Saturday, 25 December 2010

Д.ЖАРГАЛСАЙХАН: "Барууны хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргасан компани “худлаа” ярьдаггүй"


Монголын анхны мэдээллийн сайт “Sonin.mn” “Уул уурхайн сонин” булангийнхаа ээлжит зочноор

Эдийн засагч Д.Жаргалсайханыг урьж, цөөн хором ярилцлаа. Тэрбээр М.Ломоносовын нэрэмжит Москва хотын Их сургуулийг онц дүнтэй, АНУ-д эдийн засгийн менежментийн дээд курсыг тус тус дүүргэсэн. Улс төр, эдийн засагч мэргэжилтэй.

Түүний NTV телевизэд хийж буй “de-facto” нэвтрүүлэг олон сонирхолтой хүмүүсийг танилцуулж буй бол, долоо хоног бүр нийтлэгдэж буй бичлэг нь их хотын ая тух, засаглалын ил тод байдлаар сонирхолтой санааг олон нийтэд түгээж байгаа билээ. “Залхуувтар УИХ-ын гишүүнээс илүү бодож бичиж байна” гэж өөрийгөө тодорхойлсон тэрбээр эдийн засаг, улс төр, уул уурхайн талаар сонирхтолтой яриа өрнүүлсэн юм.


-Энэ жилийн төсвийн талаар та юу хэлэх вэ?
-Онцлог нь бол их ойворгон. Хэзээ ч байгаагүй том алдагдал. Гол нь орж ирээгүй, орж ирэх нь тодорхойгүй зүйлд тулгуурласан, урагшаа харсан төсөв. Ардчилсан орон болохоор төсвөө нийтдээ, нийгмээрээ хэлэлцүүлээд ярьсан. Хоёр сар шахуу шуугилаа шүү дээ. Ганцхан үр дүн нь баталгаагүй. Эрх баригчид ард түмэнд сонгуулиар амалсан мөнгөө энэ удаа өгнө гэж баталж байна. Орлого нь бол манай гадаадад гаргаж голлох ашигт малтмал, зэс, нүүрс, алтны үнэ унахгүй бол энэ хэмжээгээрээ орохоор байгаа. Энэ хэвийн хэмжээнд явах байх гэж бодож байна. Төсөвт хоёр янзаар орлого олох болно. Нэг нь роялти, нөгөө нь тухайн байгууллагуудын ашгаас орно. Харин Оюутолгойн хувьцааны ашгаас бол орохгүй. Ер гь их л холын ажил шүү дээ. Энэ бүхнийг нэлээн урагшаа харсан, дэндүү аптимистик тийм төсөл болж байна.

-Өмнөх жилийнхтэй харьцуулбал утга агуулга нь адилхан уу, эсвэл … Ер нь шинэлэг юм байна уу?
-Утга агуулга нь адилхан. Ганцхан илүү юм орно гээд баталж байгаа. Төсвийнхөө төвлөрлийг багасгах талд нэлээн тодорхой үйл ажиллагаа хийж, жилд орсон орлогоосоо хуваарилж үлдээх арга хэмжээ авч байгаа. Жилийн жилд бас шинэ юмнууд байгаад л байна. Гэхдээ л төсвийн алдагдлын хэмжээ асар том байгаа. 13, 15 хувь хүрэхээрээ ноцтой болж эхэлдэг.

-Бизнесийг дэмжих жил дууслаа. Нэр өгөөд зарласан, онцгой юм харагдав уу?
-Төр засгийн зүгээс онцгой юм хийнэ гэж юу байх вэ. Бизнес явуулах, зөвшөөрөл авах бизнес гээд шат дамжлага хэцүү хэвээрээ л байгаа. Харин Монголын компаниуд олон улсын зах зээлд хувьцаагаа худалдаж эхэллээ. Хөрөнгийн биржид Монголчууд хөл тавьж байна. Энэ бол нэг том давуу тал. Нэг талаасаа Монголын компаниуд тэлж байгаа хэрэг. Хоёрдугаарт гадаадын зах зээлд шаардлага өндөр болж байна. Мөн тухайн компаниудын, ялангуяа томоохон орд газартай компаниудын хөрөнгө нь нэмэгдэнэ. Энэ нь ихээхэн ач холбогдолтой.

-Оюутолгойн гэрээг тойрч нэлээн яриа явж байна?
-Бид Оюутолгой дээр тохиролцсон. Нэгэнт тохирчихоод маргааш нь одоо больё гэж хэлж болохгүй. Гэхдээ гэрээн дотор байгаа заалтыг яваандаа харж үзэх юмнууд бий. Энэ бүгдийг нарийвчлан үзээд шаардлага тавьж болно. Гэхдээ маш нарийн тоо баримттай байхгүй бол манай нэр хүнд олон улсын тавцанд унана. Засгийн газар нэр хүндгүй болно. Энэ бүхэн бол дараа дараагийн гэрээг хийхэд сургамж болно. Эртнээс ул суурьтай ухаантай хандах хэрэгтэй гэдгийг сануулж байгаа юм.

-Тавантолгой дээр хоёр компани үлдсэн. Ер нь юуг үндэслэж сонголтоо хийвэл бидэнд ашигтай бол?
-Нэг л юмыг бид сайтар ойлгох хэрэгтэй. Барууны хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа гаргасан компани худлаа ярьж чадахгүй. Ялангуяа Хойд Америк. Тэд худлаа ярих юм бол “аймаар” шийтгүүлдэг. Хувьцаа нь унадаг. Тийм учраас Англи, АНУ-ын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргасан компанид итгэж болно. Мэдээж зуун хувийн баталгаатай юм байхгүй. Гэхдээ тэд худлаа ярихгүй, худлаа ярих эрхгүй. Энэ утгаараа ийм компани манайд орж ажиллавал би гайгүй гэж үзэж байна. Харин тэр компани ямар нөхцөлтэй орж ирж байна, ямар байдлаар ажиллах юм. Бид тэр бүгдийг тусгайлан авч үзэх хэрэгтэй.

-Таны нийтлэл, нэвтрүүлэг гарч байна. Ингэж бичсэнээр үр дүн хэр харагдах юм. Танд эргээд холбогдож санал бодлоо илэрхийлэх тохиолдол байна уу?
-Би улс төрийн намуудыг онцгой шүүмжлээд байгаа учраас тэд над руу хандаад байх нь юу юм. Зүгээр л ийм байвал яасан юм, тийм байвал яасан юм гэж улс төрийн намуудад байгаа хүмүүст хандаж үгээ хэлж байна. Улс орон урагшаа явахгүй байна. Тийм учраас авлигал ардчилагдаж байна гэж бичээд байна. Авлигал аварга могой шиг энд тэндгүй ороосон байх жишээтэй. Дарж алах нь байна. Хавчиж алах гэж байна. Энэ бүхнийг харж байгаа иргэний хувьд, ажиглагчийн хувьд долоо хоног болгож бичиж байна. Нэвтрүүлгийн хувьд “de-facto” бол надад гурван жилийн өмнө NTV-гийн М.Уламбадрах нэг ийм телевизийн нэвтрүүлэг хөтлөөч гэсэн санал тавьсан. Тухайн үед бодоод өнгөрсөн. Ноднин намар наймдугаар сараас хийе гээд эхэлсэн дээ. “de-facto” нэвтрүүлгээр нийгэмд юм бүтээж байгаа сонин содон хүмүүсийг олонд танилцуулахыг зорьж байгаа.

-Таны одоогийн эрхэлж байгаа үйл ажиллагаа?
-Үндсэн ажил бол “Хас лизинг” компанийн Гүйцэтгэх захирал. “Хас лизинг” бол “Хас” банкны “охин дүү” нь, нэг эзэнтэй. Гол үйл ажиллагаа нь тоног төхөөрөмжийн түрээс. Энэ бол эдийн засгийн утгаараа үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг хямд үнээр олгосноор компаниудын бүтээмжийг дээшлүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах санхүүгийн бүтээгдэхүүн юм.

-Таныг “Өргөө” кино театрыг нээхэд үнэтэй хувь нэмэр оруулсаныг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Анх энэ санаа яаж төрсөн талаар?

-“Өргөө” кино театрын эзэмшигч надад хүсэлт тавьсан. Тэгээд би барууны хамгийн сайн кино театр хийдэг хүмүүстэй холбогдоод тэр дотроос “Warner Bros” нь кино театртай байсан. Тэдний хүмүүстэй гэрээ хэлцэл хийж өгсөн. Эхэндээ “Warner Bros”-ын нэрийг өгье гэж байсан. Гэхдээ монголын өвөрмөц онцлогийг хадгалаад “Өргөө” нэрийг авч үлдсэн. Кино театр бол нэг ёсны сав шүү дээ. “Өргөө” кино театр баруунаас дуртай киногоо цаг хугацаанд нь авч байна. Нью-Йорк, Лондон, Парис, Улаанбаатарт кино нээлт нэгэн зэрэг явагдах нь дэлхийн хөгжилтэй Монгол эн зэрэгцэж байгаа хэрэг.

-Ойрын жилд юу төлөвлөж байна?
-Теле нэвтрүүлэг, сонинд нийтлэл бичих зэрэг нь хангалттай цаг авдаг. Үндсэн ажил “Хас лизинг”-ээр авч байгаа тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, харьцангуй хямд эх үүсвэртэй болгох тал дээр ажиллаж байна. Үүнийг зөв хийж чадах юм бол, би чадна гэж бодож байна л даа. Улс орны бизнесийн чиглэлд их хэрэг болно. Мөн бид Хүнс Хөдөө Аж Ахуйн Яамтай хамтран түрээсийн үйлчилгээ үзүүлэхээр тохирсон. Хөдөө орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тоног төхөөрөмжийг нийлүүлнэ. Миний бодлоор аймаг болгон өөрийн гэсэн талх нарийн боов, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэртэй, хэрэгцээгээ хангаад нийслэл рүү гаргадаг байвал. Ингэснээр органик цэвэр байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн эх үүсвэрийг монголдоо бий болгох юм. Монгол улс импортын бүтээгдэхүүнийг өөрсдөө хангах болно. Энэ чиглэл рүү л анхаармаар байгаа юм.

-Манайд эдийн засаг, улс төр хоёр байнга хамт явдаг жишигтэй. Харин гадаадад?
-Ер нь бол засаглал цэвэрхэн газар хүмүүс улс төр рүү орох сонирхолгүй болчихдог. Хөгжсөн орны жишгийг харахад жирийн үзэл бодолтой хүмүүс улс төрд ордоггүй. Онцгой нэг лидер болъё гэсэн хүн улс төрд ордог. Манайд бүгд улс төр рүү ордог. Энэ нь төрийн мөнгийг хувийн эрх ашгийн төлөө ашиглах сонирхлоос үүдэлтэй. Хүн чанарын хувьд тиймхэн юм. Ийм ийм хүмүүст зориулаарай гэсэн мөнгийг очоод өөртөө авчихаж байгаа юм. Бидний үе, 90-ээд оны ардчилалд орж байсан хүмүүсийн амьдрал энэ чигээрээ явна. Үүнийг засаж чадвал л бидний дараагийн үе сайхан амьдарна. Асар их баялагтай тэрийгээ ашиглана. Монголд хүн ирж амьдрахын тулд мөнгө төлдөг болно. Үүнийг хүн болгон мөрөөдөж байна. Гагцхүү хийх сэтгэлийн зориг зүтгэл мэднэ. Алдаагаа засаж залруулахгүй өөрсдөө баяжаад байх шаардлага алга. Улаанбаатар хотын гэр хорооллыг алга болгоод зөвхөн гэрт амьдаръя гэж хүссэн хүмүүс л амьдардаг болгомоор байна. Улаанбаатар хотын хүүхэд болгон ядаж л гэртээ 00-той халуун хүйтэн устай болоосой гэж бодож байна.

-Та улс төрд орох уу?
-Улс төрд орохгүй. Тэртэй тэргүй миний хийж байгаа ажил улс төрийн шинж чанартай болчихлоо. Би нэг залхуувтар УИХ-ын гишүүнээс илүү бодож бичиж байна. Наана нь миний хувийн ажлууд байна.

-Таны үеийнхэн бүгд хувьдаа их бага хэмжээгээр юм хийж байна. Харин залуу үеийнхэн өнөө маргаашаа аргацаагаад зугаа цэнгэл хөөцөлдөж байгаа байдал харагддаг. Ер нь хүмүүс заавал нас нь явж байж нийгэмд идэвхитэй байна гэсэн ойлголт байх шиг?
-Ер нь бид нарын амьдалын хэмнэлтэй холбоотой. Залуу үеийнхэнд ажиллах, мөнгө олох нөхцлийг нь бүрдүүлж өгөхгүй байна. Үүнийг бид ч хийж чадахгүй байна, залуу үе ч хийж чадахгүй байна. Хамгийн гол нь нөхцлийг нь бүрдүүлэх. Үнэхээр манай төр засаг болохгүй байна. Эрүүл уур амьсгал бий болохгүй байхад яаж ажиллах нөхцөл байх вэ. Дээд боловсрол гэхэд боломжтой бүх хүмүүс Монголд сурахгүй байна. Боломжгүй нэг нь эндээ сурч байна. Үр дүнгээр нь харахаар төгссөн хүүхдүүдэд өрсөлдөх чадвар бага байна. Гол нь тухайн сургуульд ажиллаж байгаа багш нар сайн байх хэрэгтэй. Гэтэл удирдлага нь данхар, багшид онцгой цалин өгөх систем алга. Онцгой авъяастай боломжгүй хүүхдүүдэд тэтгэлэг олгодог баймаар. Тийм тогтолцоо байхгүй болохоор жил бүр олон мянган залуусыг хоосон дипломны гол болгоод явуулж байна.

-Гэтэл энэ олон жил болсон боловсролын тогтолцооны хажуугаар уул уурхайд мэргэжилтэй боловсон хүчин гаргана гээд байна. Тийм урт хугацаанд төлөвшүүлж чадаагүй байхад мэргэжилтэй боловсон хүчин богино хугацаанд бэлдэх хэр бодитой вэ?
-Төр засаг ажиллаж байсан бол хамт явах байсан. Одоо Мексик, Чилийн ажилчид орж ирж байна. Хятадуудыг авч байна. Бид шийдэж чадахгүй байна. Тэглээ гээд хийхгүй гэх арга алга.Уул уурхайд ажиллана гэдэг зүгээр уухайлаад хийчихдэг юм биш. Мэргэжил, дадлага, авъяас энэ бүхнийг хангасан байх хэрэгтэй. Монгол залууст авъяас бий. Одоо практик дээр ажиллаж хурдан сурахаас өөр аргагүй нөхцөл байдал тулгараад байна.


-Уул уурхайд ямар нэг орд, лицензгүй улс төрч хүн алга. Харин танд?
-Надад нэг ч уул уурхайн лиценз байхгүй. Хэзээ ч байгаагүй. Энэ ч нэг их магтаад байх зүйл биш л дээ. Уул уурхай ашигтай учраас хүмүүс хошуурч байна. Харин төр засагт ойр байгаа хүмүүс ашигтай лицензийг нь лоббидоод авчихаад байгаа хэрэг л дээ.

-Оюутолгойгоос хувь хүртэх тал дээр иргэн бүр хүртэх эрхтэй. Харин ямар байдлаар байвал илүү өгөөжтэй байх бол?
-Монгол улсын иргэн бүр Оюутолгойгоос хувь хүртэх ёстой. Сууж байгаа автобус нь дулаахан, ажилдаа очсон ч контор нь дулаахан, 00 нь цэвэрхэн, хүүхдүүдэд сургалтын чанар байна. Энэ мэтчилэн дэд бүтэц талаас хувь хүртээх ёстой. Соёл урлагт хөрөнгө оруулах талаар бас юм хиймээр. Гэтэл улс төрчид сонгуульд ялахын тулд бэлэн мөнгө өгнө гээд амалчихсан. Тэр мөнгө улсын төсөв рүү орохгүй шүү дээ. Өнөөдөр тараалаа маргааш нь Эрээн рүү урсах байлгүй. Мөнгө биш ажил өгөх хэрэгтэй. Гэтэл хүмүүсийг хуураад өөрсдийнхөө амьдралыг сайжруулаад байгаа юм.

-Саяхан цалин тэтгэвэр нэмэгдлээ. Гэтэл юмны үнэ ёс юм шиг дагадаг. Ингэж нэмэхээс өөр хувь хүнд бодитой дэмжлэг байх боломжгүй юу?
-Манай төрийн аппарат данхар байна. Хүн нийгмийн даатгалд хэдийг төлсөн тэр мөнгөө бүгдийг нь хүүтэй нь эргүүлж авах хэрэгтэй. Хүүгээ болъё гэхэд үндсэн мөнгөө. Гэтэл үүнийг сайн ойлгохгүй байгаа юм. Таны 20, 30 жил төлсөн мөнгө шүү дээ. Сингапурт л гэхэд анх удаагаа байр авах гэж байгаа бол төлсөн мөнгөнөөс нь өгдөг, зээлдэг байх жишээтэй. Хүмүүсийн төлсөн нийгмийн даатгал эргэж наалдахгүй байна. Сингапур бодитоор хийж чадсан. Монгол Сингапур хоёрт нэг л ялгаа бий. Тэнд дарга нар нь хэзээ ч хулгай хийдэггүй.
-Манай улс төрийннамуудын талаар та юу хэлэх вэ. Улс төрөөс ангид байх гэсэн ч юм болгон нь улс төртэй холбогддог жишиг тул асуухаас аргагүй юм л даа. Ер нь та аль намыг дэмждэг вэ?
-Би аль нэг намын гишүүн биш. Ер нь болохгүй гэж боддог. Хүн болгон намын гишүүн болоод УИХ-д суучихвал юу болох вэ? Харамсалтай нь манай хоёр том нам улс төрийн чиг шугамын хувьд хаана нь явж байгаагаа хоёулаа мэддэггүй юм байна лээ. Нэгэнт тийм юм чинь хоёулаа нийлээд үйл ажиллагаагаа явуулна биз. Ингэж тус тусдаа ордон барьж яадаг юм. Уралдаад л бариад байх юм. МАН гэхэд одоо Засгийн газрын ордны хойно барих гэж байна гэнэ. Бидний мөнгөөр ингэж л дураараа дургиж байна даа.

-Манай эдийн засгийн нөхцөл байдал ер нь хэр эрүүл вэ?

-Монголын эдийн засаг бол халуурсан эдийн засаг. Манай эдийн засгийн өсөлт ерөөсөө бидний хөдөлмөр биш. Гэнэт газар доороос юм олчихоод тэрийгээ зараад амьдарч байна. Энэ хэмжээгээрээ хүмүүс хөгжихгүй, сэтгэхгүй, хийж бүтээхгүй байна.
-Нэг хэсэг нь хийж бүтээхгүй нөгөө хэсэг нь амьдралаа сайжруулаад гээд бодохоор нөхцөл байдал өнгөлөг харагдахгүй юм байна. Тэгвэл та залуу үеийнхэнд хандаж юуг зөвлөх вэ. Таны залуу нас хэрхэн өнгөрч байв даа ?
-Хөдөлмөрлө. Нэг юмаа барьж аваад сайн хий. Хүнд муу юм хийж болохгүй. Миний хувьд би ерөөсөө цаг алдаагүй. Манай аав төмрийн заводод токарьч, ээж модны хоёрт ажилладаг байсан, эгэл жирийн ажилчин хүмүүс. Гэр хороололд ус зөөж түлээ хагалдаг амьдрал дунд өссөн. Амьдралдаа өөрчлөлт хийх эсэх нь миний гарт байсан. Тэгэхийн тулд орос, англи хэл сайн сурах хэрэгтэй байсан. Би Москвагийн их сургуулийн эдийн засгийн ангийн улаан дипломтой төгссөн. Сургуулиа төгсөөд нутагтаа ажиллаж байгаад 2000 онд Америкт их сургуульд явсан. АНУ-ын Засгийн газрын цалинтайгаар Дэнвэрийн Их Сургуульд Бизнэсийн удирдлагын мастерт сурч төгссөн. Хүн өөрөө хөдөлмөрлөж байхад бусад нь болоод явчихна. Гол нь өөртөө итгэ, өөртөө найд.

Ярилцсан Б.Ундрал

No comments:

Post a Comment