Monday, 27 December 2010

Х.ТЭМҮҮЖИН: "Хайр, гэр бүл, эрх чөлөө гурвыг хувь хүнд өөрт нь үлдээ."


UP: -Айхтар хүйтэн, цастай өвлийн өдөр хоёулаа уулзаж байна. Харин таны сэтгэлд, амьдралд ямархуу өвөл болж байгаа бол?
-Яг амьдрал руугаа оруулж өвлийг үнэлж үзээгүй юм байна шүү. Сүүлийн өдрүүдэд л жаахан хүйтэн байна. Харин урьд өмнөх өвлүүдийг бодвол цастай өвөл болж байна. Цастай болохоор хөдөөгийн малчдад л хэцүү байдаг юм шиг байна лээ. Хотын бид нар ч яахав, цас харахаараа ялангуяа хүүхдүүд их хөөрцгөөдөг. Өвөл цастай байх тусмаа цэвэрхэн, цайлган байдаг юм болов уу гэж боддог.
Энэ өвөл миний амьдрал хэрүүл тэмцэл ихтэй, ороо бусгаа байлаа. Олон зүйлийг ном ёсоор нь явуулах гэж оролдож үзлээ. Бэрхшээлтэй байсан боловч жамын юм жамаараа боллоо. Өвөл дуусаагүй байна, бас өвлөөр амьдрал дуусахгүй.
UP: -Үнэхэээр 25-р тойргийн асуудал шийдэгдэхгүй удаж, Монголын улс төрийн амьдралд болж байгаагүй үйл явдал болсон гэхэд болно. Ямар ч байсан баяр хүргэе. Хуульч Тэмүүжин УИХ-ын эрхэм гишүүн Тэмүүжин гэгдэх ямар байна? Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Би сэтгэл хөдлөлгүй “модон” хүн юм уу, ямартаа ч сэтгэл хөдлөөд, одоо сэтгэгдэл ийм байна гэж хэлэхээр томоохон өөрчлөлт гарсангүй. Мэдээж хэрэг гудамжинд ярьдаг байсан зүйлээ бодитой болгох боломж нээгдэж байна. Бас дээр нь хүмүүсийн итгэлээр ажил хийхэд тэр ажил нь албажих боломжтой боллоо гэж харж байна. Тэгсэнээс амьдралд том өөрчлөлт орсон юм алга. Яагаад гэвэл энэ чинь шагнал биш, бас баяр биш. Хийх ёстой ажил. Нэг л зүйл бодогдож байна. Хүмүүс надаас нэлээн их зүйл
UP: -Их хурлын гишүүний мандатаа аваад, тангарагаа өргөлөө. Мэдрэмж юу байна?
-Тангараг өргөхөд надад нэг сонин мэдрэмж төрсөн. Тангараг өргөхөд төрийн хуулийг дээдэлж гэдэг үг байдаг юм байна. Гэтэл миний үзэл санаа яг үүний эсрэг байхгүй юу. УИХ-ын гишүүн Үндсэн хуулийг дээдлэх тухай ярих болохоос төрийн хуулийг дээдлэх тухай асуудал байх ёсгүй. Хууль төрийнх гэдэг ойлголт дундад зууных. Хуучны төр эсвэл эзэн хаан хууль гэгч зүйлийг гаргаад түүгээрээ хүмүүсийн амьдралыг хэмждэг байсан. Заадаг бас хянадаг байсан. Болохгүй нэгнийг айлгаж, ичээдэг байсан. Орчин үед хууль гэдэг ойлголт их өөр болж хувирсан нь иргэд хуулийн тусламжтайгаар албан тушаалтныг хянадаг, өөртөө үйлчлүүлдэг, эрх чөлөөг олж авдаг болсон. Тийм учраас төрөөс гаргадаг хуулийн тухай яриа одоо байхгүй болж иргэд өөрсдөө хуулиа баталдаг, батлахын тулд төлөөлөгчдөө сонгодог болсон. Тиймээс дундад зууны эзний ёсоор төрийн хуулийг дээдлэх бус Үндсэн хуулийг дээдлэх тухай бид ярих ёстой. Үндсэн хууль бол бүх нийтийн дундаа хийсэн гэрээ юм. Энэ үзэл санааны дагуу би тэр хүмүүсээс сонгогдсон. Гэтэл тэдэндээ захирагдахаасаа илүү яагаад төрийн хуулинд захирагдах ёстой билээ? Тэгээд төрийн хууль гэдэг үгийг засах ёстой юм байна гэж бодож байсан. Гэхдээ Барак Обама тангарагийнхаа нэг үгийг дутуу хэлсэн үү эсвэл байраа сольж хэлсэн үү дахиад тангараг өргөж байгаа биз. Ёс ёмбогор, төр төмбөгөр гэж энэ л дээ. Түүн шиг би тангарагаа өргөсөн. Гэхдээ миний энэ үзэл санааны том ялгаа юм. Бидний нийгэмд үзэл санааны ийм том хоцрогдол байж, тэр нь хууль болоод цаасан дээр бичигдчихсэн нь сонин л доо. Одоо бол төрийн хууль, би төрийн хүн, төрийн төлөө зүтгэнэ гэж тэр дундаа парламентын гишүүн хүн ярина гэдэг утгагүй. Сонгогчдынхоо төлөө, иргэдийнхээ төлөө ажиллах, зүтгэх ёстой. Энэ үзэл санааны хоцрогдол манайд яаж илэрдэг вэ гэвэл сонгуулийн өмнө чиний, таны төлөө зүтгэнэ гэчихээд дараа нь чи байж бай, би төрийн төлөө зүтгэж байна, төрийн ажил хийж байна гэдгээр илэрдэг. Төр гэдэг нь үнэндээ хоосон зүйл шүү дээ. Цөөн тооны эрх мэдэлтнүүд энэ үгийн цаана хувийн эрх ашгаа хэрэгжүүлж байдаг. Дундад зууны энэ хоцрогдлыг амьдралаас шахаж хаях хэрэгтэй. Public service буюу олон нийтэд үйлчлэх ажил хийж байгаа хүн би бол төрийн түшмэд, би төрөөс цалинждаг гэж хэлэх нь туйлын буруу. Үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа шүү дээ. Ийм зүйлүүдийг тангараг өргөхдөө мэдэрлээ.
UP: -Үнэхээр хуульч эрхмийн гярхай, нарийн мэдрэмж байна. Таны ярианаас ажиглаж байхад Монголын улс төрд өөрчлөлт хийхийг л эрмэлзэж байгаа юм байна. Залуу хүн бүр ийм хүсэл эрмэлзэл дүүрэн байдаг гэдэгт би итгэж байна. Гэтэл улс төр багаар ажиллахыг шаарддаг, хүнийг уусгадаг орчин. Та үүнд эмзэглэж байна уу? Өнөөдрийн 75 дотор тантай хамтраад ажиллачихаар хүн харагдаж байна уу?
-Улс төрчид ажлаа хоёр янзаар хийдэг. Чи юу хийхийг хүсэж байна, ямар өөрчлөлт хийхийг хүсэж байгаа нь чиний үзэл, бодол санаа. Түүнийгээ яаж хийх вэ гэвэл бусадтайгаа ойлголцох ёстой. Энэ хоёрыг ижил түвшинд хэрэгжүүлэхгүй бол нэг бол санваартан болоод уулын мухарт сууна, бусадтай ойлголцохгүй бол. Эсвэл үзэл санаагаараа бусадтай ойлголцоод эхлэх юм бол мафийн толгойлогч болж бусадтай хүчтэй өрсөлдөх хэрэгтэй болно. Энэ хоёрыг зохистойгоор авч явахын тулд ардчилсан зарчмаасаа ухрах ёсгүй. Ингэхийн тулд бусадтай ойлголцох ёстой, дайсан болохоосоо илүү. Жижигхэн ч гэсэн өөрчлөлт хийхийг хүсэж буй тэр хүмүүстэй уулзаж, хамтарч ажиллах ёстой. Үүнийг л багаар ажиллах гэдэг болохоос хувааж идэж уухыг хэлдэггүй. Өөрчлөлтийг амжилттай хийхийн тулд баг хэрэгтэй. Магадгүй надтай нийлээд өөрчлөлтийг хийх хүн өнөөдөр цөөхөн байж болох юм. Шалтгаан нь зарим нь асуудлыг ойлгоогүй, зарим нь үүнийг харахыг хүсэхгүй байгаа зарим нь харсан боловч өөрсдөө итгэхгүй байгаад байж болно шүү дээ. Тийм учраас тэр бүхэнтэй ярилцаж, ойлголцох хэрэгтэй байна. Би жишээлбэл, өнөөдрийн 76 гишүүн бүгдээрээ тэнэг гэж бодохгүй байгаа. Бүгд хувийн эрх ашгаа бодоод явдаг гэж бодохгүй байна. Залуу нас чухал. Яагаад гэвэл залуу хүн романтик, дэврүүн байдаг. Муу муухай зүйлсэд орооцолдоогүй, аливааг хурцаар харах чадвартай байдаг учраас аль болох залуу байгаа дээрээ дуугарч, хийх хэрэгтэй. Хүн нас ахих тусам өөрчлөлтөнд дургүй болдог, дасдаг, муу муухай зүйлийн хажуугаар за яахав гээд өнгөрдөг, ууч болж эхэлдэг. Бүгд найрамдах төрийн нэг давуу тал нь хүнийг эрх мэдэлд насаар нь хаддаггүй. Тодорхой хугацаагаар байлгадаг. Энэ нийгэмд улс төрч эрүүлээр ажиллаж, амьдрах бололцоо хамгийн уртдаа 12 жил л байгаа шүү дээ. Үүнээс цааш зайгаа тавьсан нь дээр. Төрд өөрт байгаа давуу чанараа зориулаад цаг нь болоход өөрөө гар. Тэрнээс би үүнийг хийсэн гээд хаяглаад суугаад байж болохгүй. Тэгвэл нэг мэдэхэд өөрөө өөрчлөх ёстой зүйлсийн нэг болж хувирах юм. Залуу байгаа дээрээ хий, бүтээ. Нас чинь явсан бол гар. Их сургуульдаа профессороо хийгээд явсан нь дээр. Ингэж л хэлэх байна даа.
UP: -Хоёулаа баахан улс төр ярилаа. Та ч улс төр ярисаар залхаж байгаа байлгүй дээ. Таньтай хувь хүн талаас нь ойр дотно танилцъя гэж бодож байна. Бага нас, аав ээжийнхээ талаар дурсамж хуваалцаач?
-Би Төв аймагт, Богд уулын урд энгэрт төрсөн. Бага нас маань Төв аймгийн төв, Улаанбаатар хоёрын хооронд өнгөрсөн. Хороололд манайх байдаг байлаа.
Яг үнэндээ би өөрийнхөө хүүхэд насыг нэг их мэдрээгүй өссөн. Намайг таван настай байхад аав маань өнгөрч, ээжтэйгээ, хоёр дүүтэйгээ үлдсэн. Амьдралын хатуу хүтүүг багаасаа мэдэрсэн дээ. Багадаа хэрсүү, том хүн шиг хүүхэд байсан гэж хүмүүс ярьдаг юм. Миний хүүхэд нас ямархуу байлаа гээд эргээд бодоход хүүхдүүд тоглож, олон олон аз жаргалтай өдрүүдийг өнгөрөөдөг, надад тийм өдөр ховор байсан. Мэдээж хэрэг би ээжтэйгээ, гэр бүлтэйгээ байхдаа аз жаргалтай байдаг байсан, гэхдээ үе тэнгийнхэнтэйгээ харьцуулахад их эсрэг дүр төрх харагддаг. Зах зээлийн шуурга хүн бүхнийг нэрвэхэд хар багаасаа амьдралын төлөө тэмцэж эхэлсэн. Тройлебусны эцсийн буудалд сүүний үйлдвэр байдаг байлаа, тэнд очиж зайрмаг авчирч зараад хөөрхөн мөнгө олчихно. Тэр үеэс л ах нарыгаа дагаж урдаас бараа авчирч зах дээр зарах болсон доо. Тэгээд бодохоор хүүхэд нас том хүний амьдрал шиг өнгөрсөн. Одоо би хүүхдүүддээ тийм амьдрал амсуулахгүй юмсан, хүүхэд насыг нь хүүхэд нас шиг нь өнгөрөөх юмсан гэж боддог юм.
UP: -Та чинь тэгвэл бараг анхны наймаачдын нэг байх нь. Яагаад бизнесээ хөөгөөгүй юм бэ?
-Хүн өөрийгөө олох л чухал байдаг. Би ямар ч байсан бизнесийн салбарт өөрийгөө олоогүй юм. Тэр бол миний амьдрахын төлөө хийж байсан зүйлүүд л дээ. 90-ээд оны эхээр ах нарыгаа дагаад Чита, Хятадын Харбин руу гардаг За Байкалский хавиар явж наймаа хүртэл хийж байлаа. Тэр үеийнхний насанд хүрэгсдийн жишгээр бүхнийг амсаж, хийж том болсон. Нэг удаа манай ахын найз нь хуульч мэргэжилтэй, Германд сурдаг нэг ахтай хуулийн тухай хоёр өдөр ярилцсан юм. Тэгэхэд л хуульч гэдэг их чухал мэргэжил юм байна гэсэн ойлголттой болж авсан. Тэр ахын гадаад үзэмж нь ч гэсэн надад их таалагдсан. Тэгээд л хойно ганзага зөөж байсан хүн чинь гэнэт бодлоо өөрчилж хуульч болохоор шийдсэн дээ. Германд сурна гэдэг хоосон мөрөөдөл, тиймээс ерөөсөө Монголдоо ирж МУИС-д хуульчаар суралцахаар болсон. МУИС-д хуульчийн анги байдгийг тухайн үед дуулдаг байсан Бат-Оргил нэг удаа зурагтаар гарахдаа тэнд сурдаг тухайгаа ярьдаг юм байна. Тэгээд мэдчихсэн хэрэг. Ингэж амьдралдаа том өөрчлөлт гаргасан. Магадгүй тийм том шийдвэр гаргаагүй бол одоо би ямар ч хүн байх байсан юм, бүү мэд. Одоо эргээд харахад их зөв шийдвэр гаргасан байдаг.
UP: -Үнэхээр сонин юм. Ингэхэд та сурлагандаа хэр хүү байсан бэ? Бодвол ном уншдаг хүү байсан байх.
-Би сургуулийнхаа хамгийн хэцүү хүүхдүүдийн нэг байсан. Гэхдээ бас сурлагатай хүүхдүүдийн нэг байсан. Спортоор хичээллэнэ. Боксоор хичээллэдэг байсан юм. Их эршүүд, хүч чадлын спорт шүү дээ. Тийм спортоор хичээллэдэг хүн онц л байх ёстой гэсэн бодолтой. Тэр үеийн л уриа юм даа. Ер нь жаахан хэцүү хүүхэд байсан даа. Математик, шугам зураг зэрэг техник сэтгэлгээ шаардсан хичээлүүддээ их сайн. Тэр хоёрын завсраар л туучна даа.

UP: -Хэцүү гэдэг нь ямар талаасаа? Нударга зөрүүлэх үү?
-Их зүггүй хүүхэд байсан. Мэдээж боксоор хичээллэдэг болохоор манай ангийнхан энд тэнд явж байхад урдаа барина(инээв). Одоо эргээд тэр үеийг бодоход адал явдал дүүрэн өнгөрсөн байдаг. Номонд хорхойтой, ном их уншдаг, тэгсэн хэрнээ бас номын биш. Хэнд ч дээрэлхүүлэхгүй шүү гэж боксын спортоор хичээллэж эхэлж байснаа тод санадаг юм. Дараа нь хэн нэгний дор орохгүйн тулд би тоо сайн боддог байх ёстой гэж хичээсэн. Өрсөлдөөнд их дуртай хүн байсан юм уу даа. Тэгж явсаар байж өөрийгөө хүмүүжүүлсэн байсан. Тэгээд гадагшаа явж, гадаад паспорт авч Европоор бараг тэр чигээр нь тэнэсэн дээ. Арваа төгсөөд л гурван жилийн турш явчихсан хэрэг. Тэгж явахдаа их олон зүйлийг ойлгосон. Боловсрол маш чухал гэдгийг мэдэрсэн. Монголд байсан жааахан хүүхэд, бүхнийг жижигхэн нүдээр харж байсан тэр ертөнц огт өөр зүйл болж харагдаж эхэлж байгаа юм. Тэгээд л том зорилго өвөрлөж сургуульд орсон. Аав, ээжийнхээ үгээр эсвэл санамсаргүй орсон хүүхдүүдийн дэргэд багшийн ярьж байгаа лекцийг тэс өөр чихээр сонсдог оюутан байсан. Амьдралынхаа сүүлийн арвандолоон жилийг зөвхөн сурахад зарцууллаа. Өмнөх жилүүдийг спортод, гудамжинд, бизнест зарцуулсан. Бизнес ч гэж дээ, гахай үүрдэг л наймаачин шүү дээ(инээв). Сүүлийн жилүүдийг том том ном тэвэрч өнгөрөөлөө дөө.
UP: -Таньтай уулзахаар ирж явахдаа би үнэндээ хуульч юм чинь их яриасаг, хурц характертай, хурц хэл дамтай хүн байдаг байх гэж төсөөлж явлаа. Ер нь хуульчид тиймэрхүү типийн хүмүүс байдаг болохоор тэр л дээ. Харин та даруухан, дотогшоо хүн байх гэмээр ажиглагдаж байна?
-Магадгүй ээ. Надад тийм бодол байдаг юм, үзэл бодол, зарчмаа эсвэл хийх гэж байгаа алхамаа хатуу ширүүн илэрхийлэх ёстой үедээ илэрхийлж чаддаг. Хурц, хатуу, тод дуугарч чаддаг. Гэхдээ амьдралд хандах хандлага маань зөөлөн. Гэр бүл дотроо хамгийн зөөлөн. Ажил, амьдрал хоёроо маш сайн ялгаж заагладаг. Ямартаа л манай эхнэр жолоо барьж явахдаа дандаа урдуураа машин оруулсаар л явах юм гэдэг. Тэгэхээр үндсэн характер нь тийм байж болох юм, хүлээцтэй. Гэхдээ халирамтгай гэсэн үг биш л дээ. Эрсдэлийг өөр дээрээ авч чаддаг. Гэхдээ хүн бухимдаад хашгираа л биз, уучлаарай гээд өнгөрөхөд надаас юу унахав дээ гэж боддог. Тэгж өнгөрөх үе ч олон. Харин яг ажил хэргийн тохиолдолд хүн хашгирч байхад би дуугай байх ёстой гэж боддоггүй шүү. Би дуусгах ёстой, шийдэх ёстой гэсэн зарчимтай.
UP: -Гэр бүлээ танилцуулаач?
-Манай эхнэрийг Жаргалмаа гэдэг. Надтай адилхан хуульч мэргэжилтэй. Хамгийн сонирхолтой нь бид хоёр арван жилийн нэг анги. Одоо гурван хүүхэдтэй. Ийм л гэр бүл. Би хувьдаа гэр бүл заавал ил байх албагүй гэж боддог. Яагаад гэвэл энэ бол миний амьдралын орчин, миний л амьдрал учраас олон хүний өмнө тайзан дээр байх албагүй гэж боддог. Тэндээ л аз жаргалтай, тайван байх ёстой. Гэхдээ улс төрч болоод ирэхээр хүссэн хүсээгүй хүн болгон тийшээ өнгийж харах гэж эрмэлзэнэ л дээ. Улс төрч өөрөө хүмүүсийн итгэлийг аваад гарч ирж байгаа болохоор тэд нарт хянагдахын тулд зарим зүйл нь нээлттэй байхаас өөр аргагүй байх л даа.
UP: -Гэр бүлийн үнэ цэнийг та ямраар хардаг хүн бэ? Ганц бие явсан Тэмүүжин гэрийн эзэн Тэмүүжин хоёрын ялгаа?
-Хамгийн инээдтэй нь ганц бие явсан үе маань насанд хүрээгүй байсан үе ш дээ. Насанд хүрмэгцээ л гэр бүлтэй болчихсон. Гэр бүлгүй хүн ямар байдаг юм бол гэж тунгааж бодох гэхээр тэрийг мэдрээгүй юм чинь (инээв). Яагаад гэвэл бид хоёр чинь аравдугаар ангиа төгсөөд л суусан хоёр байхгүй юу. Тэгэхээр харьцуулж хэлэх юм алга.
Гэр гэр бүл гэдэг зүйлийг тэр хүмүүс л хангалттай сайн ойлгодог, аз жаргалыг нь мэдэрдэг болохоос бусад нь түүнийг ойлгох албагүй. Бусдын ойлгодог хэлбэр, загвараар явах гэвэл тэр гэр бүл жүжиг тоглоод эхлэх юм шиг санагддаг. Тийм учраас энэ миний л гэр бүл, миний л амьдрал. Бид өөрсдөө аз жаргалтай байдаг, бид үнэтэй гэдэг зүйлээ эрхэмлэдэг, муухай гэдэг зүйлээ жигшдэг. Тэр нь бусдад таалагдах албагүй, хэн нэгэн гэр бүл бидэнтэй адилхан байх ч албагүй. Улс төр, ажил хэрэг дээр бол өөр л дөө. Энэ хоёрын хил хязгаарыг би маш сайн зааглахыг хүсдэг. Магадгүй намайг гэртээ орж ирэхэд хэн ч намайг Тэмүүжин гэж хардаггүй, ийм хүн гэж мэддэггүй тэр хувиар байхыг хүсдэг. Хүүхдүүдтэйгээ тоглодог, хөгжилддөг. Зарим хүмүүсийн харах өнцгөөр тэнэгтдэг (инээв). Бид тэгж л аз жаргалтай байдаг.
UP: -Тун удахгүй хайрын баяр Валентин болно. Энэ баярт та хэр ач холбогдол өгдөг вэ? Хайр гэж таныхаар юу вэ?
-Би хайрын тухай бараг ярьж үзээгүй юм байна аа. Гэхдээ хайрыг би ярихгүйгээр мэдрэх ёстой зүйл гэж ойлгодог. Хайрыг чимээд эсвэл хайр бол тийм агуу гэх мэтээр уран сайхны болгохоосоо илүү хайрыг хүмүүс мэдэрдэг. Үгээр, амаар дамжуулахгүйгээр харцаараа, мэдрэмжээрээ ойлголцдог зүйлсийн нэг. Нэгэнт ийм зүйл учраас үүнийг нэг үгээр, цөөн тооны үгээр илэрхийлэхгүй байх аа. Би хайрын тухай нэг эссе бичиж байсан санагдана. “Зүүд” гэдэг нэртэй. Амьдралдаа анх бичсэн зохиол маань (инээв). Тэрийгээ эхнэртээ уншуулахад их л аз жаргалтай байсан. Тэгэхээр бид хоёр л ойлголцож чадах тэр хэлээрээ бичсэн байх гэж боддог.
Хайрыг би өөрийнхөө нүдээр олон янзаар хардаг л даа. Өөрийгөө бараг үгүйсгэж бусдыг хайрладаг хайр байдаг ш дээ. Маш их зовлон, бэрхшээлийг өөр дээрээ үүрэн үүрэн хайрладаг хайр байдаг. Байнга зөвхөн аз жаргал мэдэрдэг хайр байдаг. Би нэг зүйл дээр л хайрыг үнэлэх дуртай. Хайр Энэтхэг кино шиг л байж болохгүй. Аймаар зовлонтой, тийм ээ. Хайрласаныхаа төлөөсөнд амьдралаа хүртэл өгдөг. Хайр тийм л байж болохгүй. Одоо хайрын тухай яримагц би охиноо бодоод эхэлж байгаа байхгүй юу 8-р анги л даа. Нэлээн том болчихсон. Би яагаад хайр Энэтхэг кино шиг байж болохгүй гээд байна гэвэл хайрыг гаднаас нь хэн нэгэн мэдэрдэггүй юм, хайрыг тухайн хайрлаж байгаа хүн л мэдэрдэг. Өөрөө өөрийнхөөрөө мэдэрч байгаа тэр хайрыг хөндлөнгийн хэн нэгэн мэдэх гэж оролдож эсвэл тийм байх ёстой гэж зааварлаж ерөөсөө болохгүй. Би ч гэсэн өөрийнхөө хайрыг өөрөө сонгосон. Хэн нэгэн надад заагаагүй, хэн нэгэн тийм хайр мундаг гэж сургаагүй. Өөрөө мэдэрсэн, түүнийхээ араас явж байгаад одоо аз жаргалтай амьдарч байна. Тийм учраас охиноо хараад хүмүүст сонголтыг нь, хайрыг нь зөвхөн өөрсдөд нь үлдээх ёстой гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг юм л даа. Зарим хүмүүс чи ямар тэнэг юм, очиж очиж.. гэнэ. Эсвэл та хоёр яг зохицно гэдэг. Зохиогүй бол тэр нь тэгээд хайр биш юм уу? Тэр хөндлөнгийн хүмүүст таалагдаагүй нь хайр биш юм уу? Тиймээс хайр хөндлөнгийн хэн нэгний хамаатай зүйл биш, зөвхөн тэр хүнийх, тэр хүний мэдрэмж, хэмжүүрийн асуудал. Хайрыг зүгээр л орхи. Хайрыг, гэр бүлийг, эрх чөлөөг зүгээр нь өөрсдөд нь үлдээ. Тэд өөрсдөө хайрынхаа үнэ цэнийг мэдэрч, өөрсдөө аз жаргалтай байвал болоо. Энэ бол миний хүсэж байгаа үнэт зүйл, нийгэм юм. Тэгэхгүй жинхэнээсээ хайрлавал төдөн мянган төгрөг гэх мэтээр улс төрчид хайрыг шийдэж болохгүй шүү дээ. Мэдээж хайрын тухай олон философи байдаг. Тэдгээрээс нэг л философи надад таалагддаг. Оюун ухаанаар шүүн хэлэлцэж болохгүй тийм зүйлийг хайр гэдэг гэж. Түүнд ухаан оролцоод эхэлвэл хайр гэсэн утгаа алдаж, тэр тооцоо болж эхэлнэ. Зүгээр л оюун ухаанаас чөлөөлөгдсөн тэр харьцааг л би хайр гэж ойлгодог. Би хүүхдүүддээ ухаантай байхыг заадаг ч нэг л зүйл, хайр дээр зааж болохгүй юм байна гэж боддог.
UP: -Үнэхээр гайхалтай хариулт байлаа. Та тэгвэл бүсгүйчүүдийг ямар байгаасай гэж хүсдэг вэ?
-Стереотип гэж нэг ойлголт байдаг. Загварчлаад, хүмүүсийг дүрд оруулаад, чи тийм л байх ёстой гээд тулгаад, нөгөөх нь тэр дүрд нь тоглоод амьдралаа үгүй хийдэг. Эмэгтэй хүнийг тийм байх ёстой гэхээр би бас нэг дүр зохионо гэсэн үг биз дээ. Тэгээд л эмэгтэй хүн бол гэрийн ажилдаа сайн байх ёстой, хоол гоё хийдэг байх ёстой гээд эхлэх үү. Эмэгтэй хүн өөрөө өөрийнхөөрөө л байх ёстой. Яагаад гэвэл бидний амьдарч буй өнөөгийн нийгэм нэг давуу талтай, эрэгтэй эмэгтэй гэж байгалийн ялгаа байгаа л даа, гэхдээ байгалийн ялгаанаас үл шалтгаалаад нийгэмд ижил амьдрах бололцоо улам бүр нэмэгдэж байна. Тийм учраас би эмэгтэй хүнийг тийм байх ёстой гэж хувийн бодлоо хэлэхээс илүүтэйгээр эмэгтэй хүн хүссэнээрээ байгаасай. Харин тэр хүссэнээрээ байгаа эмэгтэйг эрчүүд байгаагаар нь хайрлаж, хүлээн зөвшөөрч сураасай л гэж хүсдэг. Товчхондоо эрчүүд нь тийм байгаасай гэж хэлэхийг хүсч байна. Ядаж эхний ээлжинд эрчүүд маань эмэгтэй хүнийг өөрт нь зориулагдсан зүйл гэж битгий бодоосой. Тэд чинь бас өөрийн гэсэн ертөнцтэй, өөрийн гэсэн амьдрал, хүсэл мөрөөдөлтэй байдаг хүмүүс шүү дээ. Хоёрдугаарт, эмэгтэй хүнийг хүйснийх нь талаас бус энэ ямар боловсролтой, ямар чадвартай вэ гэдэг талаас нь хардаг байгаасай. Тэгэхгүй эмэгтэй хүнийг ариун байх ёстой, нөгөө юу билээ, охид садарлавал юу гэдэг билээ

UP: -Үндэстэн мөхнө
-Өө яг үнэн. Яахав дээ, үндэсний үзэлтэй хүмүүст утга учиртай байх л даа. Үүнийг зөв гэж бодож байвал хэрвээ жаахан ахиулаад харвал нөгөө талд нь эрчүүд тийм биш байхад үндэстэн мөхөхгүй. Эрэгтэй, эмэгтэй гэхээсээ илүү хүмүүс бие биедээ хайртай, хайрандаа үнэнч байгаасай, бие биедээ итгэж амьдраасай гэж илүү их хүсдэг.
UP: -Тэгвэл нууц амрагийн талаар? Мөнхийн хайр гэж байдаг болов уу?
-Хайр амьдралын туршид ганц байдаг гэдэгт би эргэлздэг. Яагаад гэвэл хүн байнга өөрчлөгдөж байдаг, шинийг сонирхож, дээшээ тэмүүлж байдаг. Тиймээс хайр олон давтагдахыг үгүйсгэхгүй. Ганц байхыг ч үгүйсгэхгүй. Сайхан хайр байдаг юм, олдвол алдаж болохгүй гэдэг байх аа. Хайр заримдаа хүнийг эрч хүчтэй болгож, хүчтэйгээр өөрчлөлтийг хийхэд нь түлхэц үзүүлдэг.
UP: -Нээрээ хайр, нөхөрлөл гэдэг хоёр мэдрэмж л хүнийг хамгийн их өөрчилдөг гэдэг афоризм байдаг..
-Үнэн шүү. Тэгэхээр хүчтэй өөрчлөлт өгдөг хайраас зугтаж амьдрах бас утгагүй байгаа биз. Амьдрал баян учраас би амьдралдаа зөвхөн чамд хайртай гэж хоосон амлах бас хэцүү. Тийм учраас нууц амраг, аргагүй амрагийг би үгүйсгэж чадахгүй нь. Бас дэмжиж мэдэхгүй байна. Заавал энэ хоёрын аль нэгийг нь сонго гэж тулгахгүй байх гэж бодож байна ш дээ.
Хайрыг мэдэрч байх ёстой. Ийм гоё мэдрэмжийг хүмүүсээс булааж болохгүй ш дээ. Социализмын үеийн хайр дурлал аймаар эмзэг, өрөөсгөл ш дээ. Зохиогчийг нь сайн санахгүй байна, нэг жижигхэн эссе уншиж байсан юм. Социализмын үеийн хайр дурлалын тухай. Тэр үед байрны атаман, ангийн атаман гэх мэт атаманууд байдаг учраас өөр ангийн юм уу өөр байрны охинд дурлах эрхгүй. Атаман л биш бол. Тэгээд сул дорой хүмүүс эцсийн дүндээ хэнтэй суух вэ гэвэл байр юм уу ангийнхаа охинтой л сууна (инээгээд). Гэхдээ би үүгээр өөрийгөө хэлээгүй юм шүү. Их азгүй. Бусадтай танилцаж, ойлголцож, дурлалцаж болохгүй. Надад олдож байгаа нь л энэ гэсэн аятай нэг хүнтэй суудаг. Түүнээс биш үзэл бодлоороо, ижил хоббигоороо, нийгэмд байдаг үнэт зүйлүүдээрээ найзаа олдоггүй. Ийм хязгаарлагдмал үед хайр их өрөөсгөл болноо доо. Эсвэл аав ээж л суу гэсэн учраас бид хоёр бие биенээ хайрлах ёстой гэдэг. Ийм аймшигтай хязгаарлагдмал, явцуу, хүн хүнээ чөлөөтэй хайж олдог биш нөхцөлд хайр их ужиг байгаа биз. Яг үүний задаргааны дараа тэр нь boom болж дэлбэрч байгаа байхгүй юу. Өнөөдөр яагаад гэр бүлийн харилцаа ийм эмзэг, салалт ийм их байгаа нь байрны, ангийн хүрээнд харилцаж байсан хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл нь ингэж нийгмийн үзэгдэл болж задарч байгаа хэрэг. Тиймээс өнөөдөр нууц амрагийн асуудлыг нийгмийн хүчин зүйлээс нь судлах болохоос хувь хүний хариуцлаган дээр авч үзэх аргагүй юм. Магадгүй би судлаачийн нүдээр ингэж харж байж болох юм. Тиймээс би буруутгаж чадахгүй. Энэ бол амьдрал. Гэхдээ нэг зүйлийг мартаж болохгүй, гэрлэлт бол тохиолдлын бус, илүү ул суурьтай бодож тунгаасан сонголт байх ёстой. Бөгж солилцох тэр богинохон мөч урт удаан амьдралын төлөвлөгөө байх ёстой. Гэхдээ би энэ чиглэлийн мэргэжилтэн биш учраас олон хүнд зөвлөгөө өгч чадахгүй.
UP: -Таны гоо сайхны идеал? Гоо сайхны талаарх таны бодол?
-Энэ бас л миний үзэлтэй холбоотой байх. Хүнд нэг гоо сайхны үзэмж, нэг гоо сайхны идеал төрөх юм бол тэр хүн өвчтэй байгаагийн шинж гэдэг. Эцсийн дүнд тэр Гитлерийн форм шиг л юм болж хувирна. Бүгдэд нь форм өмсгөөд, бүгд нэг ёсолгоотой болгож хувиргаад, хаана ч явсан хагас цэрэгжилттэй алхдаг гоо сайхны ертөнцөд очно шүү дээ. Бидэнд олдож байгаа нэг том боломж бол эрх чөлөө юм. Энэ нийгэмд үй түмэн өнгийн гоо сайхны мэдрэмж байгаа. Хүн болгон өөрийн нүдний шилээр гоо сайхныг хардаг. Би өөрөө урлаг их сонирхдог, урлагийн бүтээгч биш хэрэглэгч нь. Ерөнхий хэв маягаа тодорхойлбол би “элегантный” маягийн байх гэж харсан ш дээ. Илүү төв, чамин юмгүйгээр гоо сайхныг харахыг хүсдэг. Бусдын бий болгосон гоо сайхныг гайхаж, бахархах дуртай. Яагаад гэвэл би тийм зүйл хийж чадахгүйгээ хүлээн зөвшөөрдөг учраас ямар сайхан юм бэ гэх үг хэлэх дуртай. Гоо сайхан үнэхээр хүчтэй зүйл.
UP: -Ярианыхаа сэдвийг бага зэрэг өөр тийш нь хандуулья. Төрийн албан хаагчид хөрөнгө орлогын мэдүүлгээ өгдөг журамтай. Та мэдээж өгсөн байж таарна. Харин манай сэтгүүлээр дамжуулан сонгогчиддоо дахин нэг тайлагнаж болох уу?
-Би хараахан өгч амжаагүй байна. Тангараг өргөсөнөөс хойш 30 хоногийн дотор тайлагнах ёстой. Хөрөнгө мөнгөний хувьд би дундаж Монгол хүн. Өөрийн гэсэн орон сууцтай, унах унаатай. Мэдээж хэрэг хүүхдүүдийнхээ боловсролыг шийдэх хэмжээний бололцооны хөрөнгөтэй. Мөнгө олдог арга гэвэл байгаа хөрөнгөнөөсөө арай өөр. Би өөрөө мэдлэг бий болгож, түүнийгээ зарж бизнес хийдэг хүн. Think thank гэдэг бодлогын чиглэлээр судалгаа хийдэг, хуулийн байгууллагатай. Ер нь мэдлэгээ зардаг хүн. Ирээдүйд хийхийг хүсдэг бизнес байгаа. Би барилга бариад, зам барьж чадахгүй. Хоолны газартай, номын сантай хоёр гурван давхар байшин бүхий клубтэй, тэнд зүгээр хоол иддэг хүмүүс бус либерал үзэл санаатай хүмүүс цугладаг, хоолоо идэнгээ үзэл бодлоо хуваалцдаг, номын баяраа хийдэг. Оюуны ч, ходоодны ч хоолоо иддэг. Дээрээ бас бясалгал эсвэл бүжгийн заалтай клубтэй болохыг мөрөөддөг. Байнга оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс байнга стресстэй байдаг. Тэр стрессээ тайлахын тулд бясалгал эсвэл бүжиг хийдэг. Иргэний боловсрол олгодог л хэв маяг юм даа. Энэ бол миний ирээдүйн бизнес мөрөөдөл.
UP: -Та олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулаад бизнесийн санаагаа алдчихлаа..
-Яахав дээ, өрсөлдөөнтэй байг л дээ. Тэртэй тэргүй үзэл санаатай холбоотой ийм бизнесийг хийхэд сандал ширээ, байшин байхаас гадна агуулга нь их чухал.
UP: -Та эр хүний хувьд та юугаар гангардаг вэ? Таны хуруун дахь хас хэлбэртэй бөгж их сонирхол татаж байна?
-Түмэн наст хээ гэдэг утгаараа эрэгтэй хүн зүүвэл их зүгээр гэдэг. Манай нэг ах авч өгч байсан юм. Надад 12 жил болж байгаа эд. Хуульч болох зорилгынхоо төлөө тэнд байсан бүх зүйлээ орхиод ирж байсан гэж би дээр ярьсан. Тэнд илүү сайхан амьдарч болно, барууны ертөнц шүү дээ. Гэвч би тэр бүхнийг орхиод МУИС-ийн хуулийн ангид ороод, халаасны өрөөнд амьдраад явж байхад ах маань энэ зорилгоо хурдан биелүүлээд, зорилгоо биелүүлчихээд удаан оршин тогтноорой гэж энэ бөгжийг авч өгсөн юм. Тэр агуулгаар нь би их дуртай. Хоёрт, миний амийг аварсан бөгж. Гэртээ юм хийж байгаад тогонд цохиулаад, азаар тог нь бөгжин дээр таарч, тойроод гарчихаж байсан. Үнэртсэн чинь жаахан шарсан мах үнэртэж байсан/инээв/. Тиймээс гараасаа салгах дургүй. Харин хааяа гадагшаа явахдаа авчихдаг, хас тэмдэг нь гадныханд сөрөг сэтгэгдэл төрүүлдэг шүү дээ.
UP: -Би хуримын бөгж байх гэж харсан?
-Бид хоёр хуримаа үнэндээ хийж амжаагүй. Очоод л бүртгүүлчихсэн. Монголчууд хуримыг их сүртэй хийдэг шүү дээ, бид хоёрт тийм боломж нь ч байгаагүй. Дээр үед чемодантай нийлсэн гэдэг шиг л суусан даа. Бодож байгаад хэзээ нэгэн үед хоолонд орно гэж боддог ш дээ.
UP: -Би уг нь таны гоёлыг сонирхсон?
-Би технологийн хоббитой юм уу даа. Компьютер, хэрэглэдэг техникүүд маань хэрэглээг хангадаг орчин үеийн байх чухал. Нэг юм үзэн яддаг. Амьдралдаа бараг мөрдлөг болгосон. Амьтны амиар зугаа хийхгүй, ангийн арьс өмсөхгүй. Том том алтан эдлэл, тансаг хэрэглээг хэрэглэхгүй гэсэн зарчимтай. Хүмүүс гэр бүлээ тэжээхийн тулд ан агнадаг байсан байх. Одоо бол ан хийхгүйгээр амьдарч болох цаг үе. Өөртөө төдийгүй гэр бүлийнхнээ тийм байгаасай гэж хүсдэг. Эхнэр маань би амьдралынхаа туршид нэг шуба өмсөж чадахгүй нь ээ гэдэг. Би хариуд нь чи нэгэнт л ийм үзэл бодолтой улс төрчтэй суусан юм чинь нэг л хэрэглээгээ хасчих л даа гэдэг юм. Ийм юмаар би гангарахгүй. Технологийн дэвшлээр бол гангармаар л байна. Гэхдээ хэмжээндээ байх ёстой.
UP: -Цаг зав гаргаж чин сэтгэлийн яриа дэлгэсэн баярлалаа, амжилт хүсье.
-Баярлалаа. Өөрийн чинь ажилд ч амжилт хүсье. Олон олон хүний ертөнцийг уудалж, тэр ертөнцүүдийг хүмүүст хүргээрэй. Тэндээс би ч гэсэн өөрийнхөө ертөнцийн дутагдалтай, давуу талуудыг олж харахад хэрэг болно.

Бид хоёр бараг гурван цаг ярилцаж суулаа. Ярилцах тусам амттай, сонирхолтой ярилцагч гэж байдаг. Эрхэм гишүүн тэдний нэг. Либерал үзэлтэй, хувь хүний эрх чөлөөг дээдэлдэг, өөрийн гэсэн тогтсон үнэт зүйлийн хэмжүүртэй, аливааг сайн муу, сайхан муухай гэж ялгах оюуны таашаалтай энэ эрхэм залууд амжилт хүсэж, хийж бүтээх уртын урт зам нь дардан байгаасай гэж уншигчдынхаа өмнөөс ерөөе. Ярилцлагаа авчихаад буцах замдаа “Залуу байхад юм бүхэн сайхан, зам дээр хэвтэх мөчир хүртэл өнгөлөг” гэх үг өөрийн эрхгүй санаанд эргэлдэж байлаа. Түүний, бидний үзэл санаа, эрч хүч үргэлж залуу байг.
Ярилцсан М.Уранчимэг
Эх сурвалж U TOWN SETGUUL

No comments:

Post a Comment