Saturday, 25 December 2010

Д.ЗОРИГТ:"ДАВУУ ЭРХТЭЙ ХУВЬЦАА ГАРГАСНААР 34% БУУРАХГҮЙ"


Оюутолгойн хөрөнгө оруулалт дээр маргаан үүссэн. Монголын тал 34 хувийг эзэмших нь эргэлзээтэй болж байгаа гэсэн яриа сүүлийн үед хүчтэй дуулдах боллоо. УИХ-ын гишүүн Н.Батбаяр нар Монголын тал Оюутолгойн ердөө л 6,8 хувийг эзэмших эрхтэй хэмээн ярьж буй. Мөн УИХ-аар эрчим хүчний салбарыг зах зээлд бүрэн шилжүүлэх талаар ярьж эхэллээ. Эдгээр асуудлаар УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтоос тодрууллаа.

-Оюутолгойн ТУЗ хаалтай хуралдсан, Давуу эрхтэй хувьцаа гарснаар Монголын талын 34 хувь буурна гэсэн яриа гарч байна. Монголын эзэмших хувь хэмжээ үнэхээр буурах уу?

-Оюутолгойн ТУЗ өөрийнхөө журмаар хуралдаж санхүүжилттэй холбоотой асуудал ярьсан.
Монголын тал аль болохоор өөрийнхөө дарамтыг багасгах ёстой. Төрийн өмчтэй
“Эрдэнэс МГЛ” компани аль болох дарамт багатай зээл авч төсөл босгох талаар гэрээний
төсөлд тусгасан байгаа. Ийм ч бодлого баримталж байна. Бүх хөрөнгийг давуу эрхтэй хувьцаа
гэж ярина уу, зээл гэж ярина уу, нөгөө талаар гаргуулаад, хамгийн гол нь тэр гаргасан
хөрөнгийн тодорхой хэсгээр бид “Оюутолгой” ХХК-ийг эргэж төлүүлээд “Эрдэнэс МГЛ” компани
дээр бага зээл авъя гэсэн бодлого баримталсан. Гэрээ УИХ-аар тэгж батлагдсан. Давуу эрхтэй
хувьцаа, ногдол ашиг гэдэг зүйлийг хольж хутгаж яриад байдаг.

Аль ч тохиолдолд Монгол Улсын 34 хувь хэвээрээ байгаа. Ногдол ашгаараа 34 хувийг авна.
Хамгийн гол нь “Оюутолгой” ХХК дээр авч байгаа зээл, давуу эрхтэй хувьцааны хүүг яаж
бууруулах вэ гэдэг дээр л төвлөрч ярих ёстой юм. Үүнийг Засгийн газрын ажлын хэсэг ярьж байгаа.
ТУЗ-ийн хурал үргэлжилж байгаа. Ирэх долоо хоногт мөн хуралдана. Энэ явцад давуу эрхтэй
хувьцаа ч бай, зээл ч бай, санхүүжилтийн эх үүсвэрийн хүүг яаж бууруулах вэ гэдгийг л ярина.
Ийм яриа хэлэлцээ явж байгаа. Дахин албан ёсоор хэлэхэд Монгол Улсын 34 хувь хэвээрээ
байгаа. Давуу эрхтэй хувьцаа гаргаснаар 34 хувь буурна гэсэн асуудал байхгүй.

-Тавантолгойн тендэр цуцлагдсан гэсэн яриа байгаа. Түүний шалтгаан юу вэ?

-Түүнийг ТӨХ мэднэ. ТӨХ-нд үүрэг даалгавар өгөөд Тавантолгойн оператор компани
шалгаруулах асуудлыг ярьж байгаа.

-УИХ-аар Түлш,эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тогтоолын
төслийг хэлэлцлээ. Үүгээр юуг зохицуулах вэ?

-Эрчим хүч бол зах зээлийн горимд шилжилгүй үлдсэн цөөн салбарын нэг. Яагаад ингэсэн
бэ гэвэл эрчим хүчний салбарын үнийн зохицуулалтыг төрөөс одоо болтол нэлээд хатуу
хязгаарлалттай хийж ирсэнтэй холбоотой. Нэг КВт цаг нь 96-97 төгрөгийн өртөгтэй
цахилгааныг хэрэглэгчдэд 79 төгрөгөөр өгч байна. Айл өрхүүд 97 төгрөг төлөх ёстой байтал
79 төгрөг төлж байна гэсэн үг. Бусдыг төр, эрчим хүчний үйлдвэрүүд нуруундаа үүрдэг.
УИХ-аар хэлэлцсэн тогтоолын гол агуулга гэвэл 2013 он хүртэл үе шаттайгаар энэ салбарыг
зах зээлийн зарчимд нь шилжүүлье гэлээ. Ингэж шилжихдээ хэрэглэгчдийг хохироож болохгүй.
Өнөөдөр Монгол Улсын эрчим хүчний салбарт хэрэглэж байгаа цахилгааны 20 орчим хувийг
айл өрхүүд хэрэглэдэг. Айл өрхийн 64 хувь нь төвийн эрчим хүчний сүлжээнд хамрагдсан.
64 хувь нь сард 150 КВт цагаас бага цахилгаан хэрэглэдэг. Ийм айл өрхүүдийн үнийг
хэвээр үлдээе. Тэгэхдээ жил бүр инфляцийн тохироогоо хийгээд явъя. Үнийг 2013 он
хүртэл хэвээр үлдээе гэж байгаа. 150 КВт цагаас илүү хэрэглээтэй боломжтой айл өрх,
бусад аж ахуйн нэгжийг зах зээлийн горимд бүрэн шилжүүлнэ.

-ТЭЦ-Ү-ийг хэзээ барих вэ?

-Судалгааг их хийсэн. Хувийн хэвшлийг татах гэж үзсэн. Хувийн салбарынхан эрчим хүчний
салбарт орж ирэхгүй байгаа хамгийн гол шалтгаан бол үнийн асуудал. Үнийг зах
зээлийн горимд шилжүүлж байж хүн хөрөнгө оруулж ашгаа олно. Энэ асуудлыг
шийдэхээр УИХ-ын тогтоолд оруулж өгөх гэж байгаа нь чухал юм. Эрчим хүчний салбар асар
их зээлтэй. Нийтдээ 400 гаруй сая ам.долларын зээлийг 1990 оноос хойш түлш, эрчим
хүчний салбар, цахилгаан станц, нүүрсний уурхайнууд авсан байдаг. Цахилгаан 1990-2000 он
хүртэл маш их тасалддаг байсан. Энэ хэцүү үеийг давахад эрчим хүчний салбарынхан
өдөр шөнөгүй ажилласан. Гаднын зээл тусламж асар их үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед зээл олгохдоо
“Та нар зээл ав. Үнээ аажмаар өсгөөд авсан зээлээ эргүүлж төлнө шүү” гэсэн шийдвэрээр явсан.
Гэтэл үнээ нэмээгүйн улмаас аж ахуйн нэгжүүд авсан зээлээ эргүүлж төлж чадахгүй байна.
Энэ зээлийг яах вэ гэдгийг УИХ-аар ярьж байна. Зээлийг үндсэн хөрөнгө оруулалтад тооцоод
явах уу, эсвэл авсан зээлийн ханшийн эрсдлийг төр нуруундаа үүрэх үү. Зарим нь
1990-ээд оны дундуур, нэг ам.доллар 400 орчим төгрөг байхад авсан зээл шүү дээ.
Гэтэл одоо нэг ам.доллар 1300 төгрөг болсон байна. Энэ ханшийн эрсдлийг аж ахуйн нэгжүүд
өөрсдөө үүрч байна. Гэтэл үнэ нь хязгаарлалттай байгаа учраас ханшийн эрсдлийг нь даах уу,
эсвэл зээлийг нэг мөсөн улсын хөрөнгө оруулалт гэж тооцоод үндсэн хөрөнгө оруулалтад
оруулаад явах уу гэсэн аргуудыг ярьж байна. ТЭЦ-Ү бол дулаан, цахилгаан эрчим хүчний
хосолсон үйлдвэр байж л хямд бүтээгдэхүүн гаргана. Азийн хөгжлийн банк судалгаа
хийж байгаа. Эхлээд дулаанаа үйлдвэрлэж, Улаанбаатарын дулааны эх үүсвэрийг
хангаж байж дараагийн асуудлыг ярих ёстой. Эрчим хүчний хэрэглээ бол байна. Гэхдээ
Улаанбаатарт өнөөдөр дулааны хэрэглээ бүр их хурц асуудал болсон. Ялангуяа нийслэлийн
зүүн хэсэг дулааны эх үүсвэрийн хомсдолтой, шинэ барилга барьж чадахгүй байна.

Д.ОЮУН
Source: www.news.mn

No comments:

Post a Comment