барихад 25 тэрбум төгрөг зарцуулна гэдэг хэтэрхий өндөр өртөг биш үү ?
-Тооцоо судалгааг янз бүрээр л гаргасан юм билээ. Гүүрэн гарцыг яг тэдэн төгрөгөөр босно гэдгийг нарийн тооцоолоод гаргах компани хэр олон байх юм бол. Эргэн төлөгдөх нөхцөлөөр барих компанитай гэрээ байгуулахдаа тооцоо судалгааг сайтар хийж, хатуухан тохиролцох ёстой. Гэрээг нийслэлийн Захирагчийн ажлын албаныхан л гүйцэтгэнэ гэж ойлгосон.
-Гүүрэн гарцыг богино хугацаанд барих боломж бий болов уу. Маршалын гүүрний засвар шинэчлэлийн ажил шиг хөрөнгө санхүү хүрэлцэхгүй нь гээд удаашрах вий?
-Богино хугацаанд л гүүрэн гарцыг барих, бариулахын төлөө хичээж ажиллах ёстой. Маршалын гүүрний гүйцэтгэлийн ажилтай би биечлэн очиж танилцсан. Төсөв зардалтай холбоотой тооцоо судалгааг буруу, дутуу хийснээс асуудал үүссэн юм билээ.
Шаардлагатай хөрөнгө мөнгийг даруйхан шийдвэрлээд өгвөл Маршалын гүүрийг гүйцээх боломжтой. Ийм алдааг Нарантуулын гүүрэн гарц дээр давтаж гаргахгүйн тулд зардал төсвийг сайтар тооцоолж, ажлаа нарийн төлөвлөж хиймээр байна.
-Нарантуулын гүүрэн гарцыг барьсны дараа өөр гүүрэн гарц, давхар зам хаана баригдах бол?
-Нийслэлийн ЗДТГ, Захирагчийн ажлын алба, Засаг дарга нь мэдээж тодорхой байр суурьтай л байгаа байх. Ажиглаж байхад Улаанбаатарт Бага тойруу гэж байна уу даа гэсэн бодол хааяа төрдөг. Бага тойргоо үүсгэж чадаж байна уу гэх асуулт ч бас гарна. Нэгэнт л тойруу гэж байх юм бол их, бага гээд дараа дараагийн тойргуудыг зүй ёсоор нь зөв үүсгээд дэлхийн хотуудын жишиг рүү л ойртох шаардлагатай. Ингэснээр замынхаа ачаалал хүндрэлийг ч цэгцлэх сайн талтай шүү дээ.
А.ДОРЖ
2010 оны 1-р сарын 20, Лхагва гариг
 Үнэн

No comments:

Post a Comment