Saturday, 25 December 2010

С.МОЛОР-ЭРДЭНЭ: "Ерөнхий сайд нь Монголын хамгийн баян хүн байгаа нь авцалдахгүй байна."

МАХН-ын Түр штабынхан энэ онд багтаж Онц их хурлаа хийхээр төлөвлөж буй. Монголын сэхээтний хөрсөнд төдийлөн олон тохиолддоггүй философийн ухаанаар баруунд мэргэшсэн С.Молор-Эрдэнэ хэмээх эл эрхэм улс төрийн намуудын дотор шинэчлэл явагдана, улс төрд мэдлэг чухал гэж чангахан дуугарч буй нь эрхгүй олны нүдийг бүлтгийлгэж буй юм. Зарим хүмүүс түүний ард ерөнхийлөгч асан Н.Энхбаяр бий ч гэлцдэг. Цэвэрхэн шударга улс төр хийнэ гэдэгтээ итгэлтэй буй С.Молор-Эрдэнэ ирээдүйд Үндсэн хуулийн цэцэд орж ажиллахыг хүсдгээ нуусангүй. Түүнийг Монголын анхны мэдээллийн сайт www.sonin.mn зочноороо урьж, цөөн хором ярилцлаа.

-МАХН-ын Түр штабын хүрээ ер нь хэр тэлж байна. Ажил хэр байна даа?
-Зунаас эхлээд МАХН-ын хэлэлцүүлэг явагдаж байсан. Нэрээ өөрчлөх талаар яригдаж байх үед ингэж ёстой болохгүй шүү. Хэрвээ өөрчилвөл та нарын бүхий л түүх үзэл бодол, нэр өөрчлөгдөх болно. Гадаад улс оронд ч таилбарлахад хэцүү. Яагаад гэвэл нэр гэдэг тодорхой нэг үзэл бодол, философи илэрхийлдэг. Муухай нэртэй байж гоё шүү дээ, нэр ямар хамаатай юм гээд гүйгээд байж болохгүй биз дээ. Эсэргүү нэртэй байж бид их хүнлэг хүмүүс гээд яриад явж болохгүй. Хоёрдугаарт үзэл бодол гэдэг маш чухал. Үзэл бодлоороо ялгарч байж сонгуульд ордог, тэр үзэл бодлоороо ялгарч байж парламентад суудаг. Үзэл бодлоороо ялгарч байж улс орныг авч явах нэг сонголт байх ёстой. Тийм учраас ямар нэгэн үзэл бодол маш тодорхой байх ёстой. Ингээд “Ухрах уу, урагшлах уу” гээд гурван цуврал арга хэмжээ зохиосон. Тэгээд хөдөлгөөн боллоо. Арай ч эд нар ингэж өөрчлөхгүй байх гэж бодож байсан. Тэгсэн чинь 26 дугаар их хурал чинь жинхэнэ “аймаар” юм болоод, бүх юмаа өөрчлөөд бүр харин жаргалтай хүмүүс инээж хөхрөлдөөд баяраа хийгээд явчихлаа. Харин бид ухрах уу урагшлах уу гэж байсан, одоо асуулт өөрчлөгдөөд одоо хэрхэн аврах уу боллоо. МАХН хэвээрээ үлдэх юм уу үйл ажиллагааг нь хэвийн байдалд явуулах?
Байр ч үгүй юу ч үгүй болчихлоо шүү дээ. Одоо энэ байрыг нь хар л даа. Уул нь бол МАХН энд байрлаж байгаа. Одоо хэн нэгэн энд хүрч ирээд МАХН байна аа гэсэн ойлголт авах ёстой. Бид нар хурлаа хийгээд бүртгүүлнэ. Дээд шүүхээс хариугаа өгчихсөн. МАХН гэсэн нэр одоо хаана ч бүртгэлтэй биш байна. Авч болно гэсэн ойлголт байгаа л даа. Одоогоор 10 мянга гаруй хүн ирж анкет өгсөн, утсаар мессеж явуулсан, зарим нь утасдаж бүртгүүлсэн . Саяхан би Дорнод аймагт очоод ирлээ. Иргэдтэй уулзсан. Сөрөг ажиллагаанууд ч их явагдсан. Улс төр гэдэг чинь ийм л хатуу байдаг юм байна.
Одоо гишүүд ямар ч байсан цугларчихлаа. Хэвлэл мэдээлэл нэг хэсэг хаалттай байлаа. Одоо нээгдэж байна. Одоо бид онц бүгд их хурлаа хуралдах гэж баина .Энэ хурлаар бүх асуудлаа шийдээд, жинхэнэ нам болоод албан ёсны тамга тэмдэгтэй үил ажиллагаагаа эхлүүлнэ дээ .

-Их хурал хэзээ болох вэ ?
Ондоо багтаах л санаатай байна.
-Амжих уу?
Харин тийм ард иргэдээс хүсэлт маш их байна. Улс төрийн намын чинь хурлыг бас тийм ч амархан хийчихэж болохгүй. Дотоод ажил их байна.

-Та ер нь манай орны улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна. Тань шиг ном их уншдаг хүмүүс улс төрд нэг их харагддаггүй болохоор арай өөр цонхоор харж байгаа байх. Намуудын арга барил, хэв маяг, үзэл баримтлалын талаар?

-Бид нар ардчилсан хувьсгалыг бол мэдэж байгаа. 20-иод жил боллоо. Мэдлэг боловсролтой, шилдгүүдээ сонгодог, тэд нь удирдаад аваад явчихдаг тийм нэг иргэний үнэлгээний хэмжүүр биш болж. Муу юм нь илүү гарчихлаа. Танил тал, мөнгө төгрөг хахууль юу баидаг юм. Нэг дээшээ харсан чинь ерөнхийдөө муу сурлагатангууд гараад ирж. Болохгүй бүтэхгүй нөхдүүд дээр гараад ирчихээд биднийг авч явна гэж баина. Гэтэл тэд нарт авч явах чадвар үнэхээр дутаж баина шүү дээ. Тэд нар янз бүрийн аргаар мөнгөтэй болчихсон. Оюутолгоигоор бүүр их мөнгөтэи болж байна. Бас Тавантолгойгоор дахиад их мөнгөтэй болно.
Ингэж мөнгөтэй нь улс төрд гарч ирээд улс төрийг авч яваад баларсан жишээ олон баидаг. Латин Америк, Азийн олон оронд ийм олигархийн бүлэглэлүүд бий. Тийм улсуудын ерөнхийлөгч эд нар нь “тасарцан” баян. Хязгааргүй баян, Парист байшинтай, Нью-Йоркод байшинтай. Банкинд хэдэн зуун сая доллартай. Гэхдээ ард түмнийх нь амьдралын төвшин дэндүү доогуур. Одоо монголыг хараад байхад яг л тийм болчихоод байна. Африк Латин Америкийн орнуудад тэд нарыг эсэргүүцэж гарч ирэх тодорхой элит, өндөр боловсролтой хүмүүс дутагдаж байсан. Монголчууд бол үгүй. Бид чинь социализмын 60, 70 жилээр маш их өндөр боловсрол эзэмшсэн. Дараа нь барууны орнууд руу яваад дахиад тэд нарын хэмжээнд боддог, сэтгэдэг болоод ирлээ. Одоо бид нараар тоглож чадахгүй. Энэ хооронд монгол хүн маш их хөгжчихлөө. Хүмүүс мөнгөтэй л бол амьдрал болчихно гэж бодоод байгаа. Гэтэл үгүй л дээ.

Таны хувьд найз нөхөд дунд чинь улс төрч хүн байна уу. Найз гэвэл та хэн хэнийг нэрлэх вэ?
-Таньдаг улс төрч бол зөндөө. Яг үзэл бодлоо ярилцдаг ойрхон УИХ-ын гишүүн найз энэ тэр байхгүй. Улс төрийн чиг баримжааны хувьд нийцдэг хүн байхгүй шүү дээ.

Монголын нөхцөлд танилгүй бол явахгүй гэдэг шүү дээ. Хэцүү юм биш үү. Яаж ганцаараа гарч ирэх гэж байна?
-Тийм. Одоо тэгээд гарч ирэх болохоороо гарах л байх даа. Яг одоо үзэл бодол ярихад хэцүү байна л даа. Ярья гээд дуудаж үзлээ, заримтай нь ярилцаж үзлээ. Гэтэл хүмүүс мэдлэгээрээ нөхөрлөхөөс илүү материаллаг талаасаа нөхөрлөдөг. Ийм л байдалд орчихоод байна. Энэ нь бид нарын хувьд эмгэнэл. Өнөөдөр мэдлэг боловсрол оюуны чадвар оюунлагаараа нөхөрлөх тийм жишээ алга. Заавал өөр замаар, ан хийдэг ч юм уу, загасанд явдаг ч юмуу, хамт архи уудаг ч юмуу, морь уядаг ч юм уу нэг тийм материаллаг талаараа нөхөрлөдөг. Оюуны мэдлэг талаас уулзаад сайхан ном ярьдаг. телевизээр хоёул гурвуулаа суугаад ном хаялцдаг тийм соёл манайд орж ирэхгүй байна.

-Та тэгвэл материаллаг талаараа ямар хүмүүстэй найзалж байна?
-Тэр талаар найзалж амжихгүй л байна даа /инээв/ Багын найзууд байдаг юм. Тэд нар бол арай өөр. Арван жилд цуг байсан, оюутан үед цуг байсан. Тэгээд одоо би чинь хэвлэл мэдээллээр гараад жаахан танигдаж байгаа юмуу хаашаа юм. Тэгсэн чинь бүр ерөөсөө хүмүүс чинь уулзахгүй байна. Өөртэй чинь харагдаж болохгүй ээ ч гэх шиг. Би одоо яачихсан хүн юм бүү мэд /инээв/.

-Манай ууган намын түр штаб дээр та тодорхой албан тушаал хашиж байна. Энэ ажлыг хийхэд хэчнээн мэдлэгтэй, чадвартай хүн байлаа гэсэн зөвлөгөө авдаг зөвлөлддөг хүн бас байх хэрэгтэй байх. Тийм үедээ та хэнд хандаж байна. Эсвэл өөртөө л найдаад байна уу?
-Яахав нээх тийм том, том гэхээрээ Үндсэн хуулийн цэц, сайд ч гэдэг юм уу, УИХ-ын гишүүн ч юмуу тийм хүмүүс надтай уулздаггүй. Жирийн иргэд бол их уулздаг. Утсаар ярина, ирж уулзана, дэмжинэ. Тэд нар их юм хэлдэг. Миний дүү бол тийм хүн байна. Ах нь харлаа, эгч нь телевизээр харлаа гээд. Ер нь ард иргэдтэй л их ойр байдаг. Яг одоо нарийн ширийн хүмүүс надтай уулздаггүй.


-МАХН байгуулагдлаа гэж бодъё. Тэгвэл тэргүүлэгч нь хэн байх юм. Энхбаяр байх юм уу, эсвэл та юм уу?

- Харин тийм. Мэдэхгүй. Энэ талаар ярилцана даа /инээв/ “Ухрах уу урагшлах уу” арга хэмжээн дээр МАХН нэрээ авч үлдье гэдэг дээр Энхбаяр бид хоёр бол яг л хамт хийсэн шүү дээ. Хурлаа ч хийгээд, хурлын дараа Энхбаяр ирж хаалт хийсэн. Тэгээд болж байна гээд бие биенийгээ хүндэтгээд. Би бол оюуны боловсролын хүн, тэр бол Монгол улсын төрд олон жил болсон хүн. Тиймэрхүү юмаар бол уулзаж л байсан. Одоо нам болох гээд байна. Яаж хурлаа хийж, яаж явах вэ гэдэг чинь нарийн асуудал.
Нөгөө талаар одоо улс төр шинэчлэгдэнэ. Монгол оронд цоо шинэ улс төр гарна. Одоо АН, МАН хоёрын хийгээд байгаа улс төр ерөнхийдөө дуусна. Мөнгөтэй нь гарцгаана, Мөнгөгүй нь үлдэнэ. Одоо МАХН эмхлэн зохион байгуулалтанд орох гээд байж байна. Яг тэрэнтэй адилхан АН, МАН тийм байдалд орно. Шинэ улс төр бол өөр улс төр. Айхтар улс төрийн туршлага яриад бол одоо нээх тус болохгүй. Ерөнхийдөө ард түмэн жигшиж байна. Жаахан цэвэрхэн, үнэн юм хийе. Би бол гайгүй байх гэж бодоод байна шүү дээ. Заавал хүмүүстэй найзархах гээд яваад байх шаардлага байхгүй. Ерөнхийдөө улс төрийнхөө онол дээр тогтоод л явчихъя гэж бодож байна.

-Цэвэрхэн улс төр гэхээр таныхаар ямар зүйлийг хэлэх вэ?
-Хамгийн түрүүнд үзэл бодол. Ямар үзэл бодолтой вэ? Үзэл бодол маш тодорхой байх ёстой. Баруун уу, зүүн үү? Ямар замаар Монгол орноо хөгжүүлэх юм, программ чинь хаана байна. Чиний программ минийхээс юугаараа ялгаатай юм. Тийм юмаа нарийн гаргаж ирэх хэрэгтэй. Тэгэхгүй өөрөө улс төр рүү тендер авах гэж ордог, амьдралаа залгуулах гэж ордог хэлбэр их саад болж байна.
-Гэхдээ бүгд цэвэрхэн улс төр хийнэ гэж байхгүй байх аа?
-Тэгээд л одоо тэмцэнэ дээ. Амьдрал бол тэмцэл.

-Манай төрийн дээд албан тушаалтан нь Ерөнхий сайд. Ерөнхийдөө тэр хүнээс бүх юм хамаарах байдалтай. Ер нь ерөнхий сайд ямар хүн байх ёстой вэ, онолын хувьд?

-Одоогийн ерөнхий сайдын тухайд ерөөсөө надад яриад байх юм байхгүй. Тэр бол наймаачин худалдаачин хүн, асар их мөнгөтэй тэгээд л бол оо. Өөр юу хэлэх юм? Маш их мөнгөтэй баян хүн. Уг нь бол ерөнхий сайд бол ёстой мөнгөгүй хүн байх ёстой. Мөнгөөр яах юм? Худалдаачин хүн байж болохгүй шүү дээ. Маш оюунлаг хүмүүнлэг, хүмүүст хайртай, энэрэнгүй өгөөмөр, энэ ард түмний аав нь байх хэрэгтэй шүү дээ. Тэгэж байж л энэ төрийг авч явна уу гэхээс биш. Мэдэхгүй, тэр одоо ард түмэнд очоод юу гэж хэлэх юм? мөнгөтэй болгоё гэх үү? Тэгвэл мөнгөө гаргаад л хуваагаад өгчихөөч дээ. Ажилгүй хүмүүс дээр очоод юу гэж хэлэх юм? тэгвэл тэр мөнгөөрөө үйлдвэр энэ тэр байгуулаад тэр хүмүүсийг ажилтай болгочихооч дээ. Энэ чинь ерөөсөө логикын хувьд авцалдахгүй байхгүй юу. Уучлаарай, Ерөнхий сайд нь монголын хамгийн баян хүн байгаа нь авцалдахгүй байна. Тэгвэл одоо энэ парламент бүх юмаа устгаад хаант төртэй л болчихъё л доо. Бид нар нэг ноёны албатууд. Нэг том ноён бидэнд дэглэм тогтоож өгдөг.

-Одоо ажлаа явуулахад нэн тэргүүнд гарч ирж байгаа бэрхшээл юу байна?
-Би бол том бэрхшээл харахгүй байна. Жижиг дотоод юм уу тиймэрхүү л бэрхшээлүүд байгаа л даа. Хэвлэл мэдээлэл одоо нэг гайгүй болж байна. Гол нь хэвлэл мэдээлэл чинь их бэрхшээл юм байна шүү дээ. Дуу хоолойгоо нэг хүргэчихье гэхээр болдоггүй. Сөрөг юм яваад байдаг. Хар ПиАрын эсрэг бас нэг гарч ирмээр санагдах юм. Мэдээж мөнгө санхүүгийн асуудал байна. Хурал хийлээ гэхэд мөнгө хэрэгтэй болно. Шүүхийн янз бүрийн юмнууд харин их аятайхан болж эхэлж байна. Нэг хэсэг бид нарыг чинь хууль бус гээд янз бүрийн дарамт, доромжлол ирсэн. Хүмүүс дэмжиж байгаа боловч ирж чадахгүй байна. Та нартай харагдаж болохгүй, очиж болохгүй гэж байна. Хүмүүсийг улс төрийн талаас жаахан дарамтлах юм байна шүү дээ. Төрийн ажилтан ч байдаг юм уу, би та нарыг маш их дэмждэг, даанч очих юм бол ажлаасаа халагдана, хоолноосоо салчихна гээд л.


-Та сонгуульд МАХН-аас нэр дэвших нь тодорхой болж байх шиг байна?
-Надад сонгууль хүртэлх нээх тийм холын бодол алга. Улс төр лүү тэгээд орох л болох юм шиг байна. Одоо ингээд УИХ, УИХ-ын гишүүдийг хараад байхад би тэд нартай хамт суугаад хуралдаж байна гэхээр одоохондоо нээх төсөөлөгдөхгүй байна. Нэг тийм уйтгартай ч юм шиг /инээв/ Тэнд ороод юу ч хийх билээ. Гэтэл би чинь ном энэ тэр бичээд бас нэг жаахан идэвхитэй юм хиймээр байдаг. Энэ хоёрын дунд орон зайгаа олох л байх л даа. Сонгуульд үнэхээр одоо намаас намайг дэвш гэвэл би дуртай л тэрийг нь хийж өгнө. Хувиасаа нээх хүсэхгүй л болов уу.

-Улс төрд орж байгаа, хэвлэл мэдээллээр зоригтой дуугардаг хүмүүсийг олон нийт их мөнгөтэй баян, эсвэл цаана нь хэн нэгэн байна гэж хардаг. Та тухайлбал ямар байдлаар өөрийнхөө санхүүгийн асуудлыг шийдэж байна?

-/инээв/ Санхүү бол одоо тэгээд хувийн л юм яваа шүү дээ. Миний баян гэж хаашаа харсан юм байх вэ. Надад нефтийн цооног байхгүй, уул уурхайн лиценз байхгүй, нэг жижигхэн ресторан ч байхгүй шүү дээ. Ганцхан баялаг гэвэл очиход гэр л байна. Гэртээ дулаахан хоол ундтайгаа л сууж байдаг хүн шүү дээ. Тэгээд номоо уншаад л. Хамгийн гол нь надад нээх зарлага байдаггүй л дээ. Тэгэхээр тийм өндөр орлого хэрэггүй л байхгүй юу. Багшлах янз бүрийн ажил хийгээд л тэрүүгээрээ амьдардаг.

-Тэгвэл таны сарын орлого хэд вэ?
-Германд олон жил эрдмийн ажил, судалгааны ажил хийж байлаа. Жаахан цуглуулсан мөнгө бий л дээ. Тэрийгээ хэрэглэж байна. Багшлаад, лекц энэ тэр уншаад сардаа за нэг сая төгрөг хүрэхгүй дээ. Германаас авчирсан юмнуудаа л идэж ууж барж байна даа. Их сургуулийн багшийн цалин бага шүү дээ.

-Гэр бүлийнхээ талаар?
-Мэдээж гэрлэсэн. Нэг хүүтэй, хүү маань 25 настай, Германд оюутан одоо төгсөж байгаа. Гэр бүлийн хүн “Глобал сан” гээд олон улсын байгууллагад төслийн ажил хийгээд тэгээд л хоёулаа амьдарч байдаг. Тийм учраас хоёулаа насанд хүрчихсэн хүмүүс ерөнхийдөө хэрэгцээ бол болчихсон. Цаашаа нээх айхтар том том хэрэгцээ ч байх биш. Тийм учраас тэгээд болоод л байна. Тэгээд над шиг зарлага багатай хүнд их орлогын шаардлагагүй. /инээв/

-Та багш хүний хувьд манай боловсролын тогтолцооны талаар ямар бодолтой байна?

Мэдлэг чухал. Монгол орныг мэдлэг л аварна шүү дээ. Тэрнээс биш хувь хүний санаанууд аврахгүй. Гэтэл бүх юмыг санаагаараа л хийдэг хүмүүс их болж. Тэгээд л нэг их санаа ярьсан хүмүүс. Их сургууль дээр лекц уншсан ч санаагаа ярина.
Арван жилийн боловсрол бол яахав нэг болчихоод байх шиг байгаа юм. Математик нь орчихдог, захиа бичээд сурчихдаг. Яахав АНУ нь тэнд байдаг тэр нь энд байдаг гээд мэддэг. Боловсрол олоод авчихлаа. Гэхдээ манай арван жилийн боловсрол тийм өндөр боловсрол биш л дээ. Одоо энэ хүмүүс чинь тодорхой нэг мэргэжилтэй болох хэрэгтэй. Тэр мэргэжилд очих шат их бүдэг бадаг л даа. Хэн ямар мэргэжил сонгож авах юм. Тэр чинь их хэцүү. Ээж аав гэр орондоо тулгуурлаад санал болгосныг нь сонгочихдог. Уг нь тэр өөртөө зориулж сонгох ёстой байхгүй юу. Дараа нь тэрүүгээрээ хоолоо олж иднэ.
Нөгөө талаас энэний цаана нь маш чухал зүйл мэдлэг. Мэдлэг бол өөрөө шинэчлэгдэж байдаг. Мэдлэг өөрөө баялаг бүтээнэ. Яг энэ мэдлэг чинь манайд орж ирэхгүй байна. Их сургуульд бол яг тэр мэдлэгтэй ойртчихсон, мэдлэгийн чиглэл дээр шинэчлэгдэж байдаг үйл явц манайд явагдахгүй байна. Ерөнхийдөө тэгээд л арван жилийн өмнөх юмаа дахиад давтаад зогсож байдаг ч юм уу. Их сургууль өөрөө монгол орны мэдлэгийг үйлдвэрлэдэг төв байх ёстой шүү дээ. Гэтэл тэнд мэдлэг хүмүүсийн хэмжүүр биш. Цолны эрэмбийн үнэлэмж ч мэдлэг биш. Манайд ерөөсөө мэдлэгийг үнэлэхгүй байна. Би бол залуучуудад хэлдэг юм. Би мэдлэгийн шуналтай хүн гэж. Мэдлэгтэй хүн өөрөө бас их кайф авдаг байх хэрэгтэй л дээ. Миний амьдралыг тэжээж надад бас нэг баяр баясгалан авчирдаг байх хэрэгтэй.

-Таны хэтийн зорилго юу вэ. Ирээдүйд улс төрд гарлаа гэхэд ямар албан тушаалд хүрэхийг хүсэж байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, эсвэл …?

-Уул нь би чинь философийнхоо юмыг хийж байхдаа хувьдаа л их зорилттой байсан. Улс төр лүү ороод ирэхээр жаахан зорилго өөрчлөгдөөд эхэлж байгаа. Ер нь одоо би нэг монгол хүн тайван аятайхан амьдралтай тийм нийгмийг бий болгохыг хүсэж байна.
Албан тушаалын тухайд яахав, улс орныг авч явахад аль нь их нөлөөтэй юм. Уул нь хамгийн их нөлөөтэй байгууллага чинь Үндсэн хуулийн цэц байхгүй юу. Тийм биз дээ? Хамгийн их нөлөөтэй байх нь Үндсэн хуулийн цэц. Тэнд л монгол орны бүх юм яригдаж, тэнд л асуудал шийдэгдэж байх ёстой. Харамсалтай нь Үндсэн хуулийн цэц яг тэр үүргээ биелүүлж чадахгүй байна л даа.

-Тэгвэл та үндсэн хуулийн цэцэд очихыг хүсэж байна уу?

-Тэнд л очмоор байна /инээв/. Би үндсэн хуулийн цэцэд очлоо гэхэд хүний эрхийн асуудлыг ярьж эхлэх байхгүй юу. Эрх нь зөрчигдөөд л байна шүү дээ.

-Таны ажлын арга барил иргэдтэй чөлөөтэй уулзахаас эхэлж байгаа юм байна. Дарга болоогүй байхдаа ихэнх хүмүүс гоё гоё юм ярьдаг . Та тэдний нэг биш биз?

-Тэгэхгүй гэж найдаж болно /инээв/. Яагаад гэвэл би багш хүн. Оюутнуудтай их ажилладаг учраас их зан гаргах шаардлага байдаггүй. Над дээр диплом бичье гэсэн оюутан болгоныг тэг л гэдэг. Яагаад гэвэл би өөрийгөө тэд нарын төлөө л хүн гэж боддог байхгүй юу. Багш хүн оюутнуудын төлөө л байх ёстой. Тийм учраас би үүргээ гүйцэтгэж байна л гэж боддог.

Ярилцсан Б.Ундрал / Sonin.mn/

No comments:

Post a Comment