Монгол Улсын их
хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Д.Хаянхярваа орон нутгийн
хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчидтэй уулзаж, ярилцлаа. Улс эх орны цаг
үеийн асуудал, аймаг орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, улс төрийн байр суурь,
хувийн амьдрал гээд түүний ярьсан сэдэв өргөн. Уншигч та Д.Хаянхярваагийн
ярилцлагыг уншиж сонирхоно уу.
/Монцамэ/: УИХ-ын эрхэм гишүүн Д.Хаянхярваа танд Сангийн сайд болсонд сэтгүүлчдийнхээ өмнөөс баяр хүргэе. Сайд болсноос хойш анх удаа орон нутгийн сэтгүүлчид бидэнтэй уулзаж байна. Та Сангийн сайд болчихлоо. Урьд нь аймгийн Санхүүгийн хэлтсийн даргаар найман жил, Засаг даргаар мөн найман жил ажилласан. Дараа нь УИХ-ын гишүүн болоод мөн Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Ингээд бодохоор улс орны төсөвтэй байнга л харьцаж байсан байна. Сангийн сайд болж байх үеийн сэтгэгдлээ Дарханчуудтай хуваалцана уу?
-Юуны
өмнө Дарханчуудтайгаа уулзах бололцоо олгож буй сэтгүүлчиддээ баярлалаа. Ний
нуугуй хэлэхэд намайг Сангийн сайдаар ажиллуулъя гэдэг саналыг намын дарга,
намын нөхдүүд маань хэлэхэд би чадах болов уу гэдэг өнцгөөс нэлээд эргэлзэж
хүлээж авсан. Өөрөөр хэлбэл энэ их хариуцлагатай ажлыг би хийж чадна гэж гараа
өргөөд тонгочоод байлгүй, харин би чадах болов уу гэж их бодсон. Намын даргын
зүгээс чадна аа гэж итгэн энэ хариуцлагатай ажлыг хийх үүргийг өгсөн л дөө. За
ингээд Улсын Их Хурлаар орж батлагдсан. Манай Дарханчууд миний сайдаар
батлагдаж байх үеийг анзаарч харж байсан бол би тэр үед хоёр зүйлийг л ярьж
байсан. Энэ нь юу гэвэл нэгдүгээрт Монгол улс хөгжлийн янз янзын л хөтөлбөр
арга хэмжээтэй болж байна. Манай улс хөгжлийн ирмэг дээр ирчихсэн байтал бидэнд
шийдэх ёстой олон асуудал байна. Түүний нэг нь гарцаа байхгүй энэ Хөгжлийн
банкны асуудал юм. Хөгжлийн банкны асуудлыг бид 3 дугаар сардаа багтааж
хөдөлгөнө. Хөгжлийн банкны дотоод гадаадын зах зээлд гаргах бондын асуудлыг төр
засгийн зүгээс хариуцах ёстой. Үүнийг ажил хэрэг болгоно. Хоёрдугаарт бий
болгосон хөрөнгөөрөө олон жил яригдаж байгаа төсөл, арга хэмжээний
хөтөлбөрүүдийг ажил хэрэг болгоно гэдэг хоёр зүйлийг л би үндсэндээ хэлсэн.
Эхний хэлсэн зүйл маань үндсэндээ 100 хувь биелсэн. 3 дугаар сард багтаж Монгол
улсын түүхэнд анх удаа Хөгжлийн банкны дотоодын 200 тэрбум төгрөгийн бонд,
гадаад зах зээлд 580 сая долларын 5 жилийн хугацаатай жилийн 5.75 хувийн хүүтэй
бондыг гаргасан. 3 дугаар сарын 21-нд Хөгжлийн банкны дансанд 580 сая доллар нь
шилжээд ирсэн. Ер нь бол зургаан хувийн хүүтэй орон сууц, төмөр зам, авто зам,
Сайншанд цогцолбор гээд энэ томоохон арга хэмжээний төслүүдийг эхлүүлэх
хөрөнгийн эх үүсвэртэй боллоо. Дарханчууддаа үүнийг хэлэхийг хүсч байна. Мэдээж
цааш үргэлжлүүлж хийх ажил маш их байгаа. Сангийн яамны ажил гэдэг бол минийн
хувьд бас ч гэж цоо шинэ ажил биш шүү дээ. Та дээр хэлсэн дээ. Би санхүүгийн
салбарт анхан шатнаас нь ажиллаж байсан учраас ерөнхийдөө энэ ажлыг гадарлана л
даа. Гэхдээ Сангийн яамыг толгойлно гэдэг нь хариуцлагатай том алба шүү. Одоо ч
бас аливаа асуудалд алдах вий, буруу зөрүү шийд гаргачих вий, энэ Монгол улсын
эдийн засаг санхүүг буруу тийш нь явуулчих вий гэж эмзэглэж л явдаг даа. Энэ
бол хариуцлагатай том алба.
/ TV 12 ТВ/: Сангийн сайд болоод эхний ээлжинд хийсэн ажлуудаа ярилаа. Ер нь удирдах албан тушаалд томилогдсон хүн өөрийн гэсэн нэртэй, хүнд хэрэгтэй зүйл хийчих юмсан гэсэн бодол тээж явдаг байх. Сангийн сайд байх энэ хугацаанд ямар ажил хийхээр зорьж байна вэ?
-Тийм
шүү дээ. Ямар ч хүн ажил хийж байх хугацаандаа хийсэн ажилтай нүүр дүүрэн байх
юмсан гэж бодох нь мэдээж. Би өнгөрсөн хугацаанд Дархан хот, Дархан-Уул аймагт
ажиллах хугацаандаа бас л тэгж бодож мөрөөдөж хамт олонтойгоо энэ санал бодлоо
хуваалцаж хийж бүтээхийн төлөө л явж байлаа. Одоо ч явж байна. Эргээд өнгөрснөө
санахад тийм ажил хийхээр санаачлаад, төлөвлөөд тэр нь бүтсэн шүү гэдгийг
сонсоход их таатай байдаг л даа. Өнөөдрийн хувьд манай улсад миний сэтгэлийг
эмзэглүүлж байгаа нэг асуудал байнаа. Монгол хүн хэтэрхий их ярьж байна.
Үнэхээр бид 20 жил ярьлаа. Хөгжмөөр байна, юм хиймээр байна гээд л баахан
ярьдаг. Хийх хэрэгтэй ш дээ. Би Сангийн сайд болсныхоо дараахан Япон улс руу
Ерөнхий сайдын айлчлалд оролцож, Хятад улс руу Сангийн сайдынх нь урилгаар
айлчиллаа. Гадаад ертөнц Монгол орныг сонирхохгүй биш, маш ихээр сонирхож байна
Хөрөнгө санхүү босгох бололцоо нөхцөл манай улсад бүрэн дүүрэн байна. Гэтэл бид
үүнд бэлэн биш байгаа нь 20 жил ярьсны гай гэж дотроо бодож харамсаж байна. Бид
өнөөдөр хөрөнгө санхүүтэй боллоо гэхэд санхүүжүүлэх төсөл, төмөр замын төсөл,
орон сууцжуулах орон сууцны зураг төсөл, Улаанбаатар хотод гүүрэн гарц барих
зураг төсөл маань байна уу гэхэд нэг ч Техник эдийн засгийн үндэслэлтэй /ТЭЗҮ/
төсөл байхгүй байна. Тиймээс би юу хэлэх гээд байна вэ гэхээр бага ярьж жаахан
ч болов ажил хийе гэх гээд байна. Нэгэнт одоо Засгийн газрын гишүүн болоод
ажиллаж байгаагийн хувьд одоо энэ төслүүдээс нэгийг нь ч болтугай ажил хэрэг
болгоё гэсэн бодолтой явна. Тэр ч утгаараа энэ зургаан хувийн хүүтэй орон
сууцны хөтөлбөрийг, босоо тэнхлэгийн замуудыг, төмөр замын төслийг, Улаанбаатар
хотод баригдах ёстой 5-6 гүүрэн гарцуудыг эхлүүлж ажил хэрэг болгох юмсан,
хөрөнгө санхүүгийн асуудлыг нь анхаарах юмсан гэсэн чиглэлд өөрийн гэсэн байр
суурьтай хандаж ажиллах бодолтой явна. Та бүхэн мэдэж байгаа. Мэдээж Засгийн
газрын ажил бол нэг хүний ажил биш шүү дээ. Кабенитийн ажил. Тиймээс бид
кабенитаараа хэлэлцэж байж кабинетаараа ярилцаж байж шийдлээ гаргадаг. Хэрхэн
зөв шийдэл гаргахаас хамаарч, хэн нэгэн хүн юу хийж үлдээв гэдэг маань тодорно
шүү дээ.
/DBS ТВ/: Таны Сангийн сайд болсны дараа гаргасан бас нэг том шийдвэр бол иргэдэд нэг сая төгрөг бэлнээр олгох шийдвэр байсан. Яг өнөөдөр Дархан-Уул аймгийн иргэд хэзээ мөнгөө авах вэ. Гурав хувааж өгөхөөр яригдаж байна. Та аймгийн иргэддээ хандаад тодорхой мэдээлэл өгвөл ямар вэ?
-Манай
монголчуудын сонсохыг хүсч байгаа топ мэдээ бол нэг сая, 1,5 сая төгрөг болоод
байна. Өнгөрсөн жил төсөвт 334 тэрбум төгрөг суусан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
ахмад настнуудад эхний ээлжинд Хүний хөгжил сангийн нэг сая төгрөг бэлнээр
олгоно. Харин хувьцаа хэлбэрээр бол бүх иргэдэд Таван толгойн хувьцааг
эзэмшүүлнэ гэж шийдсэн. Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 2 дугаар
улиралд багтааж 3 тэнцүү хувааж нэг сая төгрөгийг өгч барагдуулна. Үүнд
эргэлзэх юм байхгүй. 4-6 дугаар сард болбол өгөөд дуусна. Харин хувьцаа
эзэмшүүлэхийн тухайд цаг хугацаа орно. Мэдээж одоо бидэнд бас хууль эрхзүйн
хүрээн дотроо гаргасан шийдвэрүүдээ нэг мөр болгох асуудал байгаа. Хувьцаагаа
гаргаж үнэлэх тухай асуудал байна. Түүнийгээ хөрөнгийн зах зээл дээр борлуулах
асуудал байгаа. Ингээд иргэдийнхээ авсан хувьцааг мөнгөжүүлэх гээд үзвэл энэ
асуудал 2012 ондоо бүрэн хийгдэнэ. 5 дугаар сараас эхэлж ямар ч байсан
хувьцаагаа иргэдэд өгөх ажлыг эхлүүлэх бодолтойгоор явж байгаа. Энэ ажил хэвийн
хэмжээнд явагдана гэдгийг Дарханчууд маань ойлгох хэрэгтэй. Зарим хүмүүс хэлдэг
л дээ, бэлнээр нь өгчих, би байсан бол тэгж өгөх байсан гэх ч юм уу, хуваагаад
өгөхөөр юм болохгүй гээд л ярьдаг. Төрөөс авсан мөнгө монгол хүнд багадаагүй
байхаа гэж би хувьдаа боддог. Харин тэр мөнгө нь цаад хүндээ юу болж наалдах вэ
гэдэг нь л сонин асуудал л даа. Манай яамны зүгээс улс орныхоо эдийн засаг,
инфиляци гээд наана цаана бодох олон асуудлыг ярилцаж байж тооцоо гарган ингэж
гурав хувааж олгох шийдвэр гаргасан.
/e-darkhan.com /: Дарханаа гэсэн чин сэтгэлтэй хүн бүрийн дотор Дарханаа хөгжүүлчих юмсан гэсэн хүсэл эрмэлзлэл бий. Та ч мөн тэр хүмүүсийн нэгэн адил энэ талаар өдөр бүр бодож сэтгэж яваа байх. Саяхан Монгол улсын Засгийн газраас Дарханыг Монгол улсын Загвар хот болгохоор шийдвэрлэлээ. Загвар хотын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэгт та оролцож байгаа. Энэ шийдвэрийг хэрхэн хүлээж авав. Дархан хотын хөгжлийн төлөө эн тэргүүнд юу хийх хэрэгтэй вэ?
-Монгол
улсын Ерөнхий сайд Дарханд ажиллах үедээ Дархан хотыг хөгжлийн Загвар хот
болгоё гэж шийдвэр гаргасан. За ингээд шийдвэр гаргасныхаа дараахан Засгийн
газрын хуралдаанаар Дархан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах
Загвар хот болгоход юу юу хийх хэрэгтэй вэ, бичиг баримт боловсруулахаас эхлээд
бүх асуудлыг шийдье гээд 100 сая төгрөгийн хөрөнгийн асуудлыг давхар шийдэж
өгсөн. Энэ бол их том алхам. Үнэхээр манай Дарханыг жишиг хот болгох гэсэн нь
Засгийн газрын тэргүүний бодол, Засгийн газрын кабинетийн том шийдвэр юм.
Өнөөдөр үүнийг зүгээр яриад, цаасан дээр хэдэн зураг зураад өнгөрөх биш ажил
хэрэг болгохын төлөө л явах учиртай гэж би бодож байна. Би Дархан хотод олон
жил ажиллаж амьдарч байгаа хүний хувьд хотынхоо ирээдүйг сайхнаар хардаг. Хаана
ч явсан Дархан гоё хот шүү, цэвэрхэн сайхан хот, агаар ус нь сайхан гэж хэлэх
нь чихэнд нэг л зөөлөн сонсогддог юм.Дархан өргөжин тэлж байгаа учраас
Улаанбаатар хоттой адил түгжрэл үүсч, агаарын бохирдол, утаа гээд энэ бүх
асуудлууд тойрохгүй дайрч ирнэ л дээ. Тиймээс бид одооноос энэ бүгдийг угтаж
яаж үүнийг бага дээр нь зөв шийдэж болох вэ гэдэг асуудлыг шийдэх арга зам хайж
ажиллах учиртай. Дарханд ажиллаж байх хугацаандаа би өөрийнхөө бодож санаж
байсан зүйлээс нэлээдийг хэрэгжүүлж чадсан байхаа гэж дотроо боддог. Намайг
Засаг даргаар ажиллаж байх хугацаанд Дархан хот хоёр ч удаа мундаг үерт
авахуулсан ш дээ. Тэгээд ямар ч байсан хотынхоо үерийн даланг нэг иж бүрэн
шинэчилчих юм сан гэдэг бодол тээж явдаг байлаа.Орон сууцны дээврийн асуудлаар
үе үеийн их хурлын гишүүд, үе үеийн аймаг орон нутгийн төлөөлөгчид “Дээврийг
100 хувь засаад бараг л цоо шинэ дээвэр тавьчихна” гээд л ярьдаг байлаа. Тэгвэл
энэ бүхэн маань ямар ч гэсэн биеллээ олсон. Энэ дөрвөн жилд Дархан хотоо
тойрсон үерийн далангаа шинэчилж чадлаа. Сүхбаатар, Гансүх гишүүн бид гурав ярьж
байж энэ жилийн тэрбум төгрөгөөр дээврийн ажлыг хийхэд энэ асуудал үндсэндээ
дуусч дээвэр шинэчлэгдэж дуусна. Хотоо анх удаа Монгол улсын анхны иж бүрэн
камерийн системтэй хот болгож чадлаа гээд хийсэн юмыг яриад байвал их юм байна
л даа.Тэгэхдээ сэтгэлд дутуу юм бас байнаа. Би боддог юм. Юу гэхээр одоо нэгэнт
манай хот 50 нас хүрчихлээ. Орон сууцны доод талын буюу подвалийн шугам
сүлжээний насжилт нь 50 жил дөхөөд сүүлчийнх нь 20-30 жил болчихжээ. Үүнийг нэг
шинэчилчих юмсан гэж. Дани улсын талтай яриад дулааны хэмжилтийн системийг хийж
тус улсын төслөөр хийлгэчих санаатай явж байгаа. Бас нэг боддог зүйл миний
байнгын мөрөөдөл маань хотоо хүүхэд залуучуудын парктай болгох. Энэ жилдээ
паркийнхаа хашаа хороог нь шинэчлэн дүүжин гүүрнээс урагшаа нэвт гарсан гүүр
хийж хүмүүс машин замаар явдаггүй гүүрээр яваад парк руу орчихдог болгочих
юмсан гэдэг бодол байна. Дарханы маань хүүхдүүд нийслэлд очиж алсыг харагч дээр
суудаггүй болгох мөрөөдөлтэй. Энэ чиглэлээрээ бас нэг зураг төсөл хийлгэх гээд
хөөцөлдөөд гүйгээд байгаа. Үүнийгээ нэг хэрэгжүүлчих юм сан гэсэн бодол байна.
Гуравдугаарт би өөрийн санаачилсан “Төвшин сэтгэл” сангаар дамжуулж гэр
хорооллын айл өрхүүдтэй ойрон харилцдаг. Хүүхэд багачуудад нь ном уншуулаад
эцэг эхчүүдтэй нь санал бодлоо хуваалцаад явж байхад гэр хороололд цэцэрлэгийн
хангамж үнэхээр сэтгэл зовоосон асуудал байдаг. Гэр хорооллын хүүхдүүд гэхээр л
цэцэрлэгт суудаггүй гэрийнхээ гадаа хашаан дотроо тоглож байх ёстой гэсэн
ойлголттой байж болохгүй шүү дээ. Тийм учраас энэ гэр хорооллын цэцэрлэгийн
хангамжийг яаж нааштай шийдэх вэ гэдгийг холбогдох хүмүүстэй ярилцаад зөв
шийдэлд хүрэх гээд явж байна. Энэ мэтчилэнгээр хотдоо хийчих юмсан гэсэн хэдэн
зүйлийн мөрөөдөл байдаг. Мэдээж дан ганцаараа шийдээд хийгдчих асуудал бол биш
юм. Аймаг орон нутгийн удирдлагууд, Их Хурлын гишүүд, Засгийн газрын түвшинд
хэрхэн хамтран ажиллах, ажлаа хэрхэн ойртуулах, яаж хөөцөлдөх, ямар арга замаар
хөрөнгө санхүүгээ босгох гээд олон хүний хамтын ажиллагааны дүнд л бий болох
зүйл. Тиймээс би аль болох хамтарч нягтарч нэгдэж ажиллах ёстой, тэгж байж л үр
дүнд хүрнэ гэж боддог доо.
/Найрамдлын Дархан сонин/: Сэтгүүлчид маань нэлээд албаны асуултуудыг асуулаа. Хувийн чанартай асуулт руу оръё гэж бодож байна. Таныг одоог хүртэл Дархандаа хаягийн бүртгэлтэй гэдгийг хэвлэлээс уншиж байсан юм байна. Тэгэхээр та Дархандаа байнга ирж байна уу?
-Үндсэндээ
л Дархандаа амьдарч байна шүү дээ. Тав дахь, хагас сайн гээд л Дархандаа ирдэг.
Үнэхээр Дархан луугаа яарч сэтгэл татагддаг. Хотын хүн болж чадахгүй юм байна
гэж хэд хэдэн удаа ярилцлага өгч байсаан. Хотод дасаагүй, амьдарч сураагүй
орчин болоод ч тэгдэг юм уу амьдрахад хэцүү юм л даа. Дарханд ирэхэд нэг л
дотно шүү дээ.
-Гэр бүл чинь бас энд байдаг гэж сонссон?
-
Тийм. Манай эхнэр ажлаа хийгээд хадам аав, хоёр дүүтэйгээ эндээ байна. Би өөрөө
нэг бурхан шиг эмээтэйгээ бага хүүтэйгээ хотод ажиллаж байна. Тэгээд л би
Дарханд ирж амжихгүй бол эхнэр хот руу очих гэх мэтчилэнгээр амралтын өдрүүдийг
өнгөрүүлж байна даа.
/Лха ТВ/: Бидний ярилцлага танай гэрт өрнөж байгаагаараа онцлогтой гэж ойлгож байна. Гэрт тань ярилцаж байгаа учир гэр бүлийн аз жаргалын нэгээхэн хэсэг болсон хүүхдүүдийн чинь талаар асуумаар байна. Хүн бүр үр хүүхдээ сайн сайхан амьдраасай, эзэмшсэн мэргэжлээрээ ажлаасай гэж боддог. Нөгөө талаас гадуур ийм яриа байдаг даа. Дарга нарын, томчуудын хүүхдүүд гадаадад амьдарч сурдаг гэнэ, үнэтэй том том хауст амьдардаг гэсэн. Таны хүүхдүүд ер нь монголдоо байна уу хаана амьдардаг вэ?
-Энэ
сэдвээр олон удаа ярилцаж байсан. Би дөрвөн хүүхэдтэй. Гурван хүү нэг охинтой.
Энэ хэд манаь өөрийнхөө л хэмжээнд боловсрол эзэмшээд явж байна. Том маань
хувиараа нэг юм хийх гээд л оролдоод гүйж явна. Ямар ч байсан тэр хүний бодол
нь нийтийн хоолны чиглэлээр нэг жаахан юм хийх мөрөөдөлтэй юм шиг байна лээ.
Монголчууд ярьдаг ш дээ. Гадаадад хараар амьдардаг гэж. Манай хүү мөн адил
Англид хараар амьдарч дөрвөн жил ресторанд тогооч хийж байгаад ирсэн. Тэгээд
одоо тэр чиглэлээрээ ажиллана гээд л гүйгээд байгаа. Түүгээр амжилтад хүрнэ
байх гэж найдаж байна. Охин маань саяхан Петровист ажиллаж байгаад жирэмсний
амралттай хүүгээ хараад гэр зуураа байна. Нөхөр нь ажлаа хийгээд л явдаг. Би
чинь дөрвөн хүүхэдтэй байсан бол одоо үндсэндээ зургаан хүүхэдтэй болчихоод
байгаа юм байна. Гурав дахь хүү маань Шанхайд санхүүгийн сургуульд сурдаг. Ирэх
жил төгсөнө дөө. Бага маань надтай цуг хотод сурч байна. Хүүхдийг боловсролтой
болгох нь чухал асуудал л даа. Би хүүхдүүддээ намайг байхад боловсролтой болж
аваарай. Өөрсдөө хөөцөлдөөд сурах хүсэлтэй бол аав нь чадах чинээгээрээ тусалж
дэмжинэ гэж хэлдэг. Та нарт өгөх миний хамгийн том хөрөнгө оруулалт бол
боловсрол эзэмшүүлэх, түүнээс биш та нарт хувааж өгөх юм, хөрөнгө мөнгө байхгүй
гэдэг юм. Мөн ямар ч ажлыг сайн хийж сур, ямар ч компанид ажилд ороод ажиллаж
байхад чамайг л байхгүй бол тэр компанийн ажил бараг зогсдог байхаар тийм л
хэмжээний мэргэжилтэн бай. Ажлыг голж болохгүй. Чи гутал тосолдог байж ч болно.
Гагцхүү чамаар л тэр хүмүүс гутлаа тослуулдаг, тэр хүмүүс зөвхөн чамаар
тослуулахын тулд ирдэг байх ёстой. Энэ л чиний амьдралын баталгаа гэж би хүүхдүүддээ
байнга захидаг.
-Та тэгэхээр өвөө болжээ?
-Тийм.
Зээтэй болсоон. Энэ жил манайх гэдэг айл бүл нэмж маш сайхан байна. Охин маань
намайг өвөө болгосон. Бид чинь одоо нөгөө бага, жоохноо эргүүлж тойруулаад
үнсэж үнгэсээр хамаг стрессээ тэнд чинь л алга болгож байна шүү дээ.
/Монголын радио/: Бид нэлээд өргөн сэдвээр ярилцлаа. Ярилцлага маань ч өндөрлөх тийшээ хандаж байна. Эцэст нь таны амнаас өөрөөс тань хариултыг нь сонсох асуулт байна. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн талаар олон түмэн бас их олон янзаар ярьж байна л даа. Жишээ нь таныг сайд болчихлоо. Шинэ хуулиар 28 хүнийг УИХ-д шууд нэрсийн жагсаалтаар оруулахад тэрний нэг нь таныг байж шууд гулсаж орж ирнэ. Түүнээс биш Хаян гишүүн нэр дэвшиж өрсөлдөхгүй нь гэх мэтээр олон л зүйл ярьж байна. Тэгэхээр та сонгуульд өрсөлдөх үү?
-
Одоо ч сонгуулийн үе эхэлсэн учраас хүн бүхэн л сонирхож байх шиг байна л даа.
Миний дотны хүмүүс ч утасдаад л чи нэр дэвшихээ больж байга юм уу. Тэндээ
намынхаа нэрээр ороод явах юм уу ч гэж байх шиг. Тиймээс энэ асуултанд улс төрч
хүний хувьд тодорхой хариулт өгөх ёстой. Миний бие өрсөлдөнөө. Мэдээж Дарханаас
өрсөлдөнө. Нэрсийн жагсаалтад орох тухай, сайд болоод нэрээ татах тухай ойлголт
байхгүй. 48 хүний дотор орж Дархан хотдоо нэр дэвшиж өрсөлдөнө гэдгээ хэлэхийг
хүсч байна. Мэдээж энэ удаагийн сонгууль нэлээд өрсөлдөөнтэй болно. Тэгэхээр их
л хичээж сайн ажиллах ёстой. Өнгөрсөн хугацаанд хийсэн бүтээснээ, яаж ажилласан
тухайгаа ард түмэндээ тайлагнаж тайлан тавих ёстой гэж би ойлгодог. Тун удахгүй
би өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг Дарханчууддаа
сэтгүүл хэлбэрээр хүргэхээр сая хэвлэлтэнд өгсөн. 4 дүгээр сарын дундаас
хэтрэхгүй сэтгүүл маань өрх бүрт хүрнэ гэсэн тооцоо байгаа. Хийсэн ажилтай минь
ард түмэн та бүхэн танилцаад надад бас тодорхой дүн тавих болов уу даа гэж
бодож сууна даа.
-Намдаа гайгүй том байр суурьтай хүн намынхаа жагсаалтаар орчих боломж байсан юм биш үү?
-
Хэн намын жагсаалтанд орох вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй асуудал шүү дээ. Та
намайг намдаа их том байр суурьтай гэж хэлж байх шиг байна. Манай нам бол том
нам. Надаас мундаг байр суурьтай хүмүүс зөндөө бий шүү дээ. Тийм учраас тэр
томчуудын хажуугаар давхиж орох зэрэг дэв, зиндаа одоо болоогүй байна. Би нэг л
зүйлийг тодорхой хэллээ шүү дээ. Дарханчууд минь битгий эргэлзээрэй, би
нэрээрээ ирж Дархандаа дэвшинэ ээ гэдгийг дахин хэлье.
Ярилцсанд
баярлалаа.
No comments:
Post a Comment