Энэ жил Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан VIII Богд Жавзандамба хутагтын тухай ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын секторын эрхлэгч, Төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Эмгэнт Оохнойн Батсайхантай ярилцлаа.
-Юуны өмнө төрийн соёрхол хүртсэнд тань баяр хүргэе?
-Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой тохиож байгаа энэ сайхан үед төрийн тэргүүнээсээ шагнал хүртсэндээ баяртай байна. Намайг өдий зэрэгт хүргэж, эрдэм ном зааж сургасан багш нартаа талархаж, баярлаж явдгаа хэлье.
-Таны судалгаа Монголын ХХ зууны эхэн үеийг хамардаг. Чухам хэзээнээс VIII Богдын тухай сонирхож, судалж эхэлсэн бэ?
-1995 оноос өдийг хүртэл VIII Богд Жавзандамба хутагтыг судалж байна. Ерөнхийдөө бол тухайн үеийн ороо бусгаа нийгмийн амьдрал хийгээд манай улсын гадаад харилцааны талаар судалгаа хийдэг. 1920, 1930-аад оны түүхийг судалж үзсэн. Гэвч яах аргагүй түүхийн үндэс суурь нь 1911 он болж таарсан учраас VIII Богд Жавзандамба хутагтын тухай судлахад хүрсэн гэж ойлгож болно.
-Мэдээж VIII Богдыг судлах болсон тань ямар нэгэн шалтгаантай л биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Манжийн эрхшээлд орсон 200, Оросын хараанд байсан 100-аад, нийт 300 гаруй жилийн Монголын түүхийг эргэцүүлж бодвол бидэнд авах сургамж их байгаа юм. Учир нь бид өөрийн гэсэн “толгой”-гүй байлаа. Монголын хувь заяаг Бээжинд, эсвэл Москвад шийддэг байлаа шүү дээ. Харин 1990 оноос эхэлж монголчууд чадсан ч чадаагүй ч, сайн ч бай муу ч бай асуудлаа өөрсдөө бие даан шийддэг болсон. Энэ бүх үйл явдлын гол үндэс, гогцоо ээдрээ одоогоос 100 жилийн өмнө тавигдсан байдаг. VIII Богдыг судлах болсон шалтгаан гэвэл энэ.
Бид эх түүхээ маш сайн мэддэг байх нь чухал. Түүхээ мэдэхгүй хүн өөрийгөө танихгүй шахуу л байна гэсэн үг шүү дээ. Түүх бол ой санамж юм. Улс үндэстэн бүр тэр ой санамжаа эргэж харах ёстой байдаг. Монгол үндэстний өөрийн өвөрмөц онцлог, үндэсний түүх бахархал, зан заншил энэ бүгдийг хамгийн эхэнд тавих ариун нандин зүйл гэж дээдлэн авч явах ёстой.
-Ингэхэд VIII Богд Жавзандамба хутагт яг ямар хүн байсан юм бэ?
Богд Жавзандамба хутагт 5 настайдаа |
-VIII Богд хувь хүнийхээ хувьд судлахад тийм сонирхолтой, содон хүн үү?
-Хүн бүр л сонирхолтой, давтагдашгүй. Богдын туулж ирсэн амьдрал нь ч, өөрөө ч их сонирхолтой. Наад зах нь, Халхын найман Богдоос ганцаараа гавжийн дамжаа барьсан. Одоогийнхоор бол докторын зэрэг хамгаалах юм даа. Ухаан сэргэлэн, шатар тоглодог, хөгжим сонирхдог хүн байсан. Маш баялаг үзмэртэй, хосгүй эрдэнэсийн сантай. Мөн машин барьдаг байсан гэдэг юм билээ.
-Хэдийгээр олон талын авьяастай ч зальтай, муу хүн байсан тухай кино, зохиолд гардаг. Коммунист уран зохиолд бичсэнээр бол тэмбүү, ярандаа баригдсан завхай, зайдан хүн байсан гэдэг?
-Үүнийг би яах аргагүй үзэл сурталтай үеийн түүхээр монголчуудын тархийг угаасан гэж ойлгодог. Угаасаа ч тийм байдаг. Харин миний судалж, мэдсэнээр VIII Богд Жавзандамба хутагт бол монголчуудын ариун шүтээн байсан юм.
-Тэгвэл Богдын эхнэрүүдийн тухайд та юу хэлэх вэ?
-Төрийн хаан хүний хувьд хэд хэдэн хатантай байсан баримт бий.
-Бас VIII Богдын үхэл “гэнэт”-ийн байсан гэдэг?
-Ямар ч байсан Богдыг холдуулах хэрэгтэй болсон. Тэгээд холдуулсан байдаг.
-Жам бусаар өнгөрсөн гэсэн үг үү?
-Тэрийг сайн мэдэхгүй юм. Олон таамаглал байдаг л даа. Гэвч миний бодлоор VIII Богд жам бусаар жанч халсан болов уу гэж боддог юм. Энэ асуудлыг цааш улам сайн судлах хэрэгтэй.
-Насан өөд болсон шалтгаан нь тайлагдаагүй гэсэн үг үү?
-Тийм ээ. Ер нь социализмын жилүүдэд ч настан буурлуудын дунд “Богдод үрэл үмхүүлсэн” гэдэг яриа гардаг байсан. Богдыг нас барсны дараа буй болгосон Бүгд найрамдах засаглал Тусгаар тогтнолын баярыг 11 дүгээр сарын 26-ны өдөр тэмдэглэдэг. Уг нь бол монголчуудын үндэсний тусгаар тогтнол сэргэсэн өдөр 12 дугаар сарын 29-ний өдөр байх учиртай юм.
-VIII Богд Жавзандамба хутагт бурхан болсон шалтгаан нь тайлагдаагүй шиг өнөө хэр шарил нь хаана байгаа нь нууц хэвээрээ байна?
-Богдын, Өндөр гэгээнтний шарилыг олъё гэвэл олох л байх. Сая нэлээд хайлаа, харамсалтай нь олдсонгүй. Би ингэж боддог юм. Юм гэдэг учиртай. Олдохгүй байгаа нь бас л учиртай шүү дээ. Олдох цаг нь болсон бол олдоно. Болоогүй бол олддоггүй юм шиг байна. Тэгэхээр цаг нь болоогүй гэдгээ цаагуураа хэлээд байгаа юм. Тэгээд ч цаг хугацаа бол бүхний шалгуур, хаан нь юм шүү дээ.
-Тухайн үед VIII Богдыг төрийн эрхийг барихаар хаан ширээнд суухад Монголын алтан ургийнхан тэр чигээрээ байсан гэдэг?
-Тийм ээ, байсан.
-Яагаад алтан ургийнхнаас хэн нэгийг нь хаан ширээнд залаагүй юм бэ?
-Тухайн үед Түшээт хан, Засагт хан, Сэцэн хан, Сайн ноён хан гээд дөрвөн хошуу байсан шүү дээ. Эзэн Чингисийн алтан ургаас уламжилж ирсэн нь эдгээр дөрвөн хошууны хан нар юм. Үүнээс Түшээт хан аймгийн ханыг хамгийн ойр төрөл гэж үздэг.
Эзэн төрийн гал голомтыг сахиж ирсэн гол удам бол Түшээт хан аймгийнхан. Үнэхээр 1911 оны болоод түүнээс өмнө болсон үйл явцыг харвал эдгээр хан, ван гүнгүүд сууж байгаад VIII Богдыг эзэн хаанд өргөмжилсөн байдаг. Энэ нь юуны түрүүн Богдын байгуулсан гавьяаг үнэлсэн хэрэг. 1911 оны 12 дүгээр сарын 29-ний үйл явдал өөрийн эрхгүй энэ хүнийг тэр суудалд залсан. Энэ талаар гадныхан “Хэрэв алтан ургийн дөрвөн ханаас хэн нэгийг хаан ширээнд залчихвал бусад нь Бээжинд очоод нэг нэгнээ ховлосоор байгаад эцэстээ Монголын төр үгүй болно” гэж бичиж, тэмдэглэж байсан гэдэг юм билээ. Энэ үеийн Монголын гадаад болоод дотоод нөхцөл, олон улсын байдал зэргийг харгалзан үзээд VIII Богдыг нэгэн дуугаар хаан ширээнд өргөмжилсөн нь тун алсын хараатай явдал байсан юм.
-Тэгэхээр дөрвөн хан ч мөн адил дуу нэгтэйгээр зөвшөөрсөн гэж ойлгож болох нь ээ?
-Тэгэлгүй яах вэ. Дуу нэгтэйгээр өргөмжилсөн шүү дээ. Мэр сэр үг гарч л байсан гэдэг. Халхын Түшээт хан Дашням “Энэ төвд хүнийг бодвол насаар ахмад нь хаан суух ёстой” гэсэн яриа гаргаж байсан юм билээ. Гэхдээ энэ асуудал нэг ч хүний анхаарлыг татаагүй. Тиймдээ ч энэхүү үйл явцыг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн. Энэ нь өнөөгийн Монгол Улсын үндэс суурь тухайн үед тавигдсан гэсэн үг. Мөн эзэн Чингисийн Монгол төрийн гал голомтыг сахиж үлдэх үндэс тэнд тавигдсан гэж хэлж болно.
Өглөөний сонин
2011 оны 11 сарын 30
No comments:
Post a Comment