Tuesday, 1 May 2012

Д.Хаянхярваа: Зовлонд хутгалдах хэцүү


УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай ярилцлаа.
-Ирэх оны төсвийн зарлагыг бууруулах чиглэлээр УИХ-аас Засгийн газарт чиглэл өгсөн боловч хэрэгжсэнгүй. Зарлагыг бууруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ч та байсан байх аа?
-Ч.Улаан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг зөвхөн төрийн албан хаагчдын орон тооны давхардлыг арилгахад л 30 тэрбум төгрөг хэмнэх боломжтой талаар дүгнэлт гаргаад УИХ-д хүргүүлсэн. Харамсалтай нь энэ чиглэлээр ажил хийгдсэнгүй. Засгийн газар үлдсэн хугацаанд одоогийн орон тоогоороо ажиллахаар шийджээ л гэж бодож байна. Ажлын хэсгийнхний гаргасан дүгнэлт магадгүй зарим эрх баригчид таалагдахгүй байгаа бололтой. Бөөн хүнийг ажилгүй болгох нь гэсэн хардлага ч байх шиг. Тийм биш л дээ. Төрийн илүүдэл, давхардсан орон тоог цомхтгосноор хүнд суртал, авлига бага ч атугай үгүй болох юм. Үүнийг хийхийн тулд зоригтой алхам хэрэгтэй. Харамсалтай нь Засгийн газарт зоригтой алхам хийх байдал ажиглагдсангүй.
-Харин ч 150 мянган төрийн албан хаагч нь багадаад 160 мянга болгосон харагдсан шүү дээ. Ажлын хэсэг, цаашлаад Засгийн газар УИХ-аас дээгүүр жаалах болсны илэрхийлэл нь энэ юм биш үү?
-Мэдээж, төрд зайлшгүй хэрэгтэй орон тоог нэмэхийг үгүйсгэхгүй. Тухайлбал, Онцгой байдал дээр авч үзэхэд энэ байгууллагыг төрөлжүүлэх, тэдгээрийг бэхжүүлэх шаардлага бий. Гэхдээ хаана илүүдэл байна, түүнийг нь олж харж, зохих арга хэмжээг авах нь зүйтэй биз дээ. Жишээ нь, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын орон тооны зөвлөхийг зургаагаас илүүгүй байхаар, сайд нарын орон тооны зөвлөхийг нэг байхаар тооцоход л 45.4 сая төгрөг төсвөөс хэмнэгдэж байна.

Энэ мэт шаардлагагүй орон тоог цомхотгох асуудлыг бодит ажил хэрэг болгох хэрэгтэй. Түүнээс шаардлагатай орон тоог нэмж бололгүй яах вэ. Төсөвт хаана, хаана орон тоо нэмсэн байсныг тодорхой мэдэхгүй байна.
-Зоригтой алхам хийж чадахгүй байгаа нь өнөө л улс төрийн томилгоотой холбоотой. Мөн албан тушаалтнуудын танил тал төрийн албыг нүсэр болгож, төсвийг данхайлгаж байгаа гэхэд хилсдэхгүй л болов уу?
-Улс төрөөс хамааралтай томилгоо их байдаг нь үнэн. Энэ нь нууц биш болсон. Засгийн газрын агентлагийн дэд дарга, орлогчийн орон тоог нэг байхаар, яам, агентлагийн газар, хэлтсийн болон бусад харьяа нэгжийн дэд дарга, орлогчийн орон тоог 139 хүнээр хасаж тооцоход 433.6 сая төгрөгийн хэмнэлт гарч байна. Өөрөөр хэлбэл, аль нэгэн улс төрийн хүчин сонгуульд ялсантай холбоотой улс төрийн томилгоо их хийгддэгийн жишээ энэ. Зарим тохиолдолд албан тушаалын наймаанаас үүдэлтэй нь ч бий. Үнэндээ улстөрчдийн, улс төрийн алдаа гэх үү дээ.
-Жил бүрийн өдийд төсвийг хумих, зарлагыг багасгах асуудал хөндөгддөг. Гэвч ажил хэрэг болдоггүй. Энэ жилийн хувьд ч тэр жишгээсээ хазайсангүй. Харин ч их мөнгө орж ирэхийн хэрээр зарлагаа өсгөсөн харагдана?
-Тийм зовлон байна аа. Тэмээ гэдгэрээ мэддэггүй, хүн гэнэнээ мэддэггүй гэж. Зовлон дотор хутгалдаж явах хэцүү. Би гүйцэтгэх засаглалд олон жил ажилласан хүн. Төсөв гэдэг юмны зовлонг мэднэ. Мэдээж энэ Засгийн газарт юм хийж хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө санхүү хэрэгтэй. Харин түүний үр ашиг талаас нь харахдаа жаахан сул хандаад байна уу даа гэсэн бодол төрдөг юм. Гэхдээ бид тойрч шүүмжиллээ гээд асуудал шийдэгдэхгүй. Бодитой асуудлыг гаргаж ирээд олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх хэрэгтэй. Тухайлбал, яамдын дэд сайдын орон тоог нэг байхаар тооцох хэрэгтэй. Тэгэхгүй бол замбараа алга гэдэг ч юм уу. Тэгвэл 25 сая төгрөгийн зарлагыг төсвөөс хэмнэх боломж байна гэхчлэн асуудлыг бодитоор олон нийтийн дунд хэлэлцүүлэг байдлаар өрнүүлэх нь чухал юм. Ингэснээр бодит үр дүнд хүрэх магадлал нь өндөр. Цаашдаа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай асуудлыг сайн судалж, нухацтай хэлэлцээд хууль болгож батлах хэрэгтэй.
-Хууль гэнэ ээ?
-Өөрөөр хэлбэл, нэг нам, улс төрийн хүчин сонгуульд яллаа гэхэд сайн дураараа Засгийн газрын бүтцийг бий болгож, яам, агентлаг нэмж, төрийн албан хаагчдын орон тоог нэмэгдүүлдгийг зогсоох юм. Тэгэхгүй бол эрх баригч улс төрийн хүчин зоргоороо агентлаг бий болгож, хүн хүч нэмж байгаа нэрээр төсвийн зарлагыг нэмэгдүүлдэг. Энэ нь эргээд ямар ч хяналтгүй. Хэрэв хуультай болчихвол аль нэг улс төрийн нам сонгуульд яллаа ч Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хүрээнд ажлаа уялдуулж хийх юм.
-Магадгүй л юм. Гэхдээ агентлагийн орон тоо ихдээд байна аа гэсээр байтал нэмж  агентлаг байгуулах асуудал хөндөгдөөд эхэллээ. Иймэрхүү хүмүүс таны энэ саналыг хүлээж авах уу?
-Саяхан хэдэн хууль батлагдлаа. Тэр үед агентлаг барих асуудал хөндөгдсөн. Нэг хууль дагуулаад л шинэ бүтэц бий болгодог, араас нь сайд, дарга нартай зөвшилцөнө гэдэг үг оруулдаг нь зуршил болж. Эцэстээ энэ нь улс төрийн томилгоо л болдог шүү дээ. Араас нь бөөн гуйлга. УИХ-ын гишүүн, сайд нар дээр ирээд “Би дарга болох гэж байна. Би тэнд ажилд орно гэсэн юм. Намайг дэмжээд өгөөч. Тэр танилдаа тэгээд хэлээд өгөөч” гээд гуйдаг. Энэ нь нөгөө л бүтэц бүрэлдэхүүнийг боловсронгуй болгож чадаагүйтэй холбоотой.
-Төсвийн бодлогыг шинэчлэх хэрэгтэй гэдэгтэй эдийн засагчид санал нийлдэг. Харин таны хувьд?
-Манайд улс төр буруугаар яваад байна гэж боддог. Гишүүдийн нэг тэрбум гээд л яриад байгаа. Ирэх жилээс гишүүдийн гэх тодотгол нь алга болох болов уу. Мэдээж орон нутгаас сонгогдож гарч ирсэн гишүүд тухайн тойрогт нь юу хэрэгтэй байгааг нутгийнхаа удирдлагуудтай холбогдоод мэдчихнэ. Түүнийхээр хүрээнд тодорхой асуудлыг шийдэх хөрөнгө оруулалтыг төсөвт суулгахын төлөө зүтгэх нь зүйтэй. Харин хөрөнгө оруулалтыг жижигрүүлж задалдаг нь улстөрчдийн алдаа. Улсын төвлөрсөн төсөвт 100 гэр олгоно, халуун ус барина, байшингийн дээвэр засна гэдэг бол буруу. Нийтлэг дүнгээр нь орон нутагт шилжүүлэх ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай зогсдог. Жишээ нь, Дархан-Уул аймагт мандатын тоогоор нь мөнгө хуваарилах юм бол гурван тэрбум төгрөг боллоо гэж бодъё. Энэ мөнгийг тус аймгийн хөрөнгө оруулалтад суулгаад өгөх хэрэгтэй. Дархан-Уул аймаг тэр мөнгөөр юу хийхээ шийдээд УИХ-д саналаа гишүүдээрээ дамжуулаад өгдөг, тэр нь төсөвт суудаг болох хэрэгтэй.
-Одоо тэр зарчмаар явдаггүй гэж үү?
-Тэгж байгаа л гэж ярьдаг. Шуудхан хэлэхэд, давамгай эрхтэй, орон нутгийнхаа удирдлагуудтай тохиролцдоггүй, тийм юм хийнэ, тэрийг хийхгүй гэж зөрөх явдал байдаг л юм билээ.
-Орон нутаг руу санхүүгийн эрх мэдлийг нь өгөх саналыг гишүүдийн олонх дэмжиж байсан?
-Орон нутгийн эрх мэдлийг тэлэх ёстой. Учир нь төвлөрсөн төв Засгийн газрын ачааллыг бууруулах хэрэгтэй. Үүнийг би дэмждэг. Өнөөдөр орон нутаг өөрийнхөө түвшинд шийдвэрлэчихээр асуудлыг яам мэдэж, шийдвэрлэнэ гээд бүхий л эрх мэдлийг өөртөө төвлөрүүлчихдэг. Үүнээс үүдээд нөгөө л хардалт, сэрдэлт, авлига, хээл хахуулийн яриа дээд түвшний хүмүүс рүүгээ онилох нь бий. Их мөнгийг том түвшинд авчихаар хардлага, сэрдлэгэ байх нь мэдээж. Үнэн хэрэгтээ орон нутагтаа шилжүүлчихээд хяналтаа сайн тавихад л болох юм. Хэрэв хөрөнгө оруулалтыг орон нутгийн удирдлагууд буруу, зүй бусаар ашиглавал тэднийг ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авх хэрэгтэй. Хатуу тогтолцоотой болохын хирээр хүн сайн ажиллана, их ч зүйл бүтээнэ. Ер нь орон нутгийн түвшинд ажиллаж байсан хүний тухайд төсвийн хөрөнгийг гурилдаад өнгөрчихье гэсэн бодол байдаггүй л юм даа. Яавал бага шиг мөнгөөр ахиухан ажил хийчих үү гэж сэтгэлээ шаналгаж явдаг.
-Тэгээд л гишүүд нэг тэрбумаа 2.5 болгох гээд байгаа хэрэг үү?
-Үгүй дээ. Тийм юм байхгүй. 2.5 тэрбум болгоно гэдэг ташаа мэдээлэл.
-Ирэх оны төсвийн зарлага оргилын үедээ хүрч байгаа гэж Сангийн яамныхан дүгнэсэн байсан?
-Үүнийг бүхий л хүн анхааруулж байна. Ачааллын жил болох нь гарцаагүй. Учир нь нөгөө олон амлалтуудыг биелүүлэхийн тулд шахсан жил. Нөгөө талаасаа дараагийн сонгууль болохын урд жил шүү дээ. Тэгэхээр 2011 онд л гол ачааллаа нугалж чадахгүй бол 2012 он дөхөхөд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт юу болох нь тодорхой. Тэгэхээр яалт ч үгүй ачаалалтай төсөв байх нь тодорхой.
-Иймдээ эрх баригчид амлалтаа биелүүлэхийн тулд хоёр толгойгоо барьцаанд тавьж, урьдчилгаа нэрээр зээл оруулж ирэх боллоо. Энэ нь зөв гэж үү?
-Тийм асуудал байгаа. Урьдчилгаа авах асуудал яригдаж эхэллээ. Гэхдээ зээл үү, эсвэл урьдчилгаа төлбөр маягаар авах уу. Зээлээр авна гэвэл нухацтай бодох асуудал. Манайд төлөх хэлбэрээр урьдчилгаа болгож авбал өөр асуудал. Монгол орны эдийн засаг томрох хандлага бүхэлдээ бий боллоо. Ингэснээр эдийн засгийн чадавхи сайжрах хандлага ажиглагдаж байна. Тэгэхээр Оюутолгой, Тавантолгойгоос орж ирэх хөрөнгийг төсөвт оруулж тооцох хэрэгтэй. Нэгэнт гэрээ хийгдээд, хэзээ ашиглалтад орох, хэзээ хөрөнгийн бирж дээр гаргах гэхчлэн бүхий л зүйл нь тодорхой учраас тооцоо судалгааг төсөв хэлэлцэхэд гарцаагүй хэлэлцэх ёстой нэг том үзүүлэлт.
-Гэтэл “Хүний хөгжил сан”-гийн 484 тэрбум төгрөгийн босгохын тулд Оюутолгойн урьдчилгаанаас үлдсэн 100 сая ам.доллараар, үлдсэн нь Тавантолгойн урьдчилгаа болж орж ирэх талаар Сангийн сайд тайлбарлаж байсан. Түүнчлэн яригдаад байгаа 484 тэрбум төсөвт ч суугаагүй байсан шүү дээ?
-Төсөст суугаагүй байгааг сайн мэдэхгүй байна. Сайн анзаарч хараагүй бололтой.
-Уул уурхайн ордууд ашиглалтад орсонтой холбоотой манай улсад гадаадын валютын нөөц нэмэгдэнэ. Тэгэхээр ирэх жил инфляцийг нэг оронтой тоонд барина гээд байгаа Монголбанкны мэдээлэл хэр үндэслэлтэй юм бол?
-Мөнгөний бодлого хэлэлцэхэд инфляцийг нэг оронтой тоонд барьж чадах уу гэж Монголбанкны удирдлагуудаас асуусан. “Бид барих бодолтой байгаа” гэж ямар ч итгэлгүй хариулсан. Оюутнуудын сургалтын төлбөр, иргэн бүрт олгох 21 мянган төгрөгийг ирэх жил өгнө. Бэлэн мөнгө иргэдэд тараахын хирээр инфляцийн түвшин нэмэгддэг. Тэгэхээр инфляци нэмэгдэхэд нэг оронтой тоонд барина гэдэгт эргэлзэж байна. Нөгөөтэйгүүр, уул уурхайн салбарын бүтэц хөгжихөөр дотоодын жижиг, дунд үйлдвэрлэл унах аюултай дэлхийн нийтийн хандлага байдаг. Өөрөөр хэлбэл, үндэсний валют чангарч, гадаад валютын ханш унахаар дотоодын жижиг үйлдвэрлэгчдэд хортой. Үүнийг хэрхэн давах талаар  урьдчилан тооцоолсон зүйл бий юу гэж асуусан. Тухайн үед тодорхой хариулт өгөөгүй. Гэхдээ төв банк үүнд ямар нэгэн урьдчилсан бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөсөн л гэж ойлгож байгаа.
-Төв банк бодлогын хүүгээ өсгөхгүй байхаар шийдсэн нь хэр оновчтой юм бэ?
-Дэлхийн нийтийн жишгийг харж байхад бодлогын хүүгээ нэмэхгүй байхыг сайн үзүүлэлт биш л гэдэг юм билээ.

Л.Нинжсэмжид http://niigmiintoli.mn/
2010 оны 11-р сарын 02, Мягмар гариг

No comments:

Post a Comment