Даваабатын Сайнбаяр 26 настай.АНУ-ын Фридман & Векслер фирмд программ хангамжийн инженерээр ажилладаг. “Цахим өртөө холбоо” төрийн бус байгууллагын УЗ-ийн гишүүн. “Дэлхий бөөрөнхий биш” номын хамтран орчуулагч. “Ирээдүй” цогцолборыг 1998 онд, АНУ-ын Айдахо мужийн дунд сургуулийг 1999 онд, ДеВрайн их сургуулийг 2005 онд тус тус төгссөн. - Та хэдийгээр алс холын Америкт амьдардаг ч таныг Монголын интернэт ашигладаг мянга мянган залуус маш сайн мэддэг юм байна. “Цахим өртөө”-ний Сайнбаяр ирчихсэн байна лээ гэж ярьж байхыг нэг бус удаа сонсоод сурагласаар байгаад олж уулзаж байгаа нь энэ. - Хүмүүс тэгж ярьж байна гэж үү. Та сэтгүүлч болохоор сонирхсон байх. Хүмүүстэй уулзаж, танилцаж л явна. Интернэтээр байнга харилцдаг хүмүүстэйгээ бодитоор уулзах сонин юм. - Таныг их олон ажил хийдэг хүн гэх юм билээ. Юу юу хийдэг вэ? - Ерөнхийдөө aнд нөхдийн хамт гадаад ертөнцөд байгаа монгол оюун санааны их хүчийг эх орон руугаа чиглүүлэх ажил хийж байгаа гэхэд болно. - Яаж? - Юуны өмнө гадаадад суугаа монголчуудаа мэдээллээр хангах, гэгээрүүлэх ажил хийж байна. Америкийн монголчуудад зориулан гаргадаг “Даяар Монгол” сонинд 2004 оноос хойш ажилласан. Өнгөрсөн жил хүртэл энэ сонин маань цаасан хэлбэрээр гардаг байснаа болиод цахим хэлбэрт шилжсэн. Гадаадад амьдарч буй хүмүүс Монголынхоо тухай байнга сонирхож байдаг ч мэдээллээр дутмаг л байдаг. Мөн тэдний олонхи нь эх орноосоо гараад арваад жил болчихсон болохоор хүүхдүүд нь өсч том болж байна. Гэтэл тэдний олонхи нь аав, ээжтэйгээ ч төрөлх хэлээрээ ярьж чаддаггүй. Үндэсний соёл, уламжлалаа байтугай хэлээ мэдэхгүй хүнийг монгол гэх хэцүү, байх хэцүү. Ийм байдал даамжрахаас сэргийлж хэсэг нөхдийн хамт гадаад суугаа монголчууддаа зориулсан монгол ном түгээх цахим дэлгүүр ажиллуулж байгаа. Хэлээ мартаж буй монгол хүүхдүүддээ монгол хэлний цагаан толгой, уран зохиолын болон үлгэрийн номоос авахуулаад айл өрх бүрт “Монголын нууц товчоо”г хүргэх зорилготой ажиллаж байна. Бид бүх төрлийн шилдэг ном худалдаалдаг төвүүдийг монголчууд олноор оршин суудаг улсуудад нээсэн. - Ямар ямар улсад? - Америк, Англи, Япон, Солонгост. Удахгүй Германд нээх гэж байгаа. Сүлжээгээ “Номун далай” гэж нэрлэсэн. “Цахим өртөө сүлжээ” рүү ороод үзэхэд энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Манай цахим дэлгүүрийн хаяг: www.mongolianbooks.com Монголын amazon.com болох нь бидний зорилт. - Ном жин ихтэй. Яаж тээвэрлэдэг юм? - Хугацаа алдахгүйн тулд агаараар тээвэрлэдэг. Үнэхээр жин ихтэй болохоор ачааны мөнгө нэлээд гардаг. Тийм болохоор энд зохиогчдоос худалдаж авсан үнэн дээр тээвэрлэлтийн зардлыг нэмж борлуулдаг. - Ашиг хэр вэ гэж асуух нь бүдүүлэг үү? - Ашиг гээд байх юм бага, алдагдалд орохгүй л бол болоо. Нүдний гэм болсон монгол ном дээрх улсуудад суугаа монгол айл өрх бүрийн ширээн дээр байх нь бидний хувьд том ололт, амжилт болно. - Борлуулалт хэр вэ? - Сүүлийн үед хүмүүс мэддэг болоод авах нь нэмэгдэж байгаа шүү. Баабарын бүтээлүүд, цагаан толгой зэрэг ном харьцангуй гүйлгээтэй. Бид ашиг олбол Аким гуай гэдэг ч юм уу алдартнуудынхаа зохиолуудыг дахин хэвлүүлэхэд санхүүгээр дэмжих юм. - Ном, бүтээлээ өгөхийг хүссэн хүн бүрийнхийг аваад явдаг юм уу? - Шалгууртай. Уншигчдын хүсэлт, захиалга их чухал. Тэднийг эх оронтойгоо байнгын холбоотой байгаасай гэсэн үүднээс иймэрхүү ажил эрхэлж байна. Одоо гадаадад нийт 200-гаад мянган монголчууд оршин сууж байна. Энэ бол улсын нийт хүн амын тоотой харьцуулахад өндөр үзүүлэлт. Тэд ар гэрээ тэжээж байна. Жилдээ маш их хэмжээний хөрөнгө нааш нь чиглүүлж байгаагаараа улсынхаа хөгжилд их хувь нэмэр оруулж байна гэж боддог. - Та Америкт есэн жил болоод иржээ. Монгол эх орон тань хөгжиж үү? - Хоёр талтай байна. Нэг талаар хөгжиж байна, нөгөө талаар сөнөж байна гэхэд болохоор байна. - Арай хатуудахгүй юу? - Хүүхдүүд өлсөж, хөгшид ядарч байгаа юм байна. Гадаадад байгаа хэдий ч өөрийгөө Монголын тухай мэдээлэл сайтай байдаг гэж боддог. Гэтэл дунд нь байхад хүний амь гэдэг нохойныхоос хямд болсон бололтой нь харагдаж байна. Гэр хорооллынхон их хэцүү амьдарч байна. Амаараа шороо үмхэхээс наагуур амьдралтай хүн олон бололтой. Хоёрхон сая хүнээ ингэж амьдруулах гэж. Хөрөнгө мөнгө олддоггүй бол өөр хэрэг. Гэтэл гадаадаас маш их мөнгө орж ирдэг. Түүнийг үр ашиггүй зарж байна. - Дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувьтай тэнцэх хөрөнгө орж ирдэг гэсэн тооцоо байдаг юм билээ? - Тэр хавьцаа гэдэг. Тийм их мөнгө зарцуулж байж эдийн засгийн болон нийгмийн хөгжлийн үзүүлэлтүүдээрээ Африкийн орнуудтай эн зэрэгцээд л байгаад байдаг. Хөгжиж байгаа ч дэндүү удаашралтай байна шүү дээ. Энэ удаашрал, хурдны сааралт бол авлига их байгаатай холбоотой. Монгол Улс ядаж аюулгүй амьдарч болох 100 улсын тоонд ордоггүй гээд бод доо. Дайн болж байгаа Афганистан, Ирак тэр жагсаалтад явдаг. - Ямар баримт түшиж хэлж байна? - Тун ойлгомжтой логик. Яагаад казино тоглоод мөнгө цацаад яваа УИХ-ын гишүүдийг өмгөөлж хамгаалаад байгаа юм. Нэгийг нь илрүүлчихэд бусад нь яг л өрөөд тавьсан даалуу нурж унаж байгаа юм шиг л ханарах учраас чадахгүй, бие биенээ хаацайлаад байгаа байхгүй юу. Бас нэг сонин юм байдаг. Бизнес эрхэлдэггүй, төрийн албан хаагч байж 300 сая төгрөгийн байшин зүгээр л худалдаад авчихдаг. Тийм хур баян хүн үү, эцэг эх нь өвлүүлсэн үү, ямар нэг байдлаар хөрөнгө мөнгө гувчуулав уу гэдгийг хянаж харж байдаг газар, хүн ч байхгүй, ердөө л эзэнгүй. Тэгэхэд Америкт төрийн албан хаагч ийм байшинг 30 жилийн гэрээгээр л авах боломжтой. Мөн ядуу орон гэх атлаа юмны үнэ өндөр. Хоол хүнс, бензиний үнэ Америкийнхтай бараг адил байна. Гэтэл америкчууд монголчуудаас 40-100 дахин илүү цалин авдаг. Дээр суугаа түшмэд өөрсдөө хамаг юмыг хамж авчихаад ард түмнийг ингэж ядрааж зүдрээж, газраар мөлхүүлж болохгүй биз дээ. Шударга биш. Гадаадад суугаа монголчууд энэ байдлыг маш сайн ойлгодог, байнга чих тавьж байдаг л даа. Тиймээс энэ шударга биш байдлыг халахын төлөө дуу хоолойгоо нэгтгэх ёстой. Эхэлсэн ч гэж болно. Та Цахим өртөө ч юм уу, бусад сайтууд руу ороод үзээрэй. Тэнд нэлдээ иймэрхүү сэдвээр санал бодлоо солилцсон хүмүүсийн захидлууд байгаа. - Таны ярианаас гадаадад ажиллаж амьдардаг монголчууд нэлээд хөдөлгөөнд орж байгаа гэж ойлгогдохоор байна? - Үнэн. Ялангуяа тэнд олон жил амьдраад тодорхой мэргэжил эзэмшиж, боловсролтой болсон залуучууд Монголынхоо нийгэм, улстөрийн амьдралыг илүү сонирхож байгаа. Өөрсдөө хөгжилтэй оронд суучихаад ах дүү хамаатан садан, элэг нэгт зон олон ядуу тарчиг, зовлон зүдгүүртэй байхад яаж сэтгэл тайван байх вэ дээ. “Цахим өртөө холбоо”-ныхон гадаадад суугаа монголчуудыг УИХ-ын сонгуульд санал өгөх эрхээ эдлэх боломжоор хангах тухай асуудал тавьсаар ирсэн. 2005 оноос хойш шаардаж байгаа. Үр дүнд нь сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт орж, Үндсэн хуулиар олгогдсон энэ эрхийг баталгаажуулсан. Уг нь 2008 оны сонгуулийн наана санал авдаг болно гэсэн чинь таг чиг. Ямар нэг үл ялих шалтаг, шалтгаан хэлээд хойшлуулаад л байгаа. Гадаадад байдаг монголчууд бүгд л ардчиллыг дэмждэг хүмүүс учир одоохондоо төр барьж буй хүмүүс айж байгаа байж ч болно. 2004 оны сонгуулиар УИХ-н гишүүн болсон хүний авсан дундаж саналын тоо 7000 гарантай л байсан. Тэгэхээр дээр хэлсэн 200 мянган монголчууд хэдэн УИХ гишүүн сонгох вэ? Эд чинь нийт сонгогчдын 20 хувь шүү дээ. Нэг аймшигтай нь энэ тоо 5 жилийн дараа гэхэд 30 хувь болно. - Ямар шалтгаан хэлдэг юм бол? - Санал авахад хүндрэлтэй, сайн боловсруулах шаардлагатай гэдэг. Тэрэнд чинь удаад байх юу байдаг байна аа. Ердөө л гурван арга зам байгаа нь тодорхой. Нэгдүгээрт интернэтээр авч болно. Банкны гүйлгээ хүртэл хийгээд байхад сонгуулийн санал авчихаж болно. Хоёрдугаарт орон бүрт суугаа Элчин сайдын яамд, консулын газраар дамжуулж авч болно. Гуравдугаарт шуудангаар авч болно. Сонгуулийн Ерөнхий Xороо гэдэг чинь зөвхөн л сонгуулийг хэрхэн зохион байгуулах тал дээр ажилладаг байгууллага шүү дээ. Тэгэхэд бүтэн хоёр жил энэ тал дээр юу ч хийгээгүй. Зөвхөн Чикагод л гэхэд 3-5 мянган хүн оршин сууж байна. Вашингтонд гурван мянга, АНУ-д нийтдээ 20 мянга гэхээр сонгуулийн насны сая хүрэхгүй хүнтэй Монгол Улсын хэд нь сонгуульд саналаа өгч байгаа нь тодорхой. Монгол Улсын хөгжилд боловсролтой, соёлтой тэр олон хүний саналыг тусгахгүй байна гэдэг их харамсалтай. Тэд бол ходоодоороо сонголт хийхгүй хүмүүс шүү дээ. 2008 оны сонгуульд энэ асуудал шийдэгдэхгүй болох нь тодорхой байна. Нөхдүүд ямар ч бэлтгэл ажил хийгээгүй байна шүү дээ. - Та түрүүн гадаадад суугаа монголчууд ардчиллыг дэмждэг болохоор эрх баригчид айж байна гэсэн. Тэр нь Ардчилсан намыг дэмждэг гэсэн үг үү? - Намын тухай яриа биш юм. Үзэл бодол ямар вэ, хүн нь хэн бэ гэдэг сонин. Би ер нь жаахан улстөржөөд байна уу, үгүй юу? - Та нар шиг залуус санаа тавих цаг болсон юм биш үү? - Өөрийгөө бодвол дуугүй ажлаа хийгээд л байгаад байж болж байна л даа. Компьютер шагайгаад, программ зохиогоод суугаад байж болно л доо. Даан ч надтай адилхан аав, ээжтэй, дүү нартай, хамаатан садантай олон монгол хүн тэд нар нь санаснаараа амьдарч чадахгүй байгааг харж, дуулаад сууж болохгүй байна. - Улстөрд оръё гэж үү? - Юу юугүй тэгж бодохгүй л байна. Шударга хүмүүс төр бариад аятайхан болох цаг ирэх байх гэж боддог. Үнэндээ улс орны маань хөгжлийн хөдөлгүүрт үргэлж мод шааж, гацааж байх юм байна шүү дээ. Тэгээд гажилт үүсчихдэг. Гажчихсан хөдөлгүүр хэдий явж буй ч урагшлах аргагүй. Улстөрд орохыг одоогоор би хүсэхгүй байна. Гэхдээ цаг үеийн захиалга байх аваас улс төрд орохоос өөр аргагүй болно. - Та энэ мэт зүйлийн талаар эргэцүүлсээр амарч ч чадахгүй байгаа юм байна даа? - Гадаадад суугаа монголчууд амрах завгүй байдгийг энд хэлмээр байна.Эндээс ажлаа хийж байгаа. Би хаана ч байгаад ажлаа хийх боломжтой Нэг орохдоо зэрэг 300 компьютерт холбогдчихдог. Тэгээд л болоо. Харин цагийн зөрөөнөөс болоод шөнө суух юм. - Монгол залуучууд залхуу санагдаж байна уу? - Дор бүрнээ л юм хийчих юмсан гэсэн хүмүүс байна. Гэтэл хийх ажил нь олдохгүй байна. Ажлын байр алга. Ажлын байруудад хятадууд чигжээстэй. Энэ байдал мөддөө арилахгүй тул заaвал тэр хятадуудын хийгээд байгааг булаацалдаад яах юм. Монголоос оюуны экспорт хийх боломжтой. Бид энэ сэдвээр байнга санал солилцдог. Манай залуучууд ажил л хайсан хүмүүс байдаг юм байна. - Эх орондоо иртэл бөөн проблем нүүрлэчихсэн, сэтгэл дундуур байна уу? - Яалаа гэж. Сайн сайхан зүйл олон байна. Хотын төв гудамжаар алхаж явахдаа би хүүхэд байхдаа очиж үзэхийг хүсдэг байсан Азийн бусад оронд оччихсон мэт сэтгэгдэл төрж байсан нь бий. Би чинь 17 настайдаа Америкт дунд сургуульд явсан хүн. Есөн жилийн хугацаанд их юм өөрчлөгджээ. Хөгжсөн нь их ч харамсахаар нь давамгай юм. Гэр хорооллынхон, ядуу хүмүүс ямар өрөвдмөөр байна аа. Баян хоосны ялгаа маш их болж. Энэ улс орныг дундаж давхаргын хэдэн сэхээтэн л авч яваа юм уу даа гэж бодогдож байна. Түүнээс биш төрийн эрх барьж буй нөхөд хуйвалдагчид, авлигачид болжээ. Тэд улс орныг сүйрүүлж байгаа юм байна. Эмч, багш нарыг хүндэтгэж байна. Би хэвлэл мэдээлэлтэй өдөр бүр танилцдаг ч дотор нь байхад бүх юм ил, бүр ойлгомжтой юм. Үүнээс хойш байнга ирж очиж, эх оронтойгоо илүү ойр байх бодолтой байна. Би таксины жолооч нартай байнга ярьж яваа. Тэгсэн нэг жолооч “Монгол орон сөнөж байна даа. Газраа сүйтгэж байна, хужаа нар нөмрөөд ороод ирсэн, хүүхнүүдээ алдаж гүйцэж байгаа” гэсэн. Гунигтай мэдээ. Гэхдээ их, дээд сургуулийн лекцний танхимаас гарч ирэхдээ “Монголд маань ирээдүй байна аа” гэж бодож байлаа. -Та лекц уншиж байгаа юм уу? -Лекц унших биш лекцэнд суухыг эрхэмлэдэг. МУИС-ийн 40 жилд оролцсон. Нөгөөдөр ОЗОН гэдэг Оюутан залуусын онлайн нийгэмлэгийнхэн уулзах хүсэлт тавьсан. Би очно оо. Ирэх долоо хоногт “Шинэ Монгол” ахлах сургуулийнхантай уулзана. Залуустай уулзаж, тэдэнтэй харилцан мэдээлэл солилцох нь их сонирхолтой санагдаж байна.
Р.Оюунжаргал |
"Холын хүнд өршөөл тус хүргэж, ойрын хүнд асрал өглөгийг хүртээвээс эв эе бүтэж хүч нэммүй, харийн газар арга чадлаа бэхлэж, халуун зуураа эе эвээ хичээ, үхэлгүй насны шидийг эс олсны тул мөнх бусыг санаж, эрдэмт ламын тангарагийг эвдэлгүй, эзэд хаадын зарлигийг давалгүй, эцэг эхийн сургаалыг марталгүй явагтун" Оюун түлхүүрээс
Friday, 24 December 2010
Д.САЙНБАЯР: "ХАРАМСАЛТАЙ Л БАЙНА"
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment