Saturday, 25 December 2010

А.ГАНСҮХ:"ТӨМӨР ЗАМЫГ АЛЬ БОЛОХ ХУРДАН БАРИНА"


Уул уурхайн томоохон ордыг ашиглахад хамгийн чухал шаардлагатай дэд бүтэц бол яах аргагуй төмөр зам юм. Иймээс өнгөрсөн зургадугаар сарын 24-нд УИХ-аас “Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого”-ыг баталсан билээ. Энэ нь их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан том бүтээн байгуулалт юм. Харин төмөр замын өндөр технологи эзэмшсэн улс орнууд манай улсын төмөр замд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлээд байгаа аж. Төмөр замыг ямар бодлогоор барих, гадаадын хичнээн улс хамтарч ажиллах сонирхолтой байгаа талаар ЗТБХБ-ын дэд сайд А.Гансүхээс тодрууллаа.

-Өнгөрсөн хаврын чуулганаар томоохон асуудал шийдэж чадсан нь Тавантолгойн ордыг ашиглах байсан. Харин үүнийг дагаад төмөр замын асуудал яригдсан. Тиймээс төрөөс баримталж буй төмөр замын тээврийн бодлогын талаар ярихгүй юу?
-Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг баталсан нь маш чухал алхам юм. Төмөр зам бол улс орны аюулгуй байдал, эдийн засгийн хөгжил зэрэг томоохон асуудлуудтай холбоотой шийдэгдэх ёстой чухал асуудал байдаг учраас УИХ-аар хэлэлцэж баталсан. Төмөр замыг зөвхөн эдийн засгийн утгаар нь бус улс орны аюулгүй байдалтай холбож үздэг. Өнөөдөр манай холбогдох хууль тогтоомжид ч яг энэ үүднээс нь тусгасан маш тодорхой заалтууд байдаг. Манай улс зөвхөн хөрш Орос, Хятадаас гадна гуравдагч зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах хэрэгтэй. Тухайлбал, Япон, Солонгос, Энэтхэг, Тайвань гэх мэтчилэн.

-Яагаад заавал эдгээр орнууд гэж?
-Япон гэхэд аж үйлдвэр маш өндөр хөгжсөн дэлхийд хоёрдугаарт ордог том эдийн засагтай. Солонгосын хувьд дэлхийд аравт орох эдийн засагтай. Өөрсдөө түүхий эд байхгүй мөртлөө хүнд аж үйлдвэр хөгжсөн орнууд. Тиймээс эдгээр орнуудад нүүрс болон бусад ашигт малтмал хэрэгтэй. Иймээс шинээр баригдах төмөр замын чиглэл бүгд далайн боомтууд руу чиглэсэн байгаа. Хөрш орнуудын далайн боомтоор дамжуулаад Япон, Солонгос зэрэг орон руу ашигт малтмалаа гаргах зорилготой байна. Үүнийг л гуравдагч зах зээл гэж байгаа юм. Өнөөдөр манай улс ганцхан БНХАУ-ын Тьянжин боомтоор л далайд гарцтай байна. Харин одоо Орост гурван боомт, цаашлаад Хятадад гурван боомт нэмэх боломж байгаа юм. Ингэснээр бид гуравдагч зах зээл рүү түүхий эд, ашигт малтмалаа экспортлох үүд хаалга нээгдэнэ.

-Ямар улс орнууд төмөр замд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлээд байна вэ?
-Орос улстай хамтарсан “Дэд бүтцийн хөгжил” компани байгуулсан.

Энэ компани төмөр замд хөрөнгө оруулалт хийж хамтарч ажиллана. Мөн Солонгос улс сонирхолоо илэрхийлж дотооддоо консорциум байгуулсан байгаа. Дэлхийд нэр хүнд бүхий компаниудаа нэгтгээд манай улсын төмөр замын төсөлд хөрөнгө оруулалт хийх консорциум байгуулаад яриа хэлэлцээрүүд нэлээд хурдацтай явж байна. Хятадын зарим том компаниуд төмөр замын бүтээн байгуулалтад оролцох саналаа ирүүлсэн. Мөн Герман улс ч гэсэн хамтран ажиллах боломжоо судалж уулзалт хийсэн.

-Төмөр замын бүтээн байгуулалтын ажил хэдий хугацаанд үргэлжилж, үр ашгаа өгч эхлэх бол?
-Энэ бол Тавантолгойн ордыг ашиглахтай холбоотой. Өөрөөр хэлбэл, Тавантолгой, Оюутолгой болон бусад томоохон ашигт малтмалтын ордуудын тээврийг л төмөр замаараа хийнэ шүү дээ. Төмөр замаа аль болох хурдан баръя гэж төлөвлөөд ажиллаж байна. Энэ хооронд Тавантолгойн орд ашиглалтад ороод эхэлбэл магадгүй ойрын таван жилийн дотор үр шимийг нь үзэх л байх.

Улс төрийн тойм
Эх сурвалж майнин дот эм эн

No comments:

Post a Comment