“Норовбанзад” сангийн тэргүүн, улстөрч Б.Дэлгэрмаатай ардчиллын ойн өдөр уулзлаа.
-Хорин жилийн тэртээ хамт тэмцэж явсан нөхөд дундаа ороод баярын хуралд сууж байхад юу бодогдож байв?
-Олон сайхан илтгэл сонсоод сууж байхад энэ өдрүүд бидэнд баярлахаасаа илүү ухаарал, ойлголцол авчирлаа гэж бодож байна. Бид цэл залуугаараа улс төр гэдэг айхтар том, хатуу тогоонд орж ирсэн. Залуу явахад бие биеэ хайрлах, ойлгох цаг хугацаа ч байхгүй, нүдээ аниад л дайрдаг, маш их амбицтай, эрч хүчтэй явсан байна. Өнөөдөр энэ бүх алдаа оноогоо эргэцүүлж, тунгааж бодож, ойлгож суулаа. Бие биедээ хүлээцтэй уужуу хандах цаг ирсэн юм болов уу гэж бодож байна. Тэр ч утгаараа ардчилсан хувьсгалын хоёрдугаар шат илүү прагматик байгаасай, онол ярихаасаа илүү хэлж ярьж байгаа, цаасан дээр бичигдсэн зүйл маань хүний амьдралд яаж бууж байна гэдгийг илүү хараасай гэж хүсч байна. Ардчиллын институциуд гээд байгаа улс төрийн нам, УИХ, Засгийн газар маань ард түмэндээ юу өгч байгаа юм. Монгол хүний амьдрал 20 жилийн хугацаанд хэр сайжирсан юм. Энэ бүхнийг ардчилсан хувьсгалын хоёрдугаар шатандаа анхаармаар байна. Хувьсгал гэхээсээ илүү Засгийн газар тодорхой үүргээ биелүүлж, тодорхой цаг хугацаанд үр дүнд хүрч байх гэсэн ийм зорилттой байх хэрэгтэй юм байна. Энэ баярын өдрөөр бас Хэнтий аймгийн Ардчилсан намын журмын нөхдөдөө мэнд дэвшүүлэхийг хүсч байна.
-Үйлдвэржүүлэлтийг ардчилсан хувьсгалын хоёрдугаар үе шатад оруулж байгаа. Энэ үед юуг анхаарах ёстой вэ?
-Үндэсний эрх ашиг, аюулгүй байдлын асуудал маш чухлаар тавигдах ёстой. Дан ганц уул уурхайд дулдуйдсан эдийн засагтай байж болохгүй. Уул уурхайн дагнасан үйлдвэржилт хөгжүүлэхийн сацуу хөдөө аж ахуйн орон гэдгээ анхаарах ёстой. Хөдөө аж ахуй дагасан үйлдвэржилтийг давхар хөгжүүлж, тэр нь эцсийн мөчдөө иргэдэд наалдсан жижиг, дунд үйлдвэр, өрхөд хандсан мах, сүү, цагаан идээний үйлдвэрлэл явуулах боломжийг бүрдүүлээсэй. Зөвхөн төмөр зам, уул уурхайн баяжуулах, боловсруулах үйлдвэр дагнаад явах нь өрөөсгөл юм. Хүнс, хөдөө аж ахуйдаа түшиглэсэн жижиг, дунд үйлдвэрлэл бий болгож, бэлчээрийн даац хэтэрсэн газруудад эрчимжсэн фермерийн аж ахуй хөгжүүлэх нь чухал болж байна. Малчдад зуднаар үнэ төлбөргүй өвс тэжээл тараахаасаа илүү тэдэнд хөрөнгө, мал, хөдөлмөрөөрөө хорших, экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоог нь хангах хэрэгтэй болж байна. Ингэж арай иргэншсэн, боловсронгуй нийгэм рүү шилжих хэрэгтэй. Энэ нь эргээд хот руу нүүх хөдөөгийн урсгалыг зогсоох ач холбогдолтой юм.
-УИХ-ын сонгууль дөхөж байна. Сонгуулийн тухай хуулийн төслийг ойрын үед УИХ-аар хэлэлцэх гэж байгаа. Хуульч хүний тань хувьд асуухад ямар тогтолцоотой, хууль гарвал өмнөх алдаануудыг давтахгүй байх боломжтой вэ?
-Намуудын дотоод ардчиллын өнөөгийн байдалтай холбоотойгоор өнөөдөр пропорциональ тогтолцоог сонгодог утгаар нь хэрэгжүүлж бас болохгүй байна. Холимог юм уу, одоогийн байгаа томсгосон тойрогтой мажоритар тогтолцоогоороо явж болох юм.
-Парламентад суудалтай намууд холимог хувилбар дээр бараг тогтоод байх шиг байна. Энэ тогтолцооны давуу тал юу вэ?
-Холимог буюу 26:50 гэсэн энэ тогтолцоо хоёр том намын тогтолцоо руу үндсэндээ шахаж байгаа гэсэн үг. Манай Монголын 76 гишүүнтэй бага оврын парламентад нэлээд зохицсон хувилбар юм уу даа гэж бодож байна. Гол нь тойргийн мандатын хуваарилалтыг өөрчлөх хэрэгтэй. Хүн амын 60-аад хувь нийслэлд төвлөрөөд байхад 20-хон гишүүний төлөөлөлтэй, гэтэл 56 мандат нь хөдөө орон нутагт ногддог. Үүнийг өөрчлөх шаардлагатай.
-Монгол даяараа нэг тойрог байна гэсэн нэг хувилбар явж байгаа. Энэ нь Үндсэн хууль зөрчих үү?
-Ардчиллын 20 жилийн түүхтэй манай орны хувьд энэ бол байж болох хувилбар. Улс, үндэстэн дотроосоо тухайн нэр дэвшигч тодорхой хувийн санал авна гэдэг бол улс төрд тохиолдлын хүн орж ирэхийг хаадаг. Зөвхөн улс төрийн намын дарга, удирдах зөвлөлийн хүрээнд шийддэг боловсон хүчний бодлогыг ямар нэг байдлаар хааж, илүү сонгогч руугаа хандсан, үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс УИХ-д сонгогдож чадна. Ингэснээр зөвхөн сум, багийн бус, илүү үндэсний хэмжээний асуудал ярих боломж бүрдэнэ.
-Холимог гэхээр жагсаалтаар орж ирэх 50 хүн намын даргын үзэмжээр гарч ирэх магадлалтай гэсэн сөрөг тал бас байх шиг байдаг. Үүнийг яаж зохицуулж болох вэ?
-Тодорхой хүмүүсийн нэрийг зоож, ямар нэг хэмжээгээр сонгогчдын саналыг авсан, тодорхой босго давсан хүмүүсийг оруулах боломжтой. Намын нэрээс гадна хүний нэр дугуйлбал Үндсэн хуулиа зөрчихгүй. Тэгэхгүй хаалттай жагсаалтаар явбал гишүүдийн дунд хоёр ялгаа гараад ирнэ. Нэг нь сонгогчдын саналаар шууд сонгогдож гарч ирж байхад нөгөө нь намын даргын оруулсан хаалттай жагсаалтаар шийдэгдэж байвал мөнхийн оны ялгаа гэдэг шиг байдал үүснэ. “Би шууд сонгогдсон, чи жагсалтаар орж ирсэн” гэсэн маргаан, яриа тасрахгүй. Тийм асуудал үүсгэж Үндсэн хуулиа зөрчихгүйн тулд тэр намаас дэвшүүлсэн 50 хүний жагсаалт ил байж, сонгогчдын гараар дугуйлагдах ёстой. Намын жагсаалтын 25-д бичигдсэн хүн сонгогчдын саналаар 10-т орж ирж болно. Тэгвэл нам нь 60 хувийн санал авсан байлаа гэхэд тэр хүн УИХ-д ороод ирэх боломжтой.
-Эмэгтэйчүүдийн квот байх хэрэгтэй юү?
-Квот байх эсэх нь сонгуулийн тогтолцооноос шалтгаална. Холимог юм уу пропорционалиар явуулбал Сонгуулийн хуульд квот зайлшгүй байна. Мажоритар тогтолцоогоор, томсгосон юм уу жижигсгэсэн тойргоор сонгууль явуулбал эмэгтэйчүүдийн байгууллага нь эмэгтэй нэр дэвшигчдээ оруулахын төлөө нам дотроо “байлдах” ёстой.
Д.Оюунцэцэг,
Source: www.news.mn
Source: www.news.mn
No comments:
Post a Comment