Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяртай ярилцлаа.
-Таны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа өндөрлөснөөс хойш тааралдсангүй. Өнгөрсөн жил илүү хугацаанд та юу хийв. Таны их улс төрөөс завсарласнаас хойших намтраас товчхон сонирхоё?
-Ерөнхийдөө дөрвөн чиглэлээр ажиллаж байна гэх юм уу, ажиллахыг хичээж ирлээ. Нэгдүгээрт, хэдийгээр улс төрийн албан тушаал одоо байхгүй ч гэсэн над шиг тэгж гүнд нь байсан хүн улс төрөөс хөндийрөх бололцоогүй юм байна. Миний хэлж байгаа үг улс төрийн дуулиан шуугиан үүсгэж байгаагаас авахуулаад сонин, телевизийн сэтгүүлч та бүхэн бас намайг зүгээр байлгахгүй юм асууж сонирхож ирдгээс энэ харагдаж байна. Дээр нь Монгол Улсад өрнөж байгаа улс төр, эдийн засгийн үйл явдалд байр сууриа илэрхийлэх шаардлага зайлшгүй гардаг. Хэдийгээр хүн бүр үзэл бодлоо илэрхийлдэг ч Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч байсан хүний үг илүү их сонирхол татаж, заримдаа эсэргүүцэл дагуулдаг юм шиг байна. Тэгэхээр улс төрөөс гарах маань нэгэнт өнгөрчээ. Заавал албан тушаалаар биш, үйл ажиллагаа, аливааг үнэлж, дүгнэж хэлж байгаа үг зэргээрээ энэ чиглэлийн ажлыг нэлээд идэвхтэй явуулж байна. Хоёр дахь чиглэл гэвэл бизнесийн томоохон төслүүдийг дэмжих, олох, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр ажиллахыг хичээж байна. Гуравдугаарт, төрийн бус байгууллагуудын шугамаар тухайн орон нутаг, салбарт ахуй амьдрал нь хүнд хэцүү байгаа хүмүүст туслах ажлыг хийх нь зүйтэй гэж үзэж байгаа. Улаанбаатарт “Шинэ гудамж” гэсэн нэртэй төрийн бус байгууллага байгуулж үйл ажиллагаа явуулж байна. Гол зорилго нь гэр хороололд амьдарч байгаа хүмүүст туслах, ажлын байртай болгох, мэргэжлийн чиг баримжаа олгох, гудамжийг нь шинэчилж янзлах, бага оврын, тэгэхдээ харьцангуй хямд байшинтай болгож амьдрах орчныг нь сайжруулах зэрэг ажил хийх бодолтой байгаа. Дөрөв дэх нь гадаад харилцаа. Их улс төрд байхдаа холбоотой байсан гадаадын хүмүүстэй хамтарч, тэднийг урьж, бас тэдний урилгаар гадаад улс орнуудад айлчилж үйл ажиллагаа явуулж ирлээ.
-Тийм, тэрийг хэлэхээ мартсан байна. “Хөдөөгийн хөгжлийн төв” гэсэн төрийн бус байгууллага ажиллуулж байна. Зуд турхны үеэр тэр байгууллагынхаа шугамаар малчдад тодорхой тусламж үзүүлсэн. Зудад хамгийн хүнд нэрвэгдсэн аймаг, сумдыг сонгосон. Зудыг аль болох бага хор хохиролтой давахад нь өчүүхэн ч болов хувь нэмэр болсон бол би баярлах байна.
-Хэдий улс төрөөс хөндийрөөгүй ч нэг жил илүү хугацаанд юм болгон хувирсан байж таарна. Жирийн иргэн болсон өнгөрсөн жил гаруйн хугацаанд хүмүүсийн танд хандах хандлага өөрчлөгдөв үү?
-Янз янз л юм. Тухайн хүний мөн чанар, ухамсар, мэдлэгээс шалтгаалаад янз янз байдаг юм байна. Албан тушаалаа өгнө гэдэг бусад хүнийг танихад хэрэгтэй юм байна. Жирийн иргэд бол харин ч намайг илүү ойлгоод, гудамжинд явахад мэндэлж, гараараа даллаж, толгой дохиод халуун дотно инээмсэглээр угтаж, талархалтай хандаж байгаа байдал ажиглагддаг. Ер нь би хэлдэг байсан, албан тушаалтнуудын харилцаа холбоо бол түр зуурын, илүү хэврэг байдаг юм. Тэрэнд гомдоод, дөвийлгөөд, байн байн яриад байх ч хэрэггүй. Угаасаа л мөн чанар нь тийм юм чинь. Харин тухайн улстөрч, жирийн ард түмний харилцаа бол илүү урт удаан, халуун дотно байх ёстой. Тэр утгаараа ард түмэнтэйгээ улам халуун дотно харилцаж байгаадаа баяртай байна.
-Та олон жил албан тушаалын хүлээсэнд байсан хүн. Одоо эрх чөлөөг ямар нэг байдлаар мэдэрч байна уу?
-Одоо надад ямар нэг албан тушаал, нам,тухайн нөхцөлд баригдаж зарим үгээ хэлэхгүй залгих, эсвэл дуугүй өнгөрөөх зэрэг албан тушаалтай улстөрчид тохиолддог “зовлон” байхгүй гэдгээрээ эрх чөлөөг илүү мэдэрч байна гэж хэлж болох юм. Урьд өмнөхөөсөө илүүтэйгээр алдаа дутагдлыг олж харж, хэлэхийг хичээж байна. Тэгэхээр зарим нэг нь түүнд эмзэглэж янз янзаар ярьдаг шиг байгаа юм. Миний хувьд байгаа үнэнийг байгаагаар нь хэлэх илүү сайхан бололцоотой болсон. Үүндээ харин ч их сэтгэл хангалуун, зорилготой болсноо мэдэрч байна.
-Таныг их улс төрийн оосроос тавих дургүй байгаа гэлцдэг. МАХН тунхаг гаргахад сөргүүлээд мэдэгдэл гаргасан гэдэг ч юм уу. Үүнд улстөрчдийн зүгээс ямар хариу үзүүлдэг вэ?
-Би ажлаа өгөөд 15 орчим сар боллоо. Энэ хугацаанд телевиз, сонинд дөрөв юм уу, тав дахь том ярилцлагаа л өгч байна. Гурван сард л нэг удаа ярьж байгаа юм байна л даа. Гэтэл нөгөө талаас “Дуугүй байгаач, болоо ш дээ” гэх юм. Их цочиж, реакц үзүүлэх юм. Ер нь хоёр янзын хүлээн авалт харагддаг. Нэг талаас олонх нь зөв зүйтэй юм ярьж байна гэж дэмждэг. Цөөн албан тушаалтан “болиоч ээ” гэдэг. Тэгэхээр нь яагаад ингэж хүчтэй, сүртэй сандралдаад байгаа юм бол доо гэж боддог л юм. Миний хэлсэн үг харин ч байгаа оноод байгаа юм болов уу даа. Дарга нарын дургүйг хүргэнэ гэдэг чинь оноод байна гэсэн үг мөн биз дээ. Харин дарга нарт үг таалагдаад байх юм бол онохгүй байгаагийн тэмдэг. Харьцангуй олон жил би дарга нарыг дэмжиж, сэтгэлийн урам дэм өгөх гэж их олон сайхан үг хэлж байсан. Тэдэнд энэ насанд нь бүү хэл олон насанд нь хангалттай хүрэхээр тийм сайхан үг хэлсэн. Одоо харин энэ хүмүүст үнэн үг хэлж тусалж байя гэж бодож байгаа. Угаасаа албан тушаал, нөхцөл байдал удирдах хүмүүсийг үнэнээс хөндийрүүлдэг. Тийм болохоор үнэн үг хэлж байгаа хүмүүсийг сонсдог, хардаг, ойлгодог тийм чадвар, чанарыг өөртөө хадгалж үлдээх хэрэгтэй байдаг. Цаашдаа дарга нар буруу юм хийгээд байвал би гурван сар бүү хэл сар болгон, арав хоногт, өдөр бүр ч үнэн үг хэлж магадгүй.
-Саяхан МАХН-ын бага хурал боллоо. “Н.Энхбаяргүй, С.Баяргүй хурал боллоо” гэсэн сайшаасан, чамласан алин болохыг мэдэхгүй үг дуулдаж байна. Бага хурлын үр дүн таныхаар ямар болов. Та хуралд оролцоогүй ч намын үзэл баримтлалын тал дээр байр сууриа илэрхийлж байсан. Зүүний үзлээ хамгаалж үлдэхийн утга учир ер нь юу вэ?
-Аль ч нам бол амьд организм. Өөрийн түүхтэй, өөрийн орон зайтай. Ирээдүйд гарах гарцаа зөв олдог, хардаг ийм амьд организм байдаг. Түүний амь үзэл баримтлал дээрээ тогтдог. Үзэл баримтлал нь солигдоод байхгүй болчих л юм бол тэр организм амьд биш, зүгээр организм болно. Амьд биш зүгээр организм юун дээр тогтдог вэ гэхээр албан тушаал, ашиг хонжоон дээр тогтдог. Би МАХН-ыг амьд организм байгаасай гэж бодож байгаа учраас үзэл баримтлалдаа анхааралтай хандаарай,уламжлал гэж бий шүү гэж хэлээд байгаа хэрэг. МАХН өөрийн ухамсарт түүхийн он жилүүддээ зүүн туйлширсан үзэл баримтлалтай байсан. Түүгээрээ бид зарим талдаа их алдаа гаргасан. Хэлмэгдүүлэлт гэх зэргээр өөрсдөөс болоод өрөөл бусдаас шалтгаалсан олон хүчин зүйлээс алдаж байсан. Нөгөө талаар ард түмнээ бичиг үсэгтэй болгосон, эрүүл энх болгосон. Тусгаар тогтносон улс болгосон гээд сайн тал бий.
Хоёр талаас нь дэнслээд үзэхэд улс орны тусгаар тогтнол гэдэг хамгийн том зүйл байдаг. Түүнийг олж авахын төлөө зүтгэсэн, олж авсан учраас эерэг тал нь давуу байх аа гэж боддог. Тэгэхээр зүүн үзэл баримтлалаасаа салах биш, харин зүүн туйлширсан үзэл баримтлалаасаа салж, зүүн төвийн үзэл баримтлалтай болох нь зөв байсан. Одоо бол зүүн чиглэлийн орон зай дахь байр сууриа хадгалах, үүх түүхээ мартахгүй байх, ирээдүйн гарцаа зөв олох нь чухал юм.
Ардчилсан нам уг нь барууны үзэл баримтлалтай нам гэж анхнаасаа тунхаглаж, үйл ажиллагаа явуулж ирсэн. Харамсалтай нь сүүлийн үед зөвхөн МАХН, Ардчилсан нам ч биш, бусад намуудын үзэл баримтлал бүдгэрсэн, орхигдсон, холилдсон байдалтай боллоо. Амьд организм биш, амьгүй организм болцгоосон. Тэднийг хамтад нь болон тус тусад нь юу авч явдаг болсон бэ гээд харъя л даа. Харамсалтай нь бодит байдал дээр албан тушаалын наймаалцал, ашиг хонжооны тохиролцол л авч явдаг болсон байна. Эцэстээ сонгуулийн дүн ч хамаагүй болоод хамтарсан Засгийн газар гэдэг хэлбэр рүү гулсч орсон. Яагаад гэвэл МАХН ч үнэт зүйлээ эрхэмлэхээ больчихож. Ардчилсан нам ч үнэт эрхэм зүйлээ тоож мэдэхээ больчихсон юм байна. Тэгээд хоёр нам хоёулаа амьд бус организм болж хамтарсан Засгийн газар нэртэйгээр албан тушаал, ашиг хонжоо наймаалцаж, тохиролцох бүтцийг бий болгожээ. Анх хамтарсан Засгийн газрыг байгуулж байхад “үүнийг наймаа болгож болохгүй, үнэхээр дан дангаараа шийдэж чадахгүй байсан тулгамдсан асуудлуудаа хамтарч шийдэхийн төлөө, хамгийн эхлээд амлалтаа биелүүлэхийн төлөө бий болж байгаа бүтэц юм бол би дэмжинэ” гэж хэлж байсан. Тэгэхэд би Ерөнхийлөгч байсан. Гэтэл хоёр жил гаруй хугацаа өнгөрөхөд амлалт байхгүй, харин наймаа л сайн хийж байна.
-Жишээ нь, ямар наймааг сайн хийсэн гэж?
-Оюутолгой, Тавантолгойн гэрээг харахад үнэхээр наймаалцсан, амьд биш организмууд хоорондоо нийлсэн нь харагддаг. Тэднийг хооронд нь холбож байгаа зүйл нь их сонин. Хүний харилцаа энд байхгүй. Цэвэр ашиг хонжоо, албан тушаалын харилцаа л бий. Энд хамтарч ажиллаж байгаа хүмүүс маргааш хоорондоо мэндлэхгүй ч зөрж магадгүй. Ийм эмгэнэлтэй байдалд орсон нөхцөлд зүүн нь зүүнээрээ, баруун нь баруунаараа байх хэрэгтэй. Үнэт зүйлсээ эрхэмлэж, түүнийхээ үндсэн дээр ард түмнийхээ өмнө өрсөлдөж, аль нь сайн бэ гэдгээ ард түмнээрээ сонгуулж байх ёстой. Хэрэв үнэхээр сайн л юм бол, аймхай хулчгар биш л юм бол, хариуцлага хүлээхээс айхгүй байгаа л юм бол, үнэт зүйлтэй амьд организм л юм бол ялсан нам нь засгийн эрхээ дангаараа барина биз. Ялагдсан нь нөгөө талаас нь хянаад, алдааг нь шүүмжлээд, засуулаад явах ийм л амьд харилцаа хэрэгтэй. Зах зээлийн харилцаанд хамгийн их хориглодог, цээрлэдэг зүйл бол монополь. Монополь үүсэх л юм бол зах зээлийн эдийн засаг мөн чанараа алддаг.Аль нэг компани, групп, хувь бизнесмэн монополь үүсгэх л юм бол зах зээлийн эдийн засагт үнийн бодлого алдагддаг. Цөөн хэсэг хэт баяжина. Хөгжил алга болно. Шинэчлэл, технологийн хөгжил байхгүй болно. Бид эдийн засагт монополийн эсрэг байх ёстой гэдгийг сайн ойлгодог мөртлөө улс төрийн монополь үүснэ гэдгийг сайн ойлгодоггүй.
-Улс төрийн монополь манайд бий болжээ гэж үү?
-Энэ хамтарсан Засгийн газар гэдэг чинь улс төрийн монополь шүү дээ. Хоёр нам нийлээд монополь үүсгэчихсэн. Албан тушаалыг энэ хоёр л мэдэж хуваарилж байна. Асуудлыг энэ хоёр л мэдэж шийдэж байна. Уг нь ард түмнээ сонсч шийдэх ёстой байхгүй юү. Хамтарч өрсөлдөөн, шүүмжлэлийг хаагаад, зөв зүйтэй саналуудыг боогоод, чих дүлий, нүд харалган, ухаан балай болчихлоор нийт Монголын улс төрд их муухай хохиролтой тусч байна.
- Үүнээс гарах арга зам юу вэ?
-Ерөөсөө нам болгон өөр өөрийн үүргийг гүйцэтгэх ёстой. Амлалтаа биелүүлэх ёстой. Ийм л зарчмыг би ярьж байгаа.
-Хоёр нам холилдсон нь нэлээд эртнээс, таныг МАХН-ын дарга, УИХ дахь цөөнхийн бүлгийн дарга байсан 1997 оны үеэс улбаатай санагддаг. Тэр үед МАХН УИХ-д цөөнх байсан ч эрх мэдлийг атгачихдаг байсан. Ардчилсан хүчний олон Засгийн газар унасан. Дараа нь 2004 онд Засгийн газарт эвссэн. Таныг УИХ-ын дарга байх үед МАХН, Ардчилсан нам хоёр “бүдүүн бүлэг”-т нэгдсэн. Хожим нь хамтарсан Засгийн газар. Тэгэхээр энэ монополь саяхных биш байх гэж бодож байна?
-Өөрөө сайн сэтгүүлч болохоор энэ бүхнийг санаж байна. Юу болж байсныг хамтдаа эргэж саная л даа. МАХН, Н.Энхбаяр хоёр л Засгийн газруудыг унагаагаад байсан, МАХН олонхийг атгадаг байсан гэх яриа яагаад гарах болсон бэ. Үнэн хэрэгтээ 1996-2000 онд УИХ-д МАХН 25 суудалтай байсан. Тэдний саналаар Засгийн газар унана гэж хэзээ ч байхгүй. Ардчилсан намаас дор хаяж 13-15 хүн, бүр цаашлаад хорь гаруй гишүүн наашаа орж байж сая Засгийн газар огцрох юм уу өөр бусад асуудлыг шийднэ биз дээ. Тэгэхээр МАХН, Н.Энхбаяр хоёр тэр асуудлыг шийдэж байсан биш, Ардчилсан нам хамтарч шийдээд байсан хэрэг. Миний бодлоор манай ардчиллын хамгийн хүнд хэцүү үе 1996-2000 он байсан. Өнөөдөр ч үр дагавар нь явсаар байна. Ардчилсан хүчин засгийн эрх барьж байхад юу нь хэцүү байсан юм бэ. Харин 2000-2004 онд ардчилсан гэсэн нэртэй гурав, бие даагч ганц гишүүнтэй байсан үеийг л хүнд хэцүү гэх юм биш үү гэж маргаж магадгүй. Тэгвэл тооны олон цөөн чухал биш юм билээ. Тоо хувирч болно. Олон, цөөн болж, бүр тэнцэж ч мэднэ. Ардчиллын мөн чанараас ухрах нь л хамгийн их аюул дагуулдаг. Ардчилагчид харамсалтай нь засгийн эрх барьж байхдаа ардчиллын мөн чанараас ухарч, албан тушаалыг наймаа, ашиг хонжооны хэрэгсэл болгосон. Фракцууд хоорондоо албан тушаал наймаалцаж, бие биеэ дэгээдэж унагаадаг зүйл тэр цагаас эхэлсэн. Албан тушаалын үнэлгээ ч эхэлсэн. С.Зориг амь насаа алдаж, хээл хахуулийн том асуудал яригдсан тэр он жилүүд манай ардчиллын хамгийн эмгэнэлтэй, хамгийн хүнд он жилүүд байсан болов уу гэж би боддог.
МАХН бол анхнаасаа ардчилал гэж яриагүй, түүхийн шахаанд орж, түүнийг хүлээн зөвшөөрсөн нам. МАХН-ыг шүүмжилж, ардчилсан шинэ цаг ирлээ гэж анхлан хэлж байсан хүмүүс түүнээсээ ухарсан нь хамгийн хариуцлагагүй явдал болсон. Тэр байдал өнөөг хүртэл үргэлжилж байна. Тэр халдвар бусад нам руу, МАХН руу ч шингэсэн. Харин 2004 онд хүч тэнцсэндээ МАХН, Ардчилсан нам Их эвслийн Засгийн газар байгуулсан. Нэг хэсэг Ардчилсан намтай, нэг хэсэг өөр намуудтай МАХН хамтарч Засгийн газар байгуулсан. Яахав, ард түмэн МАХН, Н.Энхбаяр хоёр хүүхдийн мөнгө өгөхгүй гэж байна гээд арай жаахан бага саналыг 2004 онд МАХН-д өгсөн байх. Үнэхээр тооцоод үзэхээр санхүүгийн хүчин чадал бололцоогүй байсан. Аз болж явцын дунд зэс, алтны үнэ өсч хүүхдийн мөнгө, залуу гэр бүл, шинэ төрсөн хүүхдийн мөнгөө олгосон. 2008 он бол огт өөр. Олонх, цөөнхтэй парламент бүрдээд байхад хамтарсан нь ёстой нөгөө монополь тогтоосон хэрэг.
-МАХН барууны үзэл авах талаар өмнө нь ярьж байсан бил үү?
-Яахав, тухайн үед бодож үзэж байсан. Барууны үзэл авбал яах вэ гэхээр намд тарах л зам үлдэхээр байсан. Зүүний үзэл нь мухардсан, бүр шавхагдсан, дууссан, ямар ч орон зай, ирээдүйгүй болсон ийм нөхцөлд ухамсартайгаар хурлаа хийгээд, тараад, барууны үзэл баримтлалд итгэж байгаа хүмүүс шинэ нам байгуулж үйл ажиллагаа явуулъя гэж болно шүү дээ. Одооны манай нөхдийн хэлээд байгаа шиг барууны үзэл баримтлал руу шилжих л юм бол нам тараахаас өөр аргагүй байдал үүсэхээр байсан. Зүүний нам шууд л барууных болно гэж юу байхав дээ. Итгэл үнэмшил гэж хүнд байх ёстой шүү дээ.
Намаа авч үлдэх мөртлөө яаж шинэчлэх вэ гэсэн асуулт тухайн үед гарч байсан л даа. Намаа тараачихаарай гэж гишүүд бидэнд даалгаагүй шүү дээ. Зүүн туйлширсан үзлээсээ салаад зүүн төвийн үзэл рүү очих ёстой гэсэн логик дүгнэлт хийж тухайн үед социал демократ, ардчилсан социалист үзлийг авсан юм. Энэ зарчмаараа одоо ч явж байгаа. Гэхдээ энэ хооронд зарим нөхөд маань толгой дохиж, намын удирдлагаа хуурч явсан байна. Зарим нь үнэхээр итгэл үнэмшилтэй явж иржээ.
-Улс төрийн амлалтаа биелүүлж чадахгүй намууд жаахан тиймхэн байх шиг байна. Ингэж их мөнгө амлах хэрэг байсан уу?
-Ардчилсан нам өмнөх сонгуулиар хүүхдийн мөнгө амлаж байсан бол 2008 онд хүн болгонд нэг сая төгрөг өгнө гээд дуугарчихсан. МАХН дахиад шийгуаны хальсан дээр халтирахыг хүсэхгүй биз дээ. Тэгээд дагуулаад 1,5 сая төгрөг амлачихсан. Өмнө нь хүүхдийн мөнгө гэдэг шийгуаны хальсан дээр МАХН халтирч унаж хаширсан. Гэхдээ танагтай унасан. Тэгээд 2008 онд 1,5 сая төгрөг амласан. 2004 онд ч, 2008 онд ч хариуцлагатай улс төрийн хүчнүүдийн сонголт болоогүй. Амлалтын сонголт болсон. Нэг их мундаг дарга удирдаад 2008 онд МАХН-ыг ялуулчихсан юм биш. Хүссэн хүсээгүй 1,5 сая төгрөг гэдэг амлалт ард түмний сонирхлыг татаад л саналаа өгсөн. Одоо энэ мөнгөө өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол хариуцлагагүй улс төрийн хүчин болно шүү.
-Улсын сан хөмрөг дийлэх үү?
-Нэгэнт амласан л бол дийлсэн дийлээгүй өгөх л ёстой. Яагаад тэрийг мэдсээр байж амласан юм. Өгөхгүй гэвэл асар хариуцлагагүй, худалч улс төрийн хүчин гэнэ биз дээ.
-Тэр сонгуулийн дараа долдугаар сарын 1-ний үймээн болсон. Таван хүний амь үрэгдсэн. Түүнд С.Баяр даргыг буруутгах уу, таныг буруутгах уу, хэнийг буруутгах вэ гэсэн маргаан тасраагүй байна. Энэ талаар та юу боддог вэ?
-Үүнийг маш нухацтай шийдэж буруутантай хариуцлага тооцох ёстой. Тэр үед Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж хэвлэлийн бага хурал хийж, “сонгууль будилаантай боллоо, жагсаал цуглаан хийе” гэж мэдэгдсэн. МАХН-ын дарга С.Баяр болохоор жагсаал цуглаан хэрэггүй, ялдгаа ялчихлаа гэсэн. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд тэр хоёрыг дуудаж уриад “Энэ жагсаал цуглаанаа тараа. Болохгүй ээ. Элдэв маргаантай асуудал байвал ярилцаж шийдье” гэсэн санал тавьсан. Тэд өөр өөрийн шугамаар жагсаал цуглаан хийж байгаа хүмүүст хандаж зогсоох арга хэмжээ авъя гэсэн. Хэр зэрэг арга хэмжээ авсныг бүү мэд. Ямар ч гэсэн жагсаал цуглаан намжаагүй. Тэгээд энэ хоёр намд жагсаал цуглааныг намжаа гэж хэлээд нэмэргүй юм байна, аль аль нь үүнийг хийхгүй юм байна гэдгийг ойлгосон. Хийх хүсэлгүйдээ тэр үү, чадалгүйдээ тэр үү, эсвэл аль аль шалтгаан хамтдаа байсан уу. Эсвэл жагсаал цуглаан бүр даамжирчихсан байсан уу, мэдэхгүй.
Эцэст нь хоёр намд найдахаа болиод Төрийн тэргүүний хувьд ард иргэддээ хандаж телевизээр үг хэлсэн. “Жагсал цуглаанаа зогсоож, бий болсон нөхцөл байдлыг яриа хэлэлцээний замаар шийдье” гэсэн санал хэлсэн. Жагсаал бас л зогсоогүй. Ерөнхий сайд С.Баяр “Онц байдал зарлаач” гэж удаа дараа надаас хүссэн, шаардсан. Эхлээд ЦЕГ-ын дарга “Жагсаал цуглааныг аятайхан тарааж болно. Заавал онц байдал зарлах шаардлагагүй” гэсэн учраас байдлыг судлая. Аль болох онц байдал зарлалгүйгээр шийдье гэсэн саналыг Засгийн газарт ч, Ерөнхий сайдад ч, ЦЕГ-ын даргад ч хэлсэн. Орой 22.00 цагийн үед хүчний байгууллагын дарга нар “жагсаал цуглааныг өөрсдийн хүчээр зогсоож дийлэхээ болилоо” гэж илтгэсэн. Тэгэхээр Төрийн тэргүүн яах үүрэгтэй вэ. Онц байдал зарлахаас өөр аргагүй. Тэгээд зарласан. Жагсаал цуглааныг зогсоосон. Харамсалтай нь таван хүний амь алдагдсан. Хэн буруутай вэ гэдгийг одоо хүртэл тогтоохгүй байгаа. Түүний дараа хамтарсан Засгийн газар байгуулсан нь одоо ямар сэжиг төрүүлж байна гэхээр энэ үйл явдлыг зориуд замхруулж, 2008 оны сонгуулийн будилааныг хаах гэсэн арга байжээ гэж бодож байгаа. Ингэж хэлэхээр үүнд шууд болоод шууд бусаар оролцсон дарга нар их уурладаг. Буруутныг заавал олох ёстой. Олохгүй байх нь Монголын ард түмэнд муу, улс төрийн намуудад муу. Сонгогчдын санал хамаагүй, хүний амь үрэгдсэн байсан ч хамаагүй юм байна. Олонх цөөнх суудал авснаасаа үл хамаараад намууд хуйвалдаад, нийлээд засгийн эрх барьчихдаг юм байна гэсэн ойлголтыг төрүүлчихлээ шүү дээ.
-Өнгөрсөн жил болсон Ерөнхийлөгчийн сонгуульд та нэрээ дэвшүүлсэн, дараа нь болсон УИХ-ын Чингэлтэй дүүргийн тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөхийг хүссэн ч МАХН-ын бага хурал, удирдах зөвлөл өөр хүний нэр гаргаж ялуулсан. Энэ бүхнийг та луйвар гэж үздэгээ илэрхийлж байсан. Яагаад тэгж хэлэх болсон юм бэ?
-Би үүнд Ардчилсан нам, Ц.Элбэгдоржийг шүүмжилдэггүй. МАХН сонгуулийн кампанийг зохион байгуулахдаа хэрэв Н.Энхбаяр гэдэг хүний нэрийг дэвшүүлсэн л юм бол ялуулахын төлөө явах байсан. Гэтэл яагаад Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нийт орон даяар ялаад Улаанбаатарын зургаахан дүүрэг дээр ялагддаг юм бэ. Жаахан юм боддог хүн харахад но байгаа биз дээ. Цааш нь судлах ёстой. Энэ дан ганц миний ч хэрэг биш. Будилаантай сонгуулиудын үнэн мөнийг тогтоочихвол цаашдаа сонгуульд ийм луйвар будилаан гарах боломжгүй болно. Үүнийг л би хүсч байгаа юм. Тэрнээс миний албан тушаал авах, өгөх нь ерөөсөө маш жижигхэн асуудал.
Дараагийн Чингэлтэй дүүргийн сонгуульд намайг оролцуулаагүй нь ч сонгуулиудын будилааныг шалгуулах бололцоог Н.Энхбаярт олгохгүйн тулд албан тушаалаас аль болох хол хөндий байлгах гэж л хийсэн ажил. Тэр нөхөн сонгууль бас л 2008, 2009 оны сонгуулийн будилааныг хамтарсан Засгийн газрын далбаан дор нийлж далдлах гэсэн оролдлого болсон. Заримдаа би намаа танихаа болиод байгаа. Хүмүүс маань ч миний мэддэг хүмүүс биш болсон. Албан тушаалаасаа салахгүйн төлөө үхэн хатан тэмцсэн тийм л хүмүүс болчихож. Энэ нь тэдний буруу бас биш юм. Удирдлага нь намаа амьд биш болгоод, үзэл баримтлалаа орхигдуулснаас болж байгаа юм.
-МАХН одоо нэр, бэлгэдлээ солино гэж байна. Таныхаар ямар хувилбар байвал оновчтой вэ?
-Нэрийн хувьд ямар нэг маргаан байхгүй. МАН гэдэг уугуул нэр байна. Эсвэл өөр нэр авах уу. Үүнийг намын гишүүн бүр бүтээлчээр ярьж, судалж шийднэ биз. Гишүүнээс гадна дэмжигч бүрийн саналыг авах ёстой. Хэдэн даргын тулгаж хийдэг ажил биш шүү. Хувьсгалт гэдэг үгнээс заримдаа болгоомжлох, эмзэглэх хандлага байдаг. Намайг МАХН-ын дарга байхад нэр солих бололцоо байсан ч хэдэн цөөн даргын хийх ажил биш юм байна гэсээр өнөөг хүрсэн. Өнөөдөр үүнийг хийж болно. Харин үзэл баримтлалаар оролдож болохгүй. Зүүн жигүүрээ хэрхэвч хаяж болохгүй. Монголын ард түмний амьдрал үүн дээр тогтож ирсэн, одоо ч зүүн жигүүрт асар их орон зай байна. Ирээдүйд ч бололцоо их бий.
-Зүүний гэх өөр нам ч Монголд алга?
-Байхгүй шүү дээ. Социал демократ нам байж байгаад Ардчилсан нам руу орсон. МАХН 1996 онд уг нь үндэсний ардчилсан, барууны үзэл авсан юм. Түүнийг хэрэгжүүлэх арга зүй нь төв үзэл гэж зарласан. МАХН тэгээд тэр үндэсний ардчилсан үзэлтэйгээ 1996 онд сонгуульд орж ялагдсан шүү. Одоо гэтэл дахиад ялагдсан үзэл баримтлалаа сэргээх гээд ярьж сууна. Угаасаа зүүний намд барууны үзэл тулгах нь зохиогүй учраас 1996 онд МАХН ялагдсан. Тэр үед үндэсний ардчилсан үзлээ ч олигтой хэлж чадаагүй. Төв үзэл гэдгээ ч тайлбарлаж чадаагүй.
МАХН ардчилсан социалист үзэл санааг авснаасаа хойш харин нэг ч ялагдаагүй. 2009 оны Ерөнхийлөгчийн луйврын сонгуулийг оролцуулалгүйгээр шүү дээ. Босоо үзэл байхгүй юү энэ чинь. Хэдийдээ МАХН-ын нөхөд баян болчихоод харьцангуй баян хүмүүсийн илэрхийлдэг барууны үзэл баримтлал руу шуураад байгаа юм бэ. Удирдлагад байгаа хэдэн хүн баяжсан байж магадгүй. Тэр нь Монгол Улс баяжсан гэсэн үг биш. Монголын ард түмэн баяжаагүй. Нийт ард түмний үзэл баримтлал, тав арван төгрөгтэй цөөн хүний үзэл баримтлал гэж өөр өөр юм байж таарахгүй. Ард түмэндээ таарсан үзэл баримтлалтай байж л нам тэдэндээ хэрэг болно биз дээ.
-Таны энэ үгийг У.Хүрэлсүх дарга намын жирийн гишүүний л үг байна лээ гээд тийм ч ач холбогдол өгсөн шинжгүй хэлж байсан. Тэгэхээр үйл ажиллагаандаа тусгана гэж үү?
-Ийм үед жирийн гишүүн, жирийн бус гишүүн гэж хувааж болохгүй л дээ. Гишүүн бол гишүүн. Албан тушаалтны үг арван саналтай, жирийн гишүүний үг нэг саналтай тэнцэж байж таарахгүй. Олон талаас нь бодсон жирийн гишүүн Н.Энхбаярын саналыг харин хэдэн гишүүн дэмжиж байгаа бол гэдгээр л асуудлаа шийдье.
-С.Баяр гишүүн та хоёрын харилцаа ямар байдаг вэ. Та хоёр хоёулаа МАХН-ын Хяналтын хороонд өргөдөл өгсөн. Түүнийг ямар учраас шийдэж чадахгүй удаад байгаа вэ?
-Хувь хүнийхээ хувьд би хүнд сайн муу юм санаж бодоод явдаггүй. Улс төрийн хувьд бол бусад намынхантай маргалдах, нам дотроо ч санал зөрөлдөх асуудал гаралгүй яахав. Тэрийг би хувь хүний харилцаанаас хол байлгахыг боддог. Тэгж ч ирсэн. Харамсалтай нь улс төрд байгаа, албан тушаал эзэлсэн, эзлээгүй харьцангуй олон хүн улс төрийн харилцааг хувийн харилцаатайгаа хольдог юм билээ. Миний хувьд С.Баяр ч байна уу, хэн нэгэнтэй хувь хүний хувьд сайдах муудах шаардлага байхгүй. Тухайн үед намын даргын хувьд сонгуулийн кампанит ажлыг аятайхан авч яваад хариуцлагатай хийх байсан хүнийх нь хувьд С.Баярыг хариуцлага алдсан гэж үздэг. Хариуцлага алдах алдахдаа бүр мэдсээр байж алдсан гэж боддог. Мэдэхгүй алдах, мэдэж алдах хоёрын хооронд тэнгэр газар, тэмээ ямаа шиг зай бий. Мэдэхгүй алдсан хүнд намын дүрэм журам талаасаа хариуцлага тооцох ёстой байх. Санаатайгаар будилж алдсан байвал хариуцлага тооцох битгий хэл, намын эрч хүчийг бууруулсан, асар их хор хохиролтойгоор цааш цаашдаа алдаа гарах нөхцөл боломж нээсэн гэж зориуд анхааруулж хэлэх ёстой гэж бодсон юм.
Тэгээд л би хэлсэн. Түүнд С.Баяр маш их эгдүүцсэн. С.Баяр хувь хүнийх нь хувьд над руу дайрч, үгээр тоглож, битүү хатуугаар хатгасан, чичилсэн. Би тэгж доошоо орж маргалдахгүй. Тийм соёл, тийм ухамсар, хүмүүжил надад байхгүй. Би сонгуулийн дүн ингэж гарах ёсгүй байтал гарсан байна гэсэн зарчим л яриад байгаа юм. Санаатай юу, санаандгүй юү, хэн алдав. Н.Энхбаяр алдсан бол тогтоогоод өгчих л гэсэн. Намын дарга бас үүнд хариуцлага хүлээх ёстой. Намын гишүүд бол хөөрхий, сонгуулийн ажилд нойроо хасаад л явцгаасан байгаа шүү дээ. Тийм болохоор асуудлыг тэр үеийн намын даргатай хариуцлага тооцох маягаар шийдэх ёстой гэж үзсэн юм. Үүнийг МАХН-ын Хянан шалгах хороо, Удирдах зөвлөл нухацтай авч үзээд, ажлын хэсэг байгуулаад, асуудал бүр дээр нь хөөцөлдөөд, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагаар шалгуулаад , УИХ-аар оруулаад, Засгийн газар, СЕХ, шүүх, бусад байгууллагаар шалгуулаад, дүгнэлт гаргуулж өгөх ёстой байхгүй юү, уг нь. Ийм нэрсийн жагсаалт, ийм саналын хуудас байжээ. Сурталчилгааг ингэж явуулжээ. Энд ийм алдаа гарчээ гээд. Тэгэхгүй надаас нэг тайлбар нэхээд, би тайлбар өгчихвөл буруу зөвийг нь тогтоох юм шиг МАХН-ын Хянан шалгах хорооны хэдэн хүн дахин дахин тайлбар нэхээд байх юм. С.Баяр, Н.Энхбаяр гэдэг хоёр хүний хувийн маргаан байгаа юм шиг олон нийтэд буруу ойлголт төрүүлээд байна гэдэг буруу. Түүнд С.Баяр даргын миний талаар, хувь хүнийх нь хувьд туйлын бүдүүлэг өгсөн ярилцлагууд нөлөөлсөн байж магадгүй. Хоёулаа гар бариад болчихооч ч гэх шиг. Асуудлын мөн чанарыг ойлгохгүйгээр ингэж хандаж болохгүй. Миний тайлбараар энэ асуудал дуусахгүй.
-Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүмүүс бүрэн эрхийн хугацаа өндөрлөмөгц нийгмийн амьдрал, улс төрөөс ид насандаа хөндийрөх юм. Нам нь боловсон хүчнээр тийм их ханасан уу. Яагаад тэдний хүч, нөөцийг ашигладаггүй юм бол. Нөгөө талаас Н.Энхбаяр гэдэг хүн одоо их улс төрд байсан бол юу бүтээх байв. Байхгүйгээс болж эзгүйрсэн орон зай гэж байна уу?
-Өмнөх хүмүүсийг хэлж мэдэхгүй. Хэрэв би одоо Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бол Оюутолгойн гэрээг ийм замбараагүй, Монголд ашиггүй байдлаар хийхгүй байсан гэдгийг баттай хэлнэ. Тэр талаар миний хийж байсан, гаднынхантай тохиролцож байсан зүйлүүд бий. Тавантолгойн гэрээг бас ийм замбараагүйгээр батлуулахгүй байсан. Ард түмний компани байгуулахын төлөө ажиллах байсан. Оросын их өрийг төлөгдөж дуусаагүй мэтээр хүлээн зөвшөөрүүлэхгүй байх байсан.
-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Медведевийн жилийн өмнө Монголд айлчлахдаа хэлсэн их өрийн үлдэгдэл гэдэг хаанаас гарч ирсэн юм бэ?
-Дуусчихсан өрийг Монросцветметийн бүртгэлийн алдаанаас болоод дуусаагүй мэтээр яриа гаргасан. Эрдэнэт, Монросцветмет хоёрыг их өр дуусаны дараа дахин бүртгэх ёстой байсан. Их өрийг 2003 онд тэглэсний дараа Эрдэнэтийг дахин бүртгэж Монголын хууль тогтоомжид нийцүүлье. Монросцветметийг мөн адилхан тэгж бүртгүүлье гэж тохироод байсан. Эрдэнэт тэр ажлаа хийсэн. Монросцветмет хийгээгүй.
-Монросцветметийн бүртгэлээ шинэчлэлгүй үлдээсэн шалтгаан юу вэ?
-Харамсалтай нь тухайн үед жоншны үнэ хямд байсан. Зах зээл дээр хүнд хэцүү байсан учраас тухайн үеийн Монросцветметийн дарга нар гаалийн татвараас чөлөөлөх, тээврийн хөнгөлөлт эдлэх зэрэг өмнөх хөнгөлөлтөө эдэлж компаниа авч гарахын тулд компанийн бүртгэлийн ажлыг хоцроочихсон. Дээр нь Орос, Монголын их өрийн асуудал будилаантай гэж баахан шуугисаар байгаад УИХ-ын гишүүд түүнийг шалгах гэж цаг алдсан. Тэр бүхнийг нөгөө тал маань овжин ашигласан хэрэг. Процедураараа явсан Эрдэнэтийн араас юу ч хэлэхгүй байгаа биз дээ. Би хэрэв Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бол энэ түүхийг сайн мэдэхийн хувьд Оросын нөхдөд хэлэх байсан. ОХУ-ын ГосДум Орос-Монголын хамтарсан үйлдвэрүүдийн бүртгэлийг өөрийнхөө процедураар явуулж бүртгэх ажлыг бас цаг алдаж хийсэн. Орост ч, Монголд ч адилхан алдсан юм бий. Бүртгэлийн алдаанаас болж өр үүсч болохгүй. Хамтарсан компани учраас ганцхан Монгол алдсан байж таарахгүй. Оросууд ч алдсан. Хамтарсан компанийн алдааг нэг улсад дангаар нь тохож болохгүй гэж хэлээд тайлбарлавал оросууд ойлгоно. Тэрийг мэдэхгүй, эсвэл өөр ямар нэг шалтгаанаар хүлээн зөвшөөрснөөс Монголд өрийн дарамт үүсч байна.
Яахав их өр шиг 11,7 тэрбум шилжих рублийн дарамт биш л дээ. 180 сая ч бил үү, тийм шилжих рублийн өр гарч ирсэн. Их өртэй харьцуулахад маш бага ч Монгол Улсад ашиггүй хүлээн зөвшөөрөлт болсон. Би хэрэв Монгол Улсын Ерөнхийлөгч байсан бол лав л ийм гурван асуудал дээр өөр байр суурьтай байх байсан. Бусдыг нь хэлж чадахгүй ээ. Улс орны хувь заяанд нэг хүний үүрэг роль нөлөөлөхгүй ч мэдэж байгаа асуудлаараа зөв шийдвэр гаргаж нөлөөлж бас болдог.
-Удахгүй УИХ-ын 2012 оны, Ерөнхийлөгчийн 2013 оны сонгууль болно. Тэр сонгуулиудад өрсөлдөх хүсэл танд байдаг уу?
-Ний нуугүй хэлэхэд албан тушаал надад хангалттай байсан. Дахиж албан тушаал хүсэх сонирхол алга. Түрүүн асууж байсан шүү дээ. Ерөнхийлөгч байсан хүмүүс яагаад намаасаа хөндийрдөг юм бэ гэж. Ер нь Монгол Улсын Ерөнхийлөгч болсны дараа аль нэг нам хамаагүй болдог юм билээ. Асуудал нь зөв тийшээ байгаасай гэж өөрийн эрхгүй боддог. Улс төрийн нэг намд баригдахаараа бид чинь өөр өөрийн “нүдний шил”-тэй болчихдог юм байна. МАХН-ын дарга гэхэд МАХН-ын алдааг олж харахаа больчихдог.
-Нөгөө талынхыг бол харна биз?
-Нөгөө талын алдааг маш соргог харна. Бүр байхгүй юмыг нь хүртэл олж харна гээч. Ардчилсан намын дарга бол өөрийнхөө намын алдааг харахгүй. Н.Алтанхуяг одоо харахгүй л байгаа. МАХН-ын алдааг бол маш сайн харна. Байхгүй байсан ч гаргаж ирнэ. Аль алийнх нь дарга биш Төрийн тэргүүн болчихоор МАХН-ын ч, Ардчилсан намын ч алдаа алган дээр тавьсан юм шиг ил болдог. Тэгэхээр өөрийн нам ч хөндийрнө. Нөгөө нам бүр цаашаа болно. Харин Төрийн тэргүүн ард түмнийхээ талд ордог . Ард түмний талд байна гэдэг их эр зориг шаарддаг ажил. Тэгээд ирэхээр улс төрийн хувьд харьцангуй ганцаардах нөхцөл байдал үүсдэг юм байна лээ. Ерөнхийлөгчийн албан тушаал өөрөө тийм мөн чанартай юм. Албан тушаалаасаа буусны дараа ч тэр чанар гээгддэггүй юм байна.
-Ерөнхийлөгч гэдэг албан тушаал цор ганц болохоор Төрийн тэргүүн хүнд ганцаардах үе олон тохиолддог байх?
-Тийм юм билээ. Ерөнхий сайд хүн буруу юм хийлээ гэхэд Засгийн газар засна. Танхим нь байна. Бүр болохгүй гэхэд Ерөнхийлөгч засчихна. УИХ алдлаа гэхэд Үндсэн хуулийн Цэц засчихна. Ерөнхийлөгчийн зарлиг буруу гарлаа гэхэд яахав Цэц засна биз. Гэхдээ зарим шийдвэр дээр өөрөө л эцсийн шат болж дуусна. Тийм болохоор илүү хариуцлагатай, илүү болгоомжтой, ноён нуруутай байх ёстой ажил юм билээ.
-Таны нэртэй холбоотой тооны нэрүүд байх юм аа. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, намбар one гэх ч юм уу. Яагаад Монгол Улсын Ерөнхийлөгч асан гэдэггүй юм бэ?
-АНУ-ын хэд дэх Ерөнхийлөгч вэ гэдгээрээ 45 дахь, 46 дахь Ерөнхийлөгч гэж хэлдэг шиг юм. П.Очирбат гуай анхны Ерөнхийлөгч гэдэг. Н.Багабанди гуай нэрийн хуудсан дээрээ хоёр дахь Ерөнхийлөгч гэж бичсэн байдаг юм байна лээ. Би Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд байсан. Би тэр жишгээр л гурав дахь Ерөнхийлөгч гэж явдаг. Ц.Элбэгдорж сүүлд ажлаа өгөхөөрөө дөрөв дэх Ерөнхийлөгч болох байх. Намбар one гэдгийг сонгуулийн үеэр манай намын PR-чид гаргаж ирсэн үг. Төрийн тэргүүн гэдэг бол нэгдүгээр албан тушаал. Тэр албан тушаалд тохирно гэж дэмжиж, нэр дэвшүүлсэн. Тэр итгэлийг ард иргэд, ялангуяа залуучуудад хүргэхдээ тийм өвөрмөц хэллэг гаргаж сурталчилгаандаа оруулсан юм байна лээ.
-Таныг намынхан тань янз бүрийн арга хэмжээндээ урьдаг уу. Ер нь МАХН цаашдаа яаж хөгжих ёстой вэ?
-Урина л даа. Заримд нь очдог, заримд нь амжихгүй юм. Хамгийн сүүлд МАХН-ын дарга Сү.Батболд намынхаа үе үеийн удирдлагыг үдийн зоогт урьсан. Өнгөрсөн даваа гаригт юм байна. Тэр үед МАХН-ын Тунхаг бичиг гарсан байсан. Би тунхаглалтай холбогдуулж мэдэгдлээ гаргачихсан байсан. Тэр тухай ярих бололцоо олдох байх гэж, санаа бодлоо товчхон хэлье гэж очсон. Харамсалтай нь арга хэмжээ миний бодсоноор болоогүй. Сү.Батболд дарга өөрийнхөө санаа бодлыг нэлээд удаан танилцуулж ярьсан. Миний дараагийн төлөвлөсөн ажил болсон учраас дутуу сонсоод гараад явсан. Гарч явахаасаа өмнө Ерөнхий сайд байсан Ш.Гунгаадорж гуайд “Та үг хэлбэл МАХН-ын даргаар ажилаж байсан Н.Энхбаяр намын шинэчлэлт, үйл ажиллагаа, сонгуулийн амлалттай холбогдуулж санаа бодлоо хэлье гэж бодсон ч цаг нь амжсангүй. Хоол ундтайгаар хариуцлагатай яриаг хийж болохгүй байх аа. Хамгийн гол нь ажил хэрэгч яриа өрнүүлээч ээ. МАХН-ын дарга нар огт танихгүй улс биш. Ихэнх нь миний гараар орж гарсан хүмүүс. Маш ажил хэрэгч маягаар тус тусад нь болон бөөнд нь уулзаач гэсэн саналтай байна шүү” гэж хэлж үлдээсэн. Дараа нь У.Хүрэлсүх даргад энэ саналаа хэлсэн. “Өө тэгэлгүй яах вэ” гэж байсан. Түүнээс хойш хэд хонолоо. Одоо болтол тэр ажил хэрэгч уулзалтыг зохион байгуулаагүй байна. Би харж л байгаа. Гэхдээ тэрийг би хүлээгээд сууж болохгүй юм байна. МАХН-ын үзэл баримтлал зүгээр нэг намын үзэл баримтлал төдий асуудал биш. Нийгмээ ёс суртахуунтай, чиг баримжаатай, зарчимтай болгоё гэдгийн төлөө юм байна. Үүнд зөвхөн МАХН, Ардчилсан намынхан биш, иргэний нийгэм, ард иргэд идэвхтэй оролцож үнэхээр үзэл баримтлалаараа, итгэл үнэмшлээрээ нэгддэг, түүнийхээ төлөө шударгаар ажиллаж чаддаг шинэ улс төрийг Монголд бий болгоё. Албан тушаал, ашиг хонжоогоороо нийлдэг, түүгээрээ хамтарсан Засгийн газар байгуулж, асуудлыг ард түмнээсээ нуудаг хуучин улс төр халагдах цаг болжээ. Өнөөдөр МАХН нэр, үзэл баримтлал гэхээсээ илүү амласнаа биелүүлж, авлига, хээл хахуулиас салчихвал, ашиг хонжоо, албан тушаалаар намаа авч явдаг байдлаасаа больчихвол дэмжих масс хангалттай байгаа.
Түүнтэй адил Ардчилсан нам ч амлалтаа биелүүлж, ашиг хонжоо, албан тушаалаар ажилладаг нам биш гэдгээ харуулж чадвал, барууны үзэл баримтлалдаа үнэнч байж чадвал хангалттай дэмжих дэмжлэг нийгэмд бий. Харамсалтай нь тэгж чадахгүй учраас, энэ хоёр хоёулаа нийлээд буруу юм хийгээд байгаа учраас нийлсэн дэмжлэг нь хүртэл урьд нь нэг намын дангаараа авч байсан дэмжлэгээс дор орж байна шүү дээ. Намайг МАХН-ын дарга байхад социологийн судалгаа байнга явуулж, 43-48 хувийн хооронд намын рейтинг явдаг байсан. Түүнээс дор оруулахгүйн төлөө намаа ард түмэнд ойлгуулж ажилладаг байсан. Ерөөсөө унаж байгаагүй. Нэг л удаа, маш богино хугацаанд 35 хувь хүртэл айхтар унасан. Одоо харамсалтай нь МАХН-ын рейтинг 20 хэдэн хувьтай, хоёр нам нийлээд 40 хэдэн хувьтай л явж байна. Тэгэхээр нэг л биш байгаа биз дээ.
-Үүний шалтгаан юу вэ?
-Юу нь биш байна вэ гэвэл амлалтаа биелүүлэхгүй байгаа учраас, албан тушаал, ашиг хонжоогоор намын ажлыг явуулаад байгаа учраас, ард түмнээсээ, гишүүд, дэмжигчдээсээ холдож хөндийрөөд байгаа учраас рейтинг унаад байна. Түүнийгээ ярихын оронд намын нэр, лого, үзэл баримтлалаа сольчих л юм бол болоод явчихна гэж боддог болж. Амлалтаа биелүүлэхгүй байж болно. Хэдэн дарга нар нь том машин унаад, гишүүдээ муухай хатуугаар бодлогын сахилга гэдгээр дарамталж болно. Ард түмнээ ахуй амьдралаа өөрсдөө болго гээд хаяж болно. Тэгвэл сайхан болчихно гэж бодоод байна. Энэ бол том эндүүрэл.
Д.ОЮУНЦЭЦЭГ
No comments:
Post a Comment