Monday, 27 December 2010

Э.БАТ-ҮҮЛ: "Н.ЭНХБАЯРТ ЗОРИУЛЖ ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧИЛСӨН"


Э.БАТ-ҮҮЛ: 2000 онд Н.Энхбаярыг үндэсний удирдагч болгоход зориулж Үндсэн хуульд өөрчлөлт хийсэн


УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлтэй ярилцлаа.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслийг баталчихлаа. Энэ хууль батлагдах нь ямар ач холбогдолтой юм бэ?

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болно гэсэн бүлэг байдаг юм.
Гэхдээ тус бүлгийн заалтыг хэрэгжүүлэх хуулийг нь өдий хүртэл гаргаагүй байлаа.
Бүр гунигтай дурсамж сөхвөл 2000 онд ямар ч журамгүйгээр Үндсэн хуульдаа
нэмэлт, өөрчлөлт хийж байсан удаатай. Харин одоо бол нэмэлт, өөрчлөлтөө
оруулах хуультай боллоо гэсэн үг.

-Журмын тухай хууль батлагдсанаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эхний алхам
болж байна гэсэн үг. Тэгэхээр ер нь Үндсэн хуульдаа гар хүрэх цаг нь болсон гэж
үзэж байгаа хэрэг үү?

-Ер нь өөрчлөлт оруулах цаг нь болсон хэмээн ярьж байгаа. Ярьж байгаа
хүмүүсийн нэг нь би. Цаг нь болсон гэдгийг хэлэхийнхээ өмнө хэд хэдэн зүйлийг
тунгаан хэлэх шаардлагатай байдаг. Үүнд Үндсэн хуулийнхаа гол утга,
агуулга заалтыг бүрэн утгаар нь ойлгож чадсан эсэх. Чадалгүйгээр хөндвөл
туй­лын их аюул дагуулна. Нэгэн жишээ дурьдахад, орон нутгийг
үнэмлэхүй өргөжүүлэхээр маш их ярьдаг байсан. Бараг л Мон­гол Улсыг тусд
нь өргө­жүү­лэх маягийн саналыг оруулж ирж байсан удаа надад бий. Одоо
эргээд олон жилийн да­раа бодож байхад миний тэр хуу­лийн төсөл дэмжигдээгүй
нь оносон. Хэрэв тэгсэн бол Өмнөговийн удирдлага хүмүү­сийн­­хээ толгойг эргүүлж
бай­гаад баялагтайгаа тусдаа гарах байсан байх. Мөн одоогийн хуульд Ерөнхий
сайдын бүрэн эрх нь дараагийн Ерөнхий сайд нь томилогдсоноор дуусна гэсэн
заалт байдаг. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын үйл ажиллагаа тасралтгүй явах
ёстой гэсэн үг. Гэтэл бид өмнө нь тус заалтыг ойлголгүй дараагийн Ерөнхий
сайд томилогдоогүй байхад өм­­нөх Ерөнхий сайдынхаа бүрэн эрхийг дуусгавар
болгож байсан түүх бий. Тэр үед Монгол Улс зургаан сар Ерөнхий сайдгүй
яв­сан. Ерөнхий сайдгүй гэдгээ хэлж чадахгүй үүрэг гүйцэтгэгч хэмээн цэвэрхэн
нэрлээд явсан. Гэтэл Үндсэн хуульд үүрэг гүйцэтгэгч гэдэг албан тушаал
байдаггүй. Тухайн үед тэр аж­­лын үүргийг Ц.Элбэгдорж тэв­чээр­тэй тулдаа хийж
байсан. Үл бүтэх этгээд байсан бол хаяад явж болох л байсан. Нэг ёсны
доромжлол байсан. Тиймээс үндсэн хуулийнхаа гүн утгыг ойлгох хэрэгтэй байна.
Гэхдээ өнгөрсөн хугацаанд өөрчлөх ёстой зүйл гарч ирээд байна.

-Өөрчлөх ёстой зүйл нь яг юу юм бэ?

-Дайн бүхий болон дайны байд­лын тухай ойлголтууд, онц­гой нөхцөл
байдлыг зохицуул­сан зүйл дутмаг байна. Яг өнөөдөр дайн боллоо гэхэд ямар
шийдвэр гаргах талаар шийдэлтэй заасан зүйл байхгүй. Иймэрхүү зүйлүүд
байгаа уч­раас нэмэлт, өөрчлөлт хийх хэ­рэг­тэй байна.

-Эдгээр зүйлүүд дутмаг бай­гаа учраас Үндсэн хуульд нэ­мэлт, өөрчлөлт оруулах
шалт­гаан болоод байгаа хэ­рэг үү, одоогийн мөрдөж бай­гаа хуулийн маань
яг юу нь бо­лохоо байчихаад байгаа юм бэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулъя хэмээн бо­дож байгаа хүний нэг нь би.
Үнд­сэн хуульд бүр их өөрчлөлт хийж УИХ-ыг нэг биш, хоёр танхим­тай
байлгая. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн УИХ гэсэн бү­лэгт нь өөрчлөлт хийе
гэж бодож байгаа.

-УИХ хоёр танхимтай болс­ноор юу өөрчлөгдөх юм бэ?

-Хэтэрхий цөөхөн хүнд тө­рийн дээд эрх мэдэл байна. Нэг ёсондоо 76 нөхөрт
ямар ч хя­налтгүй эрх мэдэл төвлөрөөд байгаа өнөөгийн байдлыг хя­нах гэсэн
оролдлого гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл, дээд тан­химтай тэр нь нийгмийн
хянал­тыг тогтоож байх хэрэгтэй.

-2000 онд УИХ-д оруулж байсан долоон заалтыг хү­чин­гүй болгож байж энэ удаа­гийн
хуулийн төслийг батлах ёстой. Тэгэхгүй бол өмнөх нэ­мэлт­тэйгээ зөрчилдөнө
гэ­сэн санал гишүүдийн дун­даас гарч байсан?

-Тийм саналтай гишүүд их бай­гаа. 2000 онд журамгүй, дү­рэм­­гүй оруулсан
нэмэлт, өөрчлөлтөө хас гэж байгаа нь үнэн­дээ зөв гэж бодож байна. 2000 онд
журамгүй хууль оруулж ирсэн гэм нүглийг хү­лээлцэх хүний нэг нь би байх
жишээтэй. Үнэндээ тэр үед ямар ч хууль журамгүй улс төрийн тохиролцоогоор
нэ­мэлт, өөрчлөлт оруулчихсан явдал байгаа юм. Одоо нэгэнт журмын
хуультай болчихсон учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орох хуулийн
төс­лүүд өргөн баригдахаас өмнө тэдгээр заалтаа болиулах хэрэг­тэй байна.

-Улс төрийн тохиролцоо­гоор өмнө нь нэмэлт, өөрч­лөлт оруулсан гэлээ. Тэр нүг­­­лийг
хүлээх хүний нэг нь хэ­мээн та өөрийгөө хэллээ. Яг ямар тохироо байсан юм бол оо?

-УИХ-ын гишүүн Засгийн газ­­рын гишүүн байж болно гэ­­сэн заалт орж ирсэн.
Энэ нь манайх шиг цөөхөн хүнтэй пар­ла­мен­тын 3/1 нь Засгийн газ­рын
гишүүн болчихож бай­гаа юм. Тэгэхээр яг үнэн хэ­рэгтээ парламентыг
Засгийн га­зар дотор нь орж ирээд хя­наж байна. Нэг сайд хоёр ги­шүүнийг
хянаад эхэлбэл асуу­­дал хүндэрнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл, парламент нь
Зас­­гийн газраа бус Засгийн га­зар нь парламентаа хянадаг бол­чихоод байна.

-Сүүлийн үед та энэ асуу­далд нэлээд цухалдангуй бай­гаа харагдсан?

-Тиймээ. Энэ бол яах аргагүй 2000 онд оруулсан нэмэлт, өөрч­­лөлтөөс болсон алдаа.
Тэр алдаагаа шуудхан хэлэхэд би өөрөө үүрэлцэнэ. Жишээ нь УИХ-ын
хуралдаанд суудаггүй олон гишүүд байна. Тэдгээр хүмүүс үнэн хэрэгтээ Засгийн
газарт суух гэж л УИХ-д орсон байна. УИХ-ын гишүүн нь Зас­гийн газрын сайд
болох л шат дамжлага болж хувирсан байна. Сайд болж аваад л УИХ-ын хууль
тогтоох үйл ажиллагаанд оролцоод байдаггүй болчихоод байна. УИХ-ын гишүүн
болъё гэсэн хүмүүс биш сайд болох хү­сэлтэй хүмүүс парламентад орж байна.

-Засгийн газар нь УИХ–аа хянадаг гаж тогтолцоо юунаас болоод бий болчихов оо?

-Жишээ нь М.Энхсайханы Зас­гийн газар нь УИХ-ын доор бай­даг байсан юм.
Учир нь сайд нар нь УИХ-ын гишүүн бай­гаа­гүй.

-Тэгэхээр одоо сайд нараа УИХ-аас томилдог байдлыг ха­лах ёстой гэж хэлэх гээд байна уу?

-Хэрэв 2000 оны өөрчлөлтийг болиулчих юм бол Засгийн газ­рын гишүүн
УИХ-ын гишүүн байх боломжгүй. Харин намаас УИХ-ын гишүүн биш
хүмүүсийг нэр дэвшүүлж болно. Эсвэл сайд болох хүсэлтэй байгаа хүн
УИХ-д орохгүй байх хэрэгтэй.

-Үндсэн хуулийн өөрчлөл­тийг эцсийн хувилбараар бат­лах­даа аймаг, дүүрэг нийслэ­лийн
3/1-ийн саналаар ба­­­­­тал­гаажина гэсэн байсан?

-Хуулийн төсөлд тэгж яриг­даж байгаад одоо хасагдсан бай­гаа. Мэдээж хэрэг
аль ч улс эх оронд Үндсэн хуульдаа хү­рэх асуудлыг маш их зовлонтой зам
туулж ярьдаг. Үндсэн хууль гэдэг бол тухайн улсын бич­мэл хэлбэр. Монгол
Улсыг үзье гэж байгаа хүн бол Үндсэн хуу­лийг нь хардаг байх учиртай.
Үнд­сэн хууль гэдэг бол улс.

-Тэгэхээр Үндсэн хуулийг өөрч­лөх эхний алхам хийг­дэж байна гэдэг нь Улсыг өөрчлөх
гэж байна гэсэн үг хэмээн ойлгож болох нь ээ?

-Тэгж ойлгож болно.

-Гэтэл зарим гишүүн улс, нийгэм өөрчлөгдөөд бай­гаа учраас хуулинд гар хү­рэх цаг
болсон гэж ярьж бай­на. Тэгэхээр нийгэм өөрчлөгд­сөн учраас Үндсэн хуулиа өөрч­лөх
хэрэгтэй болоод бай­гаа юм уу? Үндсэн хуулиа өөр­чилж улсаа өөрчлөх шаард­ла­га­тай
болоод байгаа юм уу?

-Олон гишүүд нийгэм их өөрч­лөгдлөө. Тиймээс Үндсэн хуульдаа гар хүрэх
цаг боллоо хэмээн ярьж байгаа. Харин тэгж ярьж байгаа хүмүүстэй тулаад
ярихаар Үндсэн хуулийн­хаа агуулгыг ойлгоогүй бай­даг. Зарим нь бүр хувийн
сонирх­лоор тус хуульд гар хүрэх гээд байдаг. Гэтэл нэг хүний битгий хэл нэг
намын сонирхлыг ч барьж хандаж болохгүй шүү дээ. Монгол Улсыг хэн нэ­гэнд
зориулж өөрчилж болох­гүй. Харин яг бодит амьд­ра­лаас болж өөрчилж бол­но.
2000 онд журамгүй хууль оруулж ирсэн тухай дээр ярьсан. Тэр бол Улс төрийн
тохи­рол­цоо буюу Н.Энхбаярыг үн­дэс­ний удирдагч болгоход зориулагд­сан
өөрчлөлт байсан.

-Та тэр үедээ түүнийг нь мэ­дээгүй юм уу?

-Би тэр үед нь нэг хүнд зориулж байгааг нь мэдээгүй. Нээрээ л сайд нь
парламентаас гарах ёстой гэж бодоод байсан.

-Энэ удаагийн өөрчлөлтөд бас хэн нэгний ашиг сонирх­лын зүйл орж ирэхгүй
гэх ба­талгаа байхгүй шүү дээ?

-Яг тодорхой хуулийн төсөл орж ирээгүй байгаа учраас сайн мэдэхгүй байна.

-Тус хуулийг баталгаажуу­лахад цэц хамгийн гол үүрэг гүйцэтгэх байх тийм үү?

-Цэц зөвшөөрөхгүйгээр Үнд­сэн хуульд өөрчлөлт хийнэ гэ­сэн зүйл огт байхгүй.
Тиймээс цэцийн үүрэг их байна.

-Үүнээс гадна Сонгуулийн тухай хууль яригдахгүй удаж байна. Энэ юутай холбоотой юм бэ?

-Ер нь бол надад яавал ашиг­тай гэдэг талаас нь тус хуультай харьцаж болохгүй
гэдгийг хэлээд байгаа. 2012 онд сонгууль будлих юм бол манай улс асар том
мөргөлдөөн рүү орно. Долдугаар сарын 1 юу ч биш. Яагаад гэхээр
өнөө­дөр баялагийнхаа төлөө ил далд хоорондоо тулалдаад эхэл­чих­сэн байна.
Тэгэхээр улс төрийн сонгууль будлиад хоёр том хү­чин будлиад эхэлбэл, энэ
улс хэцүү байдалд орно. Тийм учраас сонгуулийг шударга явуу­лах нөхцлийг
бүрдүүлэх хэрэгтэй. Шударга явуулахын тулд санал тоолох ажлыг маш
зөв хийх хэрэгтэй. Саналыг тоолох үйл ажиллагааг ил тод байлгах хэрэгтэй.
Болж өгвөл машинаар тоолбол сайн байна.

-Тус хуулийн хэлэлцэх эсэх нь юунаас болоод удаашраад байгаа гэж та харж байна?

-МАН л удаашруулаад байгаа шүү дээ. МАН-д ирээд л хоо­рондоо тохирохгүй
байгаа юм уу, мэдэхгүй, асуудал гацчихаад байна. УИХ-ын дарга оруулж
ирээгүй байна. УИХ-ын дарга чинь МАН-ын хүн шүү дээ.

-Хоёр нам гэхээсээ илүү нам доторх санал нэгдэхгүй бай­на гэсэн яриа байна?

-Гишүүн бүр өөр өөрийнхөө саналыг хэлэх боломжтой. Хам­гийн гол нь
бүлгийн хурадааны үеэр юу нь тохирохгүй байгаа гэдгийг ойлгохгүй байна.
Ма­най намын хувьд санал нийлц­гээсэн гэж хэлж болно.

Б.Даваа,
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин
Эхийг Ньюз доот ээм ээн-ээс авлаа

No comments:

Post a Comment