Tuesday, 28 December 2010

С.МОЛОР-ЭРДЭНЭ: "УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдөнө"


Улс төр судлаач С.Молор-Эрдэнийг “Ярилцах танхим”-даа урилаа.

-МАХН-ын удирдлагууд намынхаа нэрийг сольсон ч үзэл баримтлалаа солихгүй тодотгоно гэж мэдэгдсэн. Гэтэл хэсэг нөхөд үүнийг нь үзэл баримтлалаа сольж, шинэ нам болох гэж байгаа мэтээр намын гишүүдэд нь ойлгуулж байна гэсэн. Тэр хэсэг нөхдийн нэг нь та. Ямар учраас ингэж байна вэ?

-Монголд улс төрийн боловсролтой хүн байхгүй гэдэг нь энэ үйл явцаас харагдаж байна. Ардчилсан намынхан барууны эсвэл зүүний үзэл баримталдаг уу гэдгээ мэддэггүй. Н.Алтанхуяг дарга нь баруун, зүүний үзэл гэдгийг ойлгодоггүй гэдгээ ил зарлаж байсан. Харин МАХН-ынхан нь намаа баруун зүүний аль үзлийг баримталдагаа мэдэхийн тулд маргалдаж эхэлсэн. Маргалдах ч гэж дээ. Маргалдаад байх олигтой боловсролтой хүн ч алга. Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Даш-Ёндон гэж нэг өвгөн юу нь ч мэдэгдэхгүй юм ярьдаг. Түүнийг тойрсон залуу сайдуудаас өөр юм алга. Тэгэхээр Монголд улс төр, улстөрч гэж алга. Хамгийн том аюул нь тэр л болчихоод байна. Боловсролгүй, мэдлэггүй нь л тэднийг алаад байгаа байхгүй юу. Үзэл баримтлалаа тодотгоогүй өөрчлөх гэж байгаа.

Үгүй юм бол яах гэж нийгмийн ардчилал гэж яриад байгаа юм бэ. Энэ чинь барууныхны үг биз дээ. Бүх юм эхлээгүй байхад л ингээд баруунжаад ирж байгааг харж байна уу.Уг нь МАХН Монгол Улсыг авч явсан хариуцлагатай, улс төрийн туршлагатай нам.

-Тэгээд одоо яасан гэж?

-Монголын бүх л сэхээтнүүд энэ намаар хүмүүждэг байсан. Өнөөдөр ч гэсэн парламентэд олонхи, чадалтай нам хэвээрээ л байна. Сүүлийн хорин жилд хэт их олигархижих, хөрөнгө мөнгө, бизнес хөөх гэх мэт үйл явдлаар дүүрэн замбараагүй байсан нь үнэн. Монголчууд бүгд л хөрөнгөтний нийгэм рүү орох гэж хөл алдлаа. Үүнээс хожих нь хожиж, хохирох нь хохирсон. Үр дүнд нь жаргалтай ч болсонгүй, харанхуй амьдрал ч ирсэнгүй. Яг ийм үед МАХН-ын удирдлагууд нэрээ солих биш бүр хаяж, үзэл баримтлалаа тодотгох бус өөрчлөх гээд байгаа юм. Жижиг намууд байсан бол яах вэ. Гэтэл энэ чинь том нам шүү дээ. Ийм том намынхан насанд хүрээгүй хүүхэд шиг ийм жижигхэн зүйл ярьж болохгүй. Хоёрдугаарт, филисофич, улс төр судлаач хүний хувьд энэ намын удирдлагуудад ном унш, боловсор гэж хэлмээр санагддаг юм.

-Удирдлагууд гэдгээ тодорхой хэлэхгүй юу?

-Ялангуяа МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх сургуульд явж, улс төр сурах ёстой. Улстөрч гэдэг чинь мэргэжил. Өөрийгөө цэцэн цэлмэг үгтэй, давгүй маргачихдаг гэж бодсон болгон улстөрч болчихдоггүй юм. Улстөрч гэдэг их хүндтэй мэргэжил. Дэлхийн хөгжилтэй орнуудад улстөрчийг шүтэж байна. Харин манайд энэ бүхэн эсрэгээрээ. Улстөрч гэхээр бизнесийн, мөнгөний араас явдаг, арчаагүй, хор найруулсан гэдэг муухай имижтэй болчихсон. Хүмүүс ингэж бодох нь ч зөв. Монголд улс төр яг л ийм хэмжээнд хөгжиж байна. Манай улс төрд дандаа ийм хүмүүс байгаа нь үнэн юм чинь.

-Нийгмийн ардчилал гэдэг үг барууны талынх гэлээ. Энэ үгийг МАСЗХ-ны нэрэнд оруулсантай холбож байна уу?

-Нийгмийн ардчилал гэдэг үг угаасаа л барууны үзлийнх. Ардчиллыг ардчилсан намынхан л ярьдаг биз дээ. МАХН-ын залууст өөр ярих зүйл олон байна. Мэдлэг боловсрол, соён гэгээрэл, нийгмийн асуудал гээд зөндөө юм байхад л ардчилал ярих гээд зүтгээд байх юм. Арчиллыг ардчилсан нам л ярина биз. Би ер нь аль ч намд залуусын байгууллага байх хэрэггүй гэж боддог. Залуусыг ашиглахад их амархан байдаг юм. Энэ нь нэг талаараа залуусын тархийг угааж, ирээдүйг нь боомилж байгаа арга байхгүй юу. Уг нь залуус сурч боловсрох хэрэгтэй байгаа юм. Болж өгвөл гадаадад гарч, боловсорч, тогтвортой амьдралтай болсныхоо дараа сая нэг улс төрд орох хэрэгтэй. Сая нэрээ сольсон МАСЗХ-ны тэргүүнээр Х.Оюун-Эрдэнэ гэгч сонгогдсон. Энэ байдлаар явбал тэр хүн хэдхэн жилийн дараа ямарч мэдлэггүй У.Хүрэлсүх болох зам нь нээгдэж байна л гэсэн үг байхгүй юу. Сарын дараа хошин урлагийнхан тэднийг шоолсон тоглолт хийх байх гэдэгт итгэлтэй байгаа. Ер нь зүүний бодлого гэдэг чинь үргэлж шинэчлэл хийж байдаг, эрч хүчтэй учир өөрөө залуусын үзэл. Харин барууны гээд байгаа бодлого нь хөгшчүүдийн үзэл байхгүй юу. Мөнгө ханхалсан, хуйвалдаан зохиох нь ихсээд ирдэг хөгшин үзэл л дээ.

-Та германд боловсрол эзэмшсэн хүн. Тэгвэл улс төр хөгжсөн орон гэж ямар орныг хэлэх вэ?

-Тийм. Би хорь гаруй жил германд боловсорсон. Тухайлбал германыг хэлж болно. Германд бол баруун зүүний үзэлтнүүд нь яг л бодлогоо баримталдаг. Яах ёстойгоо ч мэддэг. Ийм бодлогоор улс орноо хөгжүүлмээр байна гээд л ил хэлчихнэ. Тухайлбал, мөнгөний бодлогыг илүү эрчимтэй явуулмаар байна гэх ч юм уу. Яагаад гэвэл эдийн засаг, улс төр нь хөгжчихсөн орон. Тиймээс өнөөдөр монголд болж байгаа шиг зүйл болж болох юм. Эдийн засаг нь хөгжлийнхөө дээд цэгт хүрчихсэн орон гэж дахин хэлье. Гэтэл манай орон дөнгөж хөл дээрээ босох гэж байгаа орон. Өөр асуудал олон бий.

-Тийм учраас л улс төрийн намууд үзэл баримтлалаа тодотгох шаардлагатай биш гэж үү?

-Ард түмнээ хүмүү­жүүлээд, халаасанд нь мөнгөтэй болгоод, хүүх­дүүдийг нь толгой өвтгөхгүй сургуульд явуулдаг болгох хэрэгтэй байна. Тийм байхын тулд зүүний үзлийнхээ дагуу эхлээд хүмүүсээ ажилтай, боловсрол, сургууль соёлтой болгох хэрэгтэй. Герман ч яг үүнийг дагаж ирсэн. Герман шиг шийдсэний дараа хүссэн хүсээгүй барууны үзлээр явна. Барууны үзэл буюу хөрөнгөтний үзэл чинь эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн үед эдийн засагтаа хамаг юмаа зарцуулъя гэсэн ойлголт байхгүй юу. Гэтэл бид нийгмийн асуудлаа ч шийдэж чадахгүй байгаа биз дээ. Эрхбиш үүнийг мэддэг баймаар юм. Эсвэл нөгөө талаар нь ойлгож болох юм. Юу гэсэн үг вэ гэвэл намын дарга нар нь л өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн бодлого руу зүтгээд байна гэж ойлгож болно. Учир нь намын удирлагууд нь хөрөнгөтөн. Гэтэл нам нь ард түмэнд үйлчлэх хэрэгтэй байдаг. Ингээд л эцэст нь өөрсдийнхөө эрх ашигт тааруулж үзэл бармтлал, нэр ээ солихоор зүтгээд байгаа байхгүй юу. Тухайлбал Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбат олигархи болмоор байгаагаа шууд зарлаж байсан. МАХН урдах асуудлаа олж харахгүй байж тэдэн шиг шилжилтийн насныхны буюу олигархи болох сонирхолтой этгээдүүдийн эрх ашигт нийцсэн нам л болох гээд байна.

-Таны бодлоор Н.Энх­баяр улстөрч учир та түүнтэй хамтарч байгаа юм байна гэж ойлгож болох уу?

-Н.Энхбаяр бол бус­дыгаа бодвол улстөрийн туршлагатай. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүн учир жирийн нэг хүн биш. Олон улсаар явж, юм үзэж нүд тайлж, олон улсын институциудтай харьцаж байсан. Гэхдээ мэдээж улс төрийн мэдлэг дутуу л даа. Харин МАХН-ын одоогийн удирдлагуудад улс төрийн туршлага, мэдлэг хоёулаа алга. Дандаа бизнесмэнүүд. Тиймээс тэд бизнесээ л хийгээд явах ёстой. Харж байхад намтайгаа яг л хувийн компани шигээ харьцаж байна. Бид нар л өөрчилнө, энэ намыг бид л авч явна гэж үзээд байгаа биз дээ. Гэтэл улс төрийн нам гэдэг чинь гишүүдийн хамтын өмч байх ёстой. Гишүүдийнх нь олонх намын нэр солихыг зөвшөөрөхгүй байхад үзэл баримтлалыг нь өөрчилнө, нэрийг нь хаяна гээд байгаа нь тэдний эрх ашгийг илтгэж байна.

-Н.Энхбаярыг улс төрийн туршлагатай гэлээ. Намынхан нь болохоор харьж яваа хүн гэдэг юм билээ. Таны хувьд өсч яваа залуу хүний хувьд энэ хүнийг дагах хэрэг байна уу?

-Энэ хүний туршлагыг авах хэрэгтэй. Мэдээж хүмүүс алддаг онодог. Мэдээж энэ хүнтэй ойрхон байгаагийн хувьд түүний талаарх үнэлгээ надад байна. Олон улсад нэр хүндтэй зэрэг олон талаас нь би харж байна шүү дээ. Чамд юу байна, надад юу байна гэдэг зарчим дээр л хамтарч байна. Надад байхгүй юм тэр хүнд, тэр хүнд байхгүй юм надад байгаа юм.

-Тэгэхээр та улс төрийн боловсролтой хүн байх нь ээ?

-Олон улсын улс төрийн номуудыг би уншиж судалсан. Улс төр гэдэг чинь таамгаараа хийчихдэг зүйл биш шүү дээ. Тухайлбал, зусланд хоёр давхар байшинг хэн ч гэсэн барьчих л байх. Гэтэл 20 давхар байшинг барихын тулд мэргэжлийн хүн хэрэг болно биз дээ. Улс төр яг үүнтэй ижилхэн нарийн мэргэжил. Монголд өнөөдрийн хэмжээнд ганц хоёр төрлийн татвар яриад, сонгуульд хэрэглэдэг үгнүүд хэрэглэхээр л улстөрч болчих юм шиг санаж байна. Харин зүүн баруун гэдгийн ялгааг мэддэг, тэр олон номыг уншсан, дэлхийн олон улсын хуралд оролцоод томчуудтай нь ном хаялцаад үзчихсэн хүн үнэхээр дутаж байна гэж боддог. Тиймээс надад улстөрч болохоос өөр арга алга. Нүдний маань өмнө ийм зүйл болоод байхад зүгээр сууж чадахгүй зантай хүн байгаа юм. Тиймээс УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдөнө.

-МАХН нэрээ өөрчлөөд Ардын нам болчихвол та бүхэн МАХН гэсэн нэрийн дор сонгуульд өрсөлдөх үү?

-Тийм юм болох нь бараг тодорхой болчихсон. Тиймээс МАХН гэсэн нэрийг ав гэж Н.Энхбаярт зөвлөсөн. Тэртээ тэргүй МАХН-ын нэрийг авч зүүний үзлээр явахад Монголын нийгэмд багтах орон зай байна. Энэ үзэл, энэ намыг дэмжих бэлэн итгэл үнэмшилтэй хүмүүс ч байгаа. Нэг хэсэг нь дургүйцэж магад. Гэхдээ цоо шинэ нам байгуулж байхаар энэ намаа түшсэн нь дээр. Тэгээд ч анхнаасаа тэр хүний гэр орон байсан шүү дээ.

-Одоогийн МАХН нэрээ сольж Ардын нам болсон хойно нэрийг нь ашиглахаар болсон юм байж. Гэтэл та бүнхий нэр, үзэл бармтлалаа бүү соль гээд байгаа нь нэг талаараа улс төрийн бодлого уу?

-Намынхаа нэрийг солих нь бидэнд ашигтай. Нэрийг нь аваад л шууд ашиглачихна. Тэд нар Монгол ардын нам болоод явна л биз. Нэг л их ардын, үндэсний гэдэг үгээр ялгарах гэсэн хүмүүс байх юм. Ардын гэдэг үг чинь улс төрийнхөө хувьд бас их аюултай. Нэрээр ялгарч ерөөсөө болохгүй. Нэг ёсондоо энэ нэр чинь тодорхой хүмүүсийг ялгаж үндэсэрхэг үзэл гаргаж байна гэсэн үг. Иймэрхүү асуудал улс төрд байж болохгүй. Энэ нь хүний сэтгэлийн хөдөлгөөн дээр тоглолт хийчихдэг байхгүй юу. Улс төр судлаач хүний хувьд хорон арга хэрэглэхгүй.Ямар ч байсан намын нэр, үзэл баримтлалаа солих нь буруу л гэж хэлье гэж бодсон юм. Нөгөө талаас МАХН-ын удирдлагуудыг хатгаж, тэд нарын психиологи дээр нь тоглох хэрэгтэй гэж үзсэн. Тэд бол жижигхэн сэтгэхүйтэй хүмүүс. Хэрэв мэдэхгүй байгаа бол түүнийгээ хүлээн зөвшөөрөөд л мэддэг хүнээсээ зөвлөгөө авах хэрэгтэй. У.Хүрэлсүх, Сү.Батболд нар над дээр ирээд уулзвал би хэлээд өгч болно шүү дээ.

-Хэрэв тэд танаас зөвлөгөө авъя гээд ирвэл хамтрах нь ээ?

-Тэгэлгүй яах вэ. Шууд ажилдаа оръё л гэнэ.

-Та Н.Энхбаярыг дэмжээд байгаа биш бил үү?

-Би одоохондоо улс төр судлаач, багш хүн учир хэнтэй ч хамтарч ажиллаж болно. Монгол Улс л хөгжиж байвал миний хэнтэй хамтрах нь сонин биш.

-Удахгүй гээгдэх МАХН гэсэн нэрэнд итгэл үнэмш­лээ өгсөн хүмүүс байгаа учир хүлээж авах бэлэн орон зай байна гэсэн. Харин бодит байдал дээр хэдхэн хөгшин байгаа юм биш үү?

-Хөгшид ч гэсэн хүн шүү дээ. Хэдхэн өдөр ч хамаагүй нарны гэрэл харах Монгол хүнийг бид голж болохгүй. Эрүүл мэндийн салбарт ч гэсэн хөгшин хүнийг таныг эмчлэхгүй. Учир нь та тэртээ тэргүй үхэх юм чинь гэдэггүй байх аа. Улс төр ч гэсэн үүнтэй ижилхэн.

-Р.Гончигдорж таны яриад байгаа шиг зүүний үзлийн нам байгуулаад амжилтад хүрээгүй шүү дээ. Та нарын яриад байгаа зүйл түүний байгуулсан нам шиг болохгүй гэх баталгаа байгаа юм уу?

-Тухайн үеийн Социалдемократ нам эхний үедээ гадаадыг л дуурайж байснаас биш намынхаа үзэл баримтлалыг бүрэн мэдрээгүй байхгүй юу. Ардчилсан хувьсгалыг хийсэн хүмүүс ардчилал хийж байгаагаагаа ч мэдээгүй байдаг байх аа. Гэтэл ардчилал социализм хоёр чинь нэг юмны хоёр тал. Р.Гончигдорж, Баабар нарын үед МАХН-ыг эсэргүүцэхэд л тэдний зорилго нь биелж, дээшээ гарчихдаг байсан. Харин дараа нь яах вэ гэдэг зорилго байхгүй байсан учир унасан. Зорилго нь үнэхээр жижигхэн л байсан байна. Дээдийн зорилго нь хүнийг авч явдаг. Үүний жишгээр тухайн үеийн ардчиллын партизанууд зорилго нь биелэсэн болохоор мөрөө хөөгөөд л явсан байдаг. Тухайлбал, С.Зориг агсан парламентад орчихоод тэнд улс орны асуудал хэлэлцэж байхад чихэвч зүүгээд англи хэл сурч байсан гэдэг. Яагаад гэвэл тэр хүний эцсийн зорилго нь ардчилал байсан. Тэр зорилгодоо хүрсэн байсан.

-Тэгвэл таны дээд зорилго юу юм бэ?

-Миний дээд зорилго бол Үндсэн хууль. Монгол Улсын Үндсэн хууль эхлэхдээ Монгол хүний эрх ашгийг нэн түрүүнд хамгаалсан байх ёстой. Монгол хүн эх орондоо эзэн нь байх ёстой.

-Ярилцсанд баярлалаа.

Р.САРАНГОО

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

No comments:

Post a Comment