Эх дэлхий, газар нутгийнхаа төлөө нэгдсэн “Гал үндэстэн” холбооны төлөөлөн удирдах зөвлөлийнхөн хэвлэлийн хурал хийлээ. “Анхаар! монголчуудаа. Өлсгөлөн эхэллээ. Монголчууд өлсвөл хэн хариуцах вэ” гэсэн уриатай тэд баруун аймгуудаар ажиллаад ирсэн байна. Тэдний очсон газарт махны үнэ тэнгэрт хадаж, газар нутаг нь сэндийчүүлж, ард иргэд нь өлсгөлөнд автсан байдал бий болжээ. Энэ талаар “Хөх нуруут” бүлгэмийн тэргүүн, “Гал үндэстэн” холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн С.Жавхлантай ярилцлаа.
-Баруун аймгуудын нутгаар байдал хүнд байна гэлээ?
-Үнэхээр сэтгэл өвдмөөр байдалтай байна. Малчид нь малаа нядлаад хотоо харлуулсан, уух усгүй, идэх хоолгүй болжээ. Одоо махны үнэ нэмэгдэж байхад хавар өлсгөлөнд нэрвэгдэнэ гэсэн үг. Далайн эрэг дээр амьдардаг хүмүүс усан биетэй. Харин монголын хөрсөн дээр амьдарч байгаа хүмүүс гал биетэй байдаг. Тэгэхээр энэ гал биед өөх мах идэж байж л жилийн дөрвөн улирлыг давдаг. Монголчуудыг махгүйгээр төсөөлөх аргагүй. Мөн монголчууд чонон заяатай болохоор мах иддэг. Хөдөө орон нутгаар явж байхад 23 чингэлэг махыг хил давуулах гээд явж байсан. Нэг машинд 2000 малын мах багтдаг гэсэн. Тэгэхээр хичнээн их хэмжээний мах харийнханд очиж байгаа нь тодорхой. Махыг хил гаргахдаа нүүрсэн дор хийж дараад гаргадаг юм байна. Замын-Үүд боомтоор өдөртөө 700 тонн мах хулгайгаар гардаг гэсэн. Ядарсан малчдыг төрөөс дэмжихгүйн улмаас малаа зараад хот руу нүүж эхэлсэн байна. Энэ хавар махны үнэ 20 мянган төгрөг болохыг үгүйсгэхгүй. Түүнчлэн Хөшөөтийн уурхайтай танилцсан.
-Орон нутагт мах их хэмжээгээр бөөндөж авч байгаа хүмүүс хятадууд уу, монголчууд байх юм уу?
-Дандаа хятадууд. Монгол иргэдээр гар хөлөө хийж хятадууд мах нөөцөлж байна. Тэр ч байтугай захуудаас толгой, цувдайны шулсан махыг авдаг болжээ. Тэгээд бодохоор хятадууд бодлоготойгоор монголыг шулж байна. Хөрсөн доорхыг нь авч дуусаад идэх хоолыг нь дуусгах нь ээ. Улсын нөөцийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гаалийн газраас асуумаар байгаа юм. Та нарын хүүхэд өлсөхгүй болохоор тоохгүй байгаа юм уу. Монголчууд өлсөөд ирвэл бүгдээрээ хамт өлсье. Төрөөс хоолоо нэхнэ. Монгол хүн чоно заяатай. Чоно өлсөхөөрөө юу ч хамаагүй барьж иддэг биз дээ.
-Баяр наадам болохоор юмны үнэ тэнгэрт хаддаг. Ер нь энэ олон баярыг тэмдэглэхгүй байх тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Одоо телевизээр архины рекламууд л гарч байна шүү дээ. Монголчуудыг живүүлэх гэж байгаа санааг нь ойлгохгүй юм. Миний хувьд энэ шинэ жилээр дуулахгүй гэдгээ зарласан. Ард түмэн нь шаналж байхад баярлаж цэнгээд дуулаад явахыг хүсэхгүй байна.
-Таныг дуулахгүй болохоор бусад дуучид чинь юу гэх бол?
-Юу ч гэхгүй байх. Тэд дуулаад явж л байг. Дууллаа гээд яах билээ шагнал л авна биз. Надад контейнер дүүрэн цом, медаль байна. Бүгд хятадаас орж ирсэн. Хятадуудын хийсэн цом авахын төлөө дуулмааргүй байна. Зөвхөн өөрийнхөө сэтгэлийн дуудлагаар уран бүтээлээ хийх болно.
-Хөдөө орон нутагт явагдаад байгаа хууль бус үйлдлийг Засаг дарга нар нь юу гэх юм. Удирдлагуудтай нь уулзсан уу?
-Засаг дарга орон нутгийн удирдлагууд нь зугатаад уулзахгүй юм билээ. Хятадуудтай нийлээд газар, усаа зарчихсан хүмүүс чинь яаж уулзах юм. Нэг үгээр хэлбэл гэрийн эзэд нь гэрээсээ зугатаж байгаа хэрэг шүү дээ. Буруу зөвийн аль нь ч байсан бие биетэйгээ уулзаад зөвлөдөг байх хэрэгтэй.
-“Гал үндэстэн” холбоонд орон нутгийн иргэд нэгдэж байгаа юу. Одоогийн байдлаар хичнээн гишүүдтэй болоод байна вэ?
-Өөрсдийн хүсэлтээр ирсэн 5000 гаруй гишүүдтэй болсон. Мөн 14 бүлгэм нэгдээд байгаа. Орон нутгийн иргэд бидний үйл хэргийг дэмжиж байгаад баяртай байна.
-Хөдөө явж байхад чинь бусдын явуулгаар хорлох үйлдэл гарсан гэл үү?
-Тийм ээ. Очсон газар бүрт гадны халдлага болж байсан. Машиныхаа дугуйг зөндөө хагалуулсан. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар гишүүн бидний очсон газарт очиж, хийж байгаа ажлыг минь шалгуулж байсан. Сайн юманд садаа мундахгүй юм билээ. Очсон газарт архи тараагаад, янз бүрийн тэмцээн уралдаан зохион байгуулаад байсан нь биднийг хүчгүйдүүлэх гэсэн арга байх.
-Танай холбоо цаашдаа юу хийх бодолтой байгаа вэ. Орон нутгаар явах уу?
-Төлөвлөсөн ажил их бий. Зөвхөн газар шороо, мах гээд явахгүй. Монголд юу болохгүй байна, түүний хойноос тэмцэх болно. Харийнханд эх нутгаа алдмааргүй байна. Монгол хүн чоно заяатай.
ХӨШӨӨТИЙН УУРХАЙГААС 60 ТОНН НҮҮРС ХУЛГАЙГААР ХИЛ ДАВУУЛАХ ГЭЖ БАЙНА
“Гал үндэстэн” холбооны гишүүн Ц.Мөнхбаяр
-Баруун аймгуудаар хэд хоног яваад ирэв дээ?
-18 хоног яваад ирлээ.
-Дараагийн ээлжинд ямар аймгуудаар явахаар шийдсэн үү?
-Төлөвлөсөн байгаа. Эхний ээлжинд 21 аймгаар явна. Нөхцөл байдалтай танилцсны дараа юу хийхээ шийднэ. Очсон газар бүрд иргэд янз бүрийн санал хэлдэг. Хэрвээ зам зуур бусармаг зүйл дайралдвал бид зүгээр байхгүй.
-Хэвлэл мэдээллийнхний амыг таглалаа гэсэн яриа байгаа. Энэ ямар учиртай юм бэ?
-Бидэнтэй хамт орон нутгийн сэтгүүлч Хөшөөтийн уурхайд очсон. Тэгээд яг мэдээлэл гаргах болтол байхгүй болчихсон. Сураг нь худалдагдсан гэсэн байх .
-Орон нутагт хятадууд мах худалдан авахдаа хэдээр авч байна вэ?
-Үнэ цохиод өндөр үнээр авахаар иргэд махаа зардаг юм билээ. Нэг том ченж хятадуудын гар хөл болж мах нийлүүлдэг гэсэн. Нэг кг махыг 2600 төгрөгөөр авч байсан. 2400 төгрөг гэхээр иргэд нь өгөхгүй байх жишээтэй. Хотод махны хомсдол бий болоод байна гэдэг. Үнэндээ бол хөдөөнөөс нь шууд хил давуулж байхад энд ямар мах орж ирэх билээ дээ. Хамгийн сүүлд шинэ мэдээлэл ирсэн. Өнөөдөр Хөшөөтийн уурхайгаас 60 тонн нүүрс нууцаар хил давуулах гэж байгааг нутгийн иргэд хэллээ.
А.ЛХАГВАЖАВ
Эх сурвалж: “Нийгмийн толь”
No comments:
Post a Comment