Friday, 24 December 2010

Д.БЯМБАСҮРЭН: "ТУУЛАХ ЗАМ УРТ"


“Цаг төр, хүмүүс” сэтгүүлийн зочны хойморт нэгэн үе Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж явсан Д.Бямбасүрэн гуай уригдлаа.
- Нэгэнтээ Засгийн газрыг толгойлж явсан хүний хувьд та өнөөгийн улс төрийн амьдралыг хэрхэн харж байна вэ?
  - Монголчууд бид олон зууныг дамжин хувь заяаныхаа жолоог бусдын гарт алдаж, оршихуйн үзэлгүй явсаар 1990 оны цагаан морин жил хараат дагуул орны дөнгөнөөс салж, зөвлөлт маягийн социалист амьдралын зохион байгуулалтыг орхисон. 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж, Монгол оронд орчин цагийн хүн төрөлхтөний нийтлэг үнэт зүйл болох хүний эрх, эрх чөлөө, ардчилал, өрсөлдөөнт зах зээлийг эрхэмлэж, хүмүүнлэг иргэний нийгэмд хүрэх эрмэлзлэлээ тунхагласан. Дэлхийн үлэмж их, коммунист засаглалтай хоёр гүрний дунд орших, цөөн хүн амтай, буурай хөгжилтэй социализмын үзлээр 70 жил хүчирхийлүүлсэн монгол орон ийм сонголт хийж чадсан нь ардчилсан нийгэмд аж төрж буй олон түмэн, тэдний төр засгийн анхаарлыг татаж, дэмжиж туслах хүчтэй урсгал төрүүлсэн юм. Социализм нурж унасан ч ташуурын дэглэмийн диваажинд тэгшитгэн хуваарилалтын тогооноос хүртэж амьдрах сэтгэхгүй нийгэмд хүчтэй хэвээр байсан. Чухамхүү энэ зөрчлийг ашиглан улс төрийн байр суурь нь ганхсан ч төр, аж ахуйн албанд зонхилж байсан коммунист эрх мэдэлтнүүд, ардчиллын хөдөлгөөнийг дагаж ашиг хонжоо эрж явсан этгээдүүд элдэв аргаар эдийн засагт байр сууриа бэхжүүлж, төрийн эрхийн төлөө улайран тэмцэх болсон юм. Нийгэм дэх дангаар ноёрхлоо алдаж сүйрлийн ирмэгт тулсан хуучин улс төрийн хүч хийгээд төлөвшиж тогтворжоогүй шинэ хүчнүүдийн улс төрийн өрсөлдөөн үзэл бодлын уралдаанаас илүү хөрөнгө мөнгөний хүчээр шийдэгдэж, эдүгээ улс төрийн нөлөө бүхий хүчнүүд төрийн эрх мэдэл, эрх мэдлийн төлөө өрсөлдөх эрхийг худалддаг лангуу болж хувирч байна. Энэ бүхний дунд одоогийн Монгол орны ардчилал нь одоогоос 100 гаруй жилийн өмнөх Европын хөрөнгөтний засаглалыг загварыг хуулбарлаж байна. Энэ бүхний хангалттай баталгаа нь Монголын бүх нэртэй баячууд чихцэлдсэн парламент, 2006 онд байгуулсан эв нэгдлийн нэртэй цоохор Засгийн газрын үйл ажиллагаа болно.Монголын одоогийн засаглалыг доктор Лүндэндорж “Сонгуульт олигархын засаглал” хэмээн тодорхойлж байгаа нь тун оновчтой болжээ. Олигархууд нам дамжсан сүлбээнд орж, хамаатан, хамсаатнуудаараа төрийн бүх салаа мөчир, шат дамжлагад нэвчин ялзруулж байгаа төдийгүй төрийн бодлогоо, хүн ардаа, газар шороогоо, эрдэнэс баялгаа гаднын өөрсөдтэйгээ төстэй этгээдүүдэд худалдан нийгмийн амьдралын шим шүүсийг туйлдуулан сөрж байна.
  Монгол орны одоогийн байдлыг бодитойгоор авч үзвэл, эдийн засгийн тусгаар тогтнол ихээхэн эргэлзээтэй байдалд оржээ. Үүний зэрэгцээ улс төрийн орон зайд криминал элементүүдийн дүр төрх олонтаа ажиглагдах боллоо.
  - Монголчууд бид улс орноо хөгжүүлье, хувь нэмрээ оруулъя гэж бүгд л чин сэтгэлээсээ хүсдэг. Тэгээд яагаад сэтгэл санаа гутранги, ядуу зүдүү амьдраад байгаа юм бэ?
  - Монголчуудын одоогийн ядуу зүдүү амьдрал олон учир шалтгаантай гэж боддог. Төрийн эрх мэдэл сайн сайхан амьдрал, хөгжил дэвшлийг хүсч байгаа олон түмэнд бус, нийгмээ сөрж баяжихын дон туссан цөөхөн олигарх бүлэг, тэднээр тэтгүүлж буй улс төрийн хүчний мэдэлд байна. Ийм байхад төрийн бодлого нь нийгмийн эрх ашигт үйлчилж, олон түмний тэмүүлэл, хүч зоригийг зангидах чанар олж чадахгүй. Жишээ нь манай оронд хөгжлийн эрчимтэй гарааны түлхэц өгч чадахуйц эрдэс баялаг, эрчим хүчний эх сурвалжийн хангалттай нөөц бий. Гэтэл УИХ удаа дараа олигархуудын захиалгаар ухаалаг бус хуулиуд батлаад одоо өөрсдөө занганд орчихоод гуйлгачин царайлаад байна шүү дээ.
  Хоёрдох гол шалтгаан нь, манай оронд орчин үеийн даяаршиж буй дэлхийн тавцанд өрсөлдөх бүтээх оюуны чадавхи дутаж байна. Манай их, дээд сургуулийн оюутнуудын 80 гаруй хувь нь гуманитар чиглэлийн мэргэжлээр суралцаж байна. Тэгээд ч тэдний дипломыг гадаадад төдийлөн хүлээн зөвшөөрөхгүй. Гэтэл хурдан хөгжиж буй орнууд инженер, техникийн мэргэжилтнүүдээ төрийн бодлогоор, төрийн дэмжлэгтэйгээр өндөр хөгжилтэй орнуудад бэлтгэж хөгжлийн гарааны нөхцөл бүрдүүлдэг. Манайд оюуны бүтээ­лийн үнэлэмж дорой байгаа нь хөгжлийн чөдөр болж байна.
  Гуравдахь шалтгаан нь, бид ардчиллын хамгийн үнэт зүйл болох хувь хүний эрх чөлөө бол Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлж амьдралаа тэтгэх хариуцлага мөн гэдгийг иргэддээ үзлийн түвшинд ухамсарлуулж чадаагүй байна. Иймээс төрийн бодлогод ч, иргэдийн сэтгэхүйд ч тэжээлгэн тэтгүүлэх үзэл хүчтэй хэвээр үлджээ. Үүний уршгаас өргөн уудам газар нутагтай хэр нь ходоодоороо хараат болоод байна шүү дээ. Энэ бол арчаагүй байдлын наад захын жишээ юм.
  Дөрөвдэх шалтгаан нь, манай зах зээлд шударга өрсөлдөөн хөгжөөгүй, харин ч улам хумигдаж байгаа явдал мөн. Жишээлбэл, Монголын мах үйлдвэрлэлийн магна­тууд бүгд УИХ-д сууж байх үед малын тоо толгой 40 саяд хүрсэн хэр нь махны нийлүүлэлт буурч үнэ нь өссөөр байгаа билээ.   Төр засаг 40000 айлын сууц хөтөлбөрийг сүр дуулиантай зарла­сан ч гадаадын компаниуд үнийг хөөрөгдөж, газрын наймаачид баяжаад л өнгөрсөн байна. Гэр хороололд амьдарч буй ядуу иргэд одоогийн үнээр байр авахад бэрхшээл­тэй.
  - Манай орны болоод, дэлхий нийтийн эдийн засаг ихээхэн гүнзгий хямралын өмнө тулж ирээд байх шиг байна. Энэ үнэн үү, тайлбарлаж өгөхгүй юу?
  - Дэлхий нийтээр XXI зууны эхэнд олон хүнд сорилттой тулгарч байна. Байгаль орчны доройтол сүйрэл, түүхий эд, түлш шатахууны хомсдол, терроризм, ДОХ зэрэг нийтийг хамарсан олон бэрхшээл давхцаж байна. Ер нь бүр 1970-аад оны эхэнд америкийн эрдэмтэн Жон Форстер XXI зууны эхний хам хямралын тухай анхааруулж байсан. Энэ бүхэн одоо бодитой илэрч байна. Дэлхийн амьдралын энэ бүх дэвсгэр өнгө монголын эдийн засагт ч нөлөөлж байгаа нь дамжиггүй. Тэгэхдээ манай эдийн засгийн одоогийн бэрхшээл олон талаар “made in mongolia” шошготой юм. Жишээлбэл, өнгөрсөн онд өргөн хэрэглээний барааны үнэ 15,1%, үүнээс хүнсний барааны үнэ 24% өслөө. Манай “цоохор” засгийн газар төсвийн цалинг 50% нэмнэ гэж сүр дуулиантай зарлаад барааныхаа нийлүүлэлтийг нэмэх талаар юу ч хийгээгүйн улмаас үнэ хөөрөгджээ. Уг нь эдийн засгийн сургуулийн оюутан ч 1 төгрөгийн эрэлт 1 төгрөгийн нийлүүлэлттэй уулзаж зах зээл тэнцвэрждэгийг мэднэ л дээ. Гэтэл төр засаг 2 төгрөгийн эрэлт 1 төгрөгийн нийлүүлэлттэй тэнцэнэ гэж горьдсон хэрэг. Өнгөрсөн жилийг Засгийн газар “Их бүтээн байгуулалтын жил” хэмээн тунхаглав. Барилгын материал ч үгүй, барилгын хүчин чадал ч үгүй, материал тээвэрлэх боломж ч үгүй байж асар их мөнгөний урсгалыг үүнд чиглүүлсэн нь зохиомол хомсдол үүсгэж үнийг хөөрөгдөв.
  Сүүлийн жилүүдэд мөнгөний нийлүүлэлт эдийн засгийн өсөлтөөс 4-5 дахин хурдан өсч, банкны систем гадаадын хүмүүсийн гарт орж, банкны үйлчилгээ “мөнгө хүүлэх” хэрэгсэл болж байгаа нь эдийн засгийг асар хүнд хямрал руу түлхэж байна. Манай эдийн засагт ноцтой бэрхшээл учруулж байгаа өөр нэг хүчин зүйл бол төрийн дээд эрх мэдэлтнүүд хээл түлхүүлж, хахууль үмхэж нийгмээ хохироож байгаа явдал юм. Төрийн ялзрал эдийн засагт халдварлаж байна гэх үү дээ. Төрийн эрх мэдэлтнүүд улс орныхоо эрх ашгийг хамгаалж, шударга ёсыг баримталж чадаагүйгээс зөвхөн сүүлийн хоёр жилд 500 сая долларын орлогоо хил давуулан алджээ. Энэ мөнгө Монголын эдийн засгийг бэхжүүлэхэд их л тус болох байсан биз.
  - Бид эдийн засгийг хэтэрхий мөнгөтэй холбож ойлгох явдал нийгмийн хүчин зарим хүчин зүйлүүдийг дутуу үнэлж ирсний уршиг юм уу гэж ойлгогддог. Өөрөөр хэлбэл хөгжлийн асуудлыг ихээхэн материаллаг түвшинд ойлгохоос оюун санаа, хүмүүс хоорондын харилцаа гэх мэт бусад хүчин зүйлээс хамааралгүй юм шиг ойлгогддог.
  - Санал нэг байна. Ер нь ядуу буурай орны зовлон шулмын битүү тойрог үүсгэдэг. Тэр нь “ядуу учраас мөнгөгүй, мөнгөгүй учраас хөгжиж чадахгүй ядуу” гэсэн томъёололд багтдаг. Энэ тойргоос зөвхөн соёл, оюуны хүчээр л гарч болдгийг Дэлхийн II дайны дараах хүн төрөлхтөний туршлага нотолж байна. Эдийн засаг хэдийгээр нийтлэг жам хуультай боловч улс орон бүрд өөрийн нь соёл оюуны өв, байгаль орчны тогтолцоотой нягт холбоотой дүр төрхөөр төлөвшиж оршиж, хөгждөг. Үр хүүхдээ эх оронч үзэлтэй, чамбай зохион байгуулалттай, үнэнч шударга зан чанартай, амьдралаа бүтээхийн төлөө уйгагүй хөдөлмөрлөж өөрийгөө хөгжүүлэх, дайчлах чадвартай болгож хүмүүжүүлээгүй ард түмэн өндөр хөгжилтэй эдийн засагтай байж чадахгүй. Манайд энэ асуудал олон талаар илэрдэг. Барилгын компаниуд үндэсний ажилчдаа дээрх чанараар л голдог шүү дээ. Тэгээд ч даяаршлын эринд гадаад ертөнцөөс адлагдсан, гологдсон бизнесмэн, ажиллах хүч, бохир мөнгө манайх руу урсаж байгаа бол учир шалтгаан, гэм бурууг өөрсдөөс эрвэл зохистой. Социализмын үед нийгмийн зан суртахууны зохицуулах үүргийг намын үзэл суртал, ёс суртахуунаар орлуулж дэглэж байсан. Социализм нурахад энэ хүрээнд хоосон орон зай үлдэж, шунал түүнийг эзэлж байна. Бизнесийн үйл ажиллагаа нийгэмдээ үйлчилж, хамт хөгжих зорилго тавьсан цагт л амжилтад хүрдэг. Гэтэл одоо манайд хуурамч бараа, хортой хүнс, өттэй шороотой ногоогоор баяжихыг хичээх нь цөөнгүй ажээ. Аль ч улс оронд зан суртахуун, ёс зүй төрөөс эхэлдэг. Гэтэл манайд газрын наймаачин, лицензийн панзчин, хуулийн хулгайч зэрэг зүсэн зүйлийн хүмүүс төрийн эрх барьж байхад эдийн засагт шударга, ил тод байдал тогтохгүй. Манайд “далд эдийн засаг” гэгч ил эдийн засгийнхаа 50%-иас багагүй гэхэд хилс болохгүй байх. Төрийн өндөр тушаалтнуудын өнгөрсөн жилийн орлого өмнөх оныхоос өссөн өсөлт нь эдийн засгийн өсөлтөөс хол давжээ. Саяхан 2-р сард УИХ-аас “Татварын өршөөлийн тухай хууль” баталсан нь татвар төлөөгүй гэмт хэргээс өөрсдөө бултах арга юмуу даа. Далд эдийн засаг улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд их хохиролтой. Манайд далд эдийн засаг Улсын төсвийн хуваарилалттай шууд холбоотой байдаг нь хэнд ч нууц биш. Гэтэл ДНБ-ын 1/2-ийг төсвөөр дамжуулан хуваарилж байгаа билээ. Ийм нөхцөлд далд эдийн засаг нийгмийг ялзрал доройтолд хүргэнэ.
  - Монголын хөгжлийн гарц гэвэл та юу хэлэх вэ?
  - Монгол орон одоо цагийн дэлхийн тавцан дээр хөгжлийн замд баттай орохын тулд туулах зам урт гэж боддог. Юуны өмнө, М.Тэтчерийн хэлсэнчлэн, хөгжлийн зайлшгүй угтвал нөхцөл болох ардчилал, өрсөлдөөнт эдийн засгийг соёлтой, нийтэд хүлээн зөвшөөрдөг утгаар нь төлөвшүүлэх шаардлагатай. Өмнө өгүүлсэн “Сонгуульт олигархуудын засаглал”-ыг халж, шударга, чөлөөт өрсөлдөөний орон зайг чөлөөлөх асуудал нэн чухал. Энэ нь Үндсэн хуулиа төгөлдөржүүлэхээс эхлээд шударга оновчтой хуваарилалт тогтоосон татварын хууль гаргах хүртэл өргөн цар хүрээтэй асуудлыг хамарна. Одооноос эхлээд оюуны өндөр чадавхитай залуучуудын арми бэлтгэх төрийн хүчтэй бодлого явуулж чадвал 10-15 жилийн дараа үр шимийг нь хүртэнэ. Сонгуулийн сэтгэхүй дээр тоглож төсвийн мөнгийг тараахын оронд жилд 1000-3000 оюутныг өндөр хөгжилтэй орны нарийн мэргэжлийн сургуульд сургавал ашигтай. Олон тулгуурт эдийн засгийн тогтолцоог эрхэмлэх нь манай орны хувьд нэн чухал гэж боддог. Одоогоор уул уурхай руу хэт ханарч байгаа нь “голланд өвчин”-д хүргэхээс гадна, хойч үеийнхний амьдралын үндсийг сулруулж, байгаль орчны сүйрлийг даллах нь улам бүр тодорхой болж байна. Монголын эдийн засаг мэдлэгийн шингээц ихтэй баймааж л тогтвортой хөгжиж чадна. Одоо газрын хэвлийгээс авч байгаа баялаг багадаагүй. Зөвхөн “Эрдэнэт”-ийн эрдэс баялгийг бүрэн бөгөөд гүйцэд боловсруулбал нэг хүнд ногдох ДНБ-г Солонгос, Тайваний түвшинд хүргэж болох тооцоо гаднын эрдэмтэд хийсэн байдаг. Хятад, Орос хоёр хөрш орон ДХБ-д орж байгаа нь далайд гарцгүй манай орны хувьд асар уудам зах зээл нээж таатай нөхцөл бүрдүүлж байна. Эдгээр зах зээлд өөрийн байр суурийг тодорхойлж, хэрэгжүүлэх нь хөгжлийн маш чухал хүчин зүйл болно. Эцэст нь монголчууд бид эрүүл бус, үрэлгэн хэрэглээнээс ангижрах ёстой. Эдүгээ нийгэмд баяр ёслол, зугаа цэнгэл хэрээс хэтэрч, мөхлийн замд орж байгаа улс гүрний түүхийг санагдуулах боллоо. Энэ асуудлыг хүүхдийн хүмүүжлээс эхлээд анхаарах цаг тулжээ.
  - МАХН АН-тай цаашдаа нэгдэх хандлага гарч магадгүй байх шиг?
  - Хэдэн жилийн өмнөөс ийм санаа бодол Монголын улс төрд тонуучилж эхэлсэн. Гэхдээ биелэх нь юу л бол. МАХН, АН нийлэх нь ардчиллын үзэл санаа, үнэт зүйлсийг тээж яваа гол улс төрийн хүчийг социалист үзлийн хувхай шонд хүлж, олон түмний итгэлийн галыг нь унтраах болно. МАХН улс орноо 70 жилийн турш хүн төрөлхтөний нийтлэг замналаас гажуудуулсны төлөө ард түмнээсээ уучлал гуйгаагүйгээр үл барам, “Зууны манлай улс төрийн хүчин” хэмээн өөрийгөө өргөмжилж “хас тамга” залсан шүү дээ. Сүүлийн 17 жил нийгэмд гарсан гажуудлын дийлэнх нь ч энэ намтай холбоотой. Эдүгээ МАХН дотоод хурц зөрчилж автаад байгаа нь нууц биш. Авлига, хулгайн нэг бус хэрэг энэ намын санхүүжилт рүү мөртэй. Ийм нөхцөлд АН дотор намаа нэгтгэх санал тавих, хүлээж авах эрүүл ухаантай хүн баймгүй. МАХН, АН-ыг нэгтгэх шохоорхол Орос, Хятадын жишээгээр эрх баригчдын нэг намын ноёрхол тогтоож, улс орныхоо хүчийг хөгжлийн замд нэгтгэнэ гэсэн гэнэн төсөөлөлтэй холбоотой байж болох юм. Гэтэл Монгол орны гадаад, дотоод орчин нөхцөлд олон эшт үзэл, хүчтэй сөрөг хүчинтэй улс төрийн тогтолцоо нь манай тусгаар тогтнол, аюулгүй байдлын хамгийн чухал угтвар нөхцөл мөн гэдгийг мартаж болохгүй.
  - Сонгуулийн дүр зураг маш бүрхэг харагдаж байна. Энэ сонгууль яах аргагүй мөнгөний сонгууль. Тэхээр өнөөх л хэд мөнгөө бэлдчихсэн, тэд л гарна. Маш олон хүн мөнгийг нь төлж чадахгүй учраас энэ сонгуульд нэрээ дэвшүүлэх боломжгүй байгаа гэвэл та зөвшөөрөх үү? Нэрээ дэвшүүлээд ч бас нэмэргүй, хүмүүст танил болох амаргүй.
  - Санал нэг байна. 1996 оны сонгуулийн хуулиас эхлээд төрийн эрх мэдлийг мөнгөөр худалдаж авах үүд хаалгыг зориудаар нээсээр өдийг хүрч одоо нэг хүн нэг тойрогт 500 сая төгрөг зарцуулахыг зөвшөөрөх болов. Чухамхүү энэ л алхам олигархийн засаглалын хангалттай баталгаа болно. Тэгэхдээ өмнөх сонгуулиудад монголын өртэй баячууд уралцдаг байсан бол энэ жилийн сонгуульд монголын баялагт шунасан гаднын хөрөнгө давамгайлах болов уу гэж боддог. Өнгөрсөн жилүүдийн завхарсан бодлого төрийн албанд түнштэй байхын амтыг тэдэнд хангалттай мэдрүүлсэн шүү дээ. Энэ утгаараа энэ жилийн УИХ, орон нутгийн сонгууль монгол орны тусгаар тогтнол, язгуур эрх ашгийн талаас хамгийн эмгэнэлтэй сонгууль болно. Нэр дэвшигчид шинэ хуучиндаа бус. Шинэ тутмаа 500 сая төгрөг зарж, нэр дэвших эрхээ худалдаж авсан хүмүүсийн шунал улам ч хурц байж магадгүй. Харин нэрээ дэвшүүлэхийг зориогүй хүмүүсийн олонх нь бохирын саванд унахыг хүсээгүй ч байж болох юм.
  - Та одоо юунд их цаг зарцуулж байна вэ?
  - Тархиа гашилгахад л их цаг зарах юм даа.
  - Төр иргэдийнхээ өмнө хариуц­лагатай байх цаг хэдийд ирнэ гэж та төсөөлж байна. Яагаад?
  - Хэрэв Монгол төр 2012 онд одоогийн дорой, хариуцлагагүй байдлаа хадгалах бол тэр нь үндэсний мөхлийг ч дагуулж болох юм. Өөрөөр хэлбэл, төр иргэдийнхээ өмнө хариуцлагатай байх цаг хэдийд ирэх бус, ирээд өнгөрч байна. Тэгэхдээ 2008 онд сонгогдох төрийн тогтолцоо өөрийн санаачлагаар юуг ч өөрчилж чадахгүй биз. Сонгуульд зарсан мөнгөө олох, болж өгвөл үржүүлэхийг бодсоор суух болно. Төрийг эрүүлжүүлж, шударга, ардчилсан хариуцлагатай төрийн тогтолцоог олон түмний тэмцлээр л бүрдүүлж чадна. Ийм болохоор 2008-2012 оны хооронд эрүүл саруул иргэний нийгмийн хүч хувь заяаг шийднэ гэдэгт итгэдэг.

No comments:

Post a Comment