Шог зураач С.Цогтбаяр хөгжмийн бичлэг цуглуулдаг хоббитой. Түүний “Учиртай инээд” альбом, “Төрийн төлөө оготно” улс төрийн шог зургийн номыг хүмүүс үзэх дуртай хэдий ч пянз, сиди цуглуулдаг гэдгийг нь төдийлөн мэддэггүй. С.Цогтбаяр удахгүй шог зургийн эмхэтгэлээрээ “Монголын нэг өдөр” нэртэй номоо удахгүй хэвлүүлэх гэж байна. Энэ нь Марзан Шаравын “Монголын нэг өдөр”-ийн орчин үеийн хувилбар гэнэ. Энэ удаа түүнтэй хоббиных нь талаар хөөрөлдсөнөө толилуулъя. - Та хэзээнээс хөгжмийн бичлэг цуглуулж эхлэв? - Би долдугаар ангиасаа хөгжмийн бичлэг цуглуулаад, дөчөөд жил болж байна. Оюутан байхад, хөгжмийн бичлэг олдохгүй, бараан зах дээр гарч, хар пянз их солилцдог байлаа. Хөгжмийн бичлэг технологийн хөгжлөө дагаад, пянз, дараа нь хальс, одоо CD, DVD, HDVD, “BLUE RAY DISC” болсон. Бас цаг үеэ дагаад цуглуулгын нэр төрөл өөрчлөгдөж байна. Хамгийн сүүлд 40 Gb багтаамжтай CD гарчээ. 250-300 Gb хэмжээтэй CD-ний туршилт явагдаж байгаа гэсэн. Ойрын 2-3 жилээс хэрэглээнд гарах байх. Иймэрхүү хувьсал цуглуулагчдад нөлөөлөх нь ойлгомжтой. Боломжтой бүх хувилбараар цуглуулгаа өргөжүүлнэ шүү дээ. Харин номны хувьд аудио, CD, PDF, гурван хэмжээст гээд цахим хэлбэрээр олон хувилбар бий. Үүнийг ашиглаад, цахим номын сантай болж болно. Гэхдээ хэвлэмэл ном хэрэглээнээс гарахгүй. Арван хэдэн жилийн өмнө үлгэр юм шиг ярьдаг байсан гайхамшигтай атлаа ойлгомжгүй эрин үед бид амьдарч байна. Ер нь хүн таалагдсан зүйлээ цуглуулна шүү дээ. - Ямар учраас цуглуулга хийдэг вэ? - Тийм ээ, өөрийн сонсож байгаа хөгжмөө ойлгож цуглуулахыг хичээдэг. Хөгжмийг ойлгож сонсвол, жинхэнэ таашаал авна. Гэхдээ арилжааны хөгжим бий л дээ. Би цуглуулгатайгаа холбоотой ном, сонин сэтгүүл их цуглуулдаг. Бас “Оскар”, Холливудын киног он цагийн дарааллаар нь цуглуулахыг хичээдэг. Хэрэглээний бүтээгдэхүүнийг төрөлжүүлээд, багцаар нь бүрэн цуглуулаад ирэхлээр, үнэ цэнэтэй болдог. Үнэ цэнэтэй зүйлийн цуглуулга гэвэл алт мөнгө, үнэт чулуун эдлэл, марк, зоос, эртний эдлэл, мөнгөн тэмдэгт, урлагийн бүтээлүүд байна. Түүн дээр миний сонирхол зөрнө. Хүн өдөр тутмын хоол шиг оюун ухааны хоолоо үргэлж хэрэглэдэг байх ёстой. Тэгвэл сэтгэл хангалуун байна. Мэдээллийн технологи хөгжсөн нь бидэнд их мэдээлэл өгч байна. - Цуглуулгаа юутай зүйрлэх вэ? - Би өөрийгөө археологичтой зүйрлэдэг. 1950-1960- аад оны үеийн хөгжмийг сонирхож, судлаж, хайж, цуглуулж байгаа. - Тэгвэл сонирхогчдын анхаарал татахуйц, одоо ховорт тооцогдох бичлэг бий биз дээ? - Манайхан сонирхдог 1970-1980-аад оны “AC* DC”, “Beatles” зэрэг хүнд рокийн хамтлагийн бүрэн цуглуулга бий. Цуглуулгачид улсын өмнөөс соёл түүхийн дурсгалуудыг цуглуулах, системтэй болгоход чухал ажил хийдэг. Хувь, хувьсгал хамаагүй тэр эдийг эх орондоо үлдээнэ гэдэг бахархалтай ажил. Ядарч зүдэрч олсон мөнгөө ийм зүйлд зардаг хүмүүс. Нэг хамтлагийн бүрэн цуглуулга ихдээ 1000-2000 ам.доллар болдог бол энэ мөнгөөр хэрийн хуучны марк авч чадахгүй байх. Өрнө дахины арилжааны том зах зээл дээр мөнгө олж болох бүхнийг хөдөлгөж байдаг. Манайд энэ бүхэн одоо л эхэлж байна. Материаллаг үнэ цэнээсээ гадна түүх соёл, хөгжлийн баримт болох гээд олон талын ач холбогдолтой. - Сүүлийн үед хөгжмийн бичлэг улам боловсронгуй болж, янз бүрийн форматаар хэвлэгдэж байна. Энэ бүхэн таны цуглуулгад нөлөөлж байна уу? - Би ийм хувилбараар цуглуулж байгаа. Хүмүүс маш их хөрөнгө зарж хийсэн бичлэгийг интернэтээс үнэгүй авах боломжтой болсон. Үүнээс болж, дуу бичлэгийн салбар донсолгоонд ороод байгаа шүү дээ. Цомгийн борлуулалт 70 хувиар буурч, энэ салбар хямралд хүрч байна. Техникийн хөгжил дэвшил нэг талаасаа ололт гэлээ ч нөгөө талдаа өмнөх зүйлээ үгүйсгэж байдаг. - Энэ бүхэн цуглуулагчдад нөлөөлдөг үү? - Бидэнд үнэ чухал биш ээ. Тэр бол зөвхөн үйлдвэрлэгчдийн асуудал. Цуглуулга гэдэг үнэ хүрэхээр нь зарна гээд дараад байдаг хувьцаа, бонд биш. Гэхдээ хөгжмийн бичлэгийг дижитал хувилбарт оруулахаар дээд, доод өнгө нь алга болохоос эхлээд жинхэнэ эх бичлэг, пянзнаас өөр сонсогддог юм. - Тэгвэл цуглуулга хийхийн ач холбогдол юу вэ? - Би өөрөө уран бүтээлч хүн. Цуглуулга хийхэд сэтгэл зүйн таашаал авахаас гадна үр хүүхдэдээ өвлүүлнэ. Саяхан монголын болон дэлхийн цуглуулагчдын талаар ном гарсан байна лээ. Заан, ваар, шүдэнз, чулуу, хөөрөг, морь гээд цуглуулж болохгүй зүйл гэж алга. Сүүлийн үед оюунлаг цуглуулагчид олширч байна. Ховор нандин таалагдсан зүйлээ авах юм сан гэж хорхойсоод байдаг нь цуглуулагчдын араншин. Цуглуулагчид лангууны дор, айлын новшин дунд булан нь цухуйсан байхад л хэрэгтэй гэснээ олж хардаг өлөн нүдтэй улс. Хувийн цуглуулагчид төр засгийн анхаарахгүй байгаа, анхаарсан ч хийж чадахгүй байгаа ажлыг хийдэг. Урлаг соёл, түүхийн үнэт дурсгалыг хувийнхаа мөнгөөр авч хадгалдаг. Би “Азийн өв соёл сан”-гийн удирдах зөвлөлд байдаг. Тэнд ажилладаг залуус монголын гар урлалын бүтээгдэхүүнийг авч зардаг байснаа, одоо сайхныг нь мэдэрч, цуглуулагч болсон. Тэд музей байгуулаад, монголын түүх соёлтой холбоотой үнэт зүйлсийг худалдаж авахаар, “Sotheby*s”, Нью-Йоркийн дуудлага худалдаанд оролцож, Занабазарын бүтээсэн бурханыг авчрахын тулд хувиасаа 300000 ам.доллар аваад, онгоцоор нисч л байсан. Монголын үнэт цаасны түүхийг өгүүлэх бүтэн цуглуулгатай хүн байна. Данзангийн үед гараад устгагдсан “Бага болзоот” хэмээх үнэт цаас дэлхийд дөрөвхөн ширхэг байдгийн нэгийг олоод авсан байх жишээтэй. Хятадууд энэ цуглуулгын асуудлыг төрийн хэмжээнд бодлогоор зохицуулдаг. Санхүүгийн бэлтгэлтэй хэд хэдэн баг гаргаж, хувь хүний гар дээрээс авахаас эхлээд томоохон дуудлага худалдаанд оролцож цуглуулдаг. “Тэд Монголын түүх дурсгалтай холбоотой бүхнийг хуу хаман авч байгаа” гэж сонин дээр бичсэн байна лээ. Үнэхээр 1990-ээд оны эхээр маш олон соёл дурсгалын зүйлс, ялангуяа бурхан тахилын зүйлс хямд үнээр хилын дээс давсан. Заримыг нь одоо манай цуглуулагчид өндөр үнээр худалдан авчирч байна. Тэгэхээр бид шуналтайдаа донтоод цуглуулаад байгаа юм биш, өвөг дээдсийнхээ өв соёлыг үр хүүхдэдээ үлдээхийн тулд тэмцэж байгаа юм шүү дээ. Ярилцсан Ш.Билэгсайхан, Эх сурвалж цаг төр хүмүүс сэтгүүл |
"Холын хүнд өршөөл тус хүргэж, ойрын хүнд асрал өглөгийг хүртээвээс эв эе бүтэж хүч нэммүй, харийн газар арга чадлаа бэхлэж, халуун зуураа эе эвээ хичээ, үхэлгүй насны шидийг эс олсны тул мөнх бусыг санаж, эрдэмт ламын тангарагийг эвдэлгүй, эзэд хаадын зарлигийг давалгүй, эцэг эхийн сургаалыг марталгүй явагтун" Оюун түлхүүрээс
Saturday, 25 December 2010
С.ЦОГТБАЯР: "ЦУГЛУУЛАГЧИД ӨЛӨН НҮДТЭЙ УЛС"
Labels:
ЦОГТБАЯР Самандын
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment