Saturday, 25 December 2010

Ц.ШИНЭБАЯР: "БИД ӨӨРӨӨР ҮЗНЭ"


УИХ-ын гишүүн, МАХН-ын төв штабын зохицуулагч Ц.Шинэбаяртай ярилцлаа. Түүнтэй ярилцаж байх зуур албан өрөөний утас нь байнга дуугарч МАХН-ын төв штабт хандах хүсэлтэй гишүүд холбогдсоор байв.

-МАХН гэдэг нэртэйгээ үлдэнэ гэсэн хэсэг гишүүний нэг нь та. Ямар учир шалтгаанаар хуучин нэр дээрээ үлдэе гэв. МАН-ынхан болохоор Улсын дээд шүүхэд бүртгүүлэхдээ МАХН-ын бүтэн болоод товчилсон нэр, бусад бүх үнэт зүйлийг МАН өвлөн авна. МАН бол МАХН-ын эхлэл бөгөөд үргэлжлэл юм гээд байгаа. Гэтэл та яагаад үүнд нэгдээгүй юм. Энэ талаар эхлээд ярих уу?

-Хуучин нэр дээрээ үлдэх учир шалтгаан олон бий. Наад зах нь энд хууль зүйн талаас зөрчилтэй олон асуудал байна. Эхлэл бөгөөд үргэлжлэл юм бол яагаад нэрээ сольсон юм. Нэгдүгээрт энэ асуудал байна. Хоёрт, МАН-ын олон мянган гишүүн МАХН гэдэг нэр дээрээ байна гэдэг санал гаргаж анхан шатны үүр хороодоос шийдсэн. Гэтэл үүнийг гуйвуулсан. Намын их хурлын олон төлөөлөгч анхан шатнаас ирэхдээ намын нэрийг хэвээр үлдээнэ гэсэн даалгавартай ирсэн. Харамсалтай нь их хуралд ирээд энэ даалгавраа янз бүрийн шахалт, дарамт, бусад олон шалтгааны улмаас биелүүлэлгүй, эсрэг санал өгчихлөө. Өөрөөр хэлбэл, их хурал төлөөллийн ардчиллаа зөрччихлөө л дөө. Орон нутгаас олонхийн саналаар намын нэрээ үлдээнэ гэсэн даалгавартай ирчихээд энд эсрэг санал өгчихөж байгаа нь төлөөллийн ардчиллаа зөрчсөн хэрэг. Их хурал хууль бус болсны нэг илрэл л дээ. Ийм үйлдэл их олон аймагт гарсан. Бид энэ бүхнийг тогтоогоод материалыг авсан. Тодорхой хэмжээнд гаргаж тавина.

Нөгөө нэг зүйл бол нэг нам хоёр нэр өмчилдөг тийм хууль эрх зүйн байдал дэлхийн аль ч улсад байхгүй. Энэ нэр үүрд байгаад дэлхий сөнөхөд л хамт алга болох юм байна л даа. Ийм мөнхийн хууль, шийдвэр гэж өөр хаана байгаа юм. Ингэж хэтэрхий давуу, хууль бус түрэмгий үйл ажиллагаа явуулж байгааг МАХН-ын олон гишүүн хүлээж авахгүй байна. Түүний нэг нь би. Яагаад намайг хүмүүс ингэж анзаараад байна гэвэл би УИХ-ын гишүүн учраас л тэр. Тэрнээс биш надтай ижил бодол санаатай олон арван мянган гишүүн байна. Би бол тэр гишүүдтэйгээ нийлж дуу хоолойгоо хүргэж байгаа л хүн. МАХН-ын гишүүний хувьд бусдын адил жирийн л гишүүн.

-МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх МАХН-ын төв штаб байгуулсныг буруутгаж, “Бодох хугацаа өглөө. Үүнийг зогсоохгүй бол МАН-ын Хяналтын ерөнхий хороогоор хэлэлцүүлнэ” гэж мэдэгдсэн байна. Үүнийг юу гэж үзэх вэ?

-Би МАН-ын гишүүн биш учраас МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга надад бодох хугацаа өгөх зүйл байхгүй. Харин өөрийнхөө гишүүдэд бодох хугацаа өгч сонголтоо хийх үгүйгээ шийдээрэй гэсэн бол өөр хэрэг. Надад, өөр намын гишүүн хүнд “Бодох хугацаа өгнө. Хяналтын хороогоор хэлэлцүүлнэ” гэж юу гэсэн үг юм. Хүний эрх зөрчиж, хэтэрхий бүдүүлэг аашилж байгаа юм биш үү. Сүүлдээ явж, явж Ардчилсан намын ч юм уу, өөр намын гишүүдэд “Та нарт бодох хугацаа өглөө. Манайд ирэх үү, үгүй юү” гэж тулгах юм уу. Үүнийг юу гэж ойлгох вэ, Монголд ардчилал байна уу, байхгүй юү гэдэг асуудал хурц боллоо гэж иргэд хэлж байна. Үүний нэг нотолгоо үүгээр илэрч байгаа юм биш үү.

-Та УИХ дахь МАН-ын бүлэгт байна уу, эсвэл гадуур байна уу?
-Бүлгээс гарсан гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Одоо бол сул гишүүн явж байна.
-Таны энэ шийдвэрийг бүлгийн дарга Д.Лүндээжанцан гишүүн яаж хүлээж авав. Гарлаа гэдгээ хэнд мэдэгдсэн бэ?

-Би үүнийг хэвлэлээр мэдэгдсэн. Нэгэнт МАН-ын гишүүн биш учраас бүлэгт мэдэгдээд, өргөдөл өгөөд байх шаардлагагүй. Би анх МАН-д элсээгүй учраас хууль зүйн талаасаа гарлаа гэж хэлээд байх зүйлгүй. МАН-д элсээгүй гэдгээрээ л автоматаар шийдэгдэж байгаа асуудал.

-Бүлгээс мэдэгдэлгүй гарлаа, УИХ-ын гишүүн хүн байж хуучин нэр дээрээ үлдлээ гэсэн дарамт шахалт МАН-ын удирдлага, МАН-ын бүлгийн зүгээс ирж байна уу?
-Дарамт шахалт байна гэдгийг алхам тутамдаа мэдэрч байна. Надтай ярилцлага хийхээс телевизүүд, олон сонин татгалзаж байна. Тэд Хэвлэл, мэдээллийн чөлөөт байдлын тухай хуулийг зөрчиж байна. Хэвлэлийн өмчлөгчид редакцийн хараат бус байдлыг улс төрийн намууд, олигархиуд зөрчсөний улмаас ингэж хаагдаж байна. Үүнийг дарамт гэж ойлгож болно. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл хаалттай гэдгийг урьд нь мэдэж байсан ч ийм аймаар гэж төсөөлсөнгүй. Эрх баригчдад чөлөөтэй ч үнэн дуу хоолойг хүргэе гэсэн хүнд хаалттай байдаг юм байна. УИХ-ын гишүүн надад хаалттай байхад жирийн гишүүдэд бүр л хүнд юм байна л даа. Радио бол бүр таг хаалттай, МҮОНТ ярилцлага авахгүй юм билээ. Төр, засгаас санхүүждэг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд бүгд хаалттай байна.

-Та сая өмгөөлөгчтэйгөө явж байна гэсэн. Хуулийн байгууллагад хандаад байгаа юм уу?
-Манайд хуулийн баг ажиллаж байгаа. Тэдэнтэйгээ зөвлөлдөж, яахаараа нэг нэрийг улс төрийн нам үүрд мөнх өмчилж авч байдаг юм. Энэ зөв үү, буруу юу, дэлхийн аль оронд ямар нам нэрээ мөнх өмчилдөг юм гэдэг талаар санал солилцож байна. Хэд хоногийн дараа дэлхийд ийм орон байдаг уу, үгүй юү гэдэг тодрох байх л даа.

-МАХН-ын ХХYI их хурал дээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр та хоёрыг оролцуулаад зургаан хүн л намын нэр солихыг эсэргүүцсэн. Их хурлын 801 гишүүнээс зургаа татгалзаж байгаа юм чинь намын 160 мянган гишүүн дотроос олон байгаа гэсэн үг. Улсын хэмжээнд тэдгээр гишүүд дотор зохион байгуулалтад орох арга хэмжээ авах уу?
-Авалгүй яахав. Өчнөөн олон гишүүн, бүр намын үүрээрээ 100 хувийн санал өгөөд намынхаа нэрийг солихгүй гэсэн, 50-иас дээш хувь нь, тэгээд бүр 95-96 хувийн санал өгсөн газар олон байна. Гэтэл тэдний саналыг дандаа эсрэгээр нь бүртгээд, нийлбэр дүнгээр, улсын хэмжээгээр уншаад байгаа. Энэ талаар олон үүрээс гомдол ирж байна. Үүрээрээ, 100 хувийн саналаар намын нэрээ солихгүй гээд байхад “солино”гэсэн мэтээр болгосон. Бид үүнийг яах вэ, их хурлын дараа бидний сонгож явуулсан төлөөлөгч бидэнтэй уулзахгүй зугтаагаад байна гэсэн яриа гарч байна. Бид үүнийг ярихаас өөр арга байхгүй. Их хурал дээр түдгэлзэж байгаа гэсэн санал хураалгаагүй. Хэрэв тэгж санал хураалгасан бол магадгүй нэлээд олон тоо гарах байсан. Ингэж ардчиллын наад захын хэм хэмжээг зөрчсөн хууль бус хурал хийгээд байгаа юм.

-МАХН-ын төв штаб ажиллаж байна. Гишүүдээс түүнд хэр их хандаж байна?
-Одоо Улаанбаатараас 5000 гаруй гишүүн бүртгүүлээд байгаа. Хөдөө орон нутагт 2500 гишүүн байна. Өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Хамгийн сонин нь Сүхбаатар аймгийн МАН-ын хороог нэг гишүүн шүүхэд өгч байгаа юм байна лээ. Яагаад гэвэл МАН-ын их хуралд төлөөлөгчөөр сонгогдсон гишүүд нь жанжныхаа намын нэрийг өөрчлөхгүй гэж сонгогдчихоод хуралд оролцохдоо саналаа 100 хувь эсрэг өгчихсөн. “Та нар их хуралд явахдаа бидэнд юу хэлж явлаа. Одоо та нарыг шүүхэд өглөө” гээд шүүхэд өгч байгаа юм билээ. Энэ чинь хамгийн том баримт шүү дээ. Төлөөллийн ардчилал байхгүйн шинж. Ардчиллын дагуу сонгууль явуулаад намын үүрийн гишүүдийн олонхийн саналыг тээж авчирч энд их хуралд дуу хоолой нь болох байтал хүргээгүй байж байдаг.

-Та нар МАХН гэдэг нэрээр Улсын дээд шүүхэд бүртгүүлэхэд ямар нэг саад тээг учрах болов уу. Энэ нэрээрээ бүртгүүлэх үү?
-Үүн дээр хуулийн гаргалгаа талаас нь ажиллана. Ажиллахаас өөр арга байхгүй. Улс төрийн намуудын хууль гараад дөрвөн жил болж байхад дөрвөн жилийн өмнө байсан нам өнөөдөр нэрээ сэргээж болж байна шүү дээ. МАН гэдэг нам нэрээ сэргээж болж байна. Гэтэл яагаад дөрвөн долоо хоногийн өмнө байсан намын нэрийг бид сэргээж болохгүй гэж. Практик талаас ч аваад үзсэн тийм бололцоо бий. ИЗН, БНН гэж одоо байгаа. Урьд нь ИЗН-БНН гэж хамтдаа байж байгаад салахдаа тус тусын нэрийг аваад гарсан. Хоёр нам хоёулаа УИХ-ын 2008 оны сонгуульд орсон. Тэр намуудад намын нэрийг сэргээж болохгүй гэсэн хууль үйлчлээгүй л байна шүү дээ. Нам, намд өөр өөрөөр үйлчилдэг хуулийг тэгвэл юу гэж үзэх вэ. Тиймээс асуудлыг гаргаж тавихаас өөр аргагүй.

-Та нарын дараагийн алхам юу вэ?
-Гишүүдийнхээ бүртгэлийг хийж байна. Хөдөө орон нутагт явдаг юм бил үү гэтэл орон нутагт салбарууд нээгдчисэн. Тэгэхээр хөдөө орон нутагт салбар салбар дээр нь бүртгэлээ хийнэ. Улаанбаатарт маш олон хүн бүртгүүлж, уулзъя гэж байна. Би үнэндээ маш их ачаалалтай ажиллаж байна. Биечилж уулзъя гэсэн гишүүн олон байгаа. Янз бүрийн санаа хэлж байна. Хууль зөрчсөн олон баримт гаргаж ирж байгаа.

-МАН-ын зүгээс МАХН-ын төв штабт дандаа тэтгэврийн хөгшид цугларсан байгаа. Нэг их идэвхтэй үйл ажиллага явуулах нөхөд биш гэсэн мессэж хаядаг болжээ?
-Үүгээрээ Үндсэн хууль зөрчиж байна шүү дээ. Хүнийг нас, хүйс, гарал үүсэл, шашин шүтлэгээр нь ялгаварлаж болохгүй гэсэн Үндсэн хуулийн заалттай. Тэгээд тэтгэврийн хүн хүн биш юм уу. Хэрэв тэгж байвал Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн асуудлыг бид сөхөж тавина. Тэгж үзэж байгаа бол бид бүр өөрөөр үзнэ. Монгол Улс Үндсэн хуулийн эсрэг төр, засагтай юм байна гэсэн асуудал тавьж болно шүү дээ.

-Танай төв штабын удирдах бүрэлдэхүүнд ямар хүмүүс байгаа вэ?

-Одоогоор бид тавуулаа байна. Зохицуулагч таван хүн бий. Би байна. Н.Удвал, С.Молор-Эрдэнэ, Ю.Атар, Б.Батсайхан байна. Мөн штабын бүтцийн ажилтнууд бий. Хөдөө орон нутагт бүтцийн ажилтнуудаа томилж байна. Бүртгүүлэх гишүүдийн тоо өдрөөс өдөрт олширч байгаа учраас орон тоо, зохион байгуулалтаа тэлж ажиллах шаардлага гарч байгаа.

-Албан ёсны байгуулллагатай болоод гишүүд өргөжөөд ирэхийн цагт их, бага хурал хийх үү?

-Гишүүдийн шахаж шаардаж байгаа нэг зүйл нь онц байдал үүсчихжээ. МАХН-ын хувьд онц байдал үүсчихэж. Тиймээс онц их хурлыг яаралтай хуралдуулъя гэж байгаа.

-Хэзээ онц их хурал хийх боломжтой вэ?

-МАХН-ын дүрмээр бол хурлыг хоёр сарын өмнө зарлаад хийдэг зарчимтай.

-МАХН-ын дүрмээ барьж байна уу?

-Тэр дүрмээрээ явсан. Гэтэл нөхцөл байдал өөр байна. Онц нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулж хурлыг яаралтай хуралдуулъя гэсэн шаардлагыг гишүүд тавьж байна. Энэ бүгдийг судлаад их хурал хийх ажлын хэсэг гаргаад явж байна.

-Цаашдаа МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрөөр ажиллах уу?

-Бид үндсэндээ МАХН-ын ХХY их хурлын үеийн дүрмийг л барина л даа. ХХYI их хурлаар МАН болгоод дүрмийг нэлээд өөрчилсөн. Гэхдээ бид шинэ нөхцөл байдалд тохируулж дүрэмдээ өөрчлөлт оруулна. Үүн дээр ажлын хэсэг гаргаад ажиллаж эхэлсэн.

-Эрдэмтэн судлаачдын ч гэдэг юм уу, өөр багууд байна уу?

-Байна. Эрдэмтэн суудлаач, хуульчдын баг мөрийн хөтөлбөр, дүрэм боловсруулах чиглэл дээр ажиллаж байгаа. Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах баг байна.

-Та нарын ард Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр байж, бүх зүйлийг удирдаж байгаа гэсэн яриа байгааг юу гэж үзэх вэ?

-Монголд өөрийн толгойтой хүн байж болохгүй юү. Юм бүрийг Н.Энхбаяр гэдэг хүн удирддаг. Бусад хүн өөрийн толгойгоор ажиллаж амьдарч болохгүй юү. Гэр орондоо миний хүүхэд үгэнд орохгүүй бол чиний ард хэн байна гэж асуух уу.

-Сая Ардчилсан намын ҮЗХ дээр ч С.Эрдэнэ гишүүнийг сөрөг үг хэлэхэд “Чиний ард Н.Энхбаяр байгаа” гэж намын дарга нь хэлнэ лээ...

-Манай улс төр ямар ч гарцгүй болоод ялзарсныг харуулж байгаа хэрэг л дээ. 1990 оноос хойш улс төрийн явж ирсэн түүх мухардалд орчихлоо. Ямар ч гарц алга. Арга ядахдаа албан тушаал хуваарилдаг. Албан тушаалгүй бол амьдарч чадахгүй юм шиг болчихож. Сөрөг хүчин нь сөрөг хүчин байж чадахгүй гэдгээ зарлаад сандал ширээтэйгээ зууралдаад л байж байгаа шүү дээ. Тэгээд үнэнийг хэлсэн хүний ард хэн байна гэж дандаа нэг хүн хайж байдаг. Эсвэл аль фракц вэ гээд л өчүүхэн эрх ашгийн төлөө фракцалдаг. Тэгвэл хүн өөрийн толгойгоор гарч ирээд яагаад үгээ хэлж болдоггүй юм.

Надад зовлонтой нэг зүйл байна. Би бол өөртэйгөө зөрчилдөж өөрийгөө хуурч чадахгүй. Өөрийгөө хуурч олонхийг дагаад явмааргүй байна. Би өөрийгөө хуурч чадахгүй учраас л ийм шийдвэр гаргаад байна. Миний цаана хэн байна вэ гэвэл миний дотоод сэтгэл, итгэл үнэмшил л байна.

-Н.Энхбаяр дарга танайд байгаа юу. МАН-ын Бага хурлын гишүүн болсон шүү дээ, уг нь?

-Болсон гэдэг харьцангуй ойлголт. Би ч гэсэн МАН-ын Бага хурлын гишүүдийн жагсаалтад байгаа. УИХ-ын гишүүд квотоор, автоматаар сонгогдож ордог. Намын дарга байсан Г.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр нар бүгдээрээ квотоор орсон.

-Та нарын цаашдын зорилго юу вэ?

-Бидний ажил зөвхөн нам сэргээх асуудал биш болчихож. Монгол орны хувь заяатай холбоотой асуудал болсон байна. Монголын төрийг олигархиудаас чөлөөлөхгүй бол засаг, төрийг авчихсан, намуудыг гартаа атгачихсан, хэвлэл, мэдээллийг атгачихсан байна. Өнөөдөр АН ч, МАН ч алга, олигархи бүлэглэлүүд л байна. Олигархийн дэглэсэн жүжгээр нийгэм амьдарч байна. Тэгэхээр бид Монголоо гэсэн сэтгэлтэй бүх дэвшилтэт үзэлтэй хүмүүстэй нэгдэж ажиллана. Хэн Монголын төлөө байна, тэдэнтэй хамтарч ажиллана.

Д.ОЮУНЦЭЦЭГ

No comments:

Post a Comment