“Ярилцъя” энэ удаа та бүхнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Баттулгатай уулзуулж байна.
-Танай өрсөлдөгч хүчин нэрээ сольчихлоо. Энэ сэдвээр Улаанбаатар хотноо саяхан том концерт тавигдлаа шүү дээ. Уг үйл явдлыг улстөрчийн хувьд хэрхэн авч үзэж байна вэ?
-За, яахав дээ. Нийгэм хэдий солигдсон ч, тэр мөчөөс хойш бүхэл бүтэн хорин жил өнгөрсөн ч гэлээ Монголд бол энэ нам юу хүссэнээ л хийгээд яваад байгаа шүү дээ. Тэрнийх нь л нэг болов уу. Концерт гэдэгтэй бол өөртэй чинь санал нэг байна. Гэхдээ үүнийг одоо цаг хугацааны явцад хүмүүс дүгнэнэ биз дээ. Тэрийг нь хараад л байж байя. Өнөөдрийн хувьд гэвч та бид хоёр энэ сэдвийг орхисон нь дээр биз дээ. Дагаж намирахгүй шүү.
-Наадах чинь хамтарсан Засгийн газрын сайдын хариулт болчихлоо. Би уг нь улстөрчийн тань хувьд асуусан юм?
-Энэ нам ингээд нэрээ сольчихлоо гэдэг бол нэг асуудал. Тэгвэл эргээд бид өнгөрсөн түүхээ харах ёстой болчихож байгаа юм л даа. Нөгөө л алтан Москвад Ленинтэй уулзсан Сүхбаатар энээ тэрээгээс нь эхлээд Ардчилсан намын анхны дарга Бодоог хэн хорлов энэ тэр гээд зөндөө юм бий шүү дээ. Бүхэл бүтэн сурах бичигт бичигдсэн энэ түүхээ солих болчихож байгаа байхгүй юу. Энийг 20 жилийн хойно солино гэдэг эргээд жаахан хүнд болчихож байгаа юм. Ерэн онд шинэ нийгэм эхлэхэд тэр шинэ түүх хамт солигдоод явчихсан бол Монгол Улс хөгжлийн зүг өнөөдрийнхөөс арай хурдан алхах байсан.
-Ерэн онд та нар хувьсгалт нэртэй юутай хээтэй нь дуусгачихсан бол өнөөдөр ийм их зардал урсахгүй байж л дээ?
-Тэр үед бас үүнийг зоригтой шийдэх хүчин бүрдээгүй байсан юм болов уу даа.
-Танай намын залуус ҮЗХ-гоо унтаж байна гэж үзжээ. Бүх гишүүдийнх нь тоогоор хоосон сандал авчирч тавьж бяцхан үзүүлбэр хийлээ шүү дээ. Нэг талаас өрсөлдөгч хүчний шоу дуу чимээ ихтэй эрчимжээд эхлэхээр нөгөө хүчнийг нь унтаж байна, хүүе та нар чинь яачихав аа гэсэн хашгираан энд тэндээс яваад эхэлдэг хуучин юм харагдаж байна. Гэсэн ч Ардчилсан нам хаана байна вэ гэсэн асуултыг өөрт чинь тавимаар байх юм?
-Ардчилсан нам хаана явна вэ гээд л зарим хүн асуугаад байх юм. Байж л байгаа. Цаашдаа ч байна. Ардчилсан намыг хэдэн зуун мянган хүн сонгосон байгаа. Ажил хэрэг нь явдгаараа л явж байгаа. Зүгээр нөгөө намын пиарын хажууд бол бидэнд дутагдаад байгаа юм байгаа. Энийг нуух юм байхгүй. Гэхдээ нөгөө талдаа бид ингэж 20 жил хоосон пиар л хийлээ ш дээ. Одоо жаахан юм хийе л дээ. Гартаа хүрз, жоотуу барья. Юм хийдэг үе рүү оръё гэж бид нийтээрээ яриад байгаа. Уг нь хаа байгаагаа үзүүлэх гээд л бид энд суугаад байгаа ухаантай. 2008 оны сонгуульд орохдоо Ардчилсан нам хоёр дахь хувьсгал бол үйлдвэржилт гэж зарласан. Ерэн онд бол эрх чөлөө, эд хөрөнгө юу байдаг юм тэрийг нь өглөө. Одоо тэгвэл яах ёстой юм. Ажилгүйдэлтэй тэмцье. Энэ бол үйлдвэржилт. Тэр үйлдвэржилт гэдэг юм руу бид яваад байгаа ухаантай юм. Ардчилсан нам энэ зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө л явж байна. Ямар ч байсан Ардчилсан намын рейтинг анх удаа Хувьсгалт намаас өндөр гараад явчихлаа. Ямар ч байсан ардчилсан овогтой ерөнхийлөгчтэй болчихлоо. Анх удаа бид 20 жил үзэж байж шүүх, прокурор гэсэн засаглал руу орж шинэчлэл хийх гэж үзэж байна. Энэ сэтэлж бардаггүй байсан засаглалд шивсэн, олон түмнийг хамгийн их бухимдуулж ирсэн юмыг цэвэрлэх шинэчлэлийн ажиллагаа эхэлсэн гэж харж байгаа. Долдугаар сарын 1-ний хэрэг явдлаас өгсүүлээд хэрэгсэхгүй болгосон байсан хэргүүдийг сэргээж эхэлж байна. Авлигатай тэмцэх газрыг тойрсон асуудлуудыг хөндөж тавьж эхэллээ. Энэ бүхэн бол Ардчилсан нам байгаагийн илрэл л гэж бодож байгаа. Байхгүй гэдгээр яриад байх юм бол яриад байж болно л доо. Ардчилсан хувьсгалын хоёр дахь үе шат бол ерөөсөө л үйлдвэржилт. Энэ тал руугаа бол бид маш их ажил хийж байгаа. Хамгийн сүүлд 2010 оны зургадугаар сарын 25-27-нд УИХ-аар ерөнхийдөө бүх концепциудаа батлуулаад авсан. Үүнээс хойш дөрвөн сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ ажлуудыг бид ирэх хавар гуравдугаар сараас эхлүүлнэ. Бодит юм үзүүлдэг болъё. Үүний төлөө ажиллая л гэж байгаа. Тодорхой пиар бол бид хийгээгүй нь үнэн. Тэр ажил чинь бас мөнгө санхүү, цаг нэлээд их шаардсан ажил шүү дээ.
-Одоо танай ҮЗХ хуралдана. Гэхдээ их хурлаа товлоод, хуралдуулж чадах болов уу?
-ҮЗХ дээрээ ярих байх. Тэгээд их хурлын тухай асуудал яригдаад орж ирвэл дүрэм журмаараа явна л биз дээ.
-Их хурлаа хийнэ. Тэрүүгээрээ намын даргын асуудлыг авч хэлэлцэнэ гэсэн хатуу байр суурьтай гишүүд олон байх шиг байна?
-Олон жил улс төрөөр явсан хүмүүсийн байр суурийг сонсоод байхаар нэг юмыг анхааруулж байх шиг байна л даа. Тэр нь сонгууль дөхөхөөр намыг хагалдаг байдлыг одоо зогсооё гэж. Э.Бат-Үүл гишүүн энэ тэрийн яриаг уншиж байгаа биз. Би ч бас ингэж бодож байна. Бас Их хуралд хоёр ч удаа сонгогдож ажиллалаа. Улстөрч гэж би өөрийгөө хэлдэггүй л дээ. Улс төр дотор явж байгаа нэг л гишүүн байх. Яахав, МоАХ гэдэг байгууллагыг хэдэн нөхдийн хамт удирдаад л явж байна. Энэ бас л сонгуульт ажил шүү дээ, энэ байгууллагыг аятайхан байлгаад явчих юмсан гэдэг дээр бас ч гэж чамгүй хүчин зүтгэл гаргаад явж л байна.
-Намын даргын асуудлыг яагаад тойроод байгаа юм?
-Намын даргын асуудал л гэх юм. Энэ намд чинь бас нэг өөрийн дүрэм журам гэдэг юм байдаг байлгүй дээ. Тэр дүрэм журам гэдэг юмаа бүгдээрээ мэддэг байлгүй. Тэр дүрэм журамдаа юу гэж заасан байдаг юм. Тэрүүгээрээ л явах байлгүй. Зүгээр ажиглаж байхад энэ намын дарга гэдэг сэдвийг явуулж байгаа улс төрийн ард гурван бүлэглэл байх шиг байгаа юм. Нэг нь бол ерөөсөө юу болоод байгаагаа мэдэхгүй. Нээрээ л манай нам унтаад байгаа юм болов уу гэсэн эргэлзсэн байдалтай байгаа нэг хэсэг. Нэг нь бол ерөөсөө л дараагийн сонгуулиар өөрийн ноёрхлыг тогтооё гэсэн бүлэглэл байгаа. Энэ бол улс төрд эрүүл бүлэглэл. Гурав дахь, хамгийн хортой бүлэглэл нь юу байна вэ гэхээр хувьсгалт намаас явуулдаг нэг дархан мэх байдаг даа. Сонгууль болгоны өмнө манай намыг хагалж, дотор нь алалцуулдаг. Энэ дархан мэхийг төлөөлж ажилдаг бүлэглэл ний нуугүй хэлэхэд энэ дотор ороод ирчихсэн ажиллаж байна. Ийм гурван бүлэглэлээс л дээрх сэдэв хөндөгдөн орж ирж байна гэж харж байна л даа. Тэгэхээр нэг мэхэнд олон унаад байж болохгүй биз дээ.
-Тэгэхээр намын даргын ажил бол хэвийн явж байна гэсэн үг үү?
-Мэдээж хүн л юм хойно алдаа дутагдал байдаг л юм. Энэ талаар байнга шахаж шаарддаг хүмүүсийн нэг нь бол би. Энэ ажлыг ингэж хийгээч, тэгж хийгээч гэж байнга л шаарддаг. Та нар санаж л байгаа байх. Жишээ нь Тавантолгой дээр MCS компанийнхан нүүрс угаадаг үйлдвэрээ боловсруулах үйлдвэр гэж ойлгуулаад, нээлтэн дээрээ Н.Алтанхуяг даргыг авааччихсан л байсан. Энэ үйлдлийг нь би ил тод шүүмжилж л байсан. Ер нь бол үйл ажиллагааг нь байнга л шүүмжилж байдаг. Олон жил улс төрөөр явсан улсуудаас нэг юм их ажиглагддаг. Хаширчихсан байдаг юм уу, яадаг юм. Юмыг их олон талаас нь удаан бодож байж за гэж хэлдэг. Шийдвэрээ үүнээс болж их удаан гаргадаг. Тэр нь юмыг их уядаг.
-Танай намын дарга Монгол оронд явагдсан хэлмэгдүүлэлтийн өмнөөс ард түмнээс уучлал гуйсан. Жинхэнэ гардаж хийсэн улс төрийн хүчин нь тэр алхмаа хийгээгүй байхад Ардчилсан намын дарга хийсэн нь олон хүний дургүйцлийг төрүүлэх шиг болсон. Та тэр алхмыг нь яаж хүлээж авсан бэ?
-Энэ тал дээр өөрөө нэлээн тайлбар хийсэн харагдана лээ. Тухайн үедээ би бас гайхаж л байсан.
-Хамтарсан Засгийн газарт ажиллаж байгаа таван сайдаа хангалтгүй ажиллаж байна гэсэн шүүмжлэл байгаа. Та дотор нь байгаа хүний хувьд юу гэж үзэж байна. Хийгдэж буй өнгөтэй өөдтэй бүхэн Хувьсгалт намын нэр дээр сурталчлагдаад яваад байгаа нь гонсоймоор зүйл биш үү?
-Шүүмжлэл гэдэг зүйл чинь өөрөө эрүүл үзэгдэл шүү дээ. Шууд хэлэхэд Оюутолгой, Тавантолгойн төслүүдийг явуулах ёстой гэж л хоёр нам нийлж Засгийн газар байгуулсан. Энэ төслүүдээс оруулж ирсэн мөнгийг нааш нь цааш нь тарааж өгнө гэдгээ ярьсан. Нэг нь бэлэн мөнгөөр тарааж өгнө гэсэн. Тэр нь сонгуулийнх нь амлалт байсан. Нэг нь хувьцаа хэлбэрээр ард түмэндээ хүртээнэ гэсэн. Энэ хоёр том ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах боллоо. Энэ ажил дээр манай намын хоёр сайд янз бүрээр хэлүүлж нэлээн л зүтгэсэн шүү дээ. Л.Гансүх, С.Баярцогт хоёр яаж ажилласан билээ. Маш том юм л шийдлээ. Том Тавантолгой гэж байхад МоАХ-ны зүгээс жагсч тэмцэж, янз бүрийн юм хийж байж 96 хувийг нь улсад өгүүлэх ажлыг бол хийлгэсэн байгаа. 1949 оноос хойш, 1960 оноос хойш, 1980 оноос хойш Монголд байгаагүй улс төрийн хөгжлийн концепцуудыг манай яамны зүгээс санаачилж гаргасан. Жишээ нь, төмөр замын бодлогын тухай асуудал байна. Өнөөдөр бид нүүрс зарах тухай л яриад байгаа болохоос биш дэд бүтэц, төмөр замын тухай хэдэн эрдэмтнээс өөр хэн ч ойлголтгүй л байсан. Төмөр замын бодлого гэж бол байгаагүй. Энийг бид гаргаж тавьсан. Мөн иргэдийг орон сууцжуулах асуудал байна. Улсын төсвөөр энэ дэд бүтцийг хийхгүй юм байна гэдэг асуудлыг тодорхойлж Их хурлаар шийдвэр гаргуулах ажлыг бол хийсэн л гэж бодож байгаа.
-Хийгээд байгаа ажлууд тань нэр хүндийн хувьд бусдад очоод байна. Гавьяаг хувааж хүрт л дээ?
-Авторын тал дээр санаа зовмоор юмнууд бол их гарч байна л даа. Ялангуяа саяын энэ намын хурлын үеэр. Хурал угтсан пиараа хувьсгалт нам яаж хийж байна вэ гэхээр ерөөсөө бүх юм биднийх. Тэр дундаа Ардчилсан хувьсгал хүртэл биднийх гээд явууллаа шүү дээ. Энэ юуг хэлж байна гэхээр ерөөсөө л авторын хувьд бүх юмыг өөр дээрээ шилжүүлж эхэллээ л гэсэн үг. Тэгэхийн төлөө их мөнгө хүч зарж байна. Гэхдээ хүмүүс одоо тийм юманд нэг их хууртахгүй болов уу даа. Хүмүүс илүү прагматик болсон байх аа. Лоозогносон, сүржигнэсэн, хэлбэрдсэн юмнууд бол ер нь цаашаа явахгүй байх. Би бол тэгж л бодож байна. Өнөөдөр 1990 онд төрж байсан хүүхэд 20 настай болчихсон. Тэд бол тэр лоозогносон амьдралыг мэдэхгүй. Төрөөд л нүдээ нээгээд харахад нь энэ ардчилсан нийгэм, энэ зах зээлийн нийгэм угтсан. Энэ үеэс арай өмнөх үеийнхэн гэхэд өнөөдөр 30, 35 настай болчихсон, бас прагматик болчихсон байгаа. Юмны цаад наадахыг ойлгодог болчихсон. Ийм нийгмийг уриа лоозонгоор хуйлруулна гэдэг байхгүй болсон болов уу. Бидэнд яахав, дараа автороо олж авах гээд явах цаг гарах болов уу л гэж бодож байна ш дээ.
-Зав гаргаж байгаад бусдад булаагдсан эд зүйлсээ эргүүлж олж авна даа гэж үү?
-Тийм. Ер нь ч ард түмэн буцаагаад аваад өгөх байх. Гэхдээ хүмүүс бас цаана чинь бүгдийг ойлгож байгаа байх шүү. Хүмүүстэй уулзаад, судлаад үзэхээр хүмүүс хоёр юмыг илүү хүсдэг юм байна. Монгол Улс хоорондоо, дотроо битгий эвдрэлцээд байгаасай гэдэг нэг хүсэл байдаг юм байна. Олон жил хоёр том гүрний хяналтад байсан ард түмний дотор ийм нэг мэдрэмж хүсэл байгаад байх шиг байгаа юм. Би чинь хөдөөнөөс сонгогдсон хүн шүү дээ. Тэгээд л хүмүүстэй уулзаад явж байхад тэр нь их мэдрэгддэг.
-Нөгөө хүсэл нь?
-Нөгөө нэг хүсэл нь ерөөсөө л ажил төрөлтэй болох юмсан гэсэн хүсэл. Энэ хоёр юм л байна. Яг тэгж сүрхий улстөржөөд байгаа хэсэг нь нийгмийн ердөө 15-20 хувь нь л байна. Үлдсэн цаад их хувь нь бодит юм л хүсч байна. Ярих, хөндөх ёстой янз бүрийн асуудлууд байгаа. Гэхдээ тэрийгээ ярих, хөндөх цаг та бид хоёрт гарна биз дээ.
-Одоо бол биш ээ л гэсэн үг үү?
-Цаана нь хоёрхон жил үлдлээ. Энэ нэг ажилгүйдлээ шийдье л дээ. Юм хийе. Би нэг их өөрийгөө магтдаггүй юм. Гэхдээ нэг магтах гээд оролдъё. Төмөр замын бодлого бол түүхэнд үнэлэгдэнэ гэж би найддаг. Гэхдээ арай Ардын намын дарга Бодоо шиг ерэн жил, зуун жилийн дараа биш байх. Өөрийг тань ирэхээс өмнө би сая гаднын хэдэн хүнтэй уулзлаа. Тайланд, Малайзын нөхдүүдтэй. Тэд хэлж байна. За, манай орон алдсан юм шүү. Түүхий эдээ гаднынханд залилуулаад алдчихсан. Заавал хилийнхээ дотор үйлдвэрүүдээ бариарай гэж. Энийг, ялангуяа солонгосчууд их хэлдэг. Тэгэхээр хилийн чанадад барих гэж байсан үйлдвэрүүдийг дотоодод болгох зорилгоор энэ төмөр замын бодлого маань гарсан юм. Энэ төмөр замын бодлого, автозам, шинэ сум, 100 мянган айлын орон сууц гээд Сайншандад нийтдээ 300 мянган ажлын байр бий болох юм шүү дээ. Энэний төлөө бол би зүтгэнэ л гэж бодож байгаа. Энийг явуулахгүй ээ гэж байгаа бол явуулахгүй гэдэг юмаа тодорхой хэлчих гэж байгаа. Нам дээрээ ч хэлж байгаа. Энэ бүх бодлогыг явуулахгүй гэж байгаа бол хэлчих. Би бол явуулна гэж зүтгэнэ. Дараагийн хүн гарч ирээд ойлгоно, үргэлжлүүлнэ гэхэд үнэхээр хэцүү байхгүй юу. Дахиад худалдагдахыг хэн байг гэх юм. Сая оросууд бол хятадуудтай аягүй мундаг наймаа хийчихэж байгаа байхгүй юу. Нефть нүүрсээрээ урьдчилсан төлбөр аваад үйлдвэрүүдээ дандаа хилийнхээ дотор барина гээд гэрээндээ оруулчихсан байна. Манайхны яриад байгаа тэр юм дандаа хилийн гадаа байгаад байна. Энэ рүү нь төмөр замын бодлого бол явчихсан байсан. Ийм тохиолдолд бид нөгөө л их гүрний түүхий эдийн бааз орон байсан гэдэг тавилан руугаа буцна гэсэн үг. Эргээд л хуучин түүх рүүгээ очно гэсэн үг. Тэгэхээр ийм юман дээр хориг тавьж чадсан нь хожим үнэлэгдэх болно. Товчхондоо нэгэнт энэ хүртэл хийж чадсан юм чинь одоо хүрз, зээтүүгээ бариад нэг эхэлж аваад дараагийнхаа юмыг бодъё л гэж байгаа юм.
-Үүнийхээ төлөө бол чөтгөртэй ч хөтлөлцөнө өө?
-Ер нь тийм. Бид нэг зүйлийг бодож сурмаар байгаа юм. Монгол Улсын эрх ашиг гэж юм нэгд байх уу. Намын эрх ашиг нэгд байх уу гэдгийг. Тэгээд намын дарга гэсэн энэ нэг сэдэв нэгд тавигдах ёстой юм уу, нөгөөдөх нь байх юм уу. Энийгээ өнөөдрийг хүртэл улс төрд лидер гэж үнэлэгдэж явсан хүмүүс маань ядаж нэг нухацтай тунгааж бодоосой л гэж хүсч байгаа юм. Ний нуугүй ярихад бид дэлхийн хөгжлийн хувьд маш доогуур төвшинд л явж байна ш дээ. 20 жил хэмлэлдсэнийхээ үр дүнд бараг 1919 оныхоо хэмжээнд л зогсч байна. Ерэн оноос хойш өнгөрсөн 20 жилд бид хоёр юмыг алдсан. Нэг нь, хувьсгалт намын нэр, татан буулгахтай холбоотой асуудал. Нөгөө нь энэ шүүх прокурор, цагдаа, хууль хүчний байгууллага дээр ямар ч хяналт тогтоож чадаагүй явдал. Бизнесменүүдийг ажил нь жаахан ашиг ихтэй яваад ирэхээр татварын асуудал босч ирдэг ч юм уу, айлгаж ичээгээд унагаад ирдэг. Өнөөдөр бизнесменүүд яагаад энэ нам руу гүйж орж ирээд байна вэ гэхээр тэднийг айлгадаг, ичээдэг, дарамталдаг эрх нь тэдний гарт байгаад байгаа байхгүй юу. Энэ намыг нь түшиж байж бид хоолтойгоо байх юм байна гэж ойлгоод гүйж очиж байна. Тэдний ч бас буруу биш. Бид болохоор яаж байна. Нэг л их хоосон цээжээ дэлдсэн улс. Бид та нарт тэрийг ч олж өгсөн, энийг чинь өгсөн гээд л яриад байдаг. Тэр нь одоо ул болчихсон.
-Малыг чинь өглөө. Байрыг чинь, бас гадаад паспортыг чинь өглөө. Эрх чөлөөг чинь өглөө гээд л үү?
-Тийм. Энэ маань үндсэндээ ул болчихлоо. Ерэн онд төрсөн хүүхэд социализмыг мэдэхгүй байхгүй юу. Юу яриад байгаа юм бол. Биднийг төрөхөд л манай мал манайх л байсан ш дээ. Манай байр манайх л байсан биз дээ гэнэ. Залуучууд энийг ойлгохгүй. Гар утастай болголоо л гэнэ. Дэлхий даяараа л хэрэглэж байна ш дээ. Куба, Хойд солонгосууд хүртэл хэрэглээд эхэлсэн байна. Юу нь гайхамшиг, юу нь гавьяа болчихоод байгаа юм гэсэн шинэ үеийнхний энэ хариултад бидний хийсэн бүх юм замхарчихаад байна. 20 жил гэдэг чинь бас хүнээр бол ухаан суувал суухаар хугацаа биз дээ. Энэ дээр удирдагчид маань шинэ бодлого гаргаж ирэх цаг нь болчихсон болов уу гэж бодож байгаа юм. Монгол Улс 400–гаад жилийн турш Хятад, Орос хоёр их гүрний дундын колони улс маягаар явж ирсэн. Энэ байдлаас тогтсон юм монголчуудын сэтгэл зүрхэнд шингэчихсэн байдаг юм шиг байгаа юм. Тэр нь энэ хоёр гүрний дунд та нар минь нэг ухаантайхан шиг тоглож яваарай гэсэн захиас, хоорондоо хагаралдаж байж хөндлөнгийн идэш болох вий гэсэн өнө мөнхийн түгшүүр маягаар хадгалагдаж явдаг. Тэндээс урган гарч байгаа хүсэл нь дотооддоо дажингүй, хагарал талцалгүй байх. Өөрийн гэсэн бодолтой улс явах. Энэ хүслийг нь үл ойшоогоод нэг юм ярихад нь нөгөөг сөргүүлж тавиад байж болно л доо. Ерөөсөө хэмлэлдээд л байж болно. Долоон сарын нэгнийг яриад байж болно. Ардчиллыг өмчилж болно. Малыг чинь бид та нарт авч өгсөн шүү дээ гэдгээ яриад байж болно. Зөндөө гавьяа байгаа. Тэрийгээ яриад явж болно. Тэгэх эрхтэй. Гэхдээ одоо алийн болгон ингэж явах вэ. Дараагийн үе шат руугаа оръё л гэж байгаа юм. Одоогийн залуус өөр болж. Мэдлэгтэй болж. Боловсролтой болчихож. Хэлтэй ч болчихож. Тэрийгээ ардчиллын буян гэнэ үү. Эцэг эхийнхээ буян гэнэ үү, тэрийгээ өөрсдөө шийднэ биз. Ямар ч байсан тэр эзэмшсэн мэдлэг, боловсролоороо эргээд нийгэм рүүгээ зөв дүгнэлт, анализ хийж хардаг болчихсон юм шиг байгаа юм. Энийг нь улстөрчид бид мэдрэхгүй яваад байна. Хуучин хандлагаараа л үзэх гээд байдаг.
-“Шинэ төлөвшилтэй шинэ үе өсч өндийлөө. Цаашдаа Монгол орон хөгжлийн хувьд зогсонги байдалд удаж болохгүй нь. Тэгэхээр дараагийнхаа алхмыг хийе. Энэ давалгаа бол элдэв үзэл суртлын биш үйлдвэржилтийн давалгаа юм. Одоо зүгээр л үүний төлөө зүтгэцгээе. Хүрз, жоотуугаа аваад хөдөлцгөө”. Таны хэлж байгааг базаад хэлэхэд энэ. Би зөв ойлгож уу?
-Зөв... Эдийн засгаа хөгжүүлэхгүйгээр тусгаар тогтнолыг бид ярихгүй ээ. Хоосон бэлгэдэл л болно. Жишээ нь, өнөөдөр хүнсний барааныхаа 70 орчим хувийг бид импортоор авч байна. Энэ хараат мөн үү. Бензин шатах, тослох материал 100 хувь импорт. Энэ хараат мөн үү. Мөн. Тэгвэл өөрчлөх ёстой. Бид өөрчилж эхлэх ёстой. Энэ үүрэг нь хамтарсан Засгийн газарт ирсэн юм шиг байгаа юм. Энэ хараат байдлыг өөрчлөх гол түлхүүр нь дотоодын үйлдвэржилт. Одоо гартаа зэвсгээ бариад тэмцэх л үлдлээ. Болох байх аа. Нэлээд ч ажил амжууллаа. Дуусгана аа.
-Том ордууд, том мөрөөдлийг дагаад том том мөнгөний тоонууд энд тэндээс их сонсогддог болж. MCS-ийн саяны босгосон их мөнгө шуугиан тарьж байна. Осолтой мөнгө босч байгаа харагдах юм. Энэ бүхэн таны санаанд нийцэж байна уу?
-Миний санаа 200 хувь нийцэхгүй байгаа. Төмөр замын бодлого бол өнгөрсөн нэг жил зургаан сарын хүнд хүчир хөдөлмөрөөр бослоо. Хүнд хөдөлмөр байсан гэж би хэлнэ. Зөвхөн урагшаа нарийн царигтай төмөр зам тавиад түүхий эд гаргана гэсэн шийдвэрийг түрүүчийн Засгийн газар гаргачихсан байсан. Энэний эсрэг үндсэндээ жил зургаан сар тэмцлээ. Энэ ажил ахин хэлэхэд дараа үнэлэгдэх болно. Гэхдээ Бодоо шиг ерэн жилийн дараа биш байх. Газрын баялагтай улс орнууд боловсруулах үйлдвэрээ гадна биш дотроо барьж байж ажилгүйдэл, ядуурлаасаа салж байсан. Энийг бол одоо энэ нүүрс гаргаж байгаа компанийн улсууд мэдэхгүй биш, бүгдээрээ мэдэж байгаа. Өнөөдөр тэд бол маш их баялаг гаргаж, маш их мөнгөтэй болсон улс. Бүгдээрээ архи, согтууруулах ундаагаар бизнес хийдэг байсан улсууд. Энэ нөхдүүд түүхий эдтэй холбоотой асуудлуудыг зөвхөн гаднын удирдамжаар явуулсан. Тэрийг нь Хятадын Төмөр замын сайд надтай уулзахдаа бүрэн хэлсэн. Хятад улсын бодлого гараад танай сайдуудтай тохирчихсон шүү дээ. Яахаараа нэг сайд нь гарч ирээд өөр бодлого гардаг юм бэ гэсэн. Үүнээс болж би муудалцаад гарч байсан. Ийм зарчим дээрээ л цаашид би зогсоно. Монгол Улсын Их хурлаар 2010 оны зургадугаар сарын 27-нд төмөр замын бодлого батлагдаад, Сайншандад боловсруулах үйлдвэр барина гэсэн шийдвэр гарчихсан байхад энэ бодлогыг даваад урагшаагаа төмөр зам тавина. Төмөр замд нь 260 сая доллар өгнө. Боловсруулах үйлдвэрт нь тэдэн сая доллар өгнө гээд нийтдээ 650 сая доллар босчихсон байгаа байхгүй юу. Ингэж болохгүй шүү дээ. Муу ч гэсэн тусгаар тогтносон нэг улс өөрийн бодлогыг гаргачихаад байхад тэр бодлого нь хамаагүй ээ, энэ бодлого нь явна гээд хөрөнгийн бирж дээр мөнгө босгож байна гэдэг бол хэтэрхий эрээ цээргүй явдал. Хонконгийн хөрөнгийн бирж бол асар нарийн зохион байгуулалттай. Нэг үг, үсэг худлаа байж болохгүй ийм бүтцээр хийгддэг юм. Тэгэхэд Монгол Улсын хил дотроос авах гэж байгаа нүүрсийг Хятадад аваачиж үйлдвэрт нь оруулж зарах тохиролцоогоор мөнгө босгож байгаа явдлыг би огт өөр бодлогоор явж байгаа зүйл гэж хэлнэ. Үүн дээр би сайд болохоосоо өмнө ч тэмцэж байсан, сайд байхдаа ч тэмцэнэ. Сайд биш болсон ч тэмцэх ёстой гэж боддог. Урьд нь Тавантолгойг хэдхэн хүний мэдэлд байхад нь МоАХ янз бүрээрээ хэлүүлж тэмцэж байж Монголын ард түмнийх нь мэдэлд авчирч байсан юм. Хүмүүс ойлгох цаг ирнэ. Өнөөдөр УИХ, Засаг дотор хувийн хэвшлийн ажил болохоор янз бүрийн арга саамаар яваад байдаг. Төрийнх нь явахгүй байна гээд гишүүд яриад л эхэлчихсэн байна. Эд чинь бас тэнэг хүмүүс биш шүү дээ. Ил л гарч ирээд шүүмжилж чадахгүй байгаа болохоос. Тэгж яривал Оростой цаашаа наашаа гээд явж байсан далан жил дотор бас ч гэж дотроо боловсруулах үйлдвэрээ барьж байсан байгаа байхгүй юу.
-Хууль бус ажиллагаа явуулж, төрийн толгой дээр гишгэж байгаад мөнгө босгож байна гэсэн үг үү?
-Хууль бус ажиллагаа. Монгол Улс бодлогоо гаргачихсан байхад тэнд Монгол Улсыг давсан бодлогоор мөнгө босгож байна гэсэн үг шүү дээ. Тэгээд бод л доо. Тэр дотор манай намын нөхдүүд ч байгаа. Хувьсгалт намын нөхдүүд ч байгаа. Хувьсгалт намынх олонхи нь байгаа. Ху намын аврах хантаазан дотор багтаж явдаг нөхдүүд дийлэнх нь. Эндээс 2012 оны сонгуульд асар их мөнгө орж ирнэ. Энэ бол тодорхой. Асар их мөнгө орж ирэхээрээ яадаг юм. Санал худалдаж авна. Санал худалдаж авахаар юу болдог билээ. Дахиад эсэргүүцэл. Долоон сарын нэгэн давтагдана. Киркизийг хар л даа. Манайхтай тун төстэй. Өнөөдөр яг л тийм юм болсон. Хүмүүсээ гэнэт л хоёр өдрийн дотор л АКА буугаар зэвсэглэчихсэн. Энэ тухайд манай энэ Үндэсний аюулгүйн зөвлөл энэ тэр нь эрхбиш дотроо бодолтой байдаг байлгүй дээ. Хаа очиж манай тагнуул иймэрхүү юман дээрээ их сайн ажилладаг л юм билээ.
Зохиогч Б.ГАНЧИМЭГ
Source www.baabar.mn
No comments:
Post a Comment