Monday, 20 December 2010

З.АЛТАЙ: "БИ ЦОР ЦОР Л ГЭЖ ТААРНА"


-Энэ удаагийн улсын төсвийг алдагдал ихтэй байна гэж шүүмжлүүлж байна. Та 2011 оны улсын төсвийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Алдагдалгүй төсөв гэж улс орнуудад байдаг юм уу. Алдагдлын хувь хэмжээ хэдэн хувь бэ гэдэг л гол нь шүү дээ. Бидний магтан сайрхаад байдаг Америк хүртэл алдагдалтай төсөв баталдаг л юм байна лээ. Гэхдээ монгол төр дэндүү үрэлгэн байна. Төсөв батална гэдэг чинь ирэх жил монголчууд хоолтой ундтай байх уу, ажлын байртай байх уу, байнгын орлоготой байх уу, улс орон нь хөгжин дэвжих үү гэдэг асуудал. Ийм асуудлыг сая манай парламент шийдчихлээ. Үүний үр дүнг би их барзгар байна гэж харж байгаа. Ирэх оны төсвийн хуваарилалт, зарцуулалтыг яаж ч харсан маш үрэлгэн байна. Төсөв муу байна гэдэг ард түмний амьдрал л муу байхын нэр шүү дээ. Асар их хэмжээний мөнгийг өглөг маягтайгаар үрэн таран хийж байна. Мөнгө байна гэж Сангийн сайд хэлээд л цээжээ балбаад байгаа. Төв банк нь ч үүнийг нь давтаж яриад байна. Тэдний хэлж байгаагаар улс нь баяжаад цатгалдаад байгаа юм бол ард түмний амьдрал ямар байна вэ. Ажилгүйдэл газар аваад бүр л ядуураад байх юм. Энэ логик бодлогыг нь би ерөөсөө ойлгохгүй байгаа юм.

-Үүний илрэл нь 2011 оны төсөв боллоо гэж ойлгож болох уу?

-Тийм. Төсвийн хөрөнгийн 50 хувь нь зүгээр л юм бүтээдэггүй конторын ажилчдын цалинд л явчихаж байна. Энэ нь зөв үү, буруу юу. Ийм хуваарилалтаар явбал улс орон хөгжих үү. Дээр нь нэмээд мөнгө, санхүүгийн бодлого маш буруу замаар явж байна. Дааж давшгүй хүү тавьчихаад хүнийг юм хий гээд байх юм. Гэтэл Засгийн газар, Монголбанкны мөнгөний бодлого гээд бүх юм буруугаар явж байна. Өнөөдөр мөнгө хадгалах биш, ард түмэндээ юм хийх боломжийг нь төр засаг бүрдүүлж өгөх ёстой. Энэ нь гол үүрэг нь шүү дээ.

-Одоогийн батлагдсан төсвийн үр дүн ирэх жил бидэнд юу авч ирэх бол?

-Гялайх, гялтайх юм байхгүйгээр 805 тэрбум төгрөгөөр Эрээний хэдэн хужаа нарт жаахан хөрөнгө оруулалт хийнэ. Тэгээд л дуусна шүү дээ. Энэ дөрвөн жил бол буяны ажил хийсэн дөрвөн жил бол­лоо. Нэг их сүрхий бүтээн бай­гуу­лалт энэ тэр хийсэн зүйлийг би олж харахгүй л байна. Энэ саарал ордонд 2012 оны сон­гуульд би яаж гарах вэ, яаж амлалтаа биелүүлэх вэ гэдэг л зүйл байна.Үүнээс нь үүдэн улс орны эдийн засаг, санхүү сүйрнэ үү, элгээрээ мөлхөнө үү, хэвтэнэ үү ерөөсөө сонин биш, энэ намуудад. Яаж худлаа үнэн мөнгө өгсөн дүр эсгэх вэ, 2012 оны сонгуульд бидэн шиг сайн хүн байхгүй гэдэг шоугаа эхлүүлж байна.

Одоо сонгуулийн шоу эхэлчихээд явж байна. Нэг л их ард түмэндээ хайртай хүмүүс. Тэгээд газрын хэв­лийн баялагтай холбоотой хууль батлаад орж ирэхээр өөрс­дийнхөө эрх ашигт зохицуулаад хууль баталчихдаг. Татвар их байна. Багасгана гээд л байх юм. Ингээд байвал газрын хэв­лийн баялгаас ард түмэнд юу үлдэх юм бэ. Хэдэн хувийг нь хэдэн тэрбумаар нь хэн хусах юм бэ. Үлдсэн шавхрууг нь ард түмэн идэх юм уу. Тийм л юм болж байна. Тэгээд хэлэхээр чи гудамжны нөхөр, гудамжин­даа гар, гудамжиндаа наад шоу­гаа хий гээд байх юм. Тэр гудамжинд чинь жинхэнэ ард түмэн байгаа биз дээ.

-Олонхид нь гэж та олон жил дараалан парламентад суусан нас ахисан гишүүдийг хэлж байна уу?

-Олон жил суусан хүмүүс ч байна. Шинэ улсуудын зарим нэг­нийх нь үзэл бодол хөгшир­чи­хөөд байгааг ч хэлж байна.

-Одоо сонгуулийн тогтол­цоог өөрчилнө гээд яриад бай­на. Хуулийг нь өөрчиллөө гээд энэ бүхэн цэгцрэх үү?

-Ямар хууль гарах вэ гэдгээс л болно доо. Ний нуугүй хэлэ­хэд би сонгуулийн хууль өөрчлөг­дөөд төр цэвэршинэ гэдэгт ит­гэх­гүй л байна.

-Таныхаар ирэх сонгуулиар ард түмэн л сонголтоо өөрч­лөхгүй бол гэрэл гэгээ байх­гүй гэсэн үг үү?

-Ард түмэнд эрх нь байгаа гэдгийг зөндөө л ярьсан шүү дээ. Ард түмэн үнэхээр гомд­моор л доо. Муу муухайг нь мэд­сээр байж, өөрсдийнх нь амьд­рал ахуй өдрөөс өдөрт уна­­саар байгааг мэдсээр байж энэ хэдийгээ дахиад л сон­го­чих­дог юм. Би үүнийг ерөө­сөө ойлгодоггүй. Энэ хэд нь ховс­­доод байдаг юм уу, бүү мэд.

-Уг нь 2008 оны сон­гуулиар ард түмэн МАХН тө­рөө барь, АН сөрөг хүчин бай гэсэн. Тэгсэн үүнийг нь тоолгүй хамт за­саг барьж байна. Ард түмний сонголт ч гэсэн нө­лөө­лөх­гүй болж байгаа юм биш үү?

-Яах вэ дээ, хамтрах гэдэг нэ­рийд­лээр хамтдаа идэж, ууна гэ­дэг чинь тэр ард түмний сон­голтоос давсан сонголт байна шүү дээ. Сонгуулийн үеэр юу гэж ч шоудаж болно. Гарчихсан хойно яаж өөрсдөдөө энэ албан тушаалыг авах вэ, юуг завших вэ гэдгийг л хэлэлцэнэ. Ард түм­ний эрх ашгаас давсан со­нир­хол энэ хүмүүст байгаа юм чинь ард түмнийг юу гэж бодох юм бэ.

-Энэ хүмүүсийн оронд ши­нэ хүмүүс гарах ёстой гэж ярьдаг. Шинэ хүмүүс га­раад дээрдэх үү. Хүмүүс төрд суухаараа л ашиг сонирхлын зөрчилтэй бол­лоо гэдэг биз дээ?

-Төрд байгаа энэ 76 гишүүн бүг­дээрээ хар хэрээ биш. Олон сайхан үзэл бодолтой, шударга хүмүүс байгаа. Бид нэлэнхүйд нь 76 хулгайч гээд байгаа болохоос цэвэр хүмүүс аль ч намд нь бай­гаа. Болдоггүй бүх юмыг зо­хион байгуулдаг, найруулж, бүлэглэж, хуйвалдаж хийдэг энэ аваргууд эндээс салахгүй. Эд үхэн үхтлээ эндээс салахгүй. Энэ сайхан амттай суудлаас яаж салах юм бэ. Тэд гудамжинд гараад жирийн хүмүүс шиг амьдарч чадахгүй. Тийм ажил хийж чадахгүй. Зү­гээр л цаанаас нь төрөхөд нь бурхнаас том хүн болгоод зурлагыг нь зурчихсан юм чинь. Тэр зургаараа л явна биз. Хэцүү дээ. Одоо энэ хэд чинь их ч мөнгөтэй боллоо. Их ч юмны эзэн боллоо. Баргийн юманд дийлдэхгүй шүү дээ. Эрх мэдэл байна. Мөнгө гэж агуу юмыг энэ хэд чинь сайн муу аргаар цаанаа хийчихсэн байна. Мань мэт лав дийлж чадахгүй. Энэ хэдэн олигархийг ганц дийлэх зүйл бол ард түмний ухаалаг шийдвэр. Өөрөөр дийлэх зүйл байхгүй.

-Манай парламентаас нэг хүн гарлаа гэхэд дараа­гийн­хаа хүнийг бэлтгэсэн бай­даг. Тэдний үргэлжлэл ин­гэж гарч ирээд байхаар ши­нэ хүнийг хүсэх хэрэг бай­на уу?

-Их зовлонтой. Энэ хүмүүс чинь муур багш нар шүү дээ. Муур багш нар дараагийн ха­лаагаа бэлдэнэ. Та нар энэ намуудын бага хурал, ҮЗХ-г харж байгаа биз дээ. Хэн орж байна вэ, бод л доо. Дандаа л энэ хүмүүсийн үр хүүхэд, хамаатан садан эсвэл өөрсдийнх нь бууны нохой болсон хүмүүс орж ирж байна. Залгамж халаагаа эд чинь бэлтгээд явчихсан. Ийм л хүмүүс ээлжээ хүлээгээд бидний цаг ойрхон байна гэж алгаа үрээд сууж байна.

-Таныхаар гарц нь юу юм бэ?

-Энэ намын хатуу гишүүнч­лэлийн асуудлыг болих ёстой. Хамаг дуучид нь хүртэл намын гишүүн болоод намын магтуу дуу дуулаад л явж байдаг. Хэдэн та­мирчид нь хоёр хуваагдаад тэр намын тамирчин гээд явж байдаг. Иргэд нь хоёр хувааг­даад намын батлах өвөртлөөд явдаг. Манай нам гээд л “нам дагавал ам тосдоно” гэдэг заваан юм аль хэдийнэ хэрэгжээд эхэл­чихсэн. Батлах өвөртлүүлье гэдэг шоу хийж байна. Энэ хамгийн бу­руу. Хуулиа хийх хэрэгтэй. На­мын хатуу гишүүнчлэлийг больж, иргэд өөрсдийн үзэл бодлоороо л явах ёстой. Аль нэг программыг дэмждэг байх ёстой. Ийм хуулийн төсөл явж байгаа. Гэхдээ үүнийг энэ хэд батлах нь юу л бол. Би бол үүнийг өргөн барих ёстой л гэж бодож байна.

-Монголын улс төрд Ногоон нам ч юм уу, Иргэний зориг ч юм уу өөрийн орон зайгаа бий болгох боломж байгаа юу?

-Гарч ирэхийн тулд л явах ёстой. Энэ хоёр намаас айгаад л орон зайгаа дээрэмдүүлчихсэн гээд дээрэлхүүлээд байх юм бол хэзээ ч иргэний нийгэм Монголд бий болохгүй. Үүнийг хоёр нам ч өөрсдөө хэлж байгаа. Монголд манай хоёр намаас өөр нам байх хэрэггүй. Бусад хэн юм бэ гэдгийг шууд ил тод хэлж байгаа. Тийм байж болохгүй. Монголын ард түмэн энэ хоёр намын ийм хүмүүст амьдралаа даатгачихаад явна гэвэл гутамшигтай асуудал.

-Энэ бүхнийг өөрчлөхийн тулд З.Алтай гэж хүн юу хийж чадах юм бэ?

-Би яах вэ дээ. Байдал ийм байна шүү дээ, найз нараа гэсэн мессежийг дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээллээр дам­жуулаад л өгч байна. Сонор сэрэмжтэй, ухаантай байгаа­рай. Энэ бүгдийг халах боломж мөнгөгүй ч гэсэн бид нарт бай­даг. Тэр нь сонгуулийн өдөр гэдгийг л хэлмээр байна. Хам­тарсан Засгийн газарт сөрөг хү­чин гэж байгаа хөөрхий амь­тан нь хуулиараа би болчи­хоод байна. Бусад нь бүгд нэгд­чихлээ.

-Д.Энхбат, С.Оюун нар сө­рөг хүчин биш юм уу?

-Нэгдчихээд байна.

-Чуулган, байнгын хороод дээр гишүүдийн ёс зүйн асуу­дал их яригдаж байна. Энэ хэрээс хэтэрлээ шүү дээ?

-Яах вэ. Ер нь улс орны амьд­ралтай холбоотой асуудал ярьж байхад уурлаж, бухимдах хэлэх хэлэхгүйгээр биенээ хэлэх зүйл гарна. Би ч нэг их сайхан зантай хүн биш. Үнэхээр болохгүй дотор ар­з­га­нуулаад байгаа юмыг хэлэхгүй байж чадахгүй. Ямар ч муу муухай үгээр хэнийг нь ч байсан хэлэхэд надад айх юм алга. Бодит үнэн л тэр юм чинь. Нэг их хүнд загнуулаад байх ч үгүй. Янз бүрийн үг хэллээ гээд би яасан ёс зүйгүй муухай амьтан бэ гэж хэлмээргүй бай­на. Би амин хувийн юм яриагүй. Авгай хүүхэн яриагүй байна. Улс орны ирээдүй, хөгжил болохгүй байна гэдэг дээр нэгнийгээ эсэн бусаар хэллээ гэдэг дээр асуу­дал үүсгэх хэрэггүй. Энэ бол ажил. Үүн дээр нэгэндээ нэг их хар буруу санаад байх хэ­рэг­гүй. Тийм зүйл дээр чи уурла, үгээ хэл гэж манай тойр­гийнхон намайг явуулсан бо­ло­хоос чи очоод аялдан да­гаад бай гээгүй. Миний үзэл бод­лын цаана намайг дэмжээд очоод цор цор гээрэй гэж тэр сонгогчид намайг явуулсан. Би цор цор гэж л таарна.

-Таныг бүх л фракцитай сүлбээтэй байдаг гэх юм би­лээ. Та аль фракцийнх юм бэ?

-Надад ямар ч фракци байх­­гүй. Адаглаад л намгүй амьт­­ныг яаж тоох юм бэ. Эд намайг голно шүү дээ. Энэ нэг амьтантай би нийлээд яах вэ гэнэ биз.

С.ЭНХЗАЯА.

No comments:

Post a Comment