Лиценз хураах нь банкуудад эрсдэлтэй
“Гацуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбатыг “Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа.
-Алтны шороон ордын 254 лицензийг хүчингүй болгосон нь энэ чиглэлээр бизнес эрхэлж буй үндэсний үйлдвэрлэгчдийг “Уул йуурхайгаа аваръя” хөдөлгөөн байгуулахад хүргэлээ. Таны хувьд олон нийтийн өмнө ил гарах дургүй ч яах аргагүй таны бизнесийн эрх ашиг хөндөгдсөн учраас энэ хөдөлгөөнд нэгдсэн байх гэж бодож байна?
-“Уул уурхайгаа аваръя” үндэсний хөдөлгөөнд би компаниа төлөөлөн оролцож байгаа. Алтны шороон ордын 254 лицензийг хүчингүй болгосон энэхүү шийдвэр гарснаар уг лицензийг эзэмшигч 130 гаруй аж ахуйн нэгж, тэнд ажиллаж амьдарч байгаа олон хүний эрх ашиг хөндөгдөж байгаа учраас оролцохгүй байхын аргагүй. Уул уурхайн бизнесийнхэн ажлаа урт хугацаанд төлөвлөдөг. Гэтэл лицензийг нь хурааж үйл ажиллагааг доголдуулан хүнд байдалд оруулсан учраас бид нэгдэхээс аргагүйд хүрсэн. Ингэхдээ асуудлыг олон нийтэд ч, төр засагт ч зөвөөр ойлгуулж зөв шийдвэрт хүрэхийг зорьж байна.
-Дээрх 130 аж ахуйн нэгж бүгд алтны шороон ордын лицензээ хураалгасан гэсэн үг үү. Тухайлбал, танай компанийн хэчнээн лицензийг хураасан бэ?
-Бүгд алтны чиглэлээр хайгуул, олборлолт хийдэг компани. Хөдөлгөөнд нэгдсэн 130 компаниас 90 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдгээр компаниуд хуралдаад хөдөлгөөн байгуулахаар шийдсэн. Манай компанийн 20-оод лиценз байгаа. Үүний цаана шууд ажиллаж байгаа 300 хүн, бусад дамжлагатайгаа нийлээд 1300 хүн ажилгүй болно.
-Танай хөдөлгөөний зүгээс УИХ-ын гишүүд, хууль санаачлагчдад хаяглаж мэдэгдэл гаргасан. Мэдэгдэл гаргах болсон гол үндэслэлийнхээ талаар нэмж тайлбарлах боломжтой юу?
-Уг мэдэгдэлд манай хөдөлгөөнийг тэргүүлэгчид болон хуулийн зөвлөхүүд ажиллаж байгаа. Миний хувьд, Засгийн газар уул уурхайн салбарыг хөгжлийн тэргүүлэх салбар гэж нэгэнт тодорхойлсон. Энэ жилийг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” гэж зарласан юм бол дэмжихийн оронд яагаад үйл ажиллагааг нь доголдуулах алхам хийж байгаа нь ойлгомжгүй санагдаж байна. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулъя, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжье гэсэн энэ бүх зорилтынхоо эсрэг шийдвэр гаргачихлаа. Дээрх шийдвэрийн үр дүнд 130 компанийн үйл ажиллагаа зогсч, тэнд ажилладаг 10 мянга гаруй хүн ажилгүй болох гэж байна. Энэ бол зөвхөн лиценз эзэмшигчид төдийгүй нийтээрээ ярих ёстой асуудал. Уул уурхайн асуудлыг дагаад банкны салбарт ч хямрал үүснэ. Тиймээс өргөн хүрээнд ярилцаж, судалж байж шийдвэр гаргах ёстой байсан. Бид бүгдээрээ л банкны зээлтэй шүү дээ.
-Таны ярьж байгаа асуудлын нөгөө талд улам олон лиценз хураагаасай, газар шороог хамгаалах нь зөв гэсэн байр суурьтай хүмүүс буй. Тэд уг шийдвэрийг зөв гэж үзэж байгаа. Төр, засаг энэ тохиолдолд тэнцвэрийг хэрхэн олж шийдвэрээ гаргах ёстой вэ. Дээрх шийдвэрийг гаргасан хүмүүс олон нийтэд таалагдах зөв алхам хийлээ гэж бодож байгаа нь лавтай?
-Байгаль орчноо хамгаалах хөдөлгөөнүүд, тэдний үйл ажиллагааг уул уурхайн салбарынхан хэзээ ч буруутгадаггүй. Бид ч гэсэн монгол хүн шүү дээ. Нэгэнт уул уурхайн салбараа түшиж хөгжих нь үнэн бол ухамсартай, хариуцлагатай уул уурхайг дэмжихээс өөр аргагүй. Манай компани л гэхэд нийт 265 га газарт олборлолт явуулаад 215 га-д нь нөхөн сэргээлт хийсэн. Ус нь урсаад байгалийнхаа онгон төрхөнд эргээд орчихсон байгаа. Үүний нөгөө талд нөхөн сэргээлт хийдэггүй компаниуд бий л дээ. Улсын хөрөнгөөр хайгуул, олборлолт хийсэн олон компани нөхөн сэргээлт хийгээгүй. Үүний нөлөө бидэнд тусч байгаа. Гэхдээ бид тэдгээрийн нөхөн сэргээлтийг ч гэсэн хийчих юмсан гэж ярьдаг. Тэднээс болоод нөхөн сэргээлтээ хийдэг бидний лицензийг хурааж болохгүй шүү дээ. Нэг ажлыг хийхийн тулд заавал нөгөөг нь нураах аргыг сонгож болохгүй. Тиймээс хамтдаа зөв гарцыг олъё, хамтдаа хамгаалъя гэсэн зарчмыг баримталж байгаа. Тэгээд ч бидний үйл ажиллагааг хааснаар байгалиа хамгаалчихгүй. Харин ч байгаль хамгаалахын эсрэг үйлдэл болчихоод байна.
-Яагаад тэр вэ?
-Улсад бүртгэлтэй, татвараа төлөөд, хуулийн хүрээнд ажиллаж байгаа компаниудыг хаачихаад, биднээс хэдэн арав дахин олуулаа хүч түрэн орж ирж буй ажилгүй, бүртгэлгүй “нинжа” нараас яаж байгалиа хамгаалах юм бэ. Байгальд хамгийн хор нөлөө багатай нь шороон орд. Тэгж яривал усгүй газар ус ашиглах нь хамгийн хортой. Устай газарт уул уурхай эрхэлж усыг нь ашигласнаараа усны нөөцийг тогтмол бүрдүүлж байдаг. Монгол орноос 90 хувь нь урсаад гарч байгаа усыг биднээс харамлаад яах юм бэ. Эсвэл Монголын бизнесмэнүүдийг хориод гадныханд ашиглуулах гээд байгаа юм уу.
-Монголын газар нутаг тэр чигээрээ лиценз эзэмшигчдийн гарт орлоо гээд л сэтгэл эмзэглэмээр том тоо хэлдэг. Та үүнийг хэрхэн хүлээн авдаг вэ. Үнэхээр “сүйтгээгүй” гэж үү?
-Маргаад яах вэ, хоёулаа тодорхой тоо ярья. Үнэндээ энэ 254 лиценз Монгол Улсын нийт газар нутгийн 0.3 хувийг л эзэлж байгаа. Үүний дотор ашиглаж байгаа газар нутаг нь ердөө 0.001 хувийг эзэлдэг. Ийм байхад хүчээр дэврээн, олон нийтэд буруу ойлголт төрүүлж, хувийн зорилгодоо ашиглаж улстөржүүлэн, нэр хүнд олох хэрэглүүр болгож байна. Энэ бага хэмжээний газрыг ашиглаж буй компаниудаас чухам хэн нь нөхөн сэргээлтээ хийхгүй байна вэ. Тэдэнтэй тооцдог хууль бий. Хэрэгжилтэд нь хяналт тавьдаг байгууллага ч бий. Гэтэл ямар нэг тодорхой үндэслэлгүйгээр бидний өмчид халдаж олон хүний эрх ашгийг хохироож байгаа нь буруу гэж үзэж байна.
-Одоо та бүхэн “төртэй” яаж хэл амаа ололцъё гэж бодож байна. Ер нь үүнд хэн буруутай юм бэ?
-Миний хувийн бодол гэвэл энэ хуулийг батлахад УИХ-ын хэдэн гишүүн оролцож, хэд нь дэмжсэн юм бэ. Үнэн хэрэгтээ лицензийг хурааснаар улс оронд ямар ашигтай вэ, энэ хуулийг санаачлах ямар зайлшгүй үндэслэл байсан талаар мэргэжлийн байгууллагын тодорхой судалгаа алга. Тиймээс хууль санаачлагчид, УИХ-ын эрхэм гишүүд энэхүү учир дутагдалтай хуулиа эргэн хараач ээ. Үүнийг засч залруулж болно гэж бодож байна. Хуулийн хүрээнд энэ талаас нь шийдэх бүрэн боломжтой. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад хяналтаа чангатгаад, хариуцлагаа тооцоод шинээр лиценз олгохгүй байж болох шүү дээ.
-Хууль батлагдахын өмнө та бүхэнтэй ярилцсан, саналыг чинь сонссон удаа бий юү?
-Байхгүй. Байгаагүй учраас л ийм хууль батлагдлаа. Энэ хуулийн гол агуулга, зорилго нь байгаль хамгаалахад чиглэсэн болов уу гэж бодож байна. Гэхдээ үнэхээр хамгаалъя гэсэн бол тодорхой судалгаа, тооцоотой байх ёстой байсан. Нэр хүнд олох, улс төрийн зорилготой бол өөр хэрэг л дээ.
-Салбарын сайддаа энэ асуудлыг тавьж үзсэн үү?
-Салбарын сайдаас эхлээд, Ашигт малтмалын газар, мэргэжилтнүүд энэ хуулийн эсрэг байгаа гэж ойлгож байна. Яах аргагүй хууль хэрэгжүүлэгч байгууллага учраас л түүнийг хэрэгжүүлж байгаа болов уу.Наадмаар мэндэлсэн энэ хуулийг хэдэн гишүүн баталсан бол. Тооцоо судалгаа дутуу байв уу гэдэг талаас нь бид гомдолтой байдаг. Манай компанийн хувьд жил бүр нөхөн сэргээлтээ хийгээд зохих газарт нь хүлээлгэж өгдөг. Ямар үндэслэлээр лицензээ хураалгаж байгаагаа ойлгохгүй байна. Бид 60 жилийн хугацаатай лицензтэй, энэ хугацаагаар бизнесээ төлөвлөж хийдэг. Хэдэн төгрөгийн хөрөнгө хийгээд хэзээ олж авах вэ гэдгээ нарийн тооцоолчихсон байсан. Тиймээс эдийн засгийн хувьд үнэхээр хохиролтой, үндэсний компаниудаа хүчээр нураасан шийдвэр боллоо л гэж үзэж байна.
-Нэгэнт хууль батлагдсан болохоор хэрэгжүүлэх ёстой. Хамгийн гол нь хуульд зааснаар арванхоёрдугаар сарын 1-ний дотор нөхөн төлбөр олгосон байх ёстой. Тухайлбал танай компанийн хувьд ямар хэмжээний нөхөн төлбөр авах бол?
-Нөхөн олговрын талаар би өөр байр суурьтай байдаг. Юуны өмнө сэтгэлзүйн асар том хохирол амсч байна. Бүтэн жил хагасын хугацаанд энэ салбарынхан “Арай үгүй байлгүй дээ. Арай ч лиценз хураахгүй байх, хураавал яанаа” гэсэн айдастай байлаа. Одоо болохоор “Нөхөн олговор өгөхгүй бол яанаа” гэсэн сэтгэлзүйн дарамт дор ажиллаж, амьдарч байна. Нөгөөтэйгүүр нөхөн олговор гэдэг нь тухайн бизнест хийсэн хөрөнгийн өчүүхэн хэсэг шүү дээ. Жишээ нь ганцхан лицензийн төлбөрт л гэхэд 500 сая төгрөг төлсөн. Үүнийгээ 20 жил хадгалж байна. Дээр нь шууд гарсан зардлаас тодорхой хэсгийг нь өгнө гэж байгаа л даа. Гэхдээ хэрэв үүнийг хурааж авах байсан бол би 500 сая төгрөгийн хөрөнгийг үүнд хаяхгүй. Тэр мөнгөний үнэ цэнэ гэж бас байна. Өөр зүйлд орсон бол яаж өсөх байсан бэ. 500 сая төгрөгөө 20 жилийн хугацаатай банкинд хадгалуулсан бол хэд болох байсан бол. Нөхөн олговор гэдэг бол том асуудал. Үүгээр бидний амыг хаана гэж санахын ч хэрэггүй. Тиймээс би арай ч нөхөн олговортоо хүрэхгүйгээр хуулийнхаа алдааг засах байх гэж найдаж байна. Тэгээд ч татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. Улс орны эдийн засагт маш их хохиролтой. Адгийн наад зах нь энэ ажлыг хийхэд ямар зардал гарах вэ. Цагаа тулбал нэг ч компани үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Бүгд шүүхдэнэ. Манай хөдөлгөөнд нэгдсэн 90 компани бүгд хил заагийн маргаантай.
-Хил заагийн маргаан гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Тухайн лицензийн эзэмших талбайн ямар хэсэгт нь гол усгүй, ой модгүй байна вэ. Лицензид хамаарах талбайн аль хэсэг нь орох вэ гэдэг тэр хил заагийг тогтоохыг хэлж байгаа юм. Үүнд маш их хөрөнгө, хөдөлмөр зарцуулах болно. Ер нь хүний тогтсон бизнесийг эвдэнэ гэдэг байж болшгүй юм. Ямар нийгэмд хүний өмчийг хамгаалдаг юм бэ. Өмчийг хураадаг, халддаг нь ямар нийгэм билээ гэдгийг ч бодох хэрэгтэй. Бидний эрх ашгийг хэн хамгаалах юм бэ. Ингээд байвал төрд хэн итгэх вэ. Би цаашид юунд итгэж Монголд хөрөнгө оруулах юм бэ гэдэгт л маш их эмзэглэж байна.
-Харамсалтай нь цаашид 1800 лиценз хураах тухай ярьж байгаа?
-Үнэхээр итгэл алга. Өнөөдөр 254 лиценз хураалаа. Цаашид бүгдийг нь хураах тухай хууль нэг нь санаачилж оруулж ирээд батлахыг байг гэх газаргүй. Ингэхийг нь мэдсэн бол би уул уурхайн салбарт хөрөнгө хийхгүй л байсан. Дараа нь орон байрыг минь ч хурааж магадгүй. Манайх бас газар тариалангийн бизнес эрхэлдэг. Газрыг хурааж авбал яах вэ. Амьдарч байгаа орон сууцыг минь төр хураавал яах вэ. Монголд бизнесийн хамгаалалт байдаггүй юм байна. Үүнд л маш их харамсч байна.
-Лиценз хурааснаар та бүхний бизнест бус улс орны эрх ашигт сөргөөр нөлөөлөх ямар аюул нүүрлэх вэ?
-Хамгийн аюултай нь энэ лицензүүдийн цаана тодорхой нөөц байгаа. Энэ нөөц Монгол Улсын хөрөнгө. Үүнийг эзэнгүй болгосноор хэн дуртай нь ухаж төнхөнө. Байгаль орныг сүйтгэх нь хэд дахин нэмэгдэнэ. Уул уурхайн компаниуд дотроо хэд хэд хуваагдаад “нинжагийн арми” олон дахин өснө. Ажилгүй болсон мэргэжлийн хүмүүс хүрз, жоотуугаа бариад нинжа нартай адилхан л ухахаас өөр аргагүй. Бид ч гэсэн энэ нөөцийг хэнд ч хэрэггүй хэвтэж байхын оронд ажилчдадаа “Та нар ухаад ав” л гэж хэлнэ. Ер нь сөрөг үр дагаврыг нь үгээр хэлэхийн аргагүй юм.
-Та алтны салбарт хэд дэх жилдээ бизнес эрхэлж байна вэ. Нийт хэдэн лиценз эзэмшдэг вэ?
-Надад байгаа 20-оод лицензээ хураалгаснаар нэг ч лицензгүй үлдэж байна. Би сургууль төгсөөд 1985 оноос хойш өнөөдрийг хүртэл уул уурхайн чиглэлээр ажилласан.
-Жилд хэдэн төгрөг татварт төлдөг вэ?
-Хамгийн багадаа дөрөв орчим тэрбум төгрөгийг татварт төлж байна. Өмнө нь үүнээс илүүг төлдөг байлаа. Татвараас гадна олон үр бүтээлтэй ажил хийсэн. Наад зах нь газар тариалангийн бизнес эрхэлж дотоодын хэрэгцээт улаанбуудайны 10 хувийг үйлдвэрлэдэг. Үүгээрээ дамжуулан монголчуудаа эрүүл хүнсээр хангаж байна. Энэ бол том амжилт.
-Хайгуулын ажил хамгийн эрсдэлтэй байдаг. Танайх өнгөрсөн хугацаанд хайгуулын ажлын зардалд хэдийг төлсөн бол?
-Манай компани өнгөрсөн хугацаанд хайгуулын ажилд нийт 40-50 тэрбум төгрөг зарцуулсан.
-Та дээр банкны салбарт ч эрсдэл үүсч болох тухай дурьдсан. Алтны компаниуд болон банкны харилцаанд ямар эрсдэл учирч болохоор байна вэ?
-Монголд зээлгүйгээр бизнес хийнэ гэж байхгүй шүү дээ. Үйл ажиллагаа хэвийн явж байхад банкинд хэдэн лицензээ барьцаалж зээл авдаг. Бүх компани л намар нь алтаа зарж төлөөд хавар нь дахин зээлээд л явдаг. Одоо нэгдээд байгаа 90 гаруй компанийнхантай ярилцахад бүгд зээлтэй байгаа юм. Урьд нь 150 тэрбум төгрөгийн зээлийн асуудлаас болж банк дампуурч байсан бол одоо алтны компаниудын зээлийг нэмбэл бүх банк дампуурч мэдэхээр байна. Банк хуулийн дагуу бидний лицензийг барьцаанд авсан. Гэтэл бид дампуурчихвал банкны зээлээ юугаараа төлөх юм бэ. Байгаа хөрөнгийг нь хураагаад авчихаж байгаа юм чинь.
-Таныг “Анод”, “Зоос”-ын томоохон зээлдэгч хэмээн хэвлэлд бичиж байсан. Танай компани аль банктай түншилж харилцдаг вэ?
-Ганцхан Худалдаа хөгжлийн банктай л харилцдаг. Манай бүх лиценз, хөрөнгө тус банкны зээлийн барьцаанд байгаа. Өөр банкинд зээл байхгүй.
-Энэ мөчид та бизнесийнхээ цаашдын ирээдүйг хэрхэн харж байна вэ?
-Миний бизнес шууд зогсоно. Юуны өмнө цаашид бизнес хийх урам зориг, эрмэлзлийг минь нухчин дарлаа. “Юугаа бодож нойр хоолоо хасан улс орны төлөө гэж явж байсан тэнэг вэ” гэж өөрийгөө буруутгаж байна. Ингээд хураагаад авчихыг нь мэдсэн бол адгийн наад зах нь хадгаламжид хийнэ биз дээ. Хүмүүс “Гацууртын Чинбат баян” гэж боддог. Одоо би банкны өрөнд хамаг юмаа хураалгаад гудамжны хүмүүсийн эгнээнд нэгдэж мэдэхээр болчихоод байна. Хөрөнгө хураах асуудалд би маш эмзэг ханддаг. Үүнийг түүх болж үлдсэн байх гэж боддог байлаа. Эргээд харахад би ямар нийгэмд амьдраад байна вэ, надад дахиад юу тохиолдох бол гэхээс айдас төрж байна.
-Та олон жил бизнес эрхэллээ. Улстөрчидтэй хэр холбоотой байдаг вэ?
-Ямар ч холбоогүй.
-Холбоогүй байгаагаас чинь болж саад бэрхшээл гардаг уу. Нэг жишээ нь энэ ч юм билүү?
-Улс төрийн гох дэгээ бизнесийг урагшлуулахгүй байна.
-Тэгвэл улс төрд орчихвол яасан юм бэ?
-Бизнесээ ч хаяя. Улс төрд ч орохгүй гэж бодож байна.
-Хэрэв та улс төрд байсан бол ийм хууль батлагдахгүй ч байх байсан юм билүү?
-Хэрэв тийм байсан бол яагаад баталж болохгүй вэ гэдэг учрыг чадлынхаа хэрээр тайлбарлаж ойлгуулах л байсан. Гэхдээ ганц, хоёр хүний үгийг авдаггүй нь бэлхнээ харагдаж байна шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!
У.ОРГИЛМАА
Source www.news.mn, Niigmiin toli sonin
Source www.news.mn, Niigmiin toli sonin
No comments:
Post a Comment