Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.БЯМБАДОРЖИЙГ энэ удаагийн зочноор урилаа.
-Танд одоо ямар нэгэн батлах энэ тэр байхгүй биз дээ?
-Батлах байгаа.
-Өө, тийм үү. Нам бус гэж бодож байлаа?
-Би нам бус л даа. Гэхдээ надад намын гишүүний батлах маань байгаа.
-Буцааж авдаггүй байсан юм уу?
-Түдгэлзсэн учраас хурааж авдаггүй юм.
-Эргэж гишүүний статус тань сэргээгдээгүй биз дээ?
-Сэргээгдээгүй. Намаасаа түтгэлзээд зургаа долоон жил болж байна.
-Таныг Цэцдээ үлдэнэ л гэж бодож байлаа. Нэг намд хамтдаа тэмцэж, өрсөлдөж, сөргөлдөж явсан нөхдийн тань зүгээс сая таны эсрэг тодорхой бодлого явуулчихсан юм биш үү. Энэ асуулт хутган үймүүлэх зорилгоор тавигдаагүй юм шүү?
-Би харин ч хамтран зүтгэж явсан нөхөд маань хөөрхий муу Бямбадоржийгоо гудманд гаргаж хаяад яахав дээ гэх үүднээс миний асуудалд хандлаа гэж хүлээж авч байгаа ш дээ.
-Танайхны нөхдүүд л таныг Цэцээс холдуулах гэж жаахан хор найруулсан байх. Түүнээс биш таны асуудалд сөрөг хүчин өөрийн намын хүн шиг л дотно хандаж байх шиг санагдсан ?
-Би УИХ-ын одоогийн гишүүдийн нэлээд хэсэгтэй нь Улсын Бага Хурлаас эхлээд хамт явсан байх юм. Тэгэхээр хүнийхээ хувьд бие биенээ мэдрэлцдэг, ойлголцдог цөөнгүй нөхдүүд энэ дотор байгаа л даа. Цэцийн дарга байсан энэ зургаан жилд УИХ Цэцийн хооронд сайнгүй харилцаатай үеүд цөөнгүй байсан. Би сая дотроо бэлтгэлтэй байсан. УИХ Цэц хоёр миний энд ажилласан он жилүүдэд тийм ч сайн харилцаатай байсангүй. Тэдний бас ч гэж гайгүй болов уу гэж бодож гаргасан нэлээд олон шийдвэрийг хэргсэхгүй болгож байсан. Тэгэхээр надад хандах хандлага нь тийм ч сайнгүй байх биз гэж би дотроо бодож байсан. Хувийн харилцаа талаасаа тэдэнтэй сүрхий муудаж янз бүр болж байгаагүй ч гэсэн хувьсгалын энэ ажил дээр нь аль сайдаж муудаж явсныг тэр гэх билээ. Тэгсэн чинь сая надад энэ парламент үнэхээр сайхан хандсан. Цэцийн гишүүнд дахиж томилохгүй гэхэд бол бүх хүмүүс чин сэтгэлээсээ над руу харж байсан. Би энэнд их баярласан. Хүмүүсийн нүүрэн дээрээс энэ зэргийн юмыг унших мэдрэмж суулгүй дээ. Ганчимэг ямар зорилготой асуулт асууж байна гэдгийг ч гэсэн би мэдэрнэ. Чи сая хутган үймүүлж байгаа юм биш шүү гэж л байна. Энийг чинь ч гэсэн би унших чадвартай болчихсон хүн байхгүй юу. Насан турш улс төрийн энэ хүрээнд ажиллалаа. Зөндөө л ороо бусгаа үеүдийг туулж гарч байлаа. Сая байнгын хороогоор орж байхад бол АН ч бай, хувьсгалт нам ч байна уу, бие даасан З.Алтай ч байна уу, Д.Энхбат ч байна уу, за би одоо С.Оюунтай тааралдаагүй. Бүгд надад нэг л сайхан хандаж байсан. Бүр нэг цаанаасаа гарч ирж байгаа хандлага нь халуун дулаан байсан шүү. Уг нь энэ хүнийг тэнд нь л ажиллуулах байсан юм даа гэсэн нэг далд хүслээр надад хандсан шүү. Тэр хандлага нь надад маш их тэжээл өгсөн. Би хуралд орохдоо сэтгэл санаагаар нэг их таатай байгаагүй. Үнэнийг хэлэхэд ерөөсөө таатай байгаагүй. Гэхдээ надад УИХ их том тэжээл өгсөн. Би энэ байгууллагад сайн ажиллах ёстой юм байна. Би зүтгэх ёстой юм байна. Хүний эрхийг хамгаалах энэ байгууллагад, бас өөрийнхөө ул мөрийг үлдээж, надад ямар хүч чадал, боломж бололцоо байдаг юм, тэр бүгдийгээ гаргаж зүтгэх юм шүү гэсэн бодол төрсөн.
-Хүний эрхийн байгууллага бол хуульч хүний хүчээ сорьдог л талбарын нэг байх. Харин Үндсэн хуулийн Цэц бол хуульч хүний мөрөөддөг талбар юм шиг. Хуульчдаас тийшээ чиглэсэн нэг тийм хүндэтгэмээр шунал мэдрэгддэг. Цэцийнхнээс ч гэсэн дээд зиндааны тоглогчид гэдгээ мэддэг бусдаас толгой дээгүүр харц анзаарагдаад байдаг юм?
-Би энэ дээр ёстой нэг илэн далангүй хариулъя. Чи их сонин асуулт асуулаа. Үнэнийг хэлэхэд одоо энэ УИХ-д байгаа, хуучин МАХН-д мөр зэрэгцэж явсан хэдэн нөхөд надад бий л дээ. Ц.Нямдорж ч гэдэг юмуу, Д.Лүндээжанцан ч гэдэг юмуу, Ц.Шаравдорж ч гэдэг юмуу бидний үеийн хувьсгалт намд харъяалагддаг хэдэн хуульч байна ш дээ. Улс төрд нэлээд олон жил явчихсан. Тэд нарын хувьд бол Цэцийг нэг их тоодоггүй. Би ч тийм байсан. Намайг Цэцийн гишүүн болоод ирэхэд, дараа нь Цэцийн дарга болоход Жанцан гуай нэг үг хэлсэн. Яг чиний саяын хэлдэг энэ үгийг. Хуульч хүний ирдэг хамгийн том өндөрлөг дээр та ирлээ гэж. Тэгэхэд би дотроо за даа тэр ч юу юм бэ гэж бодож байсан.
-Цэцийн дарга байсан Н.Жанцан гуай биз дээ?
-Тийм. Одоо манай орлогч. Тэр хүнээс тамгыг нь анх очихдоо гардаж аваад, сая бүрэн эрхээ тэр хүнд мөн л хүлээлгэж өгөөд ирлээ л дээ. Анх тэр хүнийг надад тэгж хэлж байхад би дотроо ингэж л бодож байсан. Зургаан жилийн дараа юу гэж бодсон бэ гэхээр үнэхээр хуульч хүний хүрэх өндөрлөг Үндсэн хуулийн Цэц. Цэцийн гишүүн болно гэдэг бол хуульч хүний хүрэх өндөрлөг мөн. Мөн юм байна шүү гэж би өнөөдөр бахархалтайгаар хэлж чадна. Залуу хуульчид УИХ-д байна л даа. Тэд нар ч бас л бид нар шиг бодож байгаа байх. Одоо манай Ж.Сүхбаатар байна. Манай Х.Тэмүүжин байна. Цэцийг яаж хардаг юм. Бас янз бүрийн байдлаар л хардаг юм шиг байна лээ. Гэхдээ яг хэлж байгаагийн цаадах ерөнхийг нь харахаар бие даасан эрх мэдэлтэй шүүх байгаасай гэж боддог юм шиг байна лээ. Жишээлбэл Х.Тэмүүжин гишүүн П.Очирбат гуай бид хоёрыг Төрийн байгуулалтын байнгын хороон дээр ороход их муухай үг хэлсэн л дээ. Цэц гэдэг газар улстөрчдийн морг болох нь ээ гэж. Их ч дургүй хүрсэн. Гэхдээ Х.Тэмүүжингийн тэр үг эргээд надад бас ч бодогдох бодол төрсөн. Тэр нь юу вэ гэхээр Цэцийг Цэц шиг байгаасай билээ, Цэцийг УИХ-аас хараат биш байгаасай, Цэц шүүх байгаасай билээ гэж шатахдаа л тэр муухай үгийг хэрэглэсэн болов уу. Ер нь залуу хуульчид ч гэсэн бас Цэцийг боддог юм байна даа гэж би бодсон. Үнэхээр Үндсэн хуулийн Цэц гэдэг байгууллагыг байгуулж чадаагүй байсан бол өнөөдөр дураараа аашлах явдал хэрээс хэтрэх байсан биз. Энэнээс болоод төрийн тогтолцоондоо ч аюул учрахыг үгүйсгэхгүй. Энийгээ ч УИХ-ын гишүүд нь мэддэг юм байна гэдэг сая ажиглагдлаа. Хэчнээн бид нарын гаргаж байгаа шийдвэрт дургүй байсан ч Цэц байрандаа байх нь зүйтэй шүү гэдгийг мэдэрдэг юм байна .
-Цэцийг улс төрийн хаялгаар самарч болохгүй газар гэдгийг одооноос ч болов ойлгодог болсон байна гэж үү?
-Нэг үгээр хэлбэл Цэцтэй хайраа дотроо халаа гаднаа гэдэг шиг хандлагаар л үзэх хэрэгтэй юм. Эд нартай ер жаахан хатуухан байх нь зөв гэхдээ дотроо хайрлаж байхгүй бол болохгүй шүү гэдэг тийм мэдрэмж УИХ-д байдаг юм байна шүү гэж ойлгогдсон.
-Цэцийн толгойд зургаан жил болохдоо таны хийсэн гол ажил юу вэ?
-ҮХЦ-ийн өрхийг нь татаж галыг нь түлсэн хүмүүсийг бодохоор үнэхээр хүндлэл, бишрэл төрдөг. Совд багш, дараа нь энийг үргэлжлүүлсэн Жанцан гуай гээд. Шинэ тутам энэ байгууллагыг горимоор нь байгуулж, яг байх ёстой байран дээр нь тавина гэдэг хэцүү шүү дээ. Байран дээр нь тавьж чадсан байхгүй юу. Энэ бол маш том ололт. 12-13 жилийн дараа би очиж байгаа юм. Нэгэнт байран дээр нь тавиад, нэгэнт тэр юмаа ойлгочихсон байхад надад цаашаа явахад их боломжтой байсан. Тэгээд ямар ч байсан урдах амжилтыг нь дордуулахгүй юм сан гэдэг сэтгэлээр ажилласан. Намайг манай гишүүд маш сайн дэмжиж ажилласан. Би тэд нартаа баярлалаа гэж хэлсэн. Та нартаа хайртай шүү гэж хэлэхэд тэр хайртай гэдэг үг үнэ цэнээ алдсан ч юм шиг санагдаад болж өгөхгүй байсан. Зарим үг чинь үнэ цэнээ алдчихдаг юм байна ш дээ. Гэхдээ миний сэтгэлийн гүнээс гарч байгаа юм шүү гэдгийг би тэдэндээ хэлсэн л дээ.
-Анх таныг Цэц дээр ирэхэд за, улстөрч хүн ирлээ. Цэцийг ч сайхан савалгаатуулж өгнө дөө гэх ажиглагчид байсан ?
-Ажиглагчид ч тэгж харж байсан. Сэтгүүлчид ч бичиж байсан. Зарим шийдвэрийг улс төрийн захиалгаар хийлээ ч гэж л байсан. Цэцийн бие даасан байдлыг хангах талаар бид нэлээд юм хийсэн байх аа. Байртай болгосон. Ямар нөхцөл дундуур явж байж байртай болгосон билээ. Насаараа тэнд орчих гэж байгаа юм шиг. Насаараа тэнд байх гэж байгаа юм шиг гүйлээ гэж л байсан. Зарим нь намайг тэрбумын байранд орлоо гээд бичиж л байсан. Зайсанд намайг өөрөө хувийн байр бариад орчихсон юм шиг ойлгоод сонин дээгүүр шуугилаа. Интернэтээр хүртэл нөгөөхөө цацсан. Бямбадорж нэг л их баян хүн болчихсон. Тэрбум гарангийн байранд амьдардаг гээд л . Ямар ч байсан өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн олон юмыг эргээд харахад сэтгэл хангалуун байна. Жишээ нь, Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагыг сонгох УИХ-ын сонгуулийн өмнө хуульд ийм заалт орсон байсан л даа. Гэмт хэрэгт шийтгүүлж байсан бол хэзээ ч УИХ-ын гишүүн болж болохгүй гэсэн. Тэр манайд ирсэн юм. Тэгээд бид тэрнийг Үндсэн хууль зөрчсөн заалт байна гэж үзсэн. Ингээд ирэхээр зэрэг 16 настай байхдаа ангийнхаа хүүхэдтэй тоглож байгаад гэмтэл учруулаад тэрнээсээ болоод эрүүгийн ял шийтгэл хүлээж сургуулиасаа хөөгдсөн хүүхэд байж гэж үзье. Торгуулийн арга хэмжээ ч орно шүү дээ. Ослын хэрэг байна. Хүн үхээгүй , хүн гэмтээгүй ч гэсэн эд хөрөнгөд нь их хохирол учруулбал эрүүгийн хэрэг болдог. Шүүхийн шийдвэр гараад тэрнийгээ төлсөн байна гэж бодъё. Энэний төлөө сонгогдох эрхээ хасуулж байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг бид таслан зогсоосон. Жишээ татаад яривал олон доо. Базаад хэлэхэд Цэц байх ёстой байран дээрээ л байж ирсэн гэж би өнөөдөр бардам хэлнэ. Цэц гэдэг бол хутга. Хоёр талдаа иртэй бол бүр хэцүүеэ дээ. Тэрийг зөв хүнд бариулах ёстой. Сэлэм Тогмид шиг байх юм бол Цэц биш. Юм болгон руу ордог, юм болгоныг жижиг томгүй цавчиж байдаг бол сэлэм гялс толгой бөндгөс л болоод яваад байна гэсэн үг. Эсвэл нэг уяаны нохой шиг болчих юм бол хэн ч тэр рүү хандахгүй. Хэн ч тэрийг тоохгүй. Би сая П.Очирбат гуайг томилохгүй байх вий дээ гэж их шаналж байсан. Хуульч биш энэ тэр гэж янз бүрийн юм л ярьдаг. П.Очирбат гуай шиг Үндсэн хуулийн заалтуудын мөн чанарыг, тэр утга учрыг, тэр гогцоо ойлголтыг гайхамшигтай нарийн гаргаж ирдэг хүн хуульчдын дотор тэр болгон байхгүй ш дээ. Энэ мэдрэмжээрээ бол Цэцийнхээ бусад гишүүдээс толгой дээгүүр л гэж би хэлнэ.
-Цэцийн гишүүдийн зарим нь цалингүй байдаг юм уу?
-Зарим нь цалингүй ш дээ. Орон тооны бус. Энэ чинь Үндсэн хуулийн бүр яавны зөрчил шүү дээ. Энэ талаар өргөдөл өгдөггүй учраас ҮХЦ дээр авч хэлэлцдэггүй байхгүй юу. Зургаа нь орон тооны бус ажилладаг юм ш дээ.
-Сая парламентын таныг хүлээж авсан уур амьсгалын тухай бид ярьсан. Танд улс төрийн шуурган дунд 20-25 жил цамцаа дэрвүүлж явсан амьдрал бий. Улстөрчдийн дотоод хүн гадагшаа нэг их харагддаггүй. Доторх гаднахь хоёр нь байнга ил явдаг цөөхөн хүний нэг бол та. Таныг мэддэг учраас л Хүний эрхийн үндэсний комиссын удирдлагаар баталсан биз?
-Би зүгээр ганцхан хүнээр жишээ авъя. Р. Гончигдорж гэдэг хүнээр. Бага хуралд миний дарга байсан. Дараа нь 1996-2000 онд миний дарга байсан. Намайг Цэцийн гишүүн, Цэцийн дарга болоход дэмжсэн. Тэгсэн мөртлөө энэ зургаан жилд Цэцийн эсрэг ганц ажилладаг, Цэцийн эсрэг үг хэлдэг хүн Р.Гончигдорж байлаа ш дээ. Гомдох ч цаг, уурлах ч үе бишгүй гарч байлаа. Тэгэхэд сая намайг Цэцээс ингээд мулталж гэх юм уу даа юм болж байхад үнэхээр нэг дүү нь ч юм уу, үнэхээр нэг найз нь ч юм уу, үнэхээр ах нь ч юм уу гэмээр дүртэй сууж байсан. Одоо ингээд ажилгүй болчих вий гэсэн зовнил хэлэхгүй ч гэсэн тэр нүүр царайн дээр нь ил байсан. Би бас нэг энэ зэргийн юм уншина ш дээ. УИХ 98 хувийн саналаа надад өгсөн. Нэг гишүүн татгалзсан. Тэр гишүүнийг нь ч би мэдэж байгаа. Гэхдээ тэр бол надад дэндүү сайн гишүүн байхгүй юу. Тэр гишүүний дэмжээгүй цаад утга нь бол энэ хүн Цэцдээ байсан бол ч ...гэж бодсоных байсан байж мэднэ.
-Хүний эрхийн үндэсний комисс бол шинэ гэж хэлж болох байгууллага. Үйл ажиллагааных нь хүрээ өргөн. Прокурор, шүүх цагдаа гэдэг байгууллагуудтай л “үзэх” болно. Хуульчийн хувьд ноён нуруу шаардана. Миний авч байгаа мэдээллээр бол “Ганцхудаг” гэдэг хорих байранд хилсээр ял тулгуулаад байж байгаа бүх хүн ХЭҮК-т захиа бичдэг юм байна лээ. Ингэж л итгэл найдварын гал улалзуулж байдаг газар?
-Энэ ажлыг аваад гурав хонохдоо төсөв дээр л суулаа. Ерөөсөө л ажил хийх гол юм чинь санхүү шүү дээ. Ирэх жилийн төсөв жаахан дутагдалтай юм байна. Хэдэн төгрөг дутаж байна. Хүмүүстэйгээ нийлээд тооцож гаргаад УИХ-д хандах гэж байна. Хоёр гишүүнтэйгээ ажил төрлийн юмнууд ярилаа. Тамгын газрын ажилтнуудтайгаа уулзаж ярилаа. Ерөнхийдөө Цэц чинь чөлөөтэй газар байжээ. Энэ гурван өдөр ямар ч чөлөөгүй сууж байна. Нэг талаас. Нөгөө талаас хууль шүүхийн байгууллагуудтай яаж ажиллах вэ гэж байна. Би тэгнэ ингэнэ гэж гурав хоногийн дараа хэлэх хэцүү л дээ. Гэхдээ би нэг юман дээр хатуу байх болно. Үнэхээр Монгол Улсын эдийн засгийн боломж чадавхи хүрэхгүй байгаа юман дээр би чанга хашгираад, мянга тэрний төлөө зүтгэхийн хэрэггүй. Боломж ч байхгүй. Хөрөнгө мөнгө санхүү нь бололцоотой, хууль эрх зүйн орчин нь тодорхой болчихсон ийм үед хүний эрхийг зөрчиж байгаа албан тушаалтнуудтай бол үзнэ. Бүр ил үзнэ.
-Таны харъяалагдаж байсан МАХН нэрээ сольчихлоо. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Би бол одоо нам бус хүн учраас хөндлөнгөөс дүгнэлт өгөхөд хэцүү байна л даа. Намын нэр өөрчлөх асуудал олон яригдаж байсан уу гэвэл олон яригдаж байсан. Энэ дээр би хувь хүмүүсийг хэлээд яахав. Энэ намын нэр хэнд гай болсон юм бэ гээд жишээ нь нэг нөлөө бүхий хүн саяхан дуугарч л байсан. Уг нь намын нэр хүнд өссөн, ард түмэн дэмжиж байсан тэр үед намын нэрийг өөрчилчихөж болох л байсан юм. Надаас өгсүүлээд цаг нь болоогүй гэж үзэж байсан л даа. Өөрөөр хэлбэл нөгөө л хувьсгалт намын нэрээр суудал авчих санаатай байхгүй юу . Энийг нуугаад байх юм байхгүй. Тийм л юмаар яваад өнөөдөрт хүрсэн. Өнөөдөр зүгээр би мэдэхгүй байна. Намын дотор байгаа биш. Тэр дундаа намын удирдлагад байгаа биш. Бодвол судалгаа олон юм авсан биз. Миний олж мэдсэнээр судалгаагаар намын нэр хүнд нэг их өндөргүй байгаа юм байна лээ. Ийм үед сольсон нь ямар юм бол доо л гэж зүгээр иргэн хүний хувьд бодож байгаа.
-Улс төрийн талаар ахин асуулт асуугаад хэрэггүй ээ л гэж байх шиг байна?
-Ер нь одоо дэмий дээ. Яршиг.
-Саяын XXVI их хурлын үеэр их сонин дүр зургууд ажиглагдаж байна лээ. Түрүү энэ намын нэр хэнд гай болоод байгаа юм бэ гэж хэлж байсан хүний тухай дурслаа. Би тэр хүнийг санаж л байна. Тэр хүн маань сая намын нэр солихоор идэвхтэй ажиллалаа. Харин дээр үед солъё гээд явж байсан Н.Энхбаяр нь нэлээн буруутгагдчихсан, буланд шахуулчихсан сонин харагдаж байна лээ. Хүмүүсийн үзэл бодлын хувирал гэж сонин юм.
Н.Энхбаяртай нэгэн үе нэг багт зүтгэж явсан хүний нэг та байх. Өнөөдрийн тэр хүний байдлыг ажиглагчид янз бүрээр тайлбарлаж байна. Та бодлоо хуваалцахгүй юу?
-Улс төр бол багийн тоглоом. Би энийг бол урд өмнө ч гэсэн ярилцлагадаа хэлж байсан. Яг хөлбөмбөгтэй адилхан. Багийн амжилт, багийн нягтрал, багийн юмаар л амжилтад гардаг. Түүнээс мянга нэг сайн бурхан байгаад ганцаараа явдаггүй. Би тэр үед ч хэлдэг байсан. Хэний баг байна тэрэндээ үнэнч ажиллах ёстой. Улс төр бол тэр. Би Н.Энхбаярын багт ажиллаж байсан. Үнэнчээр ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл манай багийн бодлогод зөв байсан олон ч юм бий, алдсан ч юм бий л байх. Дараа нь М.Энхболдын баг, С.Баярын баг, дараа нь Сү.Батболдын баг гээд ингээд ажиллаад явж байна хувьсгалт намд. Багийн удирдагчид багаа бүрдүүлээд л явна. Тэрэнд буруу өгөөд байх юм бол огт байхгүй. Би Н.Энхбаярын багт тодорхой үүрэг гүйцэтгэж явсан. Гэвч өнөөдөр Н.Энхбаяр гэж адгийн шаар, муу хулгайч, одоо чи боль, чиний үе дууссан гэж хэлэх совесть надад байхгүй. Сайн явсан бол бидний л хамтын үйл ажиллагаа, муу явсан бол бидний л хамтын үйл ажиллагаа. Н.Энхбаярт буруу байсан бол багийн гишүүд нөхрөө татаж аваагүйн алдаа. Адилхан л хүлээх ёстой. Өөрөөр хэлбэл, тэр багийн гишүүдийг дараагийн багт ажиллах нь буруу гэж би хэлэхгүй. Урдах хөл бүдэрсний төлөө хойдох гуяыг нь ташуурдаж болохгүй гэж үг бий. Ханилж яваад нөхрөө, хатирч яваад морио гэж аав минь хэлдэг байсан. Аав маань бол зүгээр л нэг жирийн хөдөөний хар ухаантай хүн. Манай аав шиг ухаантай хүн одоо хүртэл надтай тааралдаагүй. Ардын ухаан гэдэг юм ингэж л үеэс үед өвлөгдөж явдаг юм байна. Тэгж ярих юм бол Ч.Лодойдамба гуай зүгээр нэг зохиолч хүн биш байжээ. Ямар их улс төрийн боловсролтой, хүмүүсийн харилцааг гярхай мэддэг хүн байсан юм бэ. Би “Тунгалаг Тамир”-ыг бараг цээжлэх шахсан хүн л дээ. Тэр Галсангийн нэг согтчихсон давхиж ирээд хэлдэг үг байдаг ш дээ. Өмнө нь манай ах шиг баян хүн, буянтай хүн байхгүй гээд л, авгайгаа хүртэл Итгэлтийн өвөрт байхад тоодоггүй хүн шүү дээ. Бараг л миний ахын зөв гэхээ шахна. Дулмааг 16 настай жирэмсэн болгоод дамжуулаад өгөхөд хуучин дээлээ өгч байгаа юм шиг нь аваад л манай ах шиг сайхан хүн байхгүй гээд ингэж амьдарч байсан. Итгэлтийн үе дуусаад ардын засаг гарч ирээд ингээд юм юм болоод ирдэг дээ. Тэгэхэд хамгийн түрүүнд Итгэлтийн гадаа Галсан согтуу давхиж ирж байдаг ш дээ. Аа, муу нударган баян. Чамайг нударган баян гэж надад улаан хувьсгалч Дорж гуай хэлсэн. Муусайн, нударганчууд сөнөтүгэй гээд л. Итгэлтийн авгай нь уурлаад муу цусыг цохиод алчихъя гээд сандлаа бариад ухасхийж байдаг даа. Тэрүүгээр хүн гэдэг ерөөсөө Галсан шиг байж болохгүй л гэж байгаа юм. Ерөөсөө л Ням өвгөн шиг байх ёстой байхгүй юу. Ням өвгөний үгнүүд дээр энийг нарийн гаргасан. Танд энэ үнээ малыг чинь ардын засаг өгөө биз дээ гэхэд. Ардын засаг өгсөн өгсөөн. Гэхдээ ч муу Итгэлтийн минь буян шүү дээ гэж. Энэ бол хүн чанарын харилцаа. Н.Энхбаярт алдаж байгаа ч юм байгаа л байх, онож байгаа ч юм байх шиг л байна. Ингэлээ гээд Н.Энхбаяраас би нүүрээ буруулахгүй. Ганц Н.Энхбаяр биш шүү дээ. Энэ улс төрд байгаа бүх хүмүүстэй би дотно харилцаатай явсан ш дээ. Би М.Энхболдтой, С.Баяртай, С.Батболдтой, Ц.Нямдоржтой, Д.Лүндээжанцантай бүгдтэй нь л дотно явсан. Би хэнийг нь ч зөв явахад нь зөв гэж ханарахгүй. Сайн явбал сайн л явж байна ш дээ. Сайн л байна. Би тэрэнд нь атаархаад доош нь татах гээд байх юм алга. Одоо юу гэдэг юм нэгийг нь ажил албагүй болчихлоор тойрч захлаад ч юм уу гүйхгүй. Ажил албагүй болох чинь муу яваа гэсэн үг бас биш шүү дээ. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй. Нэг л өдөр ажилгүй боллоо. Тэглээ гээд аан чи муу нударган байсан. Тэр надад тэгж хэлсэн гээд давхиж очиж болохгүй биз дээ. Чи хэзээний л нэг тийм юм байсан гээд л. Тэгвэл тэр үед нь л хэлж байхгүй яасан юм бэ. Н.Энхбаяр дарга ч хэлэх байх. Нэг асуугаарай, та нар. Тэгж ярих юм бол Н.Энхбаярт би бодож санадгаа улаан цайм хэлдэг байсан хүн. Тэр үед хэлээгүй хүмүүс зөндөө л байсан ш дээ. Огт дуугардаггүй л байсан ш дээ. Босоод нүүр нь ягаараад, улаараад эргээд арагшаа суудаг л байсан Н.Энхбаяр дарга. Ширээ шаадаг л байсан. Дандаа ч ийм соёлтой сайхан царай ч гаргадаггүй л байсан тэр том дарга байхдаа. Н.Энхбаяр дарга бас надад итгэдэг юм шиг байна лээ. Одоо ч гэсэн. Заримдаа бас миний бодоход ийм л байх шиг байх юм даа гэж би санаа бодлоо хэлдэг. Үнэхээр тэр хүнд шүүмжлэлтэй хандах юм байна. Тэглээ гээд би өнөөдөр Н.Энхбаяр муу нохой гэж хэлж чадахгүй.
Сэтгүүлч Б.Ганчимэг
No comments:
Post a Comment