Saturday, 25 December 2010

Х.БОЛОР-ЭРДЭНЭ: "ЭЭЖИЙГЭЭ БИТГИЙ ХАЙРЛА"


Сэтгэлгээний утга зохиолын гол төлөөлөгч, зохиолч Х.Болор-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа. Тэрбээр “Диваажингийн хоригдлууд” гэсэн нэртэй түүвэр хэвлүүлжээ. Энэхүү түүврээс утга санаа, хэлбэр, зохиомж, дүр дүрслэлийн өсөлт тод харагдана. “Хэлбэрийн” хэмээн тодотгосны учир нь “Нүцгэн шөнө”/2002/, “Зүрхэнд үйлдвэрлэв”/2004/, “Диваажингийн хоригдлууд”/2007/-ын ертөнц нэг юм. “Энэхүү ертөнцөө хэрхэн илэрхийлэв гэдэгт л асуудлын цөм оршино” хэмээн нэгэн шүүмжлэгч бичжээ. “Мужской род” дээр бичигддэг, бас хэлбэрийн хувьд өссөн түүний зохиолууд үнэхээр уншигчийн дотоод ертөнцийг гүн бодолд автуулдаг. Учир нь өгүүллэгүүд нь бэлэн тавьчихсан дүр, гол баатар, эхлэл, оршил, өрнөл тайлал, төгсгөл гэх мэтийн утга зохиолын баригдсан хэлбэрт захирагддаггүй бөгөөд уншигчаа гол баатар болгон өргөмжилж чаддагаараа онцлог. Бас нэгэн зүйлийг онцлоход тэрээр зохиолынхоо баатруудад огт нэр өгдөггүй.
   - Сэтгэлгээний утга зохиолыг бусдаас илүүтэй сонирхон барьж авах болсны учир юу вэ?
  - Яг ч энийг гэж онцлоод бариад нухаад байсан юм байхгүй л дээ. Магадгүй энэ хэлбэр миний дотоод дуу хоолой байж болох юм. Эсвэл цаг үе маань надаар үүнийг бичүүлсэн ч байж магад. Миний бодлоор утга зохиол гэдэг нь уншигчид бэлэн хоол халбагадаж өгөх бус тэднийг өөрөөр нь сэтгүүлж, өөрсдөөр нь амьд­ралын утга учир хэмээх бодлогын томъёог олуулахад чиглэгдэх ёстой юм шиг санагддаг. Тиймээс ч би өөрийн уншигчдадаа “Хэрвээ та энэ номыг уншихаар өмнөө дэлгэн тавьсан бол тэнд бичигдсэн ертөнцөөс зөвхөн өөрийгөө л хайгаарай” гэж зөвлөдөг. Ингэж чадвал миний зохиолууд хэн нэгний зохиомол амьдралыг биш уншигчийн өөрийнх нь сэтгэл зүрхний ертөнцийг нээж өгөх болно.
  - Шуугиан тарьсан сенсааци, түүхэн хүмүүсийн амьдралыг л хүмүүс илүүтэй үгүйлээд байх шиг. Ингэхэд та “сэтгэлгээний богино өгүүллэгийн” гэсэн тодотголтой гурван ч ном гаргасан. Утга зохиолд таны нэр дуулдсаар арваад жилийг үдсэн ч уншигчид сайн мэдэхгүй хэвээрээ л байна?
  - Би бол арилжааны зохиолч биш. Ямартаа ч сэтгэлгээний номуудаа арилждаггүй. Мэдээж надад хөрвөх чадварыг байгаль харамгүй заяасан учраас арил­жааны бүтээлүүдээ нууц нэрээр бичиж худал­даанд гаргадаг. Тэдгээр нь борлуулалт ч сайтай. Сэтгэл­гээний зохиолууддаа би хайртай. Яагаад гэвэл би тэднийг бичиж байхдаа юу ч горьддоггүй. Ядаад л энүүгээр мөнгө олох болов уу гэж боддоггүй. Тэр ч байтугай нэг ч удаа энийг л бичих ёстой гэж өөрийгөө шахаж байгаагүй. Харин гэрээний юм уу, арилжааны зохиолуудаараа өөрийгөө их шахдаг. Дургүй ч бай­сан бичиж байж л амьдрах учраас бичдэг. Харин уншигч­дад хүрэх ч байсан, эс хүрэх ч байсан энэ бол амьд хөгжим гэдэг шиг үнэ цэнэтэй зүйл учраас цаг үе аяндаа уншигчдыг миний өгүүллэгүүд рүү хөтлөн авчирч байгааг би анзаарч байна. Тиймээс уншигчид сайн мэдэхгүй гэдэг дээр та андуурсан бололтой. Харин ч өөрийгөө эрж хайдаг, өөрийнхөө ертөнцийг эхлээд танин мэдэх сонирхолтой, бүр тодруулбал өөрийнхөө дотоод орон зайд аялж чаддаг хүмүүсийн хүрээ улам ч тэлж байна.
  - Тухайлбал, таны “Захиас” гэдэг өгүүллэгт “Ээжийгээ битгий хайрла” гэсэн өгүүлбэр байдаг. Та үүнийгээ уншигчийн дотоод дуу хоолой гэж бодож байна уу?
  - Хэрвээ та эх хүн бол энэ өгүүллэгийг бүтэн уншиж дуусгаад дараа нь “Би үр хүүхдүүсээ юу хүсдэг билээ” гэж өөрөөсөө асуух болно. Тэгээд зөвхөн сайн сайхан амьдраасай л гэж хүсдэг болохоо ойлгоно. Тэгээд “Чиний амьдрал би биш. Ард чинь хүлээж бай­гаа шинэ сонин бүхний төлөө амьдар. Амьдрал минь энэ болог” гэж хүүхдүүддээ хэлэхгүй гэж үү?
  - Тийм шүү. Хүүхдүүд маань сайн сайхан амьдарвал бидний аз жаргал тэр гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ бүгд л эхийнхээ ачийг хариулахад ганц олдох амьдралын бүхий л цаг агшин хүрэлцэхгүй гэж ярьдаг, бас боддог шүү дээ?
  - Би хүүхдүүдээ тэгж сэтгэлээр унагааж, насан туршид нь өр ширээр дарамтлан зовоомооргүй байна. Тэд зүгээр л миний сайн сайхан үргэлжлэл болон энэ хорвоод мэндэлсэн хүмүүс. Яагаад гэвэл би ээж. Тэдэнд ч бас ийм хувь ноогдох болно.
  - Зарим хүн таны өгүүллэгүүдийг огт ойлгосон­гүй гэдэг. Гэвч бас өврөөсөө салгалгүй уншаад явдаг хүмүүс ч байдаг. Эдгээр салангид орон зайг хэрхэн нэгтгэж болох вэ?
  - Цаг хугацаа тусална. Өнөөдөр уншаад юу ч ойлгохгүй ч маргааш чамд өөрөө өөртэйгээ ярилцах хүсэл төрнө. Тэр үедээ нээгээд нэг үзээрэй гэж хэлэх байна. Бас түүнийг уншиж байхдаа өмнөх он жилүү­дэд уншиж дадсан уран зохиолуудаас хүлээдэг шиг ямар нэгэн зохиомол амьдралыг биш харин өөрийн­хөө бодол санаа, дотоод дуу хоолойгоо чагнах хэрэг­тэй. Хэдэн жилийн өмнө нэгэн дээд сургуулийн захирал миний номыг уншсаныхаа дараа “Би юу ч ойлгосонгүй. Тэр өгүүллэг чинь юуны тухай юм бэ” гэж асууж байсан. Би тэр хүнд ямар нэгэн тайлбар хэлээгүй. Харин яг тэр явдлын дараахан хөдөө явж байгаад нэгэн адуучин залуу миний номыг өвөртөлж явахтай тааралдаад их гайхсан. Тэр хэлэхдээ “Би бол ердөө наймдугаар анги төгссөн хүн. Харин хээр хөдөө голдуу ганцаараа явдаг болохоор энэ номыг анх уншаад бүгдийг нь цээжилсэн. Бас эхнэрээ ч их хүндэлдэг болсон. Эмэгтэй хүн гэдэг зүгээр л нэг хүүхэд төрүүлдэг, хоол хийдэг хүн биш, маш холыг хардаг уужим сэтгэлтэй хүмүүс байдаг юм байна гэж ойлгосон” гээд эхнэртэйгээ танилцуулж байсан юм. Би бодохдоо энэ хоёр хүний дунд гадаад, дотоод хоёр боловсролын ялгаа байна л гэж ойлгосон. Нэг нь төдийлөн элдэв ном эрдэмд шамдаж байгаагүй ч хээрээр гэр хийж, дотоод сэтгэлээ уншиж чаддаг бол нөгөөх нь хэн нэгний бичиж хэвлүүлсэн бэлэн бүтээгдэхүүнийг боловсрол хэмээн хүртэж түүгээрээ хэдэн шат илүү амьдарч яваа гэж өөрийгөө боддог тийм л хүмүүс.
  - “Амиа бод. Хувиа хичээ. Өөрийгөө хайрла. Намайг март. Гунигла. Гашууд. Өвдөлтийг мэдэр. Чи амьд амь” гэж “Амьдрал” өгүүллэгтээ бичсэн байсан. Нуулгүй хэлэхэд та хувиа бодож амьдрахыг хүмүүст хэтэрхий шулуухнаар тунхаглаж байх шиг санагдсан?
  - Өөрийгөө хайрлаж чадахгүй хүн бусдыг хайрлаж мэднэ гэж үү? Өөрийнхөө амьдралд ямар ч дэвшил гаргаагүй байж бусдынхыг өөд нь татаж чадах уу? Хувь ертөнц гээд би түрүүнээс хойш л яриад байгааг та анзаарсан байх. Бид үнэндээ тантай биш таны орчин тойронтой л ажилласаар ирсэн. Таныг өөрчилж чадахгүй байж мян­ган сайхан орчин бүрдүүлээд амжилтанд хүрч чадах уу? Та өөрчлөгдөөгүй учраас бусдын бүтээж өгсөн сайхан орчинг дор нь л үгүй хийж орхино шүү дээ.
  - Санал нэг байна. Гэхдээ та ингэж ярьж бодоход, хэтэрхий залуу хүн байна шүү дээ?
  - /Инээв/ Залуу хүнийг дутуу боддог гэсэн уламжлалт сэтгэлгээнээсээ татгалзаач ээ гэж бидний амьдарч байгаа цаг үе хэлээд байгаа. Харин манайхан тэр үхлүүт бодлоосоо салах дургүй л байна шүү дээ. Хөгшидөө дорд үзэж байгаа хэрэг биш л дээ. Гэхдээ л залуу нас маань миний дутагдал болсоор ирсэнд би үнэндээ эгдүүцэж байна. Утга зохиолын хүрээнд ч бас би цаг үргэлж ийм саадтай тулгардаг. Бас эмэгтэй хүн дутуу боддог гэсэн хийсвэр бодлоо тавьж чаддаггүй ертөнцөд би амьдардаг. Эхнэрээ дорд үзсэн, охиноо адалсан тийм нийгмийн иргэн биш шүү дээ, уг нь бид чинь. Эрчүүд эмэгтэйчүүдийн хооронд олон ялгаа байдаг ч дээд доод төвшний ялгаа байхгүй. Хэрвээ тийм ялгаа байдаг гэж үзэж байгаа бол эр хүн та мөөмтэй бурханд мөргөхөө болих хэрэгтэй.
  - Магадгүй энэ ялгаа заагийн асуудлаас болоод таныг өнөөдөр Монголын утга зохиол хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм болов уу?
  - Монголын утга зохиол биш, Монголын утга зохиолыг өмчлөгсөд гэж тодруулмаар байна. Хүлээн зөвшөөрөхгүй биш харин ч даган дуурайгсад олшир­сон. 90-ээд оныхон шинэчлэл хийсэн гэж бид 100 жил ярих уу? Уйлагнасан шүлгүүдээр нь амьсгалсаар гутралын өвчинд нийгмээрээ нэрвэгдлээ шүү дээ. Одоо зогсоод жаахан өөдрөг, шинэ сонин амьдралын төлөө алхмаар байна.
  - Үнэндээ ингэж зоригтой дуугарч байгаагийн чинь төлөө алга ташмаар байна. Гэхдээ та өөртөө хэтэрхий олон дайсан бэлдчихлээ шүү дээ?
  - Тэртэй тэргүй би хэнтэй нь ч найзлаагүй юм чинь дайсантай байхаас айх юу байна. Гэхдээ надад урам хайрладаг, үнэнээсээ хөхүүлэн дэмждэг олон залуу уран бүтээлч байдаг юм шүү. Ахмад зохиолч, яруу найрагчид дунд ч хамтдаа цагийг өнгөрүүлж, сэт­гэлийн цэнгэл эдэлдэг хүмүүс бий. Сонирхолтой нь ихэнхдээ тэд ярьж, би сонсдог.
  - Та яагаад ярьдаггүй гэж, санал нийлдэггүй хэрэг үү?
  - Нийлэх ч юм байна, нийлэхгүй ч юм байна. Гэх­дээ тэр нь гол биш. Энгийндээ бол би зүгээр л хүмүүсийн дотоод ертөнцийг танин мэдэх хичээлдээ сууж байгаа нь тэр. Нэгэнт л хүмүүсийн тухай бичиж байгаа учраас хүн бүхэн надад сонирхолтой байдаг. Зарим нь яг л тайзан дээр тоглодог жүжиг шиг амьд­ралаа үзэгчдэд зориулан найруулан тавьсан байдаг гээч. Ядаад тайзныхаа засал чимэглэлд ч өөрийнхөө ертөнцийг тусгаагүй байдаг нь сонин. Энэ нь л тэдний яриад байдаг нөгөө утга зохиолын төлөө өөрийгөө золиосолж байгаа хэлбэр нь байх.
  - Таныг утга зохиолын ертөнцөд хөл тавихад, нэг ч эрсдэл тохиогоогүй гэж үү?
  - Би зурсан зургаараа л амьдарч байгаа. Гэхдээ миний бодлоор хүний хувь заяаны төөргийг хэд хэдэн сонголттойгоор тавьдаг юм шиг санагддаг. Тэднээс алийг нь сонгож амьдрах вэ гэдэг нь тухайн хүний л хэрэг. Би бол арай илүү тэмцэлтэй хэлбэрийг нь сонго­сон. Надад цаг үргэлж сорилтууд тулгарч байдаг. Харин сэтгэлээ өгсөн энэ ажлаа би намайг хэзээ нэгэн цагт золиослоно гэж бодохгүй байна. Харин ч намайг тайтгаруулж, эсвэл хурцалж, хөгжүүлж, үгүй бол бүүр унтуулж амраадаг.
  - Тэгвэл танд одоогийн утга зохиолынхны бичиж байгаа хэлбэр зохиомжууд огт таалагд­даггүй гэж ойлгож болох уу?
  - Харин одоо бол та энэ асуултаараа надад олон дайсан бэлдэж өгөхөөр зэхэж байна. Би үнэндээ сэт­гэл зүрхээрээ бичиж гаргасан бүхий л уран зохиолд дуртай. Өөрөөр хэлбэл, хэнийг ч хуулж дуурайх гэлгүй өөрийнхөөрөө бичсэн тийм бүтээлүүдийг эрж хайж уншдаг. Тэр нь реалист байна уу, модернист байна уу, орчуулгынх байна уу ялгаагүй.
  - Та хэний зохиолыг илүүтэй сонирхон уншдаг вэ?
  - Хэрвээ юм бичээд эхэлсэн бол хэнийг ч уншдаг­гүй. Яагаад гэвэл уусчих аюултай. Харин амарч байх­даа, журамт нөхдийнхөө гарын үсгээ зураад дурсгасан номыг дахин дахин уншиж, өөр өнцгөөс нь задлан шинжилдэг.
  - Тэгвэл та одоо амарч байна уу, эсвэл бичиж байна уу?
  - Би “Диваажингийн хоригдлууд”-аа хэвлүүлснээс хойш юм бичээгүй. Тэгэхээр амарч байгаа юм болов уу?
  - Хэзээ бичиж эхлэх вэ?
  - Маргааш ч байж магадгүй.
Ярилцсан Ш.Билэгсайхан
Эх сурвалж Цаг төр хүмүүс сэтгүүл

No comments:

Post a Comment