-МАХН-ын
Бага хурал саяхан болж өнгөрлөө. Энэ хурлын үр дүнг та юу гэж тодорхойлох вэ?
-Манай намын Бага хурал нэлээд
онцлогтой болсон гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Намын дарга өөрчлөгдлөө.
Энэ том намыг эрүүл мэндийн хувьд авч явах боломжгүй гэж С.Баяр дарга төрийн
хүний жишиг болохуйц үлгэр үзүүллээ. Нөгөөтэйгүүр, сахилга, хариуцлагатай
холбоотой асуудлыг чухалчилж үзэв. Мэдээж сонгуулийн мөрийн хөтөлбөрийн
биелэлтээр санал, шүүмжлэл өрнүүлсэн. Гол нь сахилга, хариуцлагатай ярьсан
зүйлсээ хэрэгжүүлж чадах уу гэдэг л хамгийн чухал асуудал болчихоод байна.
-Сахилга,
хариуцлагыг өндөржүүлэх талд МАХН нэлээд эрчтэй ажиллаж эхэллээ. Гэхдээ санасан
шигээ үр дүнд хүрч чадах уу. Боловсон хүчний томилгоо нь өөрөө намаар дамжиж
яваа болохоор үр дүн гарна гэж үү?
-Би сахилга, хариуцлагыг ганцхан
МАХН-тай холбож харахгүй байгаа. Улс төрийн намууд, бүр тодруулж хэлэх юм бол
МАХН, АН хоёр л боловсон хүчний томилгоо хийж байна шүү дээ. Тэгэхээр энэ хоёр
хариуцлага, сахилгыг тэнцүү ярих ёстой. Энэ хоёр намаар дамжин төрийн албанд
томилогдсон хүмүүсийн сахилга, хариуцлагын талаар МАХН эхлээд Бага хурлаараа
ярилаа. Бид нэгэнт л төрийн албанд томилогдсон бол ажлаа хариуцсан шиг хариуцах
ёстой гэсэн байр суурь баримталсан. Яагаад гэвэл, төрийн албаны нэр хүнд унаад
байгаагийн шалтгаан нь хариуцлага алдагдсанаас үүдэлтэй. Шулуухан хэлэхэд
сүүлийн жилүүдэд төрийн алба хэтэрхий улстөржсөнөөс бүх зүйл эхэлсэн. Сонгуульд
ялсан нам нь өөрсдийнхөө боловсон хүчнээр төрийн албыг дүүргэдэг болчихсон.
Тэгэхээр чинь төрийн албанд тогтвор суурьшилтай ажилладаг хүн үгүй боллоо.
Ялангуяа удирдах албан тушаалд удаан ажилласан хүн гэж үгүй болсон. Үр дүнд нь
удирдах албан тушаалд ирсэн хүмүүс төрийн албаар дамжих юм бол хөрөнгө,
мөнгөтэй болдог гээд бодчихсон. Ерөөсөө олдсон боломжоо алдалгүй ашиглая л
гэсэн ойлголт түгээмэл болжээ. Үүнээс нь болоод төрийн албаны нэр хүнд
уначихсан. Тиймээс л Бага хурлаар төрийн албыг жинхэнэ утгаар нь ажиллуулах
талд улс төрийн хүч-нүүд анхаарах цаг болсон гэж үзсэн.
-Төрийн
албан хаагчдыг намаас түдгэлзүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа биз дээ?
-Салгасан ч гэсэн төлөвшиж чадахгүй
байгаа юм. Намаас түдгэлзсэн хэрнээ МАХН, АН-аас томилогдсон хүмүүс чиний нам,
миний нам гэж ярьж байна. Би үүнд огт эргэлзэхгүй байгаа. Ер нь ажилд хандахдаа
ч тийм хандлага гаргадаг шүү дээ. Өөрөөр хэлбэл, төрийн алба хашиж байгаа хүмүүсийг
намаас түдгэлзүүлдэг нь үнэн ч сонгуулийн дараа улс төрийн хүчний байр суурь
солигдохоор боловсон хүчний ха-лаа сэлгээ хийгддэг. Ингэж явахаар чинь намаас
түдгэлзүүлсний хэрэг алга болчихож байгаа юм. Уг нь дэлхий нийтийн жишгээр бол
төрийн албан хаагч бүр доод шатнаасаа нь ажилладаг. Бүх шатны дамжлагаар нь
явж, шалгалт шүүлгийг нь егсөн хүн албан тушаал дэвшдэг. Ийм болчихвол ажилд
хандах хандлага нь өөрчлөгддөг юм билээ. Үүнийг л хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
-Танаас
сүүлийн үед өрнөөд буй зарим үйл явдалд тайлбар авъя. Дэлхийн эрүүл мэндийн
байгууллага (ДЭМБ)-аас Хонгор суманд хийсэн шинжилгээний хариуг нуусан гэж
иргэд мэдэгдээд байна. Мэдээж энэ хэрэгт таныг буруутгаж байна?
-Ний нуугүй хэлэхэд, энэ асуудлаар
би олон удаа байр сууриа илэрхийлсэн шүү дээ. Ерөөсөө ингэж ярьж явдаг хоёр,
гуравхан хүн байдаг юм. Ингэж ярьж ашиг хонжоо олж, тэжээгддэг гэсэн үг л дээ.
Ажил амьдралынх нь зорилго болчихсон тэр увайгүй хүмүүсийн ээлжит бяцхан
явуулга. Ер нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг би нуугаад яах юм. Дарханы
холбогдох байгууллагын дүгнэлтийг би хүчиндээд нуудаг юм байж. Гэтэл зүгээр л
нэг аймгийн Засаг даргын үгэнд ороод ДЭМБ дүгнэлтээ нуучихна гэж юу байхав дээ.
-Хонгор
суманд байдал ямар байна вэ. Одоо ч мөнгөн усны хордлого илрээд байгаа юм биш
үү?
-Хэд хоногийн өмнө авсан
шинжилгээний хариуг холбогдох байгууллагууд надад өгсөн. Хонгор суманд бүх зүйл
хэвийн байна. Өөрөөр хэлбэл, Хонгор суманд хүн, мал амьдрах нөхцөл бололцоо
бүрэн байна л гэсэн дүгнэлт ирүүлсэн. Ер нь ч тэгээд Хонгорын иргэдтэй
уулзахад, үндсэндээ хортой гэсэн энэ муухай нэрнээс салах юмсан гэж хүсч явдгаа
илэрхийлдэг. Гэтэл Хонгор сумын төвд байгаа 5000 хүнийг төлөөлж гуравхан хүн л
янз бүрийн юм яриад явдаг юм. Үнэхээр тэнд болохгүй, бүтэхгүй байгаа бол
адаглаад 500 хүн босоод ирмээр юм даа.Уг нь бид тэр муухай нэрийг нь засах гэж
чадах чинээгээрээ ажиллаж байна. ХХААХҮЯ-тай нийлээд жишиг сум болгохоор
ажиллаж байна. Усалгаатай тариалан эрхлүүлэх, төмсний үрийг нь шинэчлэх гээд
янз бүрийн л ажил явуулж байна. Хаа хаанаа эрвийх дэрвийхээрээ ажиллаж байхад
хавар болохоор л нэг тийм хэсэг хүн гараад ирэх юм. Тэр хүмүүс Хаянхярваа гэдэг
хүнийг юу гэж ч гутааж болно оо. Харин Хонгор сумын иргэдтэй битгий холбож
яриач ээ. Тэр 5000 орчим хүний амьдралыг битгий хорлооч гэж хүсэх байна. Манай
сум хортой, бидний тарьсан төмс, хүнсний ногоог идвэл хордоно гэж ард түмнийхээ
эсрэг ухуулга битгий явуулаач гэж хүсмээр байна. Энэ бүхэн сумын иргэдийн
амьдралд нэмэр биш нэрмээс болоод байна шүү дээ.
-Гэхдээ
зөвхөн мөнгөн усны шинжилгээ хийгээд явсан юм биш үү. Харин цианит натритай
холбоотой ганц ч шинжилгээ хийгээгүй гэж мэдэгдэж байна?
-Ерөөсөө Хонгорт цианит натри,
мөнгөн усаар алт угаалаа гэхэд л бүх зүйлийг ньшалгаж, битүүмжилсэн. Тэнд төрөл
бүрийн шинжилгээ явуулсан. Бүр Хонгорын иргэдийн Улаанбаатарт холбоотой байдаг
аж ахуйн нэгжүүдэд хүртэл шалгалт явуулсан. Ийм байхад зөвхөн мөнгөн усны
шинжилгээ явуулсан гэж гуйвуулж болохгүй шүү дээ.
2010 оны 4-р сарын 20, Мягмар гариг
Үндэсний шуудан
No comments:
Post a Comment