Saturday, 25 December 2010

Я.СОДБААТАР: "МАХН ТҮҮХ БОЛОН ҮЛДСЭН"


Монгол Ардын намын нарийн бичгийн дарга Я.Содбаатарыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Төрийн албанд шинэчлэл эхлүүлж байна гэж яриад байсан хүн долоо хоногийн баасан гарагт нь ажлаасаа түтгэлзээд, хагас сайнд нь Ардын намын их хурлын гишүүн болж, нэгдэх өдөр нь нарийн бичгийн даргаар сонгогдох нь бас их сонин үзэгдэл юм шиг санагдсан. Мэдээж тэр хүн нь та. Тэгэхээр яагаад тууштай ажиллана гэж байсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын албанаасаа шууд татгалзах болсныг тань эхлээд асууя?


-Би 1995 оноос намын дэргэдэх оюутны байгууллагын даргаар сонгогдож ажилласнаас хойш энэ намтай ажил, амьдралаараа холбогдсон. Тэгээд Төрийн албаны тухай хууль өөрчлөгдсөнтэй холбогдуулан 2009 оноос намаасаа түдгэлзээд, төрийн албанд зүтгэсэн. Харин XXVI их хурын үеэр намын удирдлагууд намдаа ирж ажиллах талаар санал солилцсон. Ингээд улс төрийн сонголтоо хийгээд л намдаа эргэж ирсэн. Мэргэжлийн хяналтын байгууллагын чадварлаг мэргэжсэн хамт олонтой хамтран ажиллаж хяналтын шинэчлэлийг эхлүүлэн, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын менежмент нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдүүлж чадсандаа баяртай байдаг. Ер нь манай улсад төрийн албаны цогц шинэчлэлийг ойрын хугацаанд хийх зайлшгүй шаардлага байгаа гэж бодон өөрийнхөө боломжоор л оролцож яваа хүн.

-Намдаа ирээд ажиллахад сэтгэгдэл хэр байна. Хүмүүс, “Нам маань…” гээд л нэг их зүйл ярьдаг даа. Мэдээж таны хувьд түр л түдгэлзсэн болохоос бус Ардын намаас нэг их хол байгаагүй л болов уу. Тийм үү?

-Намдаа ажиллах болсон энэ цаг хугацаа маань бас нэлээд ачаалалтай үе байна. УИХ-ын 2012 оны сонгуулийн чимээ сонсогдож, дуу нь ойртож буй үе байна. Мөн Монгол Ардын нам гэсэн уугуул нэрээ сэргээж, үзэл баримтлалаа тодотгож, намд шинэлэг залуу удирдлага гарч ирэн шинэчлэлийг идэвхжүүлж, намын 90 жилийн ойг тэмдэглэхийн өмнө би ирж байгаагаараа онцлогтой л доо. Тэр тусмаа XXVI их хурлаараа өнгөрсөн 20 жилийн алдаа оноогоо дүгнэж, ирээдүйн 20 жилийн зорилт хөтөлбөрөө тодорхойлон дэвшүүлсэн үед ирж ажиллаж байгаагаа би намын нөхдийн минь надад үүрүүлсэн том даалгавар гэж ойлгож байгаа. Том ачаа даалгаж байна гэж хүлээн авсан. Залуу хүний хувьд аливаа ажлын саналыг ачаа ирж байна, хариуцлага ирж байна л гэж ойлгодог. Харьцангуй залуугаасаа улс төрд зүтгэж, үеийнхнийхээ төлөөлөл болж яваа учраас хариуцуулсан ажлыг хийсэн шиг хийхийг л хичээдэг.

-Уугуул нэрээ сэргээсэн Ардын намын нарийн бичгийн дарга нь яагаад заавал Содбаатар байх ёстой гэж. Боловсон хүчний хангалттай нөөцтэй гэж магтдаг намд өөр нарийн бичгийн дарга болох байгаагүй хэрэг үү?

-Манай намд чадалтай, энэ ажлыг аваад явчих маш олон залуу байгаа нь үнэн. Гэхдээ хариуцлагыг үүрч яваа намын удирдлага залуучуудын санал бодол, хувь хүн талаас нь харгалзсан байлгүй дээ. Бага хурлын гишүүд ч бас маш өндөр хувиар намайг сонгосон нь итгэл хүлээлгэж байгаагийн илрэл болов уу.

-Та Ерөнхий сайд С.Батболдыг анх УИХ-ын гишүүн болоход нь сонгуулийнх нь ерөнхий менежерээр ажилласан байх аа?

-Тийм ээ. Ер нь бол намын даргатай 2000 оноос эхлээд хамтарч ажилласан. Хүнийхээ хувьд ч бид ойрхон байдаг. 2004 онд С.Батболд сайдыг УИХ-д нэр дэвшихэд нь ерөнхий менежерээр нь ажилласан. Дараа нь Үйлдвэр, худалдааны сайд болоход зөвлөхөөр нь ажиллаж байсан гээд ажил төрлийн хувьд байнга холбоотой явж ирсэн.

-Тэр томилгоо таны хувьд улс төрийн анхны томилолт байсан уу?

-Намаас томилогдож, улс төрийн албанд очсон ажлын хувьд анхных байсан. Гэхдээ би өмнө нь төрийн албанд, Шинжлэх ухааны академид ажиллаж байлаа.

-Саяхан таныг У.Хүрэлсүх даргын мөнхийн цэрэг гэж бичсэн байсныг уншсан юм байна?

-Намайг лидерүүдтэй ямар холбоотой вэ л гэж асуугаад байх шиг байна аа даа.

-Үгүй ээ. Тэр сэтгүүлчийн дүгнэлтийн талаар өөрийг тань ямар бодолтой байгааг л мэдэх гэсэн юм?

-Манайхан нэг залуу хүн гараад ирэхээр л энэ тэрний хүн байх. Тэр лидер ард нь байгаа гэж харддаг хандлагатай болчихсон байна л даа. Нийгэмд гайгүй байр сууринаас гараад ирэхээр л тэгж яриад эхэлдэг шүү дээ. Тэр утгаараа намайг намын өндөр албан тушаалд ирэхээр бас л одоогийн удирдлагыг хардаж байгаа нь ойлгомжтой. Ер нь аливаа ажлыг хийхэд зөвхөн хувь хүний нэр төр бус багийн менежмент гэдэг их чухал байдаг. Энэ үүднээсээ намын удирдлагатай шинэчлэлийн төлөө хамгийн ойр ажиллах албан тушаал бол яах аргагүй намын нарийн бичгийн дарга. Тиймээс ч намын удирдлагууд надад итгэж энэ албан тушаал дээр авчирсан байх. У.Хүрэлсүх даргатай би 1995 оноос энэ намын оюутан, залуучууд байгууллагуудад хамтран ажиллаж эхэлсэн. Тэр үед би оюутан. Хүрэлсүх дарга намын залуучуудын асуудал хариуцсан улс төрийн ажилтан байсан. Тэр үеэс хойш бид ойрхон байж ирсэн. Миний хуурай ах шиг хүн. Болохгүй зүйлээ нэг нэгэндээ хэлж, урам өгөх үедээ өгч л ирсэн. Алдвал нэгнээ түшиж, амжилт гаргавал дэмжиж л явдаг. Нэг ёсны журмын анд нөхдүүд. Бид хоёрт хамтдаа унасан ч үе бий. Боссон ч үе байдаг. Олон зүйл дээр нэг нэгэндээ дэм болж явсан. Ингэж олон жил хамтарч байгаагийн цаана энэ намын олон залуучуудын итгэл, сэтгэл тээгдэж ирсэн. Үүнийг мөнхийн цэрэг хамтрагч гэж хэлж байгаа бол би үгүй гээд эсэргүүцэхгүй ээ. Ер нь хүн нөхөрлөлдөө үнэнч, найз нөхдийнхөө төлөө галд орж, галзуу барын өмнөөс архирдаг байх хэрэгтэй шүү дээ.

-Та нарын үеэс эхэлж залуусын амбицыг хөөргөх, улс төрийн талбарт эрч хүчтэй, бас эрх ашгаа тунхаглаж орж ирэх үүд хаалгыг нээсэн гэж ярьдгийг хүлээн зөвшөөрөх үү. Зөвхөн сайн талаас нь бус улс төрийн шуналыг өдөөсөн гээд л?

-Өнөөдөр хэнд ч улс төрийн сонголт хийж, намд элсэх нь чөлөөтэй зүйл. Нам бус байх эрх ч нээлттэй. Хэрэв элсээд таалагдахгүй бол гарч ч болно. Энэ бол чөлөөтэй шүү дээ. Нийгмийн мөн чанар нь ийм учраас залуусын сонголтыг тэгж хэлж болохгүй л дээ. Манайхан сүүлийн үед минийх явахгүй бол бусдынх урагшилж болохгүй. Энэ хүний үзэл бодол минийхээс зөрж байгаа юм чинь буруу гэж хандаад байна. Тэгж болохгүй л дээ. Мэдээж улс төрийн намыг сонгоод орж байгаа залууст би хувьдаа амбиц байх ёстой гэж боддог. Гэхдээ зөв амбиц байх ёстой. Албан тушаалын гэхээс илүүтэй ажил хийе, улс орноо хөгжүүлье, сурсан мэдсэнээ ажил амьдралд хэрэгжүүлье, хувь нэмрээ оруулъя гэсэн зөв амбиц байх ёстой. Харин өөрөө болоогүй байж, өөрөө бэлтгэгдээгүй байж албан тушаалын амбиц гаргах нь зохисгүй. Залуус өөрийгөө боловсруулахад цаг гаргаж, ачаа даах тэнхээтэй байх хэрэгтэй. Манай намын залууст албан тушаалын амбиц харин ч бага байдаг гэж би боддог шүү. Манай нам 1990 оноос хойш бараг дангаараа засгийн эрх бариад байгаа болохоор тэгж харагддаг байж магадгүй. Зарим нам шиг юм л болохоор албан тушаалд очдог цөөхөн хэдхэн хүний хүрээнд эргэлдэж болохгүй шүү дээ.

-Ярилцлага унших уншигчид ч “Яг ш дээ” л гэх байх?

-Манай нам цаг үеийн шинэчлэлийг зөв зохистой хийж чаддаг нам. Үүгээрээ ч залуучуудыг дэмжиж, шинэ залуу боловсон хүчнүүдийг бэлтгэж итгэл үзүүлэн хариуцлагатай албанд томилж байгаа нь зөв бодлого шүү дээ. Ер нь амбицыг юу гэж ойлгохоос ихээхэн шалтгаалаад байгаа юм.

-Залуус ч гэж 1970-аад оныхон л “хаанчлаад” байгаа юм биш үү?

-Үгүй ээ. Нэг их тийм тодорсон зүйл байхгүй. Манай намын нэг давуу тал бол үе хоорондын эв нэгдлийг маш их бататгаж чаддаг. Ахмад, дунд, залуу үеийнхний хамтын ажиллагаа, уламжлал шинэчлэлийн зөв хослол бол бидний давуу тал, үнэт зүйл. Бага хуралд хүн амын олонхийг бүрдүүлж байгаа залуусын төлөөлөл 30 гаруй хувьтай л байгаа.

-Энэ чинь их том үзүүлэлт шүү дээ. Заавал 50 юмуу, 51 хувь хүрснээр өндөр үзүүлэлт гэж хэлж болохгүй болов уу. Тэр тусмаа улс төрд?

-Би тэр утгаар нь хэлээгүй ээ. Сүүлийн үед сонин хэвлэлд Бага хурлын талаар сөрөг, худал мэдээлэл их явж байна. Би энд бодитой тоо баримт хэлье. Бага хурлын гишүүдийн 32 хувь нь бизнесийн төлөөлөл байгаа. Мөн 40 хүртэлх насны залуучууд 40-өөд хувийг, 40-55 насныхан 40 гаруй хувийг эзэлж байна. Бага хуралд 15 хувь байсан эмэгтэйчүүд 25.1 хувьд хүрсэн гээд статистик тоог хараад нэгийг бодож хоёрыг тунгаана биз дээ.

-Тэгвэл яагаад С.Молор-Эрдэнэ, Н.Удвал гэсэн сөрөг байр суурьтай хүмүүсийн үгийг сонсохгүй байгаа юм бэ?

-Манай нам бол ардчилсан, орчин үеийн нам. Аливаа асуудлыг бүх талаас нь авч үзэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж хэлэлцдэг.Тэгээд олонхиороо шийдвэр гаргасан бол түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө гар сэтгэл нийлж ажилладаг. Ардчилал байна гэж үзээд л эмх замбараагүй, анархи байж болно гэвэл энэ чинь ардчилал биш. Ц.Шинэбаяр гишүүн гэхэд Бага хурлын гишүүн. Тэр хүн хувь хүнийхээ бодлоор сонголтоо хийгээд УИХ дахь Монгол Ардын намын бүлгээс гарна гэвэл гарах л байх. Энэ бол өөрийнх нь сонголт. Зүгээр энэ намын нэрээр сонгогдож, энэ намын дэмжлэгээр өдий хүртэл явчихаад, тэр хүний төлөө өдөр, шөнөгүй нохойнд хазуулж, нойроо хугаслаж зүтгэсэн олон мянган гишүүдийнхээ итгэл зүтгэлийг хөсөр хаяж, намын нийтлэг эрх ашгийн эсрэг, дотор нь хагалан бутаргах үйл хийж байгаа нь нэгд хууль зөрчиж байгаа хэрэг. Хоёрдугаарт, ёс зүйн талаасаа жудаггүй л үйлдэл гэж хэлнэ дээ.

-Гэхдээ тэр хүн та нарын бодож олсон шинэчлэлд бус зөвхөн МАХН гэсэн өөрийнхөө итгэл үнэмшилдээ харин ч үнэнчээр үлдэж байж болох юм биш үү. Та нарын сөрөг тайлбар бусдад зөв санагдахад Ц.Шинэбаяр гишүүний бодлыг бүр ч зөв гэж дэмжих гишүүн энэ намд байж л байгаа шүү дээ?

-Тэр хүний бодол өөртөө л зөв байх. Гэхдээ хүн аливаа нэг нам сонгоход зарим эрх нь хязгаарлагддаг гэдгийг их сайн бодох хэрэгтэй. Тухайн намын олонхи гишүүн итгэл үнэмшлээрээ зөв гэж шийдсэн асуудлыг дагах ёстой болдог. Түүнээс бус өнөөдөр ийш тийш гүйгээд байвал анхнаасаа нам сонгоод хэрэггүй байхгүй юу. Би тэдний энэ үйлдлийг зарим нэг эрх ашигтай нь холбоотой үйлдэл болов уу гэж харж байгаа. Бас буруу зөрүү ойлгосон ч зүйл байж магадгүй л дээ. Гол нь тэрийгээ ойлголцох хэрэгтэй. Цаашдаа ойлголцоод явах байлгүй дээ. Намын зүгээс хууль зөрчсөн үйлдэл гэдгийг нь албан ёсоор хэлсэн. Бид унаган нэрээ л сэргээсэн. үүнийг гэнэт нэг өдөр одоогийн удирдлага гаргаж ирээгүй байхгүй юу. 1990 оноос хойш байнга яригдаж байсан асуудал. Хамгийн сүүлд XXIV их хурлын үеэр “Одоо Ардын нам болно” гээд хүлээгээд сууж байхад “Эрх зүйн асуудал байна аа” гээд л хойшилж байсан. Бас 1997 онд намайг Баянзүрх дүүргийн намын үүрийн дарга байхад нэрээ сэргээе, туг логоогоо өөрчилье гэсэн хэлэлцүүлгийг намын хэмжээнд хийж л байсан. Зүгээр эсрэг санал гаргаад байгаа хүмүүсийг харахад ерөнхийдөө олон нам дамжиж байж манайд орсон, бас их сүүлд гишүүнчлэлтэй болсон, бас өөр намын хүмүүс ч байх шиг харагдсан. Тийм болохоор түүх уламжлал, шинэчлэлийг сайн мэдэхгүй байж магадгүй.

-Их хурлын үеэр У.Хүрэлсүх даргыг “Ардын нам, ардын засаг мандтугай” гэж хэлэхэд ямар сэтгэгдэл төрж байсан бэ. Хүмүүсийн зарим нь аймшигтай гэдэг дүгнэлт хийхэд нөгөө хэсэг нь сэтгэл хөөрч, догдолсон гээд л яриад байгаа?

-Өнөөгийн нийгэм бол социализм шиг уриагаар явдаг нийгэм биш л дээ. Гэхдээ аливаа намын, тэр тусмаа төрийн бодлого тодорхойлж байгаа улс төрийн хүчний хувьд манлайлал их чухал. Үүн шиг тухайн намын удирдлага ч тэр нийгэмд манлайлагч байх ёстой. Манлайлагч байж л нийгмийг дагуулна. Манайд улс төрийн нам нь манлайлагч бус шүүмжлэгчийн байранд оччихсон. Нийгмийнхээ хөгжлийн хурдыг гүйцэхгүй араас нь чулуу шиддэг байж болохгүй. Манай намын XXVI их хурал дээр анзаарагдсан нэг гол зүйл бол хөгжлийн асуудалд бид манлайлах ёстой юм байна. Бид манлайлагчийн байр суурин дээр очсон байна гэдгийг баталж өгсөн.

-Гэхдээ 1921 онд эргэн очсон юм шиг. Нэг л аймаар сэтгэл сэрдхийлгэсэн сэтгэгдлийг олон хүн илэрхийлсэн?

-Манайхан бас их сонин хүмүүс шүү. Тэгж хэлээд байгаа хэрнээ 800 жилийн өмнөх цаг үед очихсон гээд байдаг биз дээ. Бүгд л Чингисийг ярьдаг. Энэ чинь их зөв байхгүй юу. Түүхийнхээ үнэ цэнийг өргөж, түүнийгээ үнэлнэ гэдэг чинь улс орон сэргэн мандаж байгаагийн илрэл. Иймд түүхээ үнэн зөвөөр нь бичих нь их чухал. Урагшаа хол алхахыг хүсч байгаа бол арагшаа илүү хол хар гэсэн үг байдаг. Бидний хувьд тэгж л ажиллаж байна.

-Ардын нам одоо яг хэдэн уриа, лоозонтой байгаа вэ. Тал бүрээс л баахан уриа гаргаад, тэр тухай мэдээллээр нийгмийг “бөмбөгдөөд” байгаа харагддаг?

-Би наад үгийг чинь зөвлөгөө өгч байна гэж ойлгож байна. Манай пиарын бодлогыг хэт сарнилттай байна гэж зөвлөж байна гэж ойлголоо.

-Уучлаарай. Энэ бол асуулт. Ерөнхийдөө тэр бүх хоосон урианаас алийг нь гол болгох гээд байгааг ойлгохгүй байгаа болохоор асуусан юм. Тухайлбал, та гэхэд алийг нь гол болгож ажиллах вэ?

-Нийгэм уриа лоозонгоор явна гэж байхгүй. Тэр утгаараа эрмэлзэх зүйл, эрхэм зорилгынхоо хүрээнд л ажиллана.Намын бодлогын цөмд үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэх, Монгол хүнийг дээдэлсэн бодлого байна. Монгол сайхан орныг монгол хүн, монголчууд л хөгжүүлнэ гэж боддог. Энэ уриагаар л ажиллана даа.

-Та одоо аль намынхаа үнэмлэхтэй байгаа вэ. МАХН гэсэн үнэмлэхээ солисон уу?

-МАХН-ын бүх л түүх бол Ардын намын түүх. Энэ хоёр бол нэг зүйл. Үнэмлэхийн шинэчлэлийн асуудлыг бид ярьж байгаа. Цаг хугацааны хувьд хэдийд вэ гэдгийг хэлэхэд одоогоор бэлэн бус байна. Намынхаа гишүүдийн саналыг сонсоно. Загвар нь ямар байх вэ гээд техникийн асуудлууд байна. Дахин хэлэхэд МАХН одоо түүх болон үлдсэн. Эрх зүйн хүрээнд ч, бидний амьдралд ч МАХН-ыг дахин байгуулах боломж хаалттай.

-Үнэмлэх солихтой зэрэгцээд нийт 160 мянга гаруй гишүүний дунд цонх гарна гэсэн тооцоо бий юү. Анхнаасаа энэ шинэчлэлийн эрсд­лийг тооцоолж байсан биз дээ?

-Одоогоор намаас гарна гэсэн хүн алга байна. Ганц хоёр хүн л байр сууриа илэрхийлснийг эс тооцвол шүү дээ. Сая намын анхан шатны үүрийн хурал хийхэд ч тиймэрхүү эсрэг саналтай гишүүн гараагүй. Мэдээж том нам учраас энэ олон гишүүний дунд байр сууриа илэр­хийлж, цаг үеийг далимдуулан то­дорч гарахыг хүссэн явуургүй хүн байгаа л байх.

-Энэ явуургүй гэдэг дүг­нэлтдээ та Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хамруулах уу?

-Н.Энхбаяр дарга намын XXVI их хурлаас хойш байр сууриа илэрхийлээгүй байгаа болохоор би хэлж мэдэхгүй байна.

-Н.Энхбаярын талын­хан МАХН гэсэн нэрээ авч үлдэх гэж на­мын түр штабыг хүртэл нээсэн байгаа?

-Би яг өнөөдөртөө Н.Энхбаяр даргын өөрийнх нь бодлыг мэдэхгүй байгаа учраас ямар нэг үг хэлэх боломжгүй байна. Зүгээр, шинэчлэл буруу гэж үзээд байгаа хүмүүсийн хувьд эхний удаад “Намын нэр со­лих бол асуудал биш. Гол нь үйл ажиллагааны шинэчлэл хийх хэ­рэгтэй” гэж байсан. Гэтэл намын нэ­рийг солиод, бодлого зорилтоо то­дорхойлж үйл ажиллагаагаа шинэч­лээд ирэхээр “Намын нэр чу­хал” гээд ач холбогдол өгөөд байгаа байхгүй юу. Энэ чинь өөрөө ло­гикийн зөрчилтэй байгаа биз дээ. Зүгээр тэд бодлогын шинжтэй асуу­далд маргаан өрнүүлсэн бол өөр хэрэг. Тэгэхэд зүгээр л дургүй­чүү­дийн арми байгуулаад л, түр штаб нээж болохгүй. Улс төрд энэ бол оновчтой зүйл биш. Нам дотор жигүүр байгуулдаг олон улсын жишиг бол бодлогын асууд­лын талаарх эсрэг, тэсрэг са­нал байдаг. Түүнээс бус хуулийн хү­рээнд хийгдсэн шинэчлэлийн эсрэг хууль бус үйлдэл хийж болохгүй. Тэгсэн хэрнээ МАХН-даа хайртай гээд л. Тэгээд ч Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд бараг зур­гаан удаа нэрээ сольсон. Тэр үед хүмүүс маргаан дэгдээж байсан уу. Мэдээж аливаа шинэ зүйл, шинэчлэлийг эсэргүүцэж хуучнаа санагалзах цөөнх байдаг учраас эсэргүүцэх хэсэг гарч ирэхийг үгүйсгэхгүй. Ирж буй цагийн аясаар эвэндээ ороод явна биз дээ.

-Харин ч тэд та нараас илүү МАХН гэдэг нэрэнд хайртайдаа нэр төр, карьераа золиослон зүтгэж байгаа юм биш үү. Жирийн иргэдэд энэ үйлдэл бас таалагдаж л байгаа байх?

-Энэ намд хайртай бол эв нэгдэлд ч хайртай байх хэрэгтэй. Олонхийн гаргасан саналд хүндэт­гэлтэй ханддаг байх хэрэгтэй. Түү­нээс бус цээжээ дэлдсэнээр хайр­тай болно гэж байхгүй. Ер нь энэ шантаажны улс тө­рийг болиулмаар байна. Ажил өгөх­гүй бол хагална, бутаргана гээд гүй­чих­дэг байж болохгүй. Одоо бүр тийм шантаажны улс төр бараг хэвийн үзэгдэл болчихсон байна. Сүүлдээ хэн хүссэн нь ганц хоёр дэмжигчтэй болоод л, хэдэн төгрөг гаргаж, хэвлэлээр төлбөртэй мэдээ гаргуулаад л, түүнийхээ хүчинд ал­бан тушаалд очдог болчихвол болохгүй биз дээ. Тэр нь зөв юм бол анхан шатнаас нь улс төрд явж, энэ намд 20-30 жил зүтгэх ямар хэрэгтэй юм бэ. Утгагүй болно шүү дээ. Хүн бас тийм увайгүй байж болохгүй. Үнэхээр иймэрхүү хүмүүс нь намаас гарвал гарна л биз. Хүн хүний амьдрах арга өөр юм шиг байгаа юм л даа.

-Таны амьдрах арга тэгвэл юу юм бэ?

-Би зөв л байхыг хүсдэг. Хүн эргээд хэнтэй ч уулзсан нүүр бардам, хүн чанартай, хүнээрээ л байх ёстой гэж боддог. Ямар ч ажлыг хийсэн үр дүнг нь үзэж, хийсэн шиг хийх хэрэгтэй л гэж боддог.

-Дээр таныг хуралд үг хэлж байх үеэр Янгүгийн Содбаатар гэж зарласан чинь ганц нэг хүн “Янгүгийн гэхээр л сонин сон­сог­доод байдаг юм” гээд байсан?

-Миний аав насаараа багш хий­сэн, сайхан буурал бий. Их олон сайхан шавьтай. Миний аав, ээжийн хоёр талын удамд шашин, төрийн хүмүүс байсан. Аавын минь нэр содон, цөөн хэрэглэгддэг болохоор сонирхож байгаа байх. Буяндэлгэрэх, Буянарвижих гэсэн утгатай түвд нэр. Манайхан цэвэр төв халхын хүмүүс. Хүн ямар аав, ээжийгээ сонгож төрөх биш дээ. Содон нэртэй байгаа нь миний аавын буруу биш биз дээ. Тэгээд ч монголчууд олонхи нь түвд нэртэй байдаг шүү дээ.

-Мэдэхгүй хүнд хятад нэр шиг санагддаг юм шиг байна лээ?

-Улс төрд явахад янз бүрээр мушгиж, гуйвуулах зүйл бишгүй юм шиг байна. Сая намайг нарийн бичгийн даргаар сонгогддог өдөр гэхэд л “Өглөөний сонин”-д “Содбаатар бол ян овогтой хятад хүн” гээд биччихсэн байна лээ. Би одоо шүүхэд өгнө. Аав, ээж хоёр маань иймэрхүү мэдээлэл гарахаар их эмзэглэж хүлээж авдаг. Би өөрийнхөө тухай гарсан олон мэдээнд нэг их эмзэглээд байдаггүй. Зөвхөн аав, ээжийг маань иймэрхүү асуудалд оруулаад байх хэрэггүй юм болов уу гэж боддог.

Г.ОТГОНЖАРГАЛ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

No comments:

Post a Comment