Tuesday, 1 May 2012

Д.Хаянхярваа: Төсөв бэлэн мөнгө тарааж, сонгуулийн амлалтаа биелүүлэхэд чиглэгдсэн


Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн төслийг УИХ-д хоёр дахиа өргөн мэдүүлээд байгаа. Төсөв ирэх сарын 1 гэхэд батлагдсан байх ёстой учир Сангийн яамнаас зарим нэг өөрчлөлт оруулж дахин оруулж ирсэн. Энэ удаагийн төсөв, хөрөнгө оруулалтын талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай ярилцлаа.
-Уул уурхайн салбараас асар их мөнгө олох болно. Харин түүнийг шингээх сав дутмаг байгаа талаар гишүүд ярьсан. Савнаас халих мөнгөө юунд зарцуулах нь зүйтэй гэж бодож байна вэ?
-Илүүдэж, халгиад байх хөрөнгө мөнгө байхгүй. Харин ч хөрөнгө оруулалт маань дутаад байгаа юм биш үү. Бүх зүйл ярьж байснаасаа эсрэг тийш яваад байна. Томоохон бүтээн байгуулалтад оруулах хөрөнгө алга. Өнөө маргаашаа аргацаасан хэлбэртэй явсаар ирлээ. Нэг хэв загварт баригдан, мөрөөдлөө ярихаа болих цаг болсон гэж бодож байна. Ер нь, улс орны санхүү маань хүндрэх тал руугаа л хандаж байгаа шүү.
-Бүх зүйл сайн, сайхан болох замдаа орсон гээд байгаа шүү дээ?
-Ашигт малтмалаараа дэлхийд тэргүүлэгч орнуудын жагсаалтад орж, ирээдүйд асар их мөнгөний урсгал бий болох нь үнэн. Гэхдээ өнөөдөр биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Миний харж байгаагаар сонгуулийн тогтолцоо-той холбоотойгоор хоёр нам иргэддээ популист амлалт өгсөн.Түүнийгээ хэрэгжүүлэх гэж янз бүрийн л арга хэрэглэх болсон. Нэг ёсондоо үүнээс болж төсөв маань ацан шалаанд орчихсон юм. Амлалт, хавтгайрсан халамжаас үүдэн хүндрэлтэй тулгарчихаад байгааг хүн бүхэн мэднэ. Гэвч амлалтаасаа ухрах ямар ч арга байхгүй. Халамж, цалин нэмэгдэхэд бараа бүтээгдэхүүний үнэ хэр өсч, иргэдэд хэр дарамт учруулж байгаа нь ойлгомжтой. Тиймээс ч энэ бүхнээ зохицуулаач, хэрэггүй халамжаа зогсоо гэсэн уур амьсгал нийгэмд бий болж. Ерөнхийдөө энэ бүхнийг дүгнэж хэлбэл, манай төсөв бүтээн байгуулахад чиглээгүй зөвхөн өгөх, амлалтаа биелүүлэхэд чиглэсэн.
-Халамжаа зогсоовол намуудын нэр хүнд унана. Тэгэхээр оршин тогтнох нэг хэлбэр нь халамж юм шиг?
-Тийм биш л дээ. Нам өөрөө амьд организм. Байнга шинэчлэгдэж, зогсолтгүй үйл ажиллагаа явуулдаг улс төрийн байгууллага. Хөгжилд хүрэхийн тулд хөдөлмөрлөх зайлшгүй шаардлагатай. Харин зарим хүнд ийм сэтгэлгээ огт алга. Улс төрийн намууд иргэдээ бэлэнчлэх, сэтгэн бодож ажиллах чадваргүй болгож, мөхлийн зам руу нь хөтлөөд байх шиг. Өөрөөр хэлбэл, сонгууль дөхөөд ирэхээр амлалтаа хэрэгжүүлж байгаа нь энэ хэмээн бэлэн мөнгө тарааж, бизнес эрхлэгчдэдээ татварын хөнгөлөлт үзүүлдэг. Ийм зарчмаар явж болохгүй. Төрөөс нарийн бодлого боловсруулан бизнесийнхнийг өрсөлдөх чадвартай болгох чухал. Мөн үүнийг даган ажлын байр бий болж, материаллаг үйлдвэрлэл бий болох юм. Өнөөдрийнх шигээ сонгуульд ялалт байгуулах, хүмүүст таалагдахын тулд мөнгө тарааж, татварын хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргаад байвал хөгжил рүү бус эдийн засгийн доройтол руу алхана.
-Алдагдал 8.6 болж нэмэгдсэн?
-2.6 хувиар өсчихлөө гээд нэг их айгаад, сандраад байх зүйл биш. Гишүүд хөрөнгө оруулалт бага учир нэмэгдүүл гэсэн л шаардлага тавьсан. Үүний дагуу тодорхой хэмжээгээр нэмсэн болохоор ганц хоёр хувийн өөрчлөлт гарсан. Энэ нь, ОУВС-тай тохирсон гэрээ, журамд заасан хэмжээнээс хэтрээгүй. Ер нь, төсвийн алдагдал нэг оронтой тоонд байхад хэвийн. Цаашид төсөвтөө шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай болж.
-Чухам ямар?
-Өнгөрсөн хавар Төсвийн тогтвортой байдлын тухай хууль баталсан. Энэ хуулиа барьж, ирэх сонгуульд элдэв амлалтгүй явах зарчим баримтлах хэрэгтэй. Амлалт бэлэн мөнгө өгөх алхмаа улс төрийн хүчнүүд зогсоох юм л даа. Улс төрийн хүчнүүд гэж ярих нь ч буруу юм шиг байна. Амлаад байгаа нь хоёр том нам. Үүнийгээ үгүй болгосны дараа хөгжлийн бодлогоо зөв тодорхойлох болно. Өнөөдрийг хүртэл маш олон хөгжлийн хөтөлбөр боловсруулж, баталсан ч хэрэгждэггүй. Учир нь, сонгууль бүтээн байгуулалт, хөгжлийн төлөө бус зөвхөн амлалт дээр оршин тогтнодог. Ялсан нам нь нөгөө баталсан хөгжлийн бодлогоосоо тэс хөндлөн зүйл ярьж, амласнаа хэрэгжүүлэхээр зүтгэж эхэлдэг шүү дээ. Бид хамгийн сүүлд баталсан хөгжлийн хөтөлбөрөө ажил хэрэг болгоно гэж зорилт тавин, сонгуульд өрсөлдөх бүх нам түүнийгээ яаж, алинаас нь хийж эхлүүлэхээ сурталчлах юм. Мөн Төсвийн хууль, Төсвийн тогтвортой байдлын хуулиа хэрэгжүүлээд явбал төр барих ямар ч хүчин амлалтаа хэрэгжүүлэх гэж зорихгүй.
-Орон нутагт төсвийн эрх мэдлийг нэмэх, хүрээг нь тэлэх шаардлагатай гэж байгаа. Энэ талаар ямар бодолтой байна?
-Хэдий болтол эрх мэдлийг нь хязгаарласаар байх вэ. Чамгүй удаан хугацаанд Засаг даргаар ажиллаж байсан хүний хувьд эрх мэдлийн цар хүрээг нь өргөжүүлэх цаг болсон гэж боддог. Гэхдээ яаж гэдэг нь маш чухал. Зарим гишүүн бүх эрх мэдлийг нь өгөөд тэр чигт нь хаях хэрэгтэй гэж үздэг. Энэ маш буруу. Тодорхой хэмжээнд төр оролцохгүй бол зарим аймаг дампуурна.
-Яагаад?
-Манайх төвлөрсөн холбооны улс биш. Дэд бүтэц дагасан бүс нь хөгжил илүү, зах хязгаар нь буурай хөгжилтэй. Зах хязгаарын аймаг сум яаж төсвөө бүрдүүлэх вэ, сонин байна. Тэнд үйлдвэрлэл гэх зүйл байхгүй. Харин уул уурхайтай, ашигт малтмалын ордоо түшиглэн хөгжих боломжтой аймгийн хувьд бол өөр асуудал. Удирдлагууд нь ч эрх мэдэлтэй болж, өөрийн дураар хөрөнгө мөнгө зарах хүсэлтэй байгаа. Гэхдээ газрын доорхи баялаг ард түмний өмч болохоор ганцхан аймаг манай нутагт байдаг хэмээн санхүүжиж болохгүй шүү дээ. Ийм болохоор төрд өгдөг татаасаа төлж, зохицуулалт хийх ёстой юм. Мөн төсвийн эрх мэдлийг нь хэр өргөтгөх вэ гэдгээ тогтоож зааглах хэрэгтэй. Тэгэхгүйгээр шууд өгчихвөл мөнгөтэй нь хөгж, мөнгөгүй нь сөнө гэсэн хууль үйлчилнэ.
-Ашигт малтмалын томоохон ордтой нутгийн удирдлага аймгийнхаа иргэддээ мөнгө тараа-сан?
-Үүнийг сайн ойлгохгүй юм. Хамгийн буруу жишиг л тогтчих гээд байна. Газрын хэвлий дэх баялаг бүх ард түмнийх шүү дээ. Өмнөговьчууд дангаараа ашиг хүртээд байх нь буруу. Тэд монголчуудын багахан хэсэг. Тэгвэл Орхон аймагт амьдарч байгаа хүмүүс ч тухайн ордоосоо ашиг хүртэнэ гэж болох нь. Харин нийслэлийнхэн төсвийн дийлэнх хэсгээ бүрдүүлж байна гээд тодорхой хэсгийг нь авч ч болох нь л дээ. Ер нь, тухайн орон нутгийн удирдлага юу хийж буйгаа сайн бодох хэрэгтэй. Дур зоргоороо аашилж, дахин бэлэн мөнгө тараахаа зогсоох хэрэгтэй гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.
-"Хөгжлийн банк" байгуулах асуудалд ямар байр сууринаас хандаж байгаа бол?
-Ийм банктай болох цаг нь болоогүй. Өнөөдөр манай банк санхүүгийн тогтолцоо тийм ч тогтвортой биш байна шүү дээ. Банк нь дампуурч, зээлийн хүү нь өндөр, уян хатан биш байгаа. Жинхэнэ утгаараа хөгжвөл ч хэрэгтэй гэдгийг харсан. Үр дүнтэй болгосон орнууд нь хариуцлага, сахилга, дэг журмыг өндөрт хүргэсэн Япон, Герман гэх мэт улс. Манайд хариуцлага тооцох механизм алга. Тиймээс нэг их удахгүй дампуурдаг эргээд хариуцах эзэнгүй л болчих вий гэж болгоомжлоод байгаа хэрэг. Ийм зүйл ярихын оронд банкны тогтолцоогоо улам сайжруулж уян хатан болгох тал дээр анхаарах нь дээр байх.
-Гэхдээ бүх зүйлийг хуульчилбал асуудал үүсэхгүй юм биш үү?
-Хууль нь байхад хариуцах эзэнгүй болчихдог. Ял зэмээс мултраад л гарчихна. Баялгаа борлуулж, таван цаас олчихоод хэн нэгэн хариуцлагагүй этгээдээс болж үрэн таран хийчихвэл яах вэ. Хэсэг дуулиан шуугиан болж байгаад мартагдаж, гэм хийсэн нь алга болно.
Э.Мөнгөнбаяр
2010 оны 11-р сарын 16, Мягмар гариг
 Ардчилал

No comments:

Post a Comment