-Ярилцлагаа “Транзит Монгол” олон улсын форумыг яагаад зохион байгуулах болсон талаар эхлэх үү?
-Манай улс газарзүйн байрлалаа ашиглан олон улсын дамжин өнгөрөх тээврээс ашиг олох бүрэн боломжтой орон. Өөрөөр хэлбэл, манай улсын газар нутгийг хөндлөн огтолсон Замын-Үүд, Алтанбулаг хүртлэх транзит зам нь Ази, Европыг холбосон хамгийн дөт гарцын нэг юм. Өнөөдрийн байдлаар ОХУ болон БНХАУ-ын хооронд явагдаж байгаа гол тээвэр Манжуураар дамжин явж байна. Тэгвэл Монголын нутгаар дамжиж явбал 800-850 километрээр дөт явах зөрүү гардаг. Ингээд харахад манай улсын хөндлөн гулд татсан транзит замаар олон улсын тээвэрлэлт дамжвал хугацаа хэмнэх, эдийн засгийн хэмнэлттэй байх боломжтой. Одоогийн байдлаар ОХУ-ын Сибирийн бүст 60 гаруй сая хүн ам амьдарч байна. Тэд БНХАУ-д үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Түүнчлэн БНХАУ, ОХУ хоёрын худалдааны эргэлт 80 тэрбум ам.доллар байдаг. Энэ тоо ойрын арван жилд 700 тэрбум ам.доллар болно гэж судлаачид үзэж байгаа.
Тэгэхээр худалдааны эргэлт томрох тусам хаагуур явж, хаашаа тээвэрлэх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Үүний хариулт нь ердөө Замын-Үүд, Алтанбулагийг холбосон транзит тээвэр юм. Үүнийг л олон улсын тээвэрлэгчдэд ойлгуулах зорилготой чуулга уулзалтыг зохион байгуулж байна.
-Манай улсын төмөр замын салбарт эдийн засгийн хямрал нүүрлэсэн үед олон улсынхны урьж чуулга уулзалт зохион байгуулах нь эрсдэлтэй басхүү хариуцлагатай ажил. Транзит тээвэр хөгжүүлснээр төмөр замын хувь заяа шийдэгдэх боломж бий юу?
-Тийм шүү. Өнөөдрийн байдлаар манай улсын дамжин өнгөрүүлэх тээврийн хүчин чадал муу. Өөрөөр хэлбэл, урд хил дээр ирж дугуй сольдог, вагоны хүрэлцээ тааруу, тариф өндөр. Үүнээс болж БНХАУ, ОХУ-тай өрсөлдөх чадваргүй болж байна. Гэхдээ манайд ч тухайн улсад ч ашигтай зүйл байна. Манай улсын төмөр замын дотоодын тээвэр алдагдалтай байна. Өмнө нь “ЮКОС” компани манай улсаар дамжин өнгөрүүлэх тээвэр хийдэг байсан. Харин энэ компани дампуурчихсан. Энэ компани дампуурснаас хойш “Роснефть” компани ачаа тээвэрлэлтээ манай нутаг дэвсгэрээр дамжуулан хийхгүй байгаа. Тэд хилийн гадуур буюу Манжуураар дамжуулж манайд нийлүүлж байна. Үүнээс болж манай улсын транзит тээвэр уналтад орж, дотоодын тээвэр алдагдалтай гарах болсон. Ашиг олдог салбар нь уналтад орохоор “Улаанбаатар” төмөр замын үйл ажиллагаа доголдож, алдагдалтай ажиллаж эхэлсэн. Төмөр замаас амьдрал, ахуйгаа залгуулдаг 16 мянган хүн байна. Тэр бүгдийн цаана хэдэн хүн байх нь ойлгомжтой. Ийм том салбар уналтад орохоор манай улсын эдийн засагт ч нөлөөлж эхэлнэ.
Эдийн засгийн хөгжилд төмөр зам чухал үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, зам дагаж хөгжил ирдэг л дээ. Тухайлбал, Дорноговь аймгийн хүн амын 54 хувь нь төмөр зам даган амьдарч байна. Түүнчлэн, худалдаа, үйлчилгээ, банкны салбарынхан төмөр замыг дагаж дагуул үйлчилгээг үзүүлж, ашиг олж байна. Энэ бүхнээс үзэхэд төмөр зам манай улсын эдийн засгийг дэмжигч амь тариа юм.
-Салбар хариуцсан сайд Х.Баттулга гадаадын хэд хэдэн улсын төмөр замын салбарыг судалж ирсэн гэсэн. Энэ үеэр хэд хэдэн боомттой хамтран ажиллахаар болсон тухай дуулсан?
-Яамны зүгээс төмөр замыг хөгжүүлье гэсэн бодлого баримталж байна. Хөгжүүлэхийн тулд транзит тээвэр өндөр хөгжсөн орнуудын туршлагыг судлах ёстой. Үүний дагуу салбарын сайд хэд хэдэн орноор явж, туршлага судалж, хамтран ажиллах тухай тохиролцоо хийгээд ирсэн. Тухайлбал, ХБНГУ-ын талтай ярилцаж, манай улсын транзит тээврээр дамжуулж ачаа эргэлтээ явуулах боломжтой эсэхийг судалж, уламжилсан. Тэд нааштай хариу өгсөн. Түүнчлэн энэ саналыг ОХУ дэмжсэн. ХБНГУ, ОХУ-тай манай тал тохиролцоонд хүрэхээр БНХАУ-тай ярих асуудал гарч ирнэ. Тус улстай тохиролцоонд хүрэхэд ОХУ тус болж байна. Бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдаж эхэлсэн. Тиймээс дээрх улсуудыг Улаанбаатар хотноо урьж “Транзит Монгол” олон улсын уулзалтыг зохион байгуулах гэж байна. Энэ үеэр стратегийн түнш улсууд нэгэн дор чуулж хэн хэндээ ашигтай үр дүн гаргана.
-Аливаа зүйлийг хийх нэг хэрэг ч гарах үр дүн нь сонирхол татаж байна. Чуулга уулзалтаар үнэхээр манай талд ашигтай үр дүн гарах болов уу?
-Форумын үр дүн ердөө манай улсын транзит тээврээр дамжуулан явуулах ачаа эргэлтийг нэмэгдүүлэх явдал юм. Гэхдээ Монгол Улсын эдийн засагт транзит тээвэр амь тариа болсондоо бус дамжин өнгөрөх тээврээс ч гадаадын улс ашиг олох боломжтой гэдгийг ойлгуулахад оршиж байна. Манайхаар дамжуулан тээвэрлэсэн ачаа нэгдүгээрт, хугацаа хожино, хөрөнгө мөнгө хэмнэнэ гэхчилэн ашиг их байгаа. Үүнийг ч бид форумд уригдан оролцож байгаа талуудад уламжилж байна. Түүнээс биш дан нэг талыг баримталж гадныхнаас юм гуйгаагүй. Хэн хэндээ ашигтай хувилбарыг л санал болгоно.
-Чуулга уулзалтад хичнээн орон оролцох вэ?
-Гадаадын 80 орчим байгууллагад форумд оролцох урилга өгсөн. Үүнээс 50 орчим нь оролцоно гэдгээ илэрхийлсэн өдөр ирэх тутам оролцогсдын тоо нэмэгдэж байна. Түүнчлэн манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа Элчин сайдын яамдууд, олон улсын байгууллага, Дэлхийн банк оролцоно. Мөн манай талаас Гадаад харилцааны яамыг транзит тээврийн талаар илтгэл тавиач гэсэн хүсэлт гаргасан. Эрдэс, баялаг, эрчим хүчний яам уул уурхай талаас оролцоно. Түүнчлэн, Канад, Казахстанаас төлөөлөгч ирнэ.
-Канадын төлөөлөгч ирнэ гэлээ. Манай улсын уул уурхайн салбарын томоохон хөрөнгө оруулагч улсын төлөөлөгч ирж байгаа болохоор орд газруудыг эргэлтэд оруулахад шаардлагатай дэд бүтцийн асуудал яригдах уу?
-Яригдана. Одоогийн байдлаар манай улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчийн эхний эгнээнд Канад улс явж байна. Тус улс Оюутолгой орд газарт хөрөнгө оруулалт хийж, ашиглах асуудал яригдаж байна. Уул уурхайн дэд бүтцийг хөгжүүлэхийн тулд төмөр зам их үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс бид Канадын талтай уул уурхайн дэд бүтцийг хөгжүүлэхийн тулд транзит тээврийг ашиглаач гэсэн хүсэлтийг тавьсан, тэд ч дэмжсэн. Форумд тус улсын төмөр замын хоёр том компанийн төлөөлөгчдөд урилга өгсөн, оролцох байх гэж найдаж байна. Мөн бид төмөр замаар дамжуулан Сүхбаатарын цайр, Дорнодын Мардайн уран зэрэг ордын дэд бүтцийг хангах, ирээдүйг харж ажиллаж байна.
-”Транзит Монгол”-оос өөр ямар үр дүн хүлээж байна вэ?
-Олон үр дүн хүлээж болно. Эхний ээлжид Монгол Улсаар дайрч өнгөрөх транзит тээврийн эргэлт нэмэгдэх, бусад улсуудыг энэ замаар дайрч өнгөрөх сонирхлыг нэмэгдүүлэх. Түүнчлэн Монголын төмөр замыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулаач гэсэн хүсэлтийг оролцогчдод уриалах гэж байна. Одоогийн байдлаар ОХУ-ын төмөр замтай хамтраад Монголын төмөр замыг хөгжүүлэхээр төсөл хэрэгжүүлээд ажиллаж байна. Төмөр зам хөгжих тусам уул уурхай руу хөрөнгө оруулагчийн идэвхи сэргэнэ. Өөрөөр хэлбэл, газрын хэвлий дэх эрдэнэсийг ухаад гаргахад тээвэрлэх зам, дэд бүтэц бэлэн байна гэсэн үг. Үүнийг дагаж манай эрдэнэсийн авдрын үнэ ч нэмэгдэнэ.
-Транзит тээвэртэй л болчихвол бүх зүйл сайнаар эргэх юм шиг яриад байна. Гэтэл манай улсад транзит тээврийг хийх дэд бүтэц буюу вагоны хангалт, хүрэлцээ муу байна шүү дээ?
-Хамгийн чухал асуудал энэ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард ЗТБХБ-ын сайд Х.Баттулга ОХУ-ын төмөр замын дарга Якунинтай уулзаж төмөр замын салбарыг дэмжиж ажиллаач гэсэн хүсэлтийг тавьсан. Энэ хүсэлтийг тус улсын төмөр замын дарга хүлээн авч, эхний ээлжид хөнгөлттэй үнээр мянган вагон өгөхөөр болсон. Бүх вагоныг хил рүү татаад авчирсан байгаа. Энэ сард багтаад ОХУ-аас хөнгөлөлттэй үнээр өгч байгаа мянган вагон ороод ирнэ.
-Транзит тээвэр гэхээр бид төмөр замаар төсөөлдөг. Олон улсын жишгээс харахад транзит тээврийг төрөл бүрээр хөгжүүлдэг юм билээ?
-Манай нөхцөлд төмөр болон засмал замаар транзит тээврийг хөгжүүлэх боломжтой. Гэвч манай улсын нутаг дэвсгэрээр авто замын транзит тээвэр явахгүй байгаа. Боломж ч хомс. Манай улсад транзит тээвэр явуулах олон улсын стандартад нийцсэн хурд, даацын авто зам байхгүй. Гэхдээ Замын-Үүд, Алтанбулагийг холбосон хурдны зам барих төсөл явж байгаа. Энэ төсөл хэрэгжвэл авто замаар дамжуулж транзит тээвэр хийх боломж бүрдэнэ.
-Гадны улсууд манайд гараа зүгээр сунгаж, хөрөнгө оруулалт хийхгүй гэдэг нь ойлгомжтой. Тэд биднээс эргээд юу авахыг хүсч байна вэ?
-Ямар ч бизнесмэн ашигтай ажиллахыг л хүсдэг. Жишээ нь, ОХУ манай улсын төмөр замын салбарт тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулъя гэж бодъё. Эргээд энэ мөнгийг хөрөнгө оруулагч яаж олох вэ. Мэдээж хөрөнгө оруулсан зүйлээ ашигтай байлгахын тулд тэд бизнесээ дэмжих талаар бүхнийг хийнэ. Тиймээс манай төмөр замын салбарт ОХУ-ын хөрөнгө оруулагчийн сонирхол нэмэгдэж, тэр хэмжээгээр төмөр зам сэргэнэ. Транзит тээврээс хөрөнгө нөхөх боломж бий юу гэвэл байгаа.
-Хямралыг гэтлэх аргаар төмөр замынхан ажилтнуудаа цомхотгох хувилбарыг сонгож, хэд хэдэн хүн ажлаас халагдсан. Энэ хэр зөв алхам бэ?
-Төмөр замын салбар уналтад орж, цомхотгол явагдах гэж байна гэсэн яриа нийгэмд гарах болсон. Манай яамны зүгээс болон төмөр замын удирдлагууд ажилтнуудынхаа дунд цомхотгол хийхгүй гэсэн байр суурьтай байна. Харин үүний оронд дотоодын зарим алдагдалтай тарифыг нэмэхээр болж байгаа. Тухайлбал, нүүрс тээвэрлэлтийн тарифыг өөрийнх нь өртөгийг хаах хэмжээнд нэмэх шийдвэрийг гаргасан. Гэтэл энэ нь эргээд цахилгаан, дулааны үнэ нэмэгдэхэд нөлөөлөх гээд байдаг. Гарах гарц бол транзит тээврийг сэргээх. Ази, Европыг холбосон дөрвөн гол гарц байна. Нэг нь манайх юм. Энэ дөрвөн гарцаар жилд 30 тэрбум тонн ачаа тээвэрлэгдэж байна. Үүний нэг хувь нь манай улсаар дамжин тээвэрлэгдэхэд жилд 30 сая тонн ачаа тээвэрлэж, улсын төсөвт 600 сая ам.доллар орж ирэх боломжтой. Энэ ашгийг өнөөдрийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас олж байгаа. Ийм нөөц боломж төмөр замын салбарт байна. Үүнийг бид ашиглаж чадахгүй өдий хүрлээ.
-Хямрал нэгэнт нүүрлэсэн юм чинь гэсэн үзэлтэй хүн нийгэмд бишгүй байгаа байх. Тэр хүмүүст хандаж юу хэлэх вэ?
-Төмөр замын салбар дахь ачаа эргэлт эрс буурсан. Гэхдээ эдийн засгийн хямрал төмөр замын салбарт нүүрлэчихлээ гээд гар хумхин сууж болохгүй. Тиймээс Монгол Улсын транзит тээврийг хөгжүүлэхийн тулд олон улсынхны анхаарлыг хандуулж, нэг шийдэлд хүрэхийн тулд чуулах гэж байна.
М.АРИУНТУУЛ
Эх сурвалж: Нийгмийн толь сонин
No comments:
Post a Comment