Monday, 27 December 2010

Р.НОМИНЭРДЭНЭ: "Би охиноо дуучин болох авьяастайг нь анзаарсан"


Сайн байна уу. Юуны өмнө хөөрхөн охинтой болсонд тань уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Манай уншигчдад бяцхан амьтнаа танилцуулаач?
Тэгэлгүй яахав. Манай охиныг Жасмин гэдэг. Наймдугаар сарын 11-нд төрсөн.

Их содон, ховор нэр байна. Чухам яагаад Жасмин гэж нэрлэсэн юм бэ?
Нэрийг нь аав нь өгсөн л дөө. Нөхөр маань богинохон мөртлөө, содон нэртэй хүний хувь тавилан их сайн байдаг гэдэгт итгэдэг юм. Тэгээд үүнийг билэгдэж охиноо Жасмин гэж нэрлэсэн.
Урлагийн хүмүүс карьер хөөгөөд хожуу гэр бүл, үр хүүхэдтэй болдог юм шиг санагддаг?
Би ер нь эрт хүүхэд гаргахгүй гэж боддог байсан. Гэхдээ одоо бодоход эрт хүүхэдтэй болчихвол амар байсан ч юм шиг. Ер нь л урлагийн хүмүүс ид хийж бүтээх, хөдөлмөрлөх үедээ хүүхэд төрүүлээд, гэртээ суухыг боддоггүй. Яагаад гэвэл урлагийн ажил амар биш. Түүнээс гадна маш их хөдөлмөрлөх хэрэгтэй байдаг. Гадагшаа явна, тоглолт хийнэ, CD, клип гаргахаас авахуулаад ажил мундахгүй. Тиймээс магадгүй гэр бүлийн асуудлыг хойш тавьдаг байх.

Жасмин их хөөрхөн юм аа. Эгдүүтэй хөөрхөн үйлдлүүд хийж байна уу? Хүүхэд дөрөв, таван сартайдаа бондойгоод, орчин тойронтойгоо танилцаад янз бүрийн өхөөрдөм үйлдүүлд гаргадаг даа?
Тийм шүү. Манай охин юм болгоныг хэлээрээ долоох гээд байдаг юм (инээв). Цэвэрхэн, муухай гэж ялгахгүйгээр бүх юмыг л хэлээрээ долоогоод байдаг нь эгдүүтэй харагддаг. Бас хэрэндээ хөөрхөн яринаа, хэлээ бултагануулаад л шулганаж гарна. Тэр нь их хөөрхөн.

Монголчууд хүүхдээ их нарийн арга ухаанаар хүмүүжүүлдэг байсан. Энэ талаар та юу гэж боддог вэ? Дээр үеийн хүмүүсийн хүүхдээ хүмүүжүүлдэг байсан арга ухааныг охиноо бие хүн болж төлөвшихөд нь хэрэглэе гэж боддог уу?
Монгол арга ухааныг тэр бүр нарийн сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ бас хэрэглэдэг. Охиндоо ясны шөл өгч, хар цай уулгах, сүүлний тос биенд нь түрхэх, айргаар биеийг нь арчих гэх мэтчилэн байнга биш ч хааяа хэрэглэдэг.

Манай энэ булангийн уламжлал болсон нэг асуулт байдаг юм. Охиноо ямар арга барилаар хүмүүжүүлье гэж боддог вэ?
Энэ талаар бодолгүй яахав. Манай нөхөр хүүхдийг таван нас хүртэл нь хаан шиг байлгаад өсвөр насанд нь хатуу байж, түүнээс хойш найз шиг нь байхыг илүүд үздэг юм. Охиноо том болохоор түүнтэйгээ маш их ярилцаж, ойлголцдог байх нь чухал гэж боддог. Буруу зүйл хийвэл юуны түрүүнд загнаж зандрахын оронд ярилцвал илүү үр дүнтэй юм шиг санагддаг. Бас хүүхэддээ үлгэр уншиж өгч байвал сайн юм шиг байгаа юм. Үлгэр сонсох нь хүүхдийн ой тогтоолтыг сайжруулж, үгийн баялагтай болгож, оюун ухааныг нь задруулдаг сайн талтай. Би бүр охиндоо орой болгон л үлгэр уншиж өгнө гэж боддог. Аливаа зүйлийг уйгагүй хийж байж үр дүнд хүрдэг гэдэг дээ.

Авьяаслаг дуучин Номико өнөөгийн өндөрлөгт хүрэхэд эцэг, эхийн тань хүмүүжил хэр нөлөөлсөн бол?
Би айлын найман хүүхдийн хамгийн отгон нь. Манайх дөрвөн хүү, дөрвөн охинтой өнөр гэр бүл л дээ. Би отгон охин нь болоод ч тэр үү гэрийнхэндээ их эрх. Ер нь аав ээж, ах, эгчийн хайранд умбаж өссөн болохоор зөөлөн зантай. Би аав, ээж хоёрыгоо шүтдэг. Тэд маань улсад ажиллахын хажуугаар гэр бүлээ авч явна, хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлнэ гээд олон ажлыг түүртэлгүй амжуулдаг байсныг нь бодохоор үнэхээр биширдэг. Гэтэл би ганц охинтой мөртлөө түүнийгээ бойжуулах гэж хажуугаар нь ажлаа амжуулах гэж энүүхэндээ л хөөрхөн асуудал болдог. Аав, ээж минь наймын найман хүнийг өв тэгш, сайхан хүмүүжүүлж чадсан. Гэтэл тэр агуу үйлсийн дэргэд миний энэ асуудал юу ч биш. Ээж, аав хоёр маань хэдий өөд болсон ч гэсэн тэднийгээ би байнга үгүйлдэг. Тэд маань үр хүүхдээ маш хичээнгүй, хөдөлмөрч, хүнлэг болгож хүмүүжүүлсэн. Энэ нь надад мэдээж нөлөөлсөн. Эцэг эхийнхээ хүмүүжлээр би өссөн, охиноо ч гэсэн тэд биднийг яаж өсгөсөн тэр хүмүүжлээр хүн болгоно гэж боддог юм.

Зөв хүмүүжил гэж таныхаар?
Зөв хүмүүжлийн үндэс нь хүнлэг чанар юм болов уу. Хүнд тусархаг, сайхан сэтгэлтэй, энэрэнгүй хүний хүмүүжил зөв байдаг шүү дээ. Би охиндоо хөгжмийн боловсрол заавал олгоно гэж боддог. Хөгжим тоглодог хүн ямар ч зүйлд өндөр мэдрэмжтэй ханддаг.

Та дуучин хүн. Бас хийлч мэргэжилтэй. Охиндоо дуулж, эсвэл хийл тоглож өгдөг үү?
Охиндоо дуу дуулж өгөлгүй яахав. Бас хамт дуулна, хөгжим сонсоно. Нэг юм хэлэхэд би охиноо урлагийн авьяастай, ялангуяа дуучин болох авьаястай юм болов уу гэж анзаараад байгаа. Хэрэв манай охин дуучин болвол задгай хоолойтой сайн дуучин болох байх аа (инээв). Хийл хөгжим огт тоглож өгч байгаагүй. Харин таныг хэлсэн чинь тоглож өгөх бодол төрлөө.

Тийм үү, тэгвэл заавал тоглож өгөөрэй. Жасмин хэр уйланхай вэ?
Ёстой уйланхай биш. Бурханы ивээлээр манай охин ёстой тайван дөлгөөн хүүхэд. Ээж, аав хоёртойгоо хамт унтаад л хамтдаа өглөө сэрдэг. Шөнө хааяа уйлагнана. Тэгэхдээ мээмээ идээд буцаад л унтаад өгчихдөг, ёстой амгалан хүүхэд.

Ямар бүүвэйн дуу аялж өгдөг вэ? Дуучин ээжтэй юм чинь Жасмин таныг бүүвэй аялахад их дуртай байдаг байх?
Тэгэлгүй яахав. Би “Хараацай шувууны дэгдээхэй шиг, Харцан дундуураа хайгаад байна” гэж эхэлдэг бүүвэйн дуу аялдаг юм. Заримдаа өөрийн мэдэлгүй охиноо хараад дуу аялчихдаг. Тэр аялгуу охиноо энхрийлсэн хайраас төрөн гардаг бүүвэй байдаг юм. Аав нь харин охиноо унтуулахдаа их хөгжилтэй дуу дуулдаг, сонсчихвол уурлаж магадгүй шүү (инээв). Манай нөхөр “Дайсны цэргүүдээ сонсоцгоо” киноны дууг дуулж өгдөг. Дорнын тэнгэрт утаа манараад гээд л. Тэгэхээр нь миний инээд хүрээд байдаг юм. Хөгжилтэй санагдаад. Хамгийн хөөрхөн нь Жасмин тэр дуунд нь амархан уярч, унтдаг юм (инээв).

Хүүхдийнхээ хувцас, хэрэгтэй зүйлсийг нь хаанаас авдаг вэ?
Хүүхэд төрөхдөө л өөрийнхөө бүх зүйлийг аваад ирдэг гэдэг. Бид хоёр охиндоо юм авч амжаагүй байхад л найз нөхөд, хамаатнуудаас их бэлэг ирсэн. Англи, Америкаас ах, эгч нар нь гоё гоё хувцас охинд маань бэлэглэсэн. Ер нь манай охины хувцас, хэрэгслүүд нь дандаа л гадаадаас авчирсан зүйлс байгаа. Яг үнэнийг хэлэхэд би хаана хүүхдийн чанартай хувцас, хэрэглэл байдгийг сайн мэдэхгүй. Одоогоор охинд маань миний худалдаж авсан зүйл бараг байхгүй дээ (инээв).

Хөхүүл эхийн хоол эхчүүдийг их таргалуулдаг гэдэг. Номико жингийн асуудлаа хэрхэн шийдвэрлэж байна вэ? Таныг харахад төрсөн гэхэд харьцангуй формондоо байна.
Хөхүүл эхчүүд сүү сайн оруулна гээд печенье, кекс идээд л, сүүтэй цай уугаад байдаг. Миний бодлоор хүүхэд төрүүлсэн эхний нэг сар шим тэжээл сайтай хоол хүнс хэрэглэдэг. Түүнээс хойш багасгах хэрэгтэй гэж бодогдсон. Яагаад гэвэл хүн тэгж их идээд байхаар ходоод нь сунаад тэр хэмжээгээр их иддэг болдог. Мэдээж их идэхээр биеийн жин нэмэгдэнэ. Тиймээс төрсний дараах нэг сард сайн идээд, түүнээс хойш бол маш бага хоол идэж байгаа. Энэ нь ч надад үр дүнгээ өгсөн. Бүсгүйчүүддээ зөвлөхөд энэ аргыг туршаад үзээрэй гэж хэлмээр байна. Түүнээс гадна би урлагийн хүн ч гэсэн төрөөд удаагүй байж учиргүй жингээ хасъя гэж бодоогүй. Би бусдын л адил эх хүн. Тиймээс охиныхоо болон өөрийнхөө эрүүл мэндийг бодох нь хамгийн чухал.

Танд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Эх сурвалж: "АП ТАУН" СЭТГҮҮЛ

No comments:

Post a Comment