Friday, 24 December 2010

М.ЧИМЭДЦЭЕЭ: "ОРОС, ХЯТАД, АНГЛИ ХЭЛТЭЙ БОЛ ОРЧИН ҮЕИЙН ХҮН БОЛЖ БАЙГАА НЬ ТЭР"



Хэлбичгийн ухааны доктор, МУИС-ийн Кунзийн институтийн дэд захирал, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, хятад судлаач М.Чимэдцэеэ манай сэтгүүлд зочилж байна. Тэрбээр Хятадын сонгодог болон орчин үеийн олон зохиол бүтээл орчуулсан бөгөөд 2005 онд “Сүнзийн дайтахуйн ухаан” номоороо орчуулгын шилдэг зохиолд олгодог “Алтан өд” шагнал хүртжээ.
- Монголд хятад судлал хэр хөгжиж байна. Хятад судлалыг хөг­жүүлэхийн ач холбогдлын талаар бодлоо хуваалцана уу?
  - Манайх Хятад судлалын эрт­ний уламжлалтай. XVIII-XIX дүгээр зуун, тэрбайтугай XIV зуунаас эхлэн судалж байжээ. 1307 онд Хубилай хааны дэргэд том судалгааны газар байсан мэдээ байдаг. Энэ үед Монголын эрдэмтэн Бөхтөмөр гэдэг хятад судлаач Кунзийн сургаа­лийг монгол хэл рүү орчуул­сан байдаг. Одоо энэ ном Бээжин хотноо Хааны ордны номын санд хадгалагдаж энэ талын чухал судлаг­дахуун болж байна. Хятад судлал энэ мэт эртний уламжлалтай ч өнөөгийн түвшинд хийж байгаа дорвитой том судалгаа бага байна. Төрөлжсөн судалгаа хийдэг газар ховор, хийлээ гээд ашигладаг газар алга. Бид хөрш орноо заавал судлах ёстой. Төрөлжсөн судалгаануудыг хийх шаардлага бий. Олон улс судлалын хүрээлэн, ШУА, их дээд сургуулиуд өөр өөрийн түвшинд багахан судалгаа хийж, эрдэм шинжилгээний ажил зохион байгуулж байгаа. Миний бодлоор энэ нь хангалттай түвшинд хүрч чадаагүй л байна.
  - Та ямар судалгаа хийж байна?
  - Би хятад хэлний орчуулагч мэргэжилтэй. Хятад судлалыг хоёр чиглэлээр сонирхдог сонирхогч юм даа. Хятадын хэлний орчуулга сонирхдог. Энэ талаараа бага сага юм хийж байна. Хятадын сонгодог утга зохиол, гүн ухааны хэд хэдэн ном орчууллаа. Эртний хятадын их сэтгэгч Күнзийн номуудаас орчуулсан. Цаашид ч энэ чиглэлээр юм хийх бодолтой байна. Күнзийн сургааль гэхээр монголчууд сур­гаар сонссон, бичиг зохиолд тэмдэглэгдээд үлдсэнийг үзсэн байдаг. Энэ зохиолыг Хятад хэл­нээс шууд монгол хэлэнд бүрэн эхээр нь орчуулаагүй, манж, орос, англи хэлнээс хэсэг бусгаар дам орчуулсан тал бий. Монгол түмэндээ, судлаач нартаа зориулан энэ зохиолыг бүрэн эхээр нь, тайлбар сэлттэй орчуулж хүргэхийг зорьж эхний номуудыг хэвлүүлээд байна. Өөр нэг сонирхон судалж байгаа зүйл нь хятад, монгол орчуулгын онол дадлага юм. Энэ талаар судалгаа хийх, өгүүлэл бичих, эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж байна. Би Хятадын эртний уран зохиолын сэдвээр докторын зэрэг хамгаалсан.
  - Хятад хэлийг сурахад хэцүү гэдэг. Энэ хэл ямар онцлогтой вэ?
  - Сурахад амар хэл гэж байх­гүй. Өөр нэг үндэстэн, ард түмний хэлийг сурна гэдэг мэдээж амархан биш. Тэр дундаа хятад хэл харьцангуй хүнд хэлний тоонд ордог. Хятад хэлийг сурахад гурван үндсэн бэрхшээл байдаг гэж үздэг. Хятад хэл бол хөгжмийн хэл юм. Олон янзын дуудлагатай, хөг айзам­тай ярьдаг. Тэр болгон өөр өөр утгыг илэрхийлдэг. Тэр утгаараа ярьж сурахад хэцүү. Дуудлагыг зөв сурахгүй бол буруу утга гарч ойлгогдохгүйд хүрнэ. Дараагийн бэрхшээл ханз үсэг цээжлэх. Ханз нь дүрс үсэг, олон зурлагатай. Дүрс бүхнийг цээжлэх хэрэг гарна. Нэг үсэг сурахад нэг ханз цээжил­нэ. Тэр нь бодитой, бодитой биш гээд олон ухагдахуун илэрхийлнэ. Ярьж сурахад харьцангуй амархан. Орчинд нь ороод хоёр жил болоход сурна. Гуравдугаарт бичгийн хэлэнд сайн суралцах хэрэгтэй. Бичгийн хэл сураагүй бол тухайн хэлийнг сурсан гэх аргагүй юм. Манайд хятад хэлээр сайхан ярьдаг хүн олон байвч бичгийн хэлийг сайн сураагүй байх юм. Гэхдээ хятад хэл сурахад тийм хэцүү биш. Тэр тусмаа монгол хүн хятад хэлийг сайн сурдаг. Хэлэнд хурдан цэгцэрч чаддаг.
  - Күнзийн сургаалийн талаар та товчхон танилцуулаач. Түүний гол агуулга нь юу вэ?
  - Күнз бол дэлхийн 10 том сэтгэгчийн нэг юм. Манайд Күнзийн сургаалийг сонссон хүн олон ч юу сургасан юм бэ гэдгийг сайн мэддэгүй, өрөөсгөл ойлголт маш их байна. Түүнийг харгис сургааль, муу сургааль гэх ойлголт манайд сүүлийн хэдэн жил хүчтэй бүрдсэн л дээ. Энэ нь цаг үеийн байдалтай холбоотой юм. “Дайсны цэргүүдээ сонсоцгоо” гэдэг кинон дээр Кунзийн сургаалиас ярьдаг нэг хэсэг бий. Энд “Хятадын эртний Күнзийн сургаалиас ярьж байх шив дээ. Энэ ч өөдгүй сургааль байна даа” гэж байх жишээтэй. Одоо цаг үе өөр болсон. Дэлхий ертөнц даяарчлагдаж байгаа энэ үед бид өөр өнцгөөс нь харах хэрэгтэй. Күнзийн сургаальд зарим нэг муу юм байна. Тухайлбал хүүхдэд номхон хүлцэнгүй байхыг номлосон ч гэдэг юм уу, доод хүн дээд хүндээ үг дуугүй захирагдах ёстой, хүү нь аавдаа захирагдаж байх ёстой гэхчлэн. Нөгөө өнцгөөс нь үзэх юм бол хүн хэрхэн хүн болох ухааныг заасан байдаг. Хэрхэн хүн болох вэ. Хэрхэн хөл дээрээ зогсох вэ гэдгийг сургасан байгаа юм. Күнзийн сур­гаальд шашныг сургадаггүй. Түүнд хүний хойд нас, тэнгэр бурханы тухай нэг ч үг байхгүй. Дандаа хүн, хүний харьцааны тухай заасан байгаа шүү. Одоо Күнзийн сургааль дэлхий дахинд маш хүчтэй тархаж байна. Барууны ертөнц, цаашлаад Америк, Канадад энэ сургаалиас маш их юм олж авна гэсэн үзэл дэлгэрчээ. Яагаад гэвэл Хятадууд энэ сургаалийг төрийн бодлогын хэмжээнд тавьж байгаа юм. Хятад улсын дарга Ху Жин Тао НҮБ-ын 60 жилийн ойн хурал дээр хэлсэн үгэндээ “Манай Хятад улсын төрийн бодлого Кунзийн сургааль дээр үндэс­лэдэг” гэсэн. Мөн Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вень Зябао Харвардын их сургуульд лекц уншихдаа Хятадын төрийн бодлого их сэтгэгч Күнзийн сургаалиар явж байна гэж хэлсэн байдаг. Тэгэхээр бид Хятад улстай харьцах, Хятадын бодлогыг таньж мэдье, соёлоос нь суралцъя гэвэл Күнзийг судлах шаардлагатай. Хята­­дын соёл гэж яривал Күнзийн соёлыг ярьдаг. Күнзийн соёлыг яривал Хятадын соёлыг ярьдаг. Тэр утгаар нь ойлгох хэрэгтэй. Күнзийн номыг орчуулаад байгаагийн учир нь үүнд байгаа юм. Улс төрийн хүрээнд төдийгүй хятад хүнтэй харилцах, тэднийг таних гэсэн хүн үүнийг судалсан байхад зөв харьцаж, зөв таньж чадна.
  - Энэ суут сэтгэгчийн амьдарч байсан цаг үе, сургааль нь хэдэн боть, хэсгүүдээс бүрддэг вэ?
  - Күнз одоогоос 2500-гаад жилийн өмнө амьдарч байжээ. Манай энэ он тооллын 550 орчим онд амьдарч байжээ. Сургаалийн цар хүрээ нь гэвэл Күнзийн сургаалийг багтаа­сан “Дөрвөн ном”, “Таван бичиг” энэ цаг үед хүрч иржээ. Энэ нь нийтдээ 9 ном болж байна. Бид үүнийг бүгдийг орчуулна гэвэл асар их хөдөлмөр орно. Би үүнээс “Дөрвөн ном”-ыг нь орчуулахыг зорьж байна. Хоёр номыг нь орчуулаад байгаа. Энэ сонгодог зохиолыг Өвөрмонголд XVIII зуунд орчуулсан. Мөн манж хэлнээс дам орчуулсан орчуулгууд байгаа. Их эртний зохиол учраас уншиж орчуулахад хэцүү. Зарим орчуулгын найруулга ойлгоход бэрх болжээ. Хятад хэлний орчуулгын үндсэн зарчим бол үгчилж хатуу орчуулдаг онцлогтой. Би тэр зарчмаар хятад хэлнээс шууд орчуулахыг хичээсэн. Дам хэлнээс орчуулахад утга нь өөр болоод хятад эхтэйгээ таардаггүй жишээ бий.
  - Таны саяхан гаргасан “Их суртахуй” гэдэг номыг уншлаа. Нэрэлхэлгүй хэлэхэд ойлгоход хэцүү байна.
  - Күнзийг сургаалийг судлах хүн эхлээд “Бага суртахуй”-г унших хэрэгтэй. Энэ ном Күнзийн сургаальд нэвтэрч орох үүд юм. Үүн дээр хүн яаж хүмүүжих вэ. 7-15 насандаа юу сурах вэ гэдгийг сургасан байдаг. 15 наснаасаа юу сурах вэ гэдэг тухай номлосон сургааль нь “Их суртахуй”юм. Энэ хоёр сургаалийг дараалан судалсан хүн зөв төлөвшиж зөв хүн болно. Бидний сайн мэддэг “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг үг энэ номын амин сүнс нь юм. Би энэ сургаалийн гол цөм болох “Шүүмжлэл өгүүлэл”-ийг эхлээд орчуу­лан хэвлүүлсэн. Дараа нь “Их суртахуй”-г гаргалаа. Цаанаа нь “Ер думд бичиг”, “Мэнз бичиг” гэж бий. Уран зохиолын ном биш учраас шуудхан уншаад ойлгох их төвөгтэй. Ухаж бодож унших хэрэгтэй. Гүн ухааны ном л доо. Гүйлгээд уншихад ойлгохгүй. Миний зарим тань­даг хүн надад ярьж байсан. Күнзийн номноос өдөр болгон нэг сургаалийг уншиж, хүүхдүүдтэйгээ тойрч суугаад юун тухай өгүүлсэн байна, ямар учиртай сургааль вэ гэж ярилцдаг гэж. Энэ мэтчилэн нэг өдөр нэг номлолыг тайлж уншвал илүү ойлгоно. Одоо ном уншдаг хүмүүс олон болжээ. Номыг сайхан хэвлэж байна. Манай ард түмэн ном уншдаг сайхан уламжлалтай. Надтай энэ сэдвээр, бас Күнзийн сургаалиар маш олон хүн санал бодлоо солилцдог. Күнзийн номыг ширээний ном болгосон хүмүүс байна. Саяхан “Өдрийн сонин”-д Б.Лигдэн гуайтай хийсэн нэг ярилцлага хэвлэгджээ. Түүнд та одоо ямар ном уншиж байна гэсэн асуултад Күнзийн сургаалийг уншиж байгаа гэсэн байна лээ.
  - Таны орчуулж 2005 онд хэвлүүлсэн бас нэг алдартай зохиол бий. ”Сүнзийн дайтахуйн ухаан” гэж. Түүнээс сэдэвлэн хэсэг залуус ном бичсэн байна лээ.
  - Энэ бол Күнзтэй нэгэн үед амьдарч байсан агуу их цэргийн зүтгэлтэн Сүн Ү-гийн бүтээл юм. Түүний жинхэнэ нэрийг Сүн Чин гэдэг байсан, харин хожим хүмүүс Сүнз хэмээн хүндэтгэн дуудсаар дэлхий дахинаа энэ нэрээр алдаршжээ. Энэ зохиол одоо хүн төрөлхтний ширээний ном болоод байгаа юм. 1996 онд Харвардын их сургуулийн эрдэмтэд энэ зохиолыг “Дэлхийн 4000 жилийн түүхэнд тодорсон 10 алдарт бүтээлийн нэг”-ээр шалгаруулсан байдаг. Олон орны суут жанжид энэ суртал, номлолыг цэрэг дайнд хэрэглэн амжил­тад хүрч байсан гэдэг. Харин орчин үед энэ зохиолын онол, эрдэм ухааныг үйлдвэрлэл, бизнесийг удир­дах, зах зээлийн өрсөлдөөнд хэрэглэх болжээ. Оксфорд, Харвардын болон бусад олон их сургуулийн заавал үзэх хичээлийн хөтөлбөрт орсон байна. Японы Panasonic Америкийн Generel motors корпорацийн эзэд энэ зохиолыг амжилт олохын үндэс гэж нэрлэсэн байдаг. Энэ номоос сэдэвлэн хэсэг залуус ном бичсэнд их баяртай байгаа.
  - Хятадын уран зохиолоос манайд хэр орчуулсан байдаг вэ?
  - Хятадын сонгодог уран зохио­лыг XVII-XVIII зууны үед нэлээд орчуулж байжээ. “Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Хүйтэн уулын бичиг”, “Улаан асрын зүүд” зэргийг орчуулсан байдаг. Бүр сүүлд 1950-иад оны үед орчин үеийн уран зохиолоос орчуулсан. Харин одоо орчин үеийн уран зохиолоос алга. Гэтэл түүнийг унших хүсэлтэй хүн олон байна.
  - Күнзийн институтийн тухай танилцуулаач?
  - Манай институт Күнзийн сургаалийн судалдаг газар биш. Хятад хэл сургах, хятад судлалыг хөгжүүлэх, соёлын арга хэмжээ зохион байгуулах гэсэн үндсэн гурван зорилготой. Күнзийн инсти­тут гэдэг нь оноосон нэр юм. Ломоносовын их сургууль, Гётегийн институт гэдэг шиг. Күнз бол зөвхөн Хятадын нэрийн хуудас биш дэлхий нийтийн хүн, дэлхий нийтээрээ мэддэг таньдаг хүн гэсэн утгаар өгсөн нэр юм. Бээжинд төвтэй, одоогийн байдлаар 60 гаруй оронд 220 гаруй инститиут ажиллаж байна. Энэ бол боловсролын том сүлжээ юм. Бээжинд жил бүр дэлхийн Күнзийн институтийн их хурал болдог. Өнгөрсөн оны 12 дугаар сард болсон хуралд би оролцсон. Түүнд дэлхийн өнцөг буланд байгаа Күнзийн бүх институтийн төлөөлөгчид ирж оролцдог. Энэ бол хятад хэлний төрийн том бодлого, хэлээрээ дамжуулан соёлоо дэлгэрүүлэх, харилцаагаа өргө­жүүлэх гэсэн хэлбэр юм.
  - Манай залуус Хятадад олноороо сурч байна. Мөн манайд хятад хэлний олон сургууль, сургалтын төв ажиллаж байдаг. Хүүх­дүүд хэр сурч байна гэж үнэлдэг вэ?
  - Бид хоёр хөршийнхөө хэлийг заавал сурах хэрэгтэй. Орос, хятад, англи хэл сурсан бол Монгол хүн дэлхийтэй харилцах боломжтой болно гэж боддог. Энэ гурван хэлтэй байхад аль ч хэлээр гарсан шинэ соргог мэдээ мэдээллийг бүгдийг олж авч чадна. Энэ бол цаашлаад улс орны эрх ашигтай холбоотой зүйл шүү дээ. Хятадын сургалт сайн. Одоо би ажил төрлийн шаардлагаар хятад хэлтнүүдийн дунд ажиллаж байна. Тэгэхэд энэ хэлийг гаргууд сайн сурсан хүн цөөн байгаа нь мэдрэгддэг. Таван жил сураад бакалавр, магистр болсон ч чамлалттай хүн байна. Жингийн туухай дээр тавибал сураагүй тал нь дийлэх гээд байна.
  - Гадаад хэлийг хүүхдэд багаас нь заах гэж хошуурах болжээ. Энэ нь хэр үр дүнтэй байдаг юм бол?
  - Энэ бол нэг их үр дүнтэй зүйл биш гэсэн хувийн бодолтой байдаг. Тэгж заалгасан хүүхэд төрөлх хэл ч үгүй, өөр хэл ч үгүй болдог. Цэвэрхэн хэллэгтэй. Дуудлага нь зөв тогтож болно. Гэхдээ илэрхийлэх чадвар байхгүй болсон байдаг. Монгол хүн мөртөө монголоор зөв өгүүлбэр хэлж чадахгүй байх нь бий. Багаасаа эх хэлээ сайн сураад ахлах ангиас гадаад хэл сурах нь зүгээр гэж боддог. Гадаад хэл сурахын үндэс нь эх хэлээ сайн сурах явдал юм.
  - Та энэ хэлийг хэрхэн сурсан бэ?
  - Би 1970-аад оны МУИС-ийн монгол хэл уран зохиолын ангийн оюутан. Хятад хэлний сургалт тас­раад 20-иод жил болсон үе байлаа. МУИС-ийн монгол хэлний ангид хятад хэлний сонгон суралцах анги нээж оюутнуудаас сонгон оруул­сан юм. Нэг ч хятад ном олж үзээ­гүй, нэг ч хятад үг мэдэхгүй эхэлж байлаа. Гурван жил сураад төгсөж Монголын радиогийн хятад хэлний нэвтрүүлгийн редакцид 10-аад жил ажиллахдаа энэ хэлийг гайгүй сурсан. Дараа нь Бээжинд Хятад хэл, соёлын сургуульд хэлний мэргэж­лээр дахин суралцаж нэлээд сайжирсан.
Ярилцсан Ж.Сэлэнгэ
Эх сурвалж цаг төр хүмүүм сэтгүүл

No comments:

Post a Comment