- Энэ нь “Аавынхаа замаар улс төрөөр
хэзээ ч битгий яваарай” гэж захидаг –
Энэ удаагийнхаа зочноор УИХ-ын
гишүүн Д.Хаянхярвааг урьсан юм.
-Хоёулаа
яриагаа Д.Хаянхярваа гэдэг хүний дотоод ертөнц болоод хувь хүнийх нь талаас
эхлэх үү. Тэгээд ч “Энэ дэлхийд аливаа хүн цорын ганц оршихуй байдаг” гэж
ярьдаг шүү дээ?
-Тийм шүү. Энэ дэлхийд Д.Хаянхярваа
гэдэг хүн цорын ганц л байгаа. Тэр утгаараа хүн бүхэн өөр өөрийн гэсэн зан
чанар, оршихуйтай. Миний хувьд, бусдаас ялгарах гойд зүйл байхгүй ч, тодорхой
хэмжээний онцлогтой. Ерөнхийдөө би гэдэг хүн цагаан, цайлгандуу маягтай учраас
хичнээн бухимдсан ч хурдан тайтгардаг. Ажил төрөл болоод хувийн амьдралаас
шалтгаалан хүнтэй ам зөрөх асуудал элбэг шүү дээ. Тэр болгонд сэтгэл санаагаар
унаад байдаггүй, аяндаа мартчихдаг юм. Сүүлийн үед төрийн ажил болон бусад
салбарт ажиллаж буй хүмүүсийг ажиглаж байхад, хүнийг зуух тал руугаа орчихсон
юм болов уу гэж бодогддог. Энэ буруу. Ямар ч хүн амьдралд алдаж, онож болно.
Ялангуяа, төрийн ажил хийж байгаа хүнд ийм жудаггүй зан чанар байх ёсгүй
гэдгийг өөртөө хатуу баримталдаг.
-Аливаа
хүн бурхны зурсан хувь тавилан, заяа төөргөөр амьдардаг гэдэгтэй санал нийлэх
үү?
-Энэ үзэл нь шашин шүтлэгтэй
холбоотой юм болов уу. Гэхдээ бурхан аливаа хүний заяа төөргийг өөрөөтэй нь
нийлж зурдаг байх. Үүнийг нэг бус удаа бодож байсан. Өөрөөр хэлбэл, хэнбуйгай ч
хамаагүй миний тавилан бол архичин, тамхичин юм байна гээд ажилгүй гудамжаар
хэсүүчлээд гүйвэл хэн ч түүнийг энэ замаас татаж авч чадахгүй шүү дээ. Тэгэхээр
хүний амьдралд эвлэрч болохгүй зүйл гэж бас байна. Тиймээс хүний заяа төөрөг
өөрөөс нь 100 хувь биш юм гэхэд нэлээдгүй хэсэг нь нөлөөлнө.
-Таныхаар,
хүний амьдралын гол утга учир юунд оршдог юм бол?
-Ямар ч хүн амьдарч буй орчиндоо
сэтгэл хангалуун байх нь хамгийн гол асуудал. Тиймээс тухайн хүн өөрийнхөө
амьдралд сэтгэл хангалуун л бол тэр хүний амьдрал жаргалтай байна гэсэн үг.
Одоогийн бидний нийгэмд мөнгөтэй л бол сайхан амьдрана гэсэн маягаар ойлгодог
болжээ. Ялангуяа, залуус маань. Тэгэхээр энэ нийгэмд амьдарч байгаа хүмүүсийн
дийлэнх нь ажил хийж орлого, зарлагаа нөхөөд явж байна. Тиймээс энэ олон
хүмүүсийн дундаас элбэг хангалуун хөрөнгө мөнгөтэй болж, юугаар ч гачигдах
зүйлгүй амьдрана гэдэг нь харьцангуй ойлголт юм. Амьдрал нэгэнт ийм хойно
өөрийнхөө эрхэлж буй ажилд үнэнч, түүнээсээ сэтгэл ханамж авч чаддаг л бол
сайхан амьдралын тань баталгаа болно. Үүнийг л залуус маань ойлгож, амьдраасай
гэж хүсэх байна.
-”Мөнгө”
гэж юу вэ?
-Мөнгө гэдэг бол амьдралын гол учир
утга мөн үү гэвэл, мөн. Гэхдээ хүний амьдралд мөнгөөр худалдаж авч болдоггүй,
худалдаалж бүр ч болохгүй эрхэм зүйл гэж бий. Энэ утгаараа мөнгө гэдэг бол
зүгээр л цаас. Бие эрүүл, ухаан саруул бол хөрөнгө, мөнгийг цуглуулж болно.
Хамгийн гол нь чи хэдий чинээ хөдөлмөрлөж, зүтгэж мөнгө олно. Төдий хэрээр л
мөнгөний үнэ цэнэ мэдрэгдэх болно. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд, хүн бүрт
өөрийн гэсэн авьяас бий. Тэр авьяас, чанараа нээж чадвал тухайн хүн хэнээс ч
дутахгүй илүү сайхан амьдрах нөхцөл бүрдэнэ. Ялангуяа, ерөнхий боловсролын
сургуулийн ширээнээс дөнгөж гарч, амьдралд хөл тавихаар зэхэж буй залууст хандан
хэлэхэд, мэргэжлээ зөв сонгох хэрэгтэй.
-Таны
бодлоор залуус сонголтоо зөв хийж чадаж байна уу?
-Ер нь манай эцэг, эхчүүд хүүхдүүдээ
ямар ч хамаагүй их, дээд сургуульд оруулчихвал болчих юм шиг сэтгэлгээтэй
ханддаг. Тэр ч бүү хэл хамаг байдгаа сэгсрээд л, өр зээлд орсон ч хамаагүй
хүүхдээ сургуульд оруулдаг. Гэтэл нөгөөх нь эзэмшсэн мэргэжил ч байхгүй, зүгээр
л хэдэн төгрөг үрээд хоосон дипломтой төгсөх болжээ. Харин үүнийхээ оронд аав,
ээжүүд үр хүүхэдтэйгээ зөвлөж, одооноос л ярих хэрэгтэй шүү дээ. Энэ бүгдээр юу
хэлэх гээд байна гэвэл хүн хичнээн хичээсэн ч сонирхолгүй зүйлээ сурдаггүй.
Хэрвээ ирээдүйд сайхан амьдарч, хүний зэрэгтэй явахыг хүсвэл сонирхолтой
мэргэжлээ эзэмших нь хамгийн чухал гэдгийг л хэлэх гэж үүнийг ярьсан юм.
-Та
ер нь хэр шүтлэгтэй хүн бэ?
-Миний насны хүмүүс чинь соц
нийгмийн шашингүй хүмүүжлээр өссөн шүү дээ. Гэхдээ тухайн үед аав, ээж шөнө
оройн цагаар биднийг арц хүчээр утаж, хол явахад судраар адис өгдөг байсан.
Тийм ч учраас уу, эсвэл нас явж байгаа болохоор ч тэр үү ямар ч байсан хувь
тавилан, заяа төөргөө даатгаад гандан хийдээр ордог л юм.
-Танайх
чинь Дарханаас нүүж ирээгүй байгаа гэл үү. Хотод хаана амьдарч байна. Өөртөө
зав гаргаж чадаж байна уу?
-Өөртөө зав гаргах нь тухайн хүнээс
л шалтгаалах байх. Би аймгийн дарга байхдаа ажилтнууддаа “Сайн удирдагч хүн
өөртөө зав гаргадаг” гэж цэцэрхдэг байлаа. (инээв) Гэхдээ өнөөдрийн бодит
байдлаар энэ бүх хууль, журам, тогтоолыг нэгд нэггүй уншина гэвэл зав гарахгүй
байх. Миний хувьд, энэ бүх хууль дүрмийг тэр бүрчлэн мэдэхгүй шүү дээ, үнэнийг
хэлэхэд. Тиймээс өөрийн мэдэх гол гол хуулиудаа уншаад л байна. Тиймээс цаг
заваар тааруухан л сууна даа. Эхнэр маань Дархандаа ажиллаж байгаа. Тиймээс
баасан гариг бүхэн л тийшээ явдаг. Хэрвээ би очиж амжихгүй бол эхнэр маань
ирдэг.
-Төрийн
түшээ байх нь бас л нэлээд нервтэй ажил биз дээ?
-Яахав дээ, ганцхан манайх ч биш. Ер
нь улс төрийн хүрээнд ажиллаж байгаа хүмүүүс ийм л байдаг юм шиг санагддаг.
Учир нь хэвлэл, мэдээлэл төдийгүй ард түмний нүдэнд бидний амьдрал шууд тусдаг
болохоор чөлөөтэй сайхан амьдрахад хааяа бухимдах зүйл гардаг шүү. Гэхдээ энэ
зам руу биднийг хэн нэгэн түлхээгүй, өөрөө л сайн дураараа орсон болохоор ёстой
л хувь заяатайгаа эвлэрэхээс өөр аргагүй. Нөгөөтэйгүүр, ард түмэн улстөрчдийг
энгийн хүний нүдээр хараасай гэж бодох үе гардаг л юм. Жишээ нь, тухайн
улстөрчийн орон гэр, авгай хүүхдийг өнгийж хараад байх нь тийм ч олигтой зүйл
биш шүү. Ний нуугүй хэлэхэд, амьдрал өөрөө баян шүү дээ. Биднийг иддэг, уудаг,
авгай хүүхэн эргүүлдэг энэ тэр гээд бичээд байхад ар гэрийнхэн маань лав л
эмзгэлэхгүй өнгөрч чадахгүй байх. Энэ бүгдээс шалтгаалаад хэн нэгэн улстөрчийн
маань амьдрал хоёр тийш ээ болбол яах вэ. Тэд ч гэсэн Монгол Улсын нэг гэр бүл
мөн биз дээ.
-Гэхдээ
аливаа асуудал хоёр талтай байдаг…
-Чиний хэлж буй зүйлийг үгүйсгэхгүй
л дээ. Гэхдээ хүнийг хайрлаж байж л хүнээр хайрлуулдаг юм.
-Таныг
байгалийн сайханд аялах дуртай гэж сонссон. Хамгийн сүүлд хаагуур аялав?
-Чуулганы завсарлагаанаар зүүн
зүгийг нүхлээд ирсэн. (инээв) Ирэх жил баруун аймгаар явна даа.
-Аялах
зуураа ан ав хийдэг биз дээ?
-Миний ан хийнэ гэж юу байх вэ.
Харин голтой газраар явахдаа загас эргүүлдэж гүйнэ. Загас барихад стресс
тайлагддаг юм. Өөрөөр хэлбэл, уурга шидчихээд зогсч байхад толгойд дэгээнд юу
орох бол гэснээс өөр юм бодогдохгүй шүү дээ. Нөгөөтэйгүүр, загас хайж явах нь
байгалийн хамгийн үзэсгэлэнтэй газруудаар явдаг юм, загас барихын нууц нь эндээ
л байдаг гэх үү дээ. Сүүлийн үед монголын загасыг тороор барьдаг болж.
Мөн янз бүрийн юмаар дэлбэлж бариад байх юм. Үүнийг болиулах тал дээр холбогдох
байгууллага нь анхаараасай гэж бодож байна.
-Хамгийн
сүүлд ямар ном уншсан бэ?
-”Нууц” буюу таталцлын хуулийн тухай
уншсан. Одоо бол бурханч лам Г.Пүрэвбатын “Ирээдүй цагийн “ гэдэг номыг уншиж
эхлээд байна. Гэхдээ энэ номыг ойлгохоосоо ойлгохгүй нь элбэг байх шив дээ.
-Та
ер нь нэлээд гүн ухаан тал руугаа ном уншдаг юм байна. Таны амьдралын философи
юу вэ?
-Би ийм, тийм философитой хүн гэж
сүрчигнээд байх юм алга. Гэхдээ эр хүнийхээ хувьд, жудагтай, ёс суртахуунтай
байх юмсан гэж боддог. Үр хүүхэддээ ч захиж, хэлдэг. Ямар ч хүн олны дунд зөв
алдар нэртэй байх нь чухал. Хэрвээ чиний талаар ямар нэгэн таагүй яриа гарсан
бол хамт олон чинь мэдээд “Манай тэр ийм юм хийгээгүй гэдгийг” чамаар
хэлүүлтгүй мэддэг л байх ёстой юм болов уу. Ийм л байвал залуусын хэлдгээр чи
харилцааны тал дээр “ок” байна гэсэн үг.
-Төрийн
ажил хийгээд явахаар тэр бүр өөрийнхөө хүссэн хувцсыг өмсөх боломж олдоггүй
байх. Таны хувьд яаж хувцаслах дуртай вэ?
-Энэ үнэн шүү. Би уг нь чөлөөт
маягаар хувцаслах дуртай. Гэтэл одоо яах аргагүй ёстой л амьдралын эрхээр
костьюм өмсч байх шив. Хувцас авахын тухайд, гадагшаа дотогшоо явахаараа өөрөө
л аваад ирдэг ш дээ. Түүнээс хүнээр хувцас авахуулна гэсэн ойлголт байхгүй.
Эхнэртээ хүртэл хувцас сонгож, авч өгдөг.
-Таныг
сайхан, амттай хоол хийдэг гэж чих дэлссэн шүү?
-Хүнсний дэлгүүр орж, өөрөө хоолны
материалаа цуглуулаад хоол хийх дуртай. Хотод, дүү нарын хүүхдүүдтэй хамт
байдаг болохоор нөгөө хэддээ хоол хийж, хүнсийг нь цуглуулж өгнө шүү дээ.
-Та
гэр бүлийнхээ тухай яриач?
-Үр хүүхэддээ хатуу хэлдэг ганцхан
зүйл бий. Энэ нь “Аавынхаа замаар улс төрөөр хэзээ ч битгий яваарай” гэж
захидаг. Өөрөөр хэлбэл, улс төр гэх их айлын урдуур улаан шугам татаад хэзээ ч
битгий тэрүүгээр яваарай гэж хэлдэг юм. Харин хувьсгалын ч бай хувийнх хамаагүй
ажиллаж буй газартаа “Чамгүйгээр тухайн байгууллагын ажил урагшаа явахгүй”
болтол нь мэргэжлээ эзэмших ёстой гэж захидаг. Түүнчлэн эхлээд ажилд орж байгаа
хүн цалингаа голж болохгүй гэдгийг анхааруулдаг. Тэгээд ч мэргэжлээ сайн
эзэмшсэн байхад хэн юу ч хэлж чадахгүй.
-Яагаад
тэр билээ. Эцэг, эхчүүд өөрийн замналаар явуулах дуртай байдаг шүү дээ?
-Хувь хүнийхээ үүднээс ийм бодол тээж явдаг юм. Улстөрч байх
нь нэг талаар ямар хэцүү байдгийг өмнөх хариултад хэлсэн. Ер нь ямар ч хүн
өөрийнхөөрөө чөлөөтэй, сайхан амьдрах ёстой.
О.СЭЛЭНГЭ
2009 оны 10-р сарын 12, Даваа гариг
Нийгмийн толь
No comments:
Post a Comment