УИХ-ын эрхэм гишүүн С.Оюунтай Сонгуулийн хуулийн талаар ярилцлаа.
-УИХ-ын сонгуулийн тухай хоёр ч хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэж эхлээд орхисон ч намрын чуулганаар үргэлжлүүлж амжилгүй зогсоод байна. Хуулийн төслийн хэлэлцүүлгийг гацааж байгаа гол шалтгаан нь сонгуулийн тогтолцоог сонгох асуудал гэдэг. Таныхаар бол яагаад сонгуулийн хууль зогсонги байдалд орсон бэ?
-Сонгуулийн хуулийг өөрчилж тогтолцооны реформ хийх ёстой гэж олон жил ярилаа. Тэгсэн хэрнээ олигтойхон хийж чадахгүй өдийг хүргэлээ л дээ. Эхлээд мундаг мундаг ярьж байгаад л орхидог зуршилтай болсон. УИХ-ын 2008 оны сонгуулиар байгуулагдсан УИХ ч мөн адилхан байна. Өнгөрсөн 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явлаас хойш “Сонгуулийн зөв зүйтэй тогтолцоо гаргаж ирэхгүй бол горьгүй нь” гээд л сүрхий ажлын хэсэг байгуулсан. Д.Лүндээжанцан даргаар ахлуулсан тэр ажлын хэсэгт би бас орж ажилласан. Хуулийн төслийг нь өргөн барилцсан. Л.Болд нарын гишүүд бас зэрэгцээд өөр нэг төсөл өргөн барьсан. Аль алийг нь хэлэлцье гэж УИХ-аар шийдчихээд хамгийн гол нэгдүгээр хэлэлцүүлэг рүү оролгүй хагас жил болж байна.
-Сонгуулийн хуулийг шинэчилж чадвал ямар үр дүнд хүрэх вэ?
-Сонгуулийн хуулийн шинэчлэл улс төрийн намуудын төлөвшилд асар чухал нөлөө үзүүлнэ. Улс төр хэр тогтвортой байх вэ, сонгууль хэр шударга болох вэ гэдэгт шууд нөлөөлнө. Маш чухал хууль шүү дээ.
-Ач холбогдлоороо Үндсэн хуулийн дараа орох хууль гэдэг бил үү?
-Чухлын хувьд үнэхээрийн чухал хууль. Гаргаж чадахгүй удаад байгаа нь гишүүдийн хариуцлагагүйтэй холбоотой. Эрх барьж, гол асуудлыг шийдэж байгаа АН, МАН-ын лидерүүд хэн нэгнээ хараад суугаад байх биш, идэвх санаачлага гаргаж ажиллах цаг нь болсон гэж бодож байна. Дор дороо өөр өөрийн ашигтай, ашиггүй хувилбараа бодоод суугаад байх биш ажилдаа орох хэрэгтэй. Бид хэдийгээр хуулийн төсөл өргөн барьсан ажлын хэсэг ч гэсэн УИХ-ын дэд дарга Н.Энхболдоор ахлуулсан шинэ ажлын хэсэг Төрийн байгуулалтын байнгын хорооны дэргэд байгуулагдаад Сонгуулийн хуулийг хэлэлцүүлж батлуулах үүрэг хүлээгээд байгаа. Төрийн байгуулалтын байнгын хороо бас хэлэлцүүлэх үүрэгтэй. Хамаа алга. Өргөн барьсан хоёр төсөл болохгүй байна гэвэл буцаадаг ч юм уу, эсвэл хуулиа өөрчлөлгүй өнөөдрийн тогтолцоогоороо үлдэж болно шүү дээ.
Хамгийн гол нь дараагийн сонгуулийн дүрэм их тодорхой байх хэрэгтэй. Зөвхөн энэ хамтарч засаг барьж байгаа хоёр намд биш, Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 10 гаруй улс төрийн намд, нийгэмд, сонгогчдод сонгуулийн дүрэм их ойлгомжтой байх ёстой. Хийх ёстой ажилд их л хариуцлагагүй хандаж байна. Цаг алдалгүй намрын чуулган дуусахаас өмнө хэлэлцэж шийдэх ёстой гэж найдаж байна.
-Ингээд суугаад байвал өмнөх 2007 оных шиг цагт хавчигдаад буруу тогтолцоо авч магадгүй гэж үү?
-Өмнөх УИХ-ын үед яасныг санаж байгаа байх. УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг шинэчлэх гэж байна гэж хэлэлцэж хэлэлцэж шийдэж чадалгүй сууж байгаад эцсийн мөчид өргөн барьснаасаа тэс өөр тогтолцоо баталсан. Тэр нь олигтой тогтолцоо биш гэдэг нь тэр дороо харагдсан. Электроноор санал тоолж эхлээгүй байхад 48 цаг ямар ч замбараагүй тооллого явуулсан. Анх өргөн барьснаасаа өөр тогтолцоо батлагдчихаар чинь өргөн барьсан төсөл доторх заалтууд сонгуулийн тогтолцоотойгоо зөрөх юм нэлээд гарсан. Тогтолцоо хэдийгээр чухал ч гэсэн үүний зэрэгцээ мөнгө, санхүүжилттэй холбоотой нэлээд дэвшилттэй заалтууд орсон байсан. Гэтэл тэр заалтыг хэрэгжүүлэхгүй бол яах вэ гэсэн хариуцлагын заалтууд оруулж чадаагүй юм билээ. Тийм болохоор хэрэгжүүлж чадаагүй. Одоо сонгуульд хамгийн их мөнгөтэй, хамгийн их мөнгө зарсан, хамгийн их мөнгө амласан нь ялдаг буруу тогтолцоотой болчихоод байна, бид. Тэгэхээр пропорциональ уу, мажоритар уу гэхээсээ гадна сонгуульд мөнгөний хүчин зүйлийг яаж бууруулах вэ гэдэг дээр улс төрийн намууд тогтож ярих цаг аль хэдийнэ болсон.
Ямар тогтолцоотой ч байсан бүхнийг мөнгөөр шийддэг сонгууль байх юм бол хэзээ ч шударга сонгууль болж чадахгүй. Сонгуулиас сонгуульд мөнгө рүү улам их яваад байгаад миний санаа асар их зовдог. Өнгөцхөн харахад Монгол Улс нэг их сүрхий ардчилсан, шударга сонгуультай, олон намын тогтолцоотой, идэвхтэй парламентын засаглалтай орон харагдаад байдаг ч тэр савны таглааг онгойлгоход дотор нь өт байж байх жишээтэй. Хөндлөнгөөс харахад ардчилсан сонгууль мэт байвч бүх зүйлийг мөнгөөр шийдсэн сонгууль болдог. Тэгэхээр энэ бол шударга сонгууль яав ч биш.
Сонгуулийн хуулийг яаравчлуулахаар гуравдагч хүчин шахаж шаардах нь бидний үүрэг. Сая даваа гаригт ИЗН, Ногоон нам хамтраад Сонгуулийн хуулиа хэлэлцээч, батлаач гэж хэвлэлийн бага хурал зохион байгуулсан. Бид хэдий шахаж шаардаж байгаа ч шийдвэр гаргагч нь МАН, АН л байна шүү дээ. Тэгэхээр энэ хоёр том намын эрх, үүрэг бүхий гишүүд, ажлын хэсэг нь ажлаа хийх хэрэгтэй.
-Сураг сонсоход тогтолцооны хувьд холимог гэж хоёр намын бүлэг тохирох шинжтэй байгаа юм шиг байна. Өргөн барилцсан хүний хувьд та ямар бодолтой байгаа вэ?
-Тэгж байна. За тэр хамаа алга. Холимог байж болно. Ямар ч байсан пропорциональ элемент оруулах ёстой гэж манай ИЗН үздэг. Яагаад гэвэл сонгогчдын өгч байгаа санал УИХ-д арай шударгаар тусна гэж үздэг. Өнгөрсөн сонгуульд ИЗН нийт сонгогчдын 11 хувийн саналыг авсан ч одоо ганцхан суудал буюу хоёрхон хувьтай тэнцэхүйц суудлыг УИХ-д эзэлж байна. Пропорциональ систем, үгүй ядаж пропорциональ элемент оруулбал сонгуулиас сонгуульд үүсч байгаа үр дүнгийн савлагааг дарж хэлбэлзэл болгож, улс төрийг тогтворжуулна гэж үздэг. Үүний учрыг бид сайн мэддэггүй л дээ. Сонгогчид л саналаа савлуулж өгөөд байгаа юм шиг боддог. Гэтэл 1992 онд МАХН парламентын бүх суудлын 90 гаруй хувийг аваад л, 1996 онд гэнэт нөгөө нам нь суудлын гуравны хоёрыг аваад л, 2000 онд буцаж ард түмэн маань 95 хувийг МАХН руу савлуулж өгөөд л, ямар тогтворгүй сонгогчид вэ гэж бодмоор. Гэтэл хэрэг дээрээ тийм биш. Сонгогчдын хоёр намд өгч байгаа санал дийлэнхдээ тогтвортой, арваас хорин хувийн хэлбэлзэлтэй л байдаг юм байна. Тэгэхээр сонгогчдын санал савлах биш хэлбэлздэг, үр дүн нь савлаж гардаг нь мажоритар тогтолцооноос болж байна. Жаахан илүү санал авсан нь парламентын суудлыг бүгдийг авна гэсэн тогтолцоо шүү дээ, мажоритар систем бол.
Улс төрийг тогтворгүй болгодог, намуудыг хүчээр эвсэх, нэгдэх, нэг шуудайд оруулах, тийм байдалд хүргэдэг тогтолцоо. АН гэхэд 1990 оноос хойш энэ тогтолцооны буянаар гэх үү, балгаар гэх үү, эвсч нэгдэхээс аргагүй байдалд хүрч 10 гаруй намын нэгдэл болоод байна. Тиймдээ ч дотроо фракцуудтай, зөрчилтэй байдаг.
Пропорционалиар сонгуульд орвол мөнгөний хүчин зүйл ч багасна. Нэг тойргийг нэг хүн бараг өмчлөөд, эзэмшээд, мөнгөөр цохиод явдаг тийм байдал арай гайгүй болох байх. Мөнгөнд бус, намын бодлогод нь хүмүүс илүү саналаа өгөх байх гэж найдаж байна. Улс даяар нэг тойрог гэчихвэл тойрог худалдаж авах гэж байгаа юм шиг улс даяар арван мянган төгрөг тараагаад явахгүй байлгүй дээ, эрх биш.
Эмэгтэйчүүд, залуу шинэ үеийнхэн, мөнгөгүй ч маш чадалтай хуульч, эмч, багш нар УИХ-д төлөөллөө олох хэрэгтэй. Пропорциональ системээр бол тэдэнд арай боломж олдох болов уу гэж санадаг. Намуудын өөрсдийн шинэчлэл, гишүүдийн итгэл үнэмшлээс бас хамаарна.
-Д.Лүндээжанцан нарын төсөлд зургаан хувийн босго тавьсан байгаа. Босго жижиг намууд гарч ирэхэд саад болох уу?
-АН, МАН хоёр өөрсдийн намынхаа өнцгөөс хардаг шиг байна. УИХ-д нэг их олон нам оруулж ирээд яахав гэж хэлдэг. Бас л өөрсдөдөө ашигтай хувилбараар долоо, найман хувийн босго тавьсан ч яах вэ гэсэн дуу хоолой сонсогддог.
Парламентын засаглалтай, пропорциональ системтэй маш олон орон дэлхийд байдаг. Тэдний дунджаар л манайх явах хэрэгтэй. Дундаж босго нь дөрвөн хувь юм билээ. Миний мэдэхээр Туркт 12, ОХУ-д долоон хувийн их өндөр босготой. Зарим босгогүй орон ч байна. Долоо, найман хувийн босго тавих юм бол ирэх 2012 оны сонгуульд хэдэн сонгогч орох вэ гэсэн тооцоо гаргаад үзэхэд бараг зуун мянган сонгогчийн санал парламентын гадна үлдэхээр байгаа. Монгол шиг цөөн хүн амтай оронд бол зуун мянган хүн гэдэг их том хүч шүү дээ. Тэр хүмүүсийн дуу хоолой, төлөөлөл УИХ-д орог л дээ.
Олон суудалтай биш ч гэсэн намууд УИХ дотор бүтээлчээр санал бодлоо хэлж уралдуулдаг, шүүмжилж хурцлахдаа хурцалдаг, заримдаа ажлын хэсэгт ороод өөрсдийнхөө санал бодлыг бодлогод нь тусгадаг байдлаар явах нь зүйтэй. 100-200 мянган хүний саналыг парламентын гадна үлдээгээд, нөгөөдүүл нь шийдвэр гаргах төвшинд оролцож чадахгүй заавал гаднаас улаан лооль, өндөг шидэж бухимдаад байх шаардлагагүй. Цөөхөн монголчууд УИХ дотроо асуудлаа шийдээд, бүтээлчээр хамтарч ажиллаад явах нь зүйтэй.
-Эмэгтэйчүүдийн квотыг Сонгуулийн хуульд оруулж чадах болов уу?
-Би бол тусаасай л гэж бодож байна. Уур амьсгалыг харвал, уучлаарай, манай эрчүүд хоцрогдсон байна. Хэдэн эмэгтэйчүүд дарга болохын төлөө яваад ч байгаа юм шиг буруу ойлгодог. Нийгэм хэр дэвшилттэй байж чадаж байна. Цаашид жендэр, квот ойлгохгүй байгаа гишүүдийн хүүхдүүд, охид 10-20 жилийн дараа ямар нийгэмд амьдрах вэ гэдгийг л тодорхойлох асуудал яригдаж байна шүү дээ. Эмэгтэйчүүд арай тэнцвэртэйгээр шийдвэр гаргах төвшинд оролцох юм бол нийгэмд яригдаж байгаа маш олон асуудлыг арай зохистой шийдэх болов уу л гэсэн санаа шүү дээ. Тэгвэл өнөөдөр С.Оюун, Д.Арвин, Д.Оюунхорол, хэн нь ч юм хэдэн хүүхэн дарга болохын төлөө, араасаа бас нэг хэдэн хүүхэн чирээд ороод ирэх гэж байгаа юм шиг маш буруу ойлгоод байдаг. Эрчүүдээс 30-40 хувь нь квотыг дэмждэг. Манай эрчүүд хэзээ бүгдээрээ энэ талын ойлголттой болж дэлхий нийтийн чиг хандлагатай болно, тэр цагт л квот бүрэн хэмжээгээр тусна даа.
-Сонгуулийн хуулийг хэзээ хэлэлцэж эхлэх бол?
-УИХ-ын даргын зөвлөл дээр сая үлдсэн асуудлаа шуурхай хэлэлцэх ёстой гэж ярилаа. Чухал нь энэ байна гэж нэрлэсэн төсөл дотор Сонгуулийн хууль багтаж байна лээ. Өнөө маргаашгүй хэлэлцээсэй л гэж бодож байна. Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин, хоёр намын бүлгийн дарга Д.Лүндээжанцан, Ч.Сайханбилэг, АН, МАН-ын дарга Н.Алтанхуяг, С.Батболд, энэ зургаан хүнээс танай сониноор дамжуулаад асуумаар байна. Сонгуулийн хуулийг хэзээ хэлэлцэх юм бэ. Хэзээ батлах вэ. Сонгуулийн дүрэм хэзээ тодорхой болох вэ гэдгийг лавлаж асуумаар байна.
Д.ОЮУНЦЭЦЭГ
Эх сурвалж ньюз дот эм эн
No comments:
Post a Comment