Wednesday, 22 December 2010

Г.МӨНХБАЯР: "АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛНА"

-Нийслэл Улаанбаатар хотын төсвийн орлого 151 тэрбум төгрөг, зарлага нь 133 тэрбум төгрөг байхаар урьдчилсан төлөв гараад байна-
Сая гаруй хүн амтай нийслэл Улаанбаатар хотын өмнө тулгамдсан асуудал цөөнгүй байгаагийн нэгдүгээрт эдийн засгийн хараат байдал гэдгийг хотын удирдлагууд олон жилийн турш ярьж байгаа. Тиймээс ирэх онд нийслэлээс улсын төсөвт төвлөрүүлдэг хөрөнгө мөнгийг хотод үлдээх саналыг УИХ, Засгийн газарт тавьсан. Гэсэн хэдий ч ирэх оны төсөвт нийслэл хот 26 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тусгасан байна. Нөгөөдөр болох НИТХ-ын ээлжит хуралдаанаар нийслэл хотын ирэх оны төсвийг хэлэлцэн батлах юм. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяртай ярилцлаа.



-НИТХ удахгүй хуралдана. Хотын “парламент”-аар хэлэлцэх гол асуудал нь ирэх оны төсөв төлөвлөгөө байдаг. Ирэх оны хотын төсөвт ямар нэгэн өөрчлөлт орсон уу. Улаанбаатар хотын өмнө тавигдаж буй хамгийн гол зорилго нь юу байх вэ?



-Улаанбаатар хотын төсвийн орлого 151 тэрбум төгрөг, зарлага нь 133 тэрбум төгрөг байхаар урьдчилсан төлөв гараад байна. Гэвч энэ бол эцэслэн шийдсэн асуудал биш. НИТХ-аар нарийвчлан хэлэлцэж баталж байж баттай шийд болно. Ирэх 2011 онд нийслэлийн шийдэх хамгийн гол ажил бол гэр хорооллын барилгажуулалтыг эрчимжүүлэх юм. Гэр хорооллыг орон сууцны хороолол болгон шинэчлэх ажлыг хэдэн жилийн өмнө эхлүүлсэн ч өнөөг хүртэл бүрэн шийдэгдээгүй ирсэн нь хөрөнгө мөнгөтэй холбоотой. Нийслэлийн төвийн бүс дэх гэр хорооллын иргэд хашаа байшингаа өмчлөөд авчихсан байдгаас нүүлгэн шилжүүлэхэд нөхөн олговрын асуудал тулгардаг. Байдал нэгэнт арилжааны хэлбэрт шилжсэн байтал энэ ажилд хөрөнгө мөнгө төлөвлөөгүйгээс удааширч байсан гэр хорооллын барилгажуулалтыг түргэвчлэх үүднээс ирэх онд 20 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа. Нийт хөрөнгө оруулалтын 2/3 хувь нь гэр хорооллын барилгажилтад зориулагдана гэсэн үг. Газраа чөлөөлж өгсөн иргэдэд өөрсдийнх нь сонголтоор байр орон сууц олгох бөгөөд сулласан газарт барилга байгууламжийг яаравчлан барьснаар нийслэлчүүдээ хямд өртгөөр орон сууцжуулах боломж бүрдэнэ гэж тооцоолж байна. Нөгөөтэйгүүр өнгөрсөн хугацаанд багагүй хөрөнгө мөнгө зарж, анхаарлаа хандуулж ирсэн ногоон байгууламжийн ажлаа үргэлжлүүлнэ. Өнгөрсөн онд дүүргүүд ногоон байгууламжаа сэргээж, олон газарт усан оргилуур байгуулсныг нийслэлийнхэн мэдэж байгаа. Тиймээс ирэх онд хотын ногоон байгууламжийг сэргээх, арчлах хамгаалах, бүрэн утгаар нь ногоон байгууламж байгуулахад есөн тэрбум төгрөг төсөвлөөд байна. Түүнчлэн нийслэлийн нийтийн эзэмшлийн зам талбайн үйлчлэгч нарын цалинг нэмэх, ахуй хангамжид нь нэмэр тус болох үүднээс журамд өөрчлөлт оруулахаар ярьж байгаа. Хотын нийтийн зам талбайг цэвэрлэх нөр их хөдөлмөрт 24 цагийн турш зүтгэдэг хүмүүс маань өнөөдөр сард ердөө 150 мянган төгрөгийн цалин авч байгаа нь үнэхээр чамлалттай тоо. Энэ мэт хөрөнгө мөнгө зарж хийхээр төлөвлөсөн зүйл багагүй бий.



-Улсын төсөвт жил бүр төвлөрүүлдэг 35 тэрбум төгрөгийг чөлөөлөх хүсэлтийг УИХ,Засгийн газрын төвшинд санал болгож байсан. Та бүхний саналыг хүлээн авсан уу. Нийслэлийг төсөв санхүү, эдийн засгийн хувьд бие даан ажиллуулах асуудал ямар шатандаа байна вэ?



-Бүрэн чөлөөлж чадаагүй. Энэ жил нийслэл хот улсын төсөвт 26 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төсвийн төсөлд суусан. Нийслэл хотыг эдийн засгийн хувьд бие даалгах асуудлыг Төсвийн тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан. Эдгээр хуулийг УИХ-аар хараахан хэлэлцээгүй байна. Төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг намрын чуулганаар амжиж хэлэлцэх байх. Харин Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг ирэх хаврын чуулганаас нааш хэлэлцэхгүй нь бололтой.



-Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулинд чухам ямар өөрчлөлт оруулж байгаа вэ?



-Нийслэл хотоо статусын хувьд бие даалгах, хот өөрийн гэсэн татвартай болгох зэрэг асуудлыг Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуульд тусгаж өгсөн. Татварын шинэ төрлүүдийг бий болгох асуудал Төсвийн тухай хуульд ч багтсан байгаа. Улаанбаатар хот өөрийн гэсэн татвартай байхын дээр НӨАТ-ын тодорхой хувь хотод төвлөрдөг байх боломжтой. Зарим төрлийн бараа бүтээгдэхүүнд тухайлбал, тамхинд “City tax” ногдуулдаг байхад болохгүй зүйлгүй. Учир нь тухайн хүн тамхи татсанаар тодорхой хэмжээний хог тарьж л байгаа шүү дээ. Энэ мэт татваруудыг бий болгохоор дээр нэр дурдсан хуулиудын нэмэлтэд орсон.



-Нийслэлийн төсвийн зарлага 2010 онд 120 гаруй тэрбум төгрөгөөр батлагдаж байсан санагдана. Энэ жил 133 тэрбум төгрөг болон нэмэгдсэн байна. Төсвийн зарлага юунаас болж ийн тэлсэн бэ?



-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард НИТХ-аас баталж байсан төсвийн зарлага бага зэрэг нэмэгдсэн. Гэвч энэ бол шаардлагатай хөрөнгийн багахан хувийг эзэлж байгаа. Ер нь бол хотын хэрэгцээт зарлагын хэмжээ 794 төгрөг шүү дээ. 133 тэрбум гэдэг хэрэгцээт мөнгөний хаана нь ч хүрэхгүй хэмжээ. Тиймээс хотын төсвийг тэлсэн гэхэд хэцүү байгаа биз дээ.



-Нийслэлийн төсвийн орлогын багагүй хувийг зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний хөгөлөлтөд зориулдаг. Жил тутам 30 тэрбум төгрөг зарцуулдаг нийтийн тээврийн хөнгөлөлтийн асуудлыг хэрхэн шийдсэн бэ?



-Ирэх 2011 оноос нийслэлийн өндөр настан, оюутнуудын автобус унааны хөнгөлөлтөд зориулдаг 30 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж өгсөн. Энэ бол бага биш хөнгөлөлт. Нийслэлийн төсвийн ачаалал тэр хэмжээгээр буурч байна гэсэн үг.



-Хотын даргатай уулзаад асуулгүй орхиж боломгүй нэг асуулт байна. Жил жилийн өвлийн улиралд агаарын бохирдол нийслэлийнхнийг бухимдуулдаг. Агаарын бохирдлыг бууруулах талаар олон ажил төлөвлөдөг ч хотын агаар цэвэршихгүй байна?
-УИХ-ын шийдвэрээр “Агаарын бохирдлын сан” байгуулагдсан. Энэхүү сан нь хэдийгээр Байгаль орчны сайдын дэргэд ажиллах боловч агаарын бохирдол гэдэг яах аргагүй нийслэлийнхний анхаарал татах асуудал юм. Тиймээс онцолж хийх ажлын нэгд агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөө орж байгаа. Нөгөөтэйгүүр хөрсний усыг хамгаалах, үерийн байгууламжийг сэргээх гэхчлэн олон чухал ажлыг үргэлжлүүлэн хийх болно.

Д.Цээпил

No comments:

Post a Comment