Saturday, 25 December 2010

Ц.ӨНӨРБАЯН: "ИНЭЭМСЭГЛЭЛ МУУ МУУХАЙГ ЯЛСАН ОЮУН УХААНЫ ТОМ ЯЛАЛТ"



“Нэг сэдвээр” буландаа шинжлэх ухааны доктор, профессор, Монгол улсын гавъяат багш, МУБИС-ийн Монгол Судлалын Сургуулийн захирал Ц.Өнөрбаянг урьж, инээмсэглэлийн тухай ярилцлаа. Түүнтэй хуучилж суухад, элгэмсүү дотно инээмсэглэлд нь магнай тэнийж, аавтайгаа уулзсан юм шиг сэтгэл тайвширч байлаа. Эрдэмтэй хүний нөмөр нөөлөг, гэрэл гэгээ, ухаалаг яриа урам зориг авчирдаг ажээ.

  - Хүний амьдралд инээд хөөр, зовлон гуниг сүлэлдэж байдаг. Хүмүүс инээх нь өдөр ирэх тусам цөөрч, хөмсөгөө зангидах нь олшроод байх шиг надад санагддаг. Та өөрөө их сайхан инээх юм. Ажилдаа сэтгэл хангалуун байдаг уу?

  - Хүн ер нь хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байх хэрэгтэй л дээ. Тэгэх юм бол амжилтанд заавал хүрнэ. Сүүлийн үед юмны үнэ нэмэгдээд, хүмүүсийн амьдралд цалин мөнгө нь хүрэлцэхгүй бухим­дуу байх болжээ. Гэхдээ “Биеийн бөхөөр ганцыг дийлнэ. Сэтгэлийн бөхөөр олныг дийлнэ” гэж мэргэн үг байдаг даа. Түүнтэй адилхан бие болоод сэтгэлийн тэнхээтэй явбал, ямар ч хэцүү бэрхийг амархан даван туулна. Тиймээс би ажилдаа сэтгэл хангалуун байдаг. “Инээвэл залуужина” гэдэг сайхан үг бий. Инээмсэглэж байгаа хүн харахаар дотор уужраад, тайван болдог. Тэгэхээр би ч гэсэн хүмүүстэй чин сэтгэлээсээ харьцаж, ажил төрөлд нь тус дэм болох юмсан гэж цаг ямагт хичээдэг.

  - Тэгвэл инээмсэглэлийг аз жаргалын эх булаг гэж үзэж болох уу?

  - Ерөөсөө инээмсэглэл бол аз жаргал авчирдаг шүү дээ. Тиймээс сайхан инээд санаа сэтгэлийг ариусгадаг. “Гагцхүү сүүн цагаан сэтгэлээс л сайхан инээд гарч, саруул инээмсэглэл тодордог.” хэмээн Гоголь хэлснийг хүүхэд залуучууд санаж явахад илүүдэхгүй дээ.

  - Тийм шүү. Та бид хоёр мэргэдийн сургаалаар ном хаял­цаад таарах нь шив дээ. “Сайхан инээх нь сайн хүний шинж” гэж Достоевский хэлсэн байдаг. Таны ажлын амжил­танд инээм­сэглэл нөлөөлсөн үү?

  - Тэгэлгүй яахав. Би багаасаа их тайван, дөлгөөн хүүхэд байсан. Аав ээжийн маань хүмүүжил нөлөөлсөн байх л даа. Тухайн ард түмний сэтгэлгээний онцлог хэлнээсээ, сэтгэлийн хөдөлгөөнөөсөө шалтгаалж байдаг. Хүн баярлаж хөөрөх, уйлж хайлах, инээж хөхрөх, уурлаж бухимдах үе байлгүй яахав. Гэхдээ аль болохоор сэтгэл тэнүүн байж, инээж баясаж явбал, амьдрал жаргалтай, ажил үйлс бүтэмжтэй байна.

  - “Арьс нь инээгээд, мах нь инээсэнгүй” гэж яриа байдаг даа. Хуурамч инээмсэглэлийн тухайд юу боддог вэ?

  - Хуурамч инээмсэглэл хүнд угаасаа зохидоггүй. Зарим нь ажил төрлөө бүтээх гээд, хуурамчаар тал засаж, сайхан загнах тохиолдол байдаг л даа. Тэгж бусдыг хуурснаараа алсдаа буруу замд орно гэдгээ санаж явах хэрэгтэй. Ер нь ямар ч хүн өөрийнхөөрөө байх л сайхан шүү дээ.

  - Тийм шүү. Таньтай санал нэг байна. Инээд баяр баясгалан, өөдрөг үзэлтэй амин холбоотой юм шиг надад санагддаг?  

 - Тэгэлгүй яахав. Инээд, баяр хөөр, өөдрөг үзэл хоорондоо хүйн холбоотой л доо. Өөдрөг үзэлтэй хүн амжилтанд хүрэхэд ойрхон байдаг. Яагаад гэвэл сэтгэлийн тэнхээ, эр зориг, өөдрөг үзлээр жигүүрлэсэн хүн зорьсондоо хүрч, санасан бүхнээ гүйцээхэд хялбар. Би оюутан ахуй цагаасаа судалгааны ажлаа хийхдээ өөдрөг сэтгэлээр хандаж, цаг хугацааг бүрэн дүүрэн ашиглаж, өдөр шөнөгүй идэвхтэй ажилладаг байсан. Тэгж байж л олон жилийн уйгагүй хөдөлмөрийн ачаар өдий зэрэгтэй яваа. Бас эрдэмтэн мэргэн багш нарынхаа ачаар, номын буянаар ийм амжилтанд хүрсэндээ сэтгэл хангалуун байдаг. Би угаасаа ямар ч асуудалд уужуу тайван ханддаг, гол ноён нуруу алдахгүйг хичээж явдаг. Тиймээс өдөр бүхэн инээмсэглэж, хүмүүст сэтгэлийн гэрэл гэгээ хайрламаар санагддаг.

  - “Хүний нийгэм бол эмгэнэлт ба инээдэмт жүж­гийн жинхэнэ хаант улс” гэж нэгэн ухаантан хэлсэн байдаг. Хүн инээж, бас инээлгэж чаддаг цорын ганц амьтан. Тэгвэл инээдэм гэж таныхаар юу вэ?

  - Инээдэм ямагт хөөр хөгжөөнтэй боловч, хөгжөөнтэй бүхэн инээдэмтэй бус. Инээдэм нь хүний нийгмийн тодорхой үүрэгтэй, гоо зүйн эрхэм дээд эрмэлзэлд тэмүүлж, хүний зарим төрхийг үгүйсгэж, бас заримыг нь дэмжиж сайшаадаг, хөгжөөнтэй байдлын дээд шат, гэрэл гэгээтэй, ихэмсэг, эрхэмсэг байдаг. Аливаа үзэгдэл, юмс тухайн нөхцөл байдал, цаг үеэсээ улбаалан, хөгжөөнтэй ч, инээдэмтэй ч байж болно. Хүний инээд олон янзын шалтгаанаас үүдэн гардаг. Тухайлбал, театрт хошин жүжиг үзэж инээх, уран хурц шог яриа сонсоод инээх, мэдрэлийн хэвийн бишээс үүдэн илрэх утгагүй инээд, эсвэл гижигдэхэд үүсэх инээд гэх мэт. Үүнээс үзэхэд, хүний инээдэмт зүйлийг ойлгох, тунгаах чадвар, инээх утга агуулга бол хүнийг өөрийг нь агуу өндөрт аваачдаг. Инээдэмтийн дагуул инээд, инээмсэглэл бол хүний муу муухайг ялсан оюун ухааны том ялалт юм л даа. Хүн аливаа муу муухай, өөдгүй, үл бүтэхийг илчлэн инээх нь тэнэг мулгууг даван туулж, түүнээс чөлөөлөгдөж байгаа хэрэг.

  - Тэгвэл шог хошин зохиолыг төрөл зүйлийнх нь хувьд яаж ангилж болох вэ?

  - Хүн төрөлхтний өнөөг хүртэлх уран сайхны зохиол бүтээлд шог /сатира/, хошин /юмора/, егөөдөл /ирония/, хошин жүжиг /комедия/, элэглэл /пародия/, шог үг /шутка/, энгүүн шог үг /сарказм/, шог зураг /карикатура/ гэх мэт төрөл зүйлээр хэлбэржин хөгжиж байна.

Ярилцсан Ш.Билэгсайхан,

Эх сурвалж цаг төр хүмүүс сэтгүүл


No comments:

Post a Comment