Friday, 24 December 2010

Д.УРИАНХАЙ: "ХАМГИЙН ЗӨВ НЬ УТОПИ ҮЗЭЛ"



Зохиолч, яруу найрагч, философич Д.Урианхайн “Бодь сэтгэл, эв хамт ёс” ганцаарчилсан хөдөлгөөний улс төрийн үзэл онолын “Очир” үнэнээс цогцолсон зэндмэнэ” ном саяхан хэвлэгджээ
  ...Монголын нийгмийн харилцаа болох хувийн өмчит зах зээлийн харилцааны мөн чанар миний дотоод мөс чанарт харш тул би хүлээн зөвшөөрч чадахгүйгээс тийм ахуй, оршихуйн зарчим, тогтолцоонд “алга ташин” дэвхцэхээс эрс татгалзаж, өөрийнхөө “дотоод чанар”-ын эсэргүүцлээр 1997 онд Иргэний “үл эвлэрэл” зарласан бөгөөд нийгэм-хүний хөгжлийн асуудлаар өөрийнхөө үзэл бодлыг онолын түвшинд боловсруулж, Монголын нийгмийн сэтгэлгээн дэх гажуудалт, туйлшранги ойлголтуудыг засах “чимээгүй тэмцэл” хийж буй юм.” хэмээн бичжээ. Түүнийг “Зочин” буландаа урьж, монголын улс төр, нийгмийн амьдралын тухай ярилцлаа.
  - Та бид социалист нийгэмд хамтдаа амьдарч байсан. Таны “нэг хүний хөдөлгөөн” социа­лизмын үед үүсэх бололцоотой байсан бол тэмцэл хийх байсан уу?
  - Энэ бол миний ярьж байгааг мухарлах гэсэн асуулт байна. Социализмын үед улс орныг ганц үзэл сурталтай нам удирдаж байсан цагт би “ганц хүний хөдөлгөөн” зарлах ямар ч бололцоогүй байсан, хэрвээ зарласан бол шоронд шууд орох байлаа. Тэгвэл та өнөөдөр энэ хөдөлгөөнийг яагаад зарлаж байгаа юм бэ? гэсэн асуулт шүү дээ. Тэгэхээр зах зээлийн нийгэм үүнийг хүлээн зөвшөөрч байна.
  - Хэрвээ та тэр үед нийгмээ шүүмжлэх бодол төрж байсан бол юу гэж хэлэх байсан бэ?
  - Тэр үед ганц би ч биш, манай шилдэг сэхээтнүүд социалист нийгмийн харилцааг дотроо шүүмжлэн боддог байсан. Би юу гэж шүүмжлэх байсан бэ? гэвэл, төвлөрсөн төлөвлөгөөт улсын өмчтэй, “хүн бүхэн хийснийхээ хэрээр авдаг, нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” гэдэг уриатай энэ нийгмийн эдийн засгийн харилцаа бол маш зөв байна гэж би хувьдаа үздэг байсан. Нийгмийн хуваарилалт маш тэгш, харин үзэл суртлын хувьд эсэргүүцэж байсан. Бүгдээрээ “хувьсгалт намын гаргаж байгаа шийдвэр зөв, Маркс, Лениний зохиол мундаг” гэж шүтээд байсан юм байхгүй. Шүүмжлэгч Төмөрийг нас барахад бичсэн миний анхны өгүүлэл “Ирээдүйн алганаас эхэлсэн од” утга зохиол онолын сэтгэлгээтэй шүүмж глав­летэд хураагдсан. Түүнээс хойш миний маш олон зохиол энд хураагдсан ч би энэ талаар ярьдаггүй. Та нар залуучууд учраас би үүнийг ярьж байна. Сүүлд хэвлэл утга зохиолыг хянах газар /главлет/ татан буугдсан хойно өгүүлэл, тууж маань буцаж ирж байлаа. Намын төв хорооноос өгсөн даалгавар ёсоор “юу ч бичсэн уншиж бай” гэсэн 8 хүний нэр главлет дээр байдаг. Б.Ринчен гуай, Ц.Дамдинсүрэн гуай гээд, залуучуудаас Д.Урианхай. Үүнийг би эсэргүүцэж байсан. Харин эдийн засгийн харилцааг бол хамгийн зөв гэж одоо ч итгэлтэй явдаг.
  - Би таны бичсэн юмыг “хэтэрхий зөв” юм ярьж байна гэж боддог. Буруу юм яриад байна гэхээсээ илүү амьдрал дээр байхгүй, хэзээ ч бүрэлдэн тогтохгүй, ийм зөв юмны тухай ярьж байна гэсэн бодол төрдөг. Нийтийн төлөө ажиллаад байхаар, тэр хөрөнгө нэг хүний төлөө хуримтлагдаж, нийгэм сайхан болдоггүй юм байна гэдгийг ойлгож авсан. Бүгдээрээ нийлээд, миний төлөө санаа зовоод байгааг, ерөөсөө хүлээж авч чадаагүй шүү дээ?
  - Тийм ээ, санал нийлж байна. Надад иргэн хүний хувьд нэг санал байна. Төр засаг хүний хэрэгцээ хангахуйц үйлдвэрүүд байгуулаач ээ. Хүн амын 40% нь нэн ядуу байна. Энэ хүмүүсийн дунд Урианхай би ч орно. Ядуу хүмүүст мах, гурил, будаа, талх, элсэн чихэр зэрэг өргөн хэрэглээний арван хүнсний барааг улсаас үнийн хязгаар тогтоон, картын системд оруулж өгөөч ээ. Картын барааны үнэ шинжлэх ухааны үндэстэй байх ёстой. Үндсэн зардлыг нөхөөд, улсад алдагдалгүйгээр 10-20%-ийн ашиг олохоор үнийг тогтоон гаргадаг эдийн засгийн жишиг бий. Бусад барааг нь чөлөөт үнээрээ худалдана биз.
  - Тэгвэл ядуурал багасаад ирэхлээр картын бараагаа өгөхөө болих уу? Үүнийг “төр засаг алдаагаа засах арга” гэж ойлгож болох уу?
  - Тэгж ойлгож болно. Амаар нь шороо үмхүүлж байгаа хөөрхий ядуусаа төр харж үзээч. Өнөөдөр ард түмний амьдрал хутганы ирэн дээр байна шүү.
  - Нэг нэгэндээ гай болохгүй, нийтээрээ сайхан амьдрах нийг­мийг Шведэд бүтээжээ. Шведэд хотын төвд “нийтийн эзэмшлийн газар” нэг ч хувийн байшин барилга бариулдаггүй. Гэтэл Монголд хамаг юм нь холилдчихсон, машин эргэхэд ч хэцүү шахцалдсан замтай, эмх замбараагүй байх юм?
  - Төр засаг иймэрхүү маягаар хот байгуулалтыг Швед шиг зохицуулах хэрэгтэй. Ирээдүйд итгэлгүй байгаа ард түмнээ ядуур­лаас гаргаж, зовлонгоос хагацаахын тулд том компани, корпорациуд дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай, экспортын бүтээг­дэхүүн үйлдвэрлэдэг хувийн үйлдвэр байгуулахыг төрөөс зөвшөөрч дэмжээд, бус­дыг нь нийгэмчилж, хурааж авмаар байна. Үндсэн хуульд засвар хийж, ард түмний төр гарч ирээд, олигархийн төр биш, ард түмний төр болгомоор байна. Монгол хамгийн их хэвлэлийн эрх чөлөөтэй улс болжээ. Тэгвэл өнөөдөр бидэнд эдийн засгийн эрх чөлөө алга. Монголын нийгмийн баялаг шударга хуваарилагддаг системд ормоор байна. Хүмүүс гудамжинд жагсаад, гадаадад очоод юу хийж байгаа юм бэ? Монголын бараг хоёр аймгийнхан нь шахуу гадаадад амьдарч байна. Монголын ардчилал ард түмнээ ядууруулаад, бас боолчилж байна. Үүнийгээ зөв ойлгож, боолын сэтгэлгээнээсээ гарах онолыг судлаач ээ.
  - Бидний туулсан социалист нийгэм түүхийн тавцан дээр шалгагдаад, ачааллаа даалгүй нурж унасан шүү дээ. Тэгэхээр тэр нийгэм бол хүмүүсийг сайн сайхан байлгах гэсэн хүсэл мөрөөдөл байсан болохоос биш, яг үнэндээ бол абстракт нийгэм, “хиймэл орчин” юм байна. Иймээс” жам ёсны нийгэм” гэдэг хүний жам ёсны дадал, жам ёсны зан араншин дээр зохицсон нийгэм байх ёстой болов уу?
  - Энэ бүхэн үнэн юм аа. Гэхдээ бас үгүйсгэхэд хэцүү. Тэгэхээр би сэтгэгч маягийн уран бүтээлч хүний хувьд нийгмийн хөгжилд нэлээд шинжлэх ухаанчаар ханддаг. Социализм, өнөөдрийн “капиталист” гэж нэрлэгдэх зах зээлийн харилцаа, бас “либераль эдийн засгийн харилцаа” ч гэж хэлж болно. Үр дүнг нь харахаар, бидний ярьж байгаа энэ хоёр нийгмийн ялгаа надад их тод харагддаг. Монголчууд зах зээлийн харилцаанд орж, ардчилсан чөлөөт нийгэмд 18 жил боллоо. Иймээс нийгмийн харилцааг үр дүнгээр нь, тэр нийгмийг байгуулж байгаа гишүүдийн амьдралын төвшинөөр нь харьцуулж үзвэл, өнөөдөр 2 сая хүний 40% нь засгийн газрын албан ёсны статистик үзүүлэлтээр нэн ядуу амьдарч байна. Зарим эдийн засагчдын тооцож байгаагаар 70% нь ядуу амьдралтай. Баян чинээлэг гэж үзэж болохоор хүмүүс нь 3-4 %, дундаж амьдралтай нь хүн амын 10-20% байна. Тэгвэл хүн амын 70% нь ядуурчихаад байгаа нийгмийн харилцаа, дотоодын нийт бүтээгдэхүүний 80%-ийг үйлдвэрлэж байгаа хувийн хэвш­лийн аж ахуй ноёлсон эдийн засагтай нийгэм хүмүүсээ сайн сайхан амьдралтай болгодог нийгэм юм бол хүн амын 70% нь яагаад ядуурчихаад байна вэ? Эндээс нийгмийн асар хүчтэй задрал явагдаж байгаа нь харагдаж байна. Хүн амын дунд тэр ч байтугай, улс төрийн хүрээнд “антигнист” харилцаа үүссэн байна. Анги гэх юм байхгүй мөртлөө 18 жилийн дотор Монголд антигнист харилцаа ирчихсэн байна.
  - Таньтай би хоёр хөлөө өргөөд, дөрвөн мөчөөрөө санал нэг байна. Тэгэхээр хүмүүс урьд нь энэ нийгэмд аж төрж байгаа шиг ядуугийн зовлон үзээгүй. Ядуу хүн хараад зүрх шимширч байна. Үнэндээ бол хүмүүсийг зах зээлийн нийгэмд хүчээр түлхэж оруулснаас, маш олон хүн эрсдлээ. Харин бид 1990 оноос хойш өмч хувьчлал яаж явагдсаныг сайн мэдэж байгаа. Нийгмийнх нь харилцаа буруу гэдэгтээ биш, бидний байж байгаа царай энэ мөн үү?
  - “Өмч нийгмийн баялгийг бүтээдэг” гэсэн онол үзэл байна. Гэхдээ нийгмийн баялгийг өмч бүтээж байгаа юм биш. Нийгмийн баялгийг хүний хөдөлмөр бүтээдэг. Тэгэхээр гол механизм бол өмч биш, хөдөлмөрт харилцах хүний харилцаа. Хөдөлмөр их бага байх, үр ашигтай байх, буян нүгэл болох юунаас хамаарах вэ? гэхлээр хувь хүний хөдөлмөрт хандах хандлага, үзэлтэй холбоотой. Энэ үзлийг л өөрчлөх хэрэгтэй. Хүн хөдөлмөрөө мөнгөөр үнэлэх үнэлгээ байх ёсгүй. Ерөөсөө хүн нийгэм хоёр шүтэн барилдлагын дунд байдаг. Түүнээс хүн өөрийгөө салгаж аваад, “би мөнгө олно” гэдэг анхнаасаа буруу ойлголт. Би аяга хийлээ гэхэд цай уух бүх хүний тусын тулд хийж байгаа гэж бодно. Энэ аягыг хүмүүс үнэгүй хэрэглэх ёстой. Үүнээс цааш хоосон чанарын тухай ярьвал, их нарийн юм болно. Энэ аяганд орж байгаа агаар, шавар, усыг би бүтээгээгүй. Хэдэн жил болоод, тэртэй тэргүй “дэлхий сөнөнө” гэж эрдэмтэд тооцоог нь гаргачихсан байгаа. Байгалийн баялаг бай­тугай, хүн өөрөө ч дуусна шүү дээ. Аяга бүтээхэд, зөвхөн миний оюун ухаан орж байгаа. Бид бие биеэ гэсэн сэтгэлээр хийсэн юмаа солилцоод, бие биенээ тэжээх хэрэгтэй.
  - Таны хийсэн аяга надад таалагдахгүй бол яах вэ?
  - Таалагдахаар л аяга хийнэ шүү дээ. Ганцхан ийм загварын аяга хийхгүй.
  - Тэгвэл сэтгэл зүй хөгжилд нөлөөлөх үү?
  - Сэтгэл гэдэг нүдэнд үзэг­дэхгүй ч, асар хүчтэй бодит энерги чанарын ертөнц. Хүн өөртөө хэрэгцээтэй юмыг оюун бодлоороо материализаци хийх замыг хөгжил гэж үзэж байна. Бумбын эринд сансраас ухаалаг хүчтэй сүнснүүд төрнө. Бид дэлхийг хоослоод, түүний шүтэн барилдлагыг эвдэж байгаа учраас энэ хөгжлийн зам буруу. Хүний амьдралд хамгийн зөв үзэл бол утопи үзэл байгаа юм. Хүн төрөлхтөн метафизик сэтгэлгээнээс хагацаад, прагматик сэтгэлгээнд автсан байна. Монголын төр өөрийн гэсэн өмч хөрөнгөгүй, бие даасан үйл ажиллагаа явуулж чадахгүй гуйлгачин төр болжээ. Төрийн бодлого олигархуудын гарт эзлэгдсэн учраас ард түмнээ гэсэн бодлого явуулж чадахгүй байна. Монгол хүний муу муухайг харахаар үнэхээр элэг зүрх урагдах юм. Монголд ярьдаг сармагчин, гадаадын эздэд боолчлогдох боолын ардчилал байна.

Ярилцсан Ш.Билэгсайхан
Эх сурвалж: "Цаг төр хүмүүс" сэтгүүл

No comments:

Post a Comment