Friday, 24 December 2010

Ц.БАВУУДОРЖ: "ХУТАГТ ГЭГЭЭДИЙН ТУХАЙ 108 НОМ БҮТЭЭХ ЗОРИЛГО ТАВЬСАН"


“Монгол хутагт” ТББ-ын тэргүүн, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж манай энэ дугаарт зочилж байна.

- Уран бүтээл арвин байна уу? Сүүлийн үед та ямар ажил амжуулж явна вэ?

  - Надад Монголын хутагтуудын амьдрал, үйл хэргийг судлах, түүний талаар мэдээллийг түгээх байгууллага байгуулъя гэсэн санаа олон жилийн өмнө төрсөн юм. Түүнийгээ байгууллаа. Энэ байгууллага маань “Монгол хутагт”гэсэн нэртэй төрийн бус байгууллага юм. Миний хувьд Монголын харьцангуй олон хутагт дахин дахин төрж, амьдарч байсан тийм газар нутгийн хүн шүү дээ. Монголын 320 гаруй сум дотоос цөөхөн суманд нь хутагтууд төрж, дахин дахин дүр нь тодорсон байдаг. Тэдгээрийн нэг нь Завхан аймгийн Шилүүстэй сум байгаа юм. Энд Нарванчин гэгээний гурван дүр, Мялбогд гэгээний хоёр дүр тодорсон байдаг. Аньдаа гэгээний болон Ямандагийн хувилгаан Дарам гээд увьдастнууд хүн мэндэлсэн. Мөн Дилав хутагт манай хийд дээр тун удаан сууж байсан. Монголын олон уулын сангийн судар зохиосон Лашин хувилгаан бас манай нутгаас төрсөн. Ер нь тоолбол олон л доо. Нэгэн өчүүхэн жижиг өвөлжөө бууцан дээр олон сайхан хүн төрсөн байх жишээтэй. Би юм бичих сонирхолтой, хөгшчүүдээс хууч яриа тэмдэглэж авдаг, цуглуулдаг. Сүм хийдийн тууриар явдаг байсан зэргийн урманд надад зөвхөн нутгийнхаа биш Монголын хутагт гэгээдийн тухай юм цуглуулъя, цуврал ном гаргая гэсэн санаа төрсөн юм. Гэхдээ одоохондоо ном бичих зав гарахгүй байна. Тэгээд ч онгод тоохоо байхаар гэдэг юм уу, үс бууралтаад ирэхээр суугаад бичих бодолтой жаал юм цуглуулаад байна. Сурвалжлах ажлаар Монгол нутгийнхаа нэлээдийг туулж энд нэг ийм хийд байсан, ийм нэртэй цорж, ийм нэртэй маарамба хүн амьдарч байсан гэдгийг нэлээд тэмдэглэсэн. Тэдгээрийн тухай хууч, яриа мэтийг цуглуулсаар багагүй юмтай болжээ. Тэгээд бодоод байсан чинь энэ бүхнийг хийхэд нэг байгууллага хэрэгтэй юм байна гэсэн санаа төрсөн.

  - Хутагтуудын тухай ном чинь хэдэн цуврал байх бол. Уншигч бид таныг онгод тоохоо байтал чинь хүлээх хэрэгтэй болох нь ээ.

  - Монгол хутагт гэгээдийнхээ тухай 108 ном бүтээх зорилго өөртөө тавиад байгаа. Уншигчдыг нэг их чилээхгүй байхаа. Анхныхаа номыг нь хийж байна. Энэ бол намтар түүх бага, харин гэрэл зураг голлосон ном байх юм.Үндсэндээ 50 хутагтын гэрэл зураг, аль аймгийн, аль хошууны, ямар өвөл­жөө бууцанд төрсөн тухай тайлбартай байх юм. Ямартай ч Монголчууд хоймрынхоо авдар дээр тавиад дүрийг нь хараг гэсэн бодлоор ийм ном хийж байгаа юм.

  - Гэрэл зураг хууч яриатай адилгүй, биет ховор нандин зүйл . Тэдгээрийг хэрхэн цуглуулав?

  - Гэрэл зураг их ховор юм байна. Хэдэн жилийн өмнө Нарванчин гэгээний ах дүү, үр садын сургийг гаргасан юм. Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуй/хуучин нэрээр/ орчмоор нутагладаг гэж. Гэгээний зураг байж магадгүй гэж сурагласаар уулзахад нэг зураг үзүүлсэн нь Дилав хутагтын зураг байсан л даа. Хутагтуудыг хооронд нь андуурдаг. Нэг нэгнээсээ дамжуулаад авахдаа Нарванчин гээд бодчихсон байх жишээтэй. Тэгэхээр бидэнд судалгаа байх хэрэгтэй юм байна. Хэн, хаана төрж байсан, ямар эрдэм шидтэй байсан зэрэг баримттай байх хэрэгтэй гэж бодож байна. Хэнтийн Балданбэрээвэн хийд хавиас хоёр зураг олсон, Архангайн Чулуут суманд айлын жаазнаас нь хүртэл зураг авч байлаа. Бурхан шүтээнийх нь зургийг гаргаад авна гэхээр хүн мэдээж дуртай байх уу. Зарим нэг зургийг энгэртээ зүүдэг гуулин гуунаас нь хүртэл гуйж татаж авсан. Олон жил гуунд байсан юм чинь нугалаасаараа элэгдээд, нүд хөмсөг нь мэдэгдэхгүй шахам болсон байх жишээтэй. Гэхдээ ингэж хуучин ч гэсэн юм цугларч байгаа нь монголчууд өв шүтээнээ дээдэлдэг билэг билгүүний үр юм. Үүнээс өөр нуугдмал зүйл зөндөө байгаа нь мэдээж. Хүний өгсөн юмыг сайхан хэвлээд, сайжруулаад, номонд оруулаад өгвөл нэг хэрэг биз дээ. Сайхан цаг ирж байгаагийн дохио,совин байна. Өнгөрсөн жил Баянхонгорт сар шинээр явж таарсан юм. Шинийн өглөө Номгон ууланд идээ будаагаа өргөж байсан хүмүүс нар орхимжтой мандахыг харсан, зургийг нь ч авсан байна лээ. Тэгээд тун удаагүй Гачэн ламын хойд дүрийг тодруулсан байгаа юм л даа. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт баруун тийшээ харсан хаалгатай сүм байдаг. Тэнд Гачэн гэж түвд Ренбүчи сууж байсан юм билээ. Түүний хойд дүрийг Баянхонгорчууд төрүүллээ. Одоо бас Зава Дамдины хойд дүр гээд нэг сайхан залуу залчихсан байж байна. Манай Жалханз гэгээний хойд дүр Завхан аймгийн Дөрвөлжин сумын Буурал багаас тодорсон. Энэ сайхан хүмүүсээ тодруулах юм бол Монголчууд өөрсдийгөө гаднаас нь харах биш дотоодоос нь харах ийм сайхан цаг ирлээ гэж бодож байна.

  - Шилүүстэй суманд олон хутагт төржээ. Энэ нь юутай холбоотой гэж боддог вэ?

  - Отгонтэнгэр хайрхантай холбоотой гэж боддог ш дээ. Шилүүстэй бол хайрханы өврийн сум лдаа. Өвөрт нь Отгон, баруун хойд талд нь Цагаан хайрхан, Цагаанчулуут сум байна. Эдгээрээс бизнесменүүд төрдөг. Харин манай нутгаас ажиглахад бизнес хийж байгаа, мөнгөний одтой хүн байдаггүй. Харин хутагт хувил­гаад, үнэнхүү сүсэгтнүүд төрсөн байдаг гэхчилэнгийн тэнгэр эрхстэй холбогддог өвөрмөц сонин мэдрэмжтэй нутаг гэж боддог.

  - Хойд дүр тодрох ямар дохио, тэмдэг байдаг бол?

  - Би шашны хүн биш шүү дээ, зүгээр жирийн нэг сүсэгтэн юм. Гэхдээ сонирхсон л доо. Тэр Жалханз хутагтын хойд дүрийг Далай багш ямар байдлаар, заавал яагаад Завхан аймагт, яагаад Дөрвөл­жин суманд, яагаад Буурал багт тодруулаад гаргаад ирэв гэж. Эндээс нэг санал явуулдаг юм шиг байна. Энэ жил хулгана жил Жалханз хутагтын дүр тодрох ёстой ч гэдэг юм уу. Манай томчуулд хэлж болдоггүй нарийн ширийн зүйл байдаг байх гэж боддог. Эндээс Далай багшид нэг өргөдөл маягийн юм явуулдаг болтой юм байна. Түүнтэйгээ хамт тэдэн оны, тийм хүүхдүүд нэр усыг цуглууллаа гэдэг ч юм уу. Түүн дундаас шүүсээр байгаад нэг гарч ирэх нь л дээ. Наанаа нэг их юм мэдэгдэхгүй ч цаанаа манай шашныхан эзэнгүй биш юм билээ. Намайг хоёр жилийн өмнө Архангай аймгийн Чулуут сум руу явах гэж байтал Сонинбаяр ламтан таарч мэнд мэдээд Архангайн Чулуут сум, Ихтамирын заагт тийм хувилгааны тийм хүн байх ёстой. Сайхан яриа өрнүүлээд хүмүүсээс судлаад ирээрэй гэх жишээтэй. Монголд 120-130 хутагт, гэгээд байсан юм гэнэлээ. Энэ чинь огт эзэнгүй алга болчихсон зүйл биш юм байна. Тодорхой хэмжээний хүмүүс мэдэж байдаг юм байна Харин ч цаагуураа нууцаас нь хадгалж байдаг юм байна гэж ойлгосон шүү.

  - Хутагт гэгээдийн эрдэм чадлын талаар ганц нэг жишээ хэлээч?

  - Ард түмний дунд олон яриа байдаг л даа. Ер нь зохиол номноос эхлээд, хөдөөгийн сайхан өвгөчүүдийн яриан дундаас илүү бодитой мэлээлэл олж авна л даа. Манай Нарванчин гэгээний өмнөх дүр нь Бээжин хотыг хазайлгаж байсан юм гэдэг. Бээжинд нэг удаа очоод яриа хэлцэл хийж л дээ. Гэтэл тухайн өдрийн дотроо хийвэл амжилттай болох гээд байж. Нөхөр тэр өдөр амжиж гэрээг дуусгахын тулд нарыг хэдэн цаг уясан тухай домог шиг зүйл байдаг юм. Түүнээс болж Бээжин хот хазгай болсон гэж ярьдаг.

  Нарванчингийн номхон хувил­гаан гэж байжээ. Түүний өвөлжөөн дээр одоо айл өвөлждөггүй мөртөө давхиад очиход олон сайхан үхэртэй айл байгаа юм шиг битүү аргал. Эсвэл тэмээний хоргол багшраад байж байдаг юм. Номхон дүр нь их номхон хүн байсан гэдэг. Ямар сайндаа хоёр шалхнаг руугаа шээгээд зогсож байдаг. Гэгээн минь та ингэж боломгүй байна гэсэнд нэлээд өгсүүр өөд шээсэн чинь шээс нь өөдөө олгойдоод солонгорч байсан гэдэг. Нэг гашуудалтай юм нь Нарванчин гэгээний догшин дүрийг бурхан болоод удаагүй байхад нь толгой нь алга болчихсон юм гэдэг. Шавь нар нь түүний шарилыг харж байгаад айраг уугаад ирэх хооронд алга болчихсон байсан гэдэг. Дараа дараагийн дүрийг нь урагш нь залахын тулд толгойг нь залаад явчихсан байх гэдэг яриа бий. Гэгээн амьд байхдаа сумынхаа Дорж гэдэг нэг хүнийг “Энэ Дорж миний толгойг авах хүн шүү” гэж нэг биш удаа хэлж байсан гэдэг. Архи уухаараа хавийн амьтныг хядчих гэсэн амьтан байсан гэдэг. Ямар сайндаа мөргөх гэж ирсэн хүнийг өшиглөчихөж байхав дээ. Дилав хутагттай нэг дор байсандаа л даруулгатай байсан гэдэг.

  - Аман ярианаас гадна бичгийн дуртгалууд хэр байдаг вэ?

  - Ховор юм билээ. Нарванчин гэгээний тамга нь байдаг. Сайхан хаш хөөрөг бий. Ер нь бүдэгхэн.

  - Одоо тодорч байгаа хүүх­дүүдитйн талаар ямар бодолтой байна вэ?

  - Ер нь бол цаанаасаа эрхсийн захиалгаар төрж байгаа гэж боддог. Би уянгын халилтай ярьж байж болох юм. 1930-аад онд манайд болсон их хэлмэгдүүлэлтийн тухай наймдугаар Богд Жавзандамба урьдчилан хэлж байсан гэдэг. Тэр их аюулыг тэнд нь дарчихъя гэж хутагт хувилгаадыг чуулахад Богд лүндэн буулгаж энэ бол зайлшгүй бидний толгойгоороо туулах үйл юм байна гэж байсан гэдэг. Тэр цагт хутагтууд Монголын төр, шашны ажлыг зэрэг амжуулж байж.

  Хуучин уламжлал, билиг билгүүнээ бодоод шинээр тодроод гараад ирсэн энэ хутагтуудыг яагаад төрд сонгож болохгүй гэж Төрийн энэ их маргаан тэмцэл, хазайлтыг тэд билиг билгүүний аргаар засаж болно шүү дээ. Энэ бүхнийг дотоод шид билгээр засах боломж байж болох юм гэж хувьдаа бодож явдаг. Үүнийг ухаалгаар харах хэрэгтэй.

  - Хутагтуудын талаар Завхан нутагт олонд хүртээлтэй ямар зүйлүүд байна?

  - Дилав хутагт бол Монголыг дэлхийд таниулсан дэлхийн хэмжээний хүн л дээ. Манай нутагт хутагтуудад зориулсан есөн сайхан суварга бий. Тэнд нандин шүтээнүүд орсон гэдэг. Музей ч байдаг.

  - Нэг гэнэн гэмээр асуулт тавья. Хутагт, хувилгаадтай нэг нутаг оронд амьдрахад ямар байдаг бол?  

 - Аньдаа гэгээнийгээ байхад манай нутгийнхан эрхэлж амьдарч байсан шиг санагддаг. Бараг л нүүхдээ аль хөтлөөр хонио гаргах вэ. Аль чигт хөдлөх вэ гээд асуудаг Аргаа үүрээд гарвал аргалтай ирэх нь үү гэх шахдаг байлаа. Аньдаа гэгээнийг таван настайд нь тодруулсан гэдэг. Насанд хүрэхээр нь цэрэгт явуулаад, цэргээс ирэхээр нь намд элсүүлээд агент болгосон байдаг юм. Агентаар нь 1980-аад он хүртэл ажилласан. Би сүүлд нь бодож байгаад өөртөө нэг зүйл нээлээ л дээ. Намд элсүүлсэн нь хаацайлсан хэрэг юм. Насаараа агент хийсэн нь бол нөхөрийн өөрийнх нь сонголт байжээ. Хүнд арц боогоод өгөх хориотой байсан болохоор элсэн чихэр боогоод өгөхдөө, уут гурил авсан хүнд өнцгөөс нь дэмнээд тэмээн дээр ачаад өгөхдөө шившээд, өгөх нь юмаа тарааж байжээ гэж бодогддог. Энэ мэт бидний анзаараагүй өнгөрсөн ухаалаг явдлууд зөндөө л байгаа. Яаж өргөн олондоо тус болох эрдэм чадлаа хүргэх вэ гэдгийг алхам тутамдаа бодож байсан байхаа. Өчүүхэн би л гэхэд агент болсон сонголтыг нь саяхан ухаарч байгаа байхгүй юу. Мялбогдын тавдугаар дүр залуудаа Гурвансайхны өвөрт цэргийн алба хаасан гэж ярьдаг. Тэгээд нутгийнхан нь аль зүгт тодорч төрсөн бол гэж байнга ярьж, сонссон юм байна уу гэж чих тавьдаг. Мэнддээ Өмнөговь явах учир байна гэж ярьдаг байсан болохоор нь дараа хойчийн дүр нь тэр нутгаас тодрох байх гэсэн бодол байдаг шиг байгаа юм.

  - “Монгол хутагт” байгуул­лагынхаа маргаашийн талаар?

  - Одоохондоо энэ байгууллага ганц гишүүнтэй байна. Нарван­чингийн үр удам гэдэг ч юм уу овгоо авчихсан юмаа мэдэхийг хичээдэг, мэддэг, ил гаргах цагийг хүлээдэг хүмүүс байдаг. Хэрэв тэд миний санааг зөв байна гэвэл надад хандаад 108 ном аяндаа бүтнэ гэж бодож байгаа. Арь гэгээнийхэн, Аньдаа гэгээнийхэн гээд овог авчихсан улсууд ч байна. Тэгэхээр би өөрийн санааг аяндаа бүтнэ. 81 унь өлгөж байгаа юм шиг, 101 унь өлгөж байгаа юм шиг сайхан цуврал бүтнэ гэж итгэж байдаг.

  - Таны “Монголын их амар амгалан” шүлгээр сайхан ном бүтээснийг Улсын төв номын санд үзлээ.  

 - Миний хувраг нөхөд бас хоёр дүүгийн санаа байгаа юм. Найз нар хамтраад, уран бүтээлийн нөхөд минь дэмжээд түүнийг бүтээсэн. Энэтхэг алмаазаар гоёж, цалин цагаан мөнгөн дээр цохиж бүтээсэн. Үүнийг миний бүтээлийн “хөшөө дурсгал” боллоо гэж баярлаад байгаа юм байхгүй л дээ. Гэхдээ сайхан ном болсонд баяртай байгаа. Тэр номыг номын санд бэлэглэсэн. Г.Аким гуай надад хадаг өгөөд “Чиний энэ ном булган сүүлтэй ном болжээ. Араас нь номын санд олон үнэт ном ирсэн” гэж хэлж байна лээ. Үүнд би их баярласан. Би түүнийг худалдаад яахав, гэртээ хадгалаад яахав, олон хүний сэтгэл, ур, хөдөлмөр шингэсэн юм. Олны хүртээл болж байг гэж бодсон.

  - Завхан нутгийнхан Отгонтэнгэр хайрханаа хаана ч явсан дээдэлдэг үү.

  - Тийм шүү. Отгонтэнгэр уулы авшиг маш өндөр. Очирваань уул энэ дэлхийн хаана ч явсан дагаж явдаг гэж боддог. Нутгийнхан жил болгон тахидаг, овгоороо, отгоороо тахих нь ч бий. Очирваань хайрханыг ганцхан манай нут­гийн уул гэж ойлгодогүй, бүх монголчуудын язруур шүтээн гэж ойлгодог шүү.

Ярилцсан Ж.Сэлэнгэ

Эх сурвалж "Цаг төр хүмүүс" сэтгүүл

No comments:

Post a Comment