- Энэ хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэхийн ач холбогдол юу вэ?
- Юуны өмнө түүх гэдэг маань юу вэ гэдэг талаар товч хэлье. Түүх бол өнгөрсөн үеийн тухай дурсамж, нэг үгээр илэрхийлвэл үндэсний ой санамж хэмээлтэй. Тиймээс ой санамжаа алдвал үндэстэн мөхөх аюулд ордог. Монголчууд миний бодлоор магадгүй сүүлийн 300 жил хаагдмал ертөнцөд амьдарсан тул түүхээсээ тодорхой хэмжээнд холдсон байна. Бидэнд өөрийн үндэсний түүхээ мэдэх хориотой шахуу байлаа шүү. Зах зухаас нь хэлбэл МАХН-ны Төв Хорооны нарийн бичгийн дарга Төмөр Очир гуай 1962 онд Эзэн Чингисийн мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэж, Хэнтийн аймгийн Дадал суманд Чингисийн хөшөө босгосныхоо төлөө бүх насаараа цөлөгдөж байсан түүхтэй гэдэг.
Бид үнэндээ өнөө хэр "Чингисийн монгол" гээд л цээжээ дэлдээд байхаас биш өөрсдийгөө хэр зэрэг таньж чадаж байгаа бол гэж боддог юм. Хэрэв өөрийгөө таньж чадвал, өөрийн үндэсний түүх, уламжлал, соёл, зан заншил, эрхэмлэн дээдлэх зүйлсээ мэдэж чадвал өнөөгөө бодитойгоор цэгнэн ирээдүйгээ илүү соргог харах учиртай болвуу. Чухам үүнд л түүхэн ойг тэмдэглэхийн утга учир оршино. Үүнд зуун жилийн тэртээ 1911 онд монголчууд Манжаас салж, тусгаар тогтнол, төр улсаа сэргээгээд хичнээн их магнай тэнийн цээж дүүрэн амьсгалж байсны утга учрыг ойлгох болно. Яагаад гэвэл 1911 онд өнөөгийн Монгол улсын үндэс суурь тавигдсан юм.
-Үүнд Богдын гүйцэтгэсэн үүрэг?
-Энэхүү үндэсний хувьсгалд Богд гэгээнтэний оруулсан хувь нэмэр онцгой юм. Манжийн эрхшээлд байсан үеийн Монголын ноёдын нөхцөл байдал хийгээд бурханы шашины тэргүүн VIII Богд Жавзандамбын нэр хүнд, бие даасан байдал, нөлөөлөл зэргийг Манжийн хаанаас хараат оршиж байсан монголын ноёдын байдал лугаа харьцуулж үзвэл үндэсний хэмжээний хөдөлгөөнийг санаачилж, түүнийг удирдах, зохион байгуулах боломж, бололцоо Богд гэгээнд л илүүтэй байсан нь тодорхой харагддаг. Богд Жавзандамба хутагт ч тэрхүү боломжийг алсын хараатай сайтар ашиглаж чадсаны дүнд Монголын үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцлийн оройд нь ямагт байж чадсан удирдагч нь болсон юм. Бүр 1895 онд Хүрээнд сууж байсан Оросын ерөнхий консул Шишмарев бичихдээ "Хэрэв Монголд үндэсний ямар нэгэн хөдөлгөөн гарах аваас түүнийг Богд толгойлоход гайхах хэрэггүй" хэмээн түүний нэр, нөлөөний тухай бичсэн буй.
-Коростовецийн өдрийн тэмдэглэл олдсон гэсэн ямар сонинтой вэ?
-Монгол дахь Оросын Бүрэн эрхт төлөөлөгч Иван Яковлевич Коростовецийн 1912 онд хийсэн бүрэн эхээрээ 600 гаруй хуудас өдрийн тэмдэглэлийг Канад улсын Торонто их сургуулийн профессор Ольга Бакич гуайгаас надад ирүүлсэн юм. Миний бие 2004 онд Монгол дахь ОХУ-ын Элчин сайдын яамны ажилтан В.Ц.Ганжууров болон Буриадын эрдэмтэн Б.В.Базаров нарын хамтаар Коростовецийн бичсэн "Чингисээс Зөвлөлтийн Бүгд Найрамдах улс хүртэл" нэртэй Монголын түүхийн номыг орос хэлээр анх удаа нийтлүүлсэн юм. Үүнийг хийх явцдаа "Бакич гуайд эл тэмдэглэл байгаа" гэж мэдээд хоёр жил гаруй хөөцөлдөж олж аваад хуучин орос хэлнээс орчин цагийн орос хэлэнд буулган орос хэлээр "Адмон" компаний дэмжлэгтэйгээр хэвлүүлсэн юм. Энэ бол үнэхээр сонирхолтой өдрийн тэмдэглэл шүү, бараг уран зохиол шиг уншигдана. Номын бүтэн нэр нь 1912 оны 8-р сараас 1913 оны 5-р сард Монголд зочилсон Оросын эзэн хааны Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч И.Я. Коростовецийн өдрийн тэмдэглэл "МОНГОЛД ӨНГӨРҮҮЛСЭН ЕСӨН САР" гэсэн нэртэй.Саяхан монгол хэлээр хэвлэгдсэн байгаа.
Орос Улсын Засгийн Газрын бүрэн эрхт төлөөлөгч И.Я.Коростовец |
-Эл сонирхолтой өдрийн тэмдэглэлийн зах зухаас толилуулбал?
-Есдүгээр сарын 24.Өргөө буюу Да хүрээ. Нэлээд том талбай эзэлж оршдог энэ хот монгол, орос, хятад гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Сүм дуганууд, суварга шүтээнүүд нь хотын төвийн өндөрлөг хэсэгт оршдог. Хамгийн аятайхан амьдардаг нь хятадууд бөгөөд хятад маягаар барьсан тэдний байшин савууд нэлээд хэлбэр төрхтэй гудамжуудтай, харин монголчуудын байшин барилга болон ердийн гэрүүдийг үзүүрийг нь шовхолсон нарсан шургаагаар тойруулж хашаалсан байх ажээ. Харин оросууд гол төлөв төмрөөр дээвэрлэсэн дүнзэн байшинд сууна. Ихэнх дэлгүүр лангуу нь хаяггүй. Өргөөд орос гар урчууд, үйлдвэрлэгчид олноороо бий болов.Энд мод бут, ер нь ургамал, зүлэг гэх юм бараг харагдахгүй агаад гагцхүү манж амбангийн сууж байсан байшингийн эргэн тойронд л багаахан цэцэрлэг байх ажээ. Зун цагт үерлэж сүрхий ширүүн болдог бохир муухай ус урссан жалга судаг дээгүүр тавьсан модон гүүр энд тэнд үзэгдэнэ.
Хог новшоор дүүрсэн, усанд автсан өмхий талбай болох "Зах" гэдэг газарт махаа зарна. Малыг гадаа гудамжинд, хашаа хайсан дотор хамгийн эртний, бүдүүлэг аргаар нядална. Энд оросууд маш бохир заваан, соёлоос ангид амьдарна. Хаа сайгүй бясаа. Монголчууд бас л их заваан амьдрах боловч бясаа тэдэнд байхгүй, өөр шимэгчид толгойд нь байдаг.
Монголын төрийн яамд болон бусад албан байгууллагууд хуучин хятадуудын яам, газруудад байрлаж байв. Монголчууд өөрийн цагдаатай, тэр нь хот дундуур хэрэн явж, хэв журам сахиулна. Архидалт согтуурлыг онцгой чанд мөрдөж мөшгөнө. Буруутан этгээдүүдийг банз шаахайгаар балбаж занчих юм уу, хүзүүнд нь хүнд модон дөнгө углаж орхино.
-Эл тэмдэглэлд монголчуудын өдөр тутмын амьдралын талаар хэрхэн бичснийг сонирхвол ямар бол?
-Чинээлэг монголчууд ногоон, улаан зэрэг тод өнгийн торго, цэмбэ, илгээр хувцсаа өнгөлдөг, ер нь тэд тод өнгөнд дуртай,
хувцас хэрэглэлдээ нэлээд мөнгө үрнэ. Монгол хувцас их сүртэй гоё харагдахаас гадна хэрэглэхэд тун ч эвтэйхэн ажээ. Хатуу ширүүн цаг агаарт тохирсноос гадна байнга морь унаж явахад зохицсон, гарын бээлий өмсөх шаардлагагүй халхгар өргөн, урт ханцуйтай. Өвөл тэд нэхий өмд өмсөх бөгөөд гутал нь дээшээ эргэсэн ээтэн хоншоортой.
Эмэгтэйчүүд нь бараг эрчүүд шигээ хувцаслана, нөхөртэй хүүхнүүд нь өндөр сэргэр мөртэй хоргой торгон дээл өмсөж, алт мөнгө, шүр сувд, оюу номин шигтгэж чимэглэсэн маш нарийн төвөгтэй хийцтэй хувцас, малгай өмсөнө. Морь унаж явах агаад заримдаа нэг морин дээр гурвуулаа сундалласан явах нь олонтаа... Орос тэрэг, дамнуурга бүхий тэргэнцрийг морьтой хүн чирч явах нь ч бий. Манай худалдаачдын хэрэглэдэг оросын гурвалсан морь тэрэг ч тааралдана. Чинээлэг хүмүүс, ноёд дээдэс нь Оросоос худалдаж авсан сүйх тэрэг, хөнгөн тэргэнцэр унана. Зарим нь бүр орос морьдтой гээч.
Монголчууд /гаднаас нь харахад/ ихээхэн сул чөлөөтэй биеэ авч явах бөгөөд ихэс дээдэстээ дулдуйдсан, аргаа ядаж аргадан царайчилсан байдал огт үл гаргана. Хятадын эзэрхийллийн үед огт ийм байсангүй ажээ. Саяхан л амбанг заларч явах үед хүмүүсийг орос, монгол ялгаагүй, замаас хөөн зайлуулдаг байсан ба хятад түшмэлүүдэд бараалхахдаа монгол ихэс ноёд өвдөг сөхөрч, газар мөргөн ёсолдог байжээ гэх зэргээр бичсэн байна.
- Богдын тухайд?
-Богд эзэн хаан лугаа хэд хэдэн удаа уулзсан Оросын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч И.Я.Коростовец түүнийг "Эзэн хаан" хэмээн дуудаж, бүхий л асуудлаар өөрийн гэсэн үзэл бодолтой болохыг нь нэг бус удаа тэмдэглэн үлдээжээ. Тухайлбал, 1912 онд Орос, Монголын хооронд Найрамдлын гэрээ байгуулахад Богд хаан Засгийн газрын гишүүддээ Орос улстай найрамдал тогтоох учиртай талаар бүр тодорхой үүрэг өгч, уг гэрээнд гарын үсэг зурахыг зарлигдсан байдаг. Коростовец Богд гэгээнтэй уулзаж байсан тухайгаа ийн бичсэн байна. "Есдүгээр сарын 28. Өнөөдөр би Хутагтад бараалхав.Таван цагийн орчим монголчууд дамнуурга илгээж, Ханд ван бараа бологсдынхоо хамт хүрэлцэн ирлээ... Оросын анхны элчин хүрэлцэн ирэх ховорхон үйл явдлыг нүдээр харах гэсэн бөөн орос, монгол хүмүүс Хутагтын ордны гадна шавсан байв. Гээд түүнийг хэрхэн угтаж авсан, Богдын ордоны дотоод байдал, Богд хааны хэлсэн үгсийн талаар дараах байдалтай дүрслэн бичсэн нь үнэхээр гойд сонирхолтой тул эх бичгээс нь энд сийрүүлбэл уншигч эрхэмд таалагдах болвуу гэж бодож байна.
"Биднийг алтадсан модон гэрүүдийн үүдэнд зогссон олон сайд нар угтан авч, цэмбэ битүү дэвссэн том өргөөнд орууллаа. Өргөөний голд байх зууханд гал дүрэлзэнэ. Энд бид хувцсаа тайлж олон хамба (архиери), цорж сойвон (дээд зиндааны лам хуврагууд), лам, донир (бараа бологсод) дундуур алхан хоёр дахь гэр болон битүү хүзүүвчээр дамжин улаан өнгөөр битүү доторлосон гурав дахь ихээхэн том гэрт оров. Өргөөний тэг дунд байх том гэгчийн зуухнаас халуу дүүгэх агаад яндан нь гэрийн дээд талд байрлалтай тооноор дээш гарчээ. Хойморт байх дээрээ шүхэртэй сэнтий маягийн өндөрлөг дээр давхарлан зассан таван өнгийн олбог дээр Хутагт, одоо монголчуудын өргөмжилдгөөр "эзэн хаан" хөлөө завилан суух аж. Тэрбээр хээ угалзаар дүүрэн чимэглэсэн шар өнгийн монгол хантааз өмсөж, гэрэл цацруулсан жинс бүхий булган малгай асаажээ. Сэнтийний хоёр талаар Сайн ноён хан, Да лам нар тэргүүлэн хэд хэдэн ихэс дээдэс байх агаад нэлээд зайд бусад түшмэл ноёд, шар улаан өмсгөл орхимж бүхий олон лам хувраг зогсоно...
Хутагт маш аяархан, үгээ зөөж ярих бөгөөд бөглүү намуухан дуутай ажээ. Чингэсний дараа Гадаад явдлын яамны сайд сэнтийнээс арваад алхмын зайд тавьсан олон дэр бүхий өндөрлөг рүү заан намайг суулгасанд дэргэд нь арай намхан зассан өөр суудалд Люба болон намайг дагалдаж ирсэн бусад хүмүүс суулаа. Хутагт нэлээд махлаг (дугариг), аятайхан гэмээр бор царайтай харагдавч (харамсалтай нь) нүдний нь хараа муу, хүмүүсийн ярьдгаар нүдэнд нь цагаа унасан учир том хар шилээр нүдээ халхалжээ.
...Баатар цагаан хааны мэнд дамжуулан амгаланг айлтгасанд түүний өмнөөс намайг ерөөл дэвшүүлж байгаад талархаж байгаагаа, Оростой сайн харилцаатай байх нь Монголын хувьд зайлшгүй шаардлагатай болохыг бүрэн ухаарч байгаагаа, Оросын засгийн газар сайн сайхан бодол санаа агуулж буйд тэрбээр итгэж байгаа болон хоёр талын аль алинд нь адилхан ашигтай, Монгол улс, монголчуудын бие даасан байдлыг гадны халдлагаас хаацайлж хамгаалдаг байх тийм харилцааг
гэрээний үндсэн дээр бий болгохыг хүсэж байгаагаа Хутагт намуухан дуугаар өгүүллээ" хэмээн бичсэн байна.
-Зуун жилийн ойд зориулан өөр ямар бүтээлүүд гаргаж байна вэ?
-Эрдэмтэн профессор З.Лонжид гуайн хамтаар олноо "Магсар хурц" хэмээн алдаршсан Н.Магсаржавын зохиол "Монгол Улсын шинэ түүх" номыг монгол бичгээс кирилл үсэгт буулган хэвлүүлсэн байгаа. ХХ зууны эхэн үеийн монголчуудын түүхийг будаг шунхгүйгээр бичсэн эл ном маш даацтай бүтээлийн нэг яах аргагүй мөн. Дээр дурьдсан И.Коростовецийн тэмдэглэл бол мэдээж гадны хүний нүдээр монголчуудын амьдралыг харсан хэрэг, тэгвэл монголын эрдэмтэн мэргэд, бичгийн их түшмэл Магсар хурцын бичсэн эл номыг харьцуулан үзвэл эрхэм уншигч хэн боловч эл үеийн Монголын түүхийн талаар ямар нэгэн ойлголт авах нь дамжиггүй хэмээн бодно. Үүнээс гадна 1913-1918 онд Богд хааны "Зарлигаар тогтоосон Монгол Улсын Хууль зүйлийн бичиг" хэмээх 65 дэвтэрийг кирилл үсэгт буулган дахин хэвлүүллээ. Мөн 1911-1921 оны Монголын түүхийн эх сурвалжуудыг нийтлүүлсэн байгаа.
-1921 оны хувьсгал нь энэ хувьсгалын үргэлжлэл нь мөн үү?
-1919 оны сүүлчээр хятадын цэргийн эрхтнүүд хүчээр Монголд халдаж, Хүрээг эзэлсэн. 1921 оны эхээр барон Унгерн Богдын урилгаар Монголд орж ирэн, Нийслэл Хүрээг хятадуудаас чөлөөлсөн байдаг. 1921 оны 7 дугаар сард Оросын Улаан арми Ардын намынханы хамтаар Хүрээнд орж ирсэн. Чухамдаа бол миний бодлоор монголчууд хэзээ ч бидний нэрлээд байгаа ардын хувьсгал буюу социалист хувьсгал хийхийг хүсээгүй юм. Монголчуудын хэн нь ч үүнийг хүсээгүй. Энэ бол гаднаас хийгдсэн хувьсгал. Гэхдээ хувьсгал яг хэзээ эхэлсэн бэ гэдэг бас асуудал шүү. Миний бодлоор хувьсгал 1924 онд Богд хааныг жанч халсаны дараа бүр цаашилбал засгийн эрхэнд КУТВ-ийнхэнийг гарсаны дараа л эхэлсэн, эсвэл нарийн ярьвал эхлүүлсэн. АНУ-ын эрдэмтэн Рупен "Монголд хуьсгал 1928 оноос эхэлсэн" хэмээн бүр 1960-аад онд бичсэн юм. Би үүнийг үнэн гэж боддог.
Монголчууд юу хүсэж байсан бэ гэвэл юуны өмнө үндэсний тусгаар тогтнол, бие даасан байдал эрхмийн дээд нь байсан. Дээр нь Монголын гэсэн өөрийн үндэсний өвөрмөц онцлогтой, Монголын хөрс дэвсгэрт зохицож нийцсэн улс байгуулахыг зорьж байсан болвуу.
-Бид энэ ойн жилд 1911 оны Монголын үндэсний хувьсгалыг санаачлан, зохион байгуулж удирдсан YIII Богд Жавзандамба хутагтын гавьяаг мөнхжүүлэх, дурсгалыг нь хүндэтгэх талаар юу хийвэл дээр гэж бодож байна вэ?
- 1911 оноос монголчуудын шашны тэргүүн, 1911 оноос 1924 онд Монгол улсын эзэн хаан, шашин, төрийг хослон барьж байсан VIII Богд Жавзандамба хутагтын түүхэн үүрэг ХХ зууны Монголын түүхэнд онцгой билээ. "Эгэл бус эл хүмүүний хөрөг зураг, цээж баримлыг Төрийн ордоны хаа нэгтэй байрлуулбал дээр биш үү" гэсэн саналыг нэг бус удаа Төрийн тэргүүнээс өгсүүлээд төр засгийн хүмүүст тавьсан. Харамсалтай нь миний үг тэдний чихний хажуугаар өнгөрдөг юм.
Дахиад бас хэлье. 1911 оны үндэсний хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба хутагтын хөргийг Төрийн ордноо залах эсвэл түүний цээж баримлыг Төрийн ордны хаа нэгтээ бүтээн байрлуулбал нэгэн зууны тэртээ олон монголчуудын магнайг тэнийлгэн, сэтгэл, итгэлийг нь баясган сэрээсэн үндэсний түүхэн үйл явдлын санаачлагдын нэг, үндэсний хувьсгалын удирдагчийн үйл хэргийг түүхэнд зохих байрыг нь эзлүүлэхэд бага боловч тус нэмэр болно гэж бодож байна.Энэ жил Монголын үндэсний хувьсгалын 100 жил тохиож буйтай холбогдуулан ядаж Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хаа нэгтээ Монгол улсын сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба хутагтын хөшөөг сүндэрлүүлэх нь түүний талаар дэндүү их дайрч гутаан доромжилсан түүхийн өмнө цагаатгал болохсон гэж бодох юм даа.
С.Энх-Амар
No comments:
Post a Comment