Monday, 27 December 2010

Д.ОЮУНХОРОЛ: "ХӨГЖИМ ӨӨРӨӨ МЭДРЭМЖИЙГ ХӨГЛӨЖ БАЙДАГ"


УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.

-Таныг гитар дарахын зэрэгцээ шаггүй дуулдаг адтай хүүхэд байсан гэдэг. Анх гитар дарж сурсан дурсамжаа хуваалцахгүй юү?

-Намайг хүүхэд байхад гитар тоглож сурах хө­дөлгөөн ид өрнөж байсан. Анх VI ангийн сурагч бай­хад Өвөө, эмээ, бясаа гурвын барилтыг хоёр эгч маань зааж, анх гитар тоглож сурч байлаа. Удалгүй ги­тар тоглож сурах эрмэлзлийг аав ээж минь дэмжиж ту­хайн үеийн 45 төгрөгийн үнэтэй банзан гитар авч өг­сөнд маш их баярлаж, их ч гамтай эдлэдэг байсан. Бид­ний үед мэргэжлийн багшаар заалгана гэсэн ойл­голт байгаагүй. Өөрсдөө л сурч байсан. Тэр цагаас хойш миний амьдралаас гитар хөгжим холдоогүй орос, монгол бүх л дууг өөрөө тоглож, дуулж сурсан даа. (инээв)

-Одоо ч гэсэн гитараа тоглосоор байгаа юу?

-Зав гарч, боломж олдох бүр шинэ гарсан дуунуудыг тоглож, дуулах дуртай.

-Хүн бүрт ширээний ном байдаг шиг танд сайхан гитар хөгжим, сайн тоглодог дуу бий юу?

-Надад олон сайхан гитар бий. Заримыг нь миний найз нар төрсөн өдрөөр минь бэлэглэж байсан. Хөгжим өөрөө мэдрэмжийг хөглөж байдаг. Би ээжийн тухай дуунд л дуртай. Ер нь ямар ч дууг тоглож чаднаа. Гайгүй гитарчин шүү.

-Таныг хүүхэд байх үед найзууд нийлж гитардаж, дуулж байгаад хамтлаг байгуулдаг байсан гэдэг. Та ч үүний нэгэн адил найзуудаараа хамтлаг байгуулж байв уу?

-Хамтлаг байгуулж яваагүй. Тэр үед орос дууны уралдаан их болдог байлаа. Харин уралдаанд орол­цоод түрүүлдэг байсан. Тэр үеийн дууны үг нь хү­ний сэтгэлийг уярааж, догдлуулдаг байсан юм шиг са­нагддаг. Тухайн үед зарим дууг хориглодог ч үе байсан.

-Ямар дуу билээ?

-Тэр үед хайр сэтгэл, үерхэл нөхөр­лөлийн тухай зарим дууг дуулахыг хориглодог байсан. Тухайн үеийн нийг­мийн үзэл суртал нь тийм байсан байх. Гэхдээ найзуудаараа нийлж суугаад л хааяа дуулчихдаг байсан. Тэр үеийн дуунууд бидний зүрх сэтгэлд хүрдэг, сонсголонтой гоё дуунууд байсан. Хайр сэтгэл, үерхэл нөхөрлөлийн тухай дууг л томчуудын дэргэд дуулахаасаа ичдэг байсан юм болов уу л гэж боддог шүү дээ. Тухайн үед хүүхдүүд бас овоо л хүмүүжилтэй байсан байгаа биз.(инээв)

-Их ажлын хажуугаар стрессээ тай­лах гэж гитар тоглодог гэж ойлгож болох уу?

-Намайг хамгийн их таалагддаг ажлаа хий гэвэл гитар тоглоно.

-Хүүхдүүд тань ээжийнхээ урлагийн авъяасыг өвлөсөн үү?

-Манайх хүү, охин хоёртой. Хоёр хүүхэд маань гитар тоглодоггүй. Одоо цагийн хүүхдүүд чинь караокед орж л дуулдаг болж дээ. Бидний үеийнх шиг гитар сонирхохгүй юм. Гитар сургах арга хэмжээ ч зохион байгуулахгүй л юм даа. Би ч хоёр хүүдээ гитар тоглохыг зааж өгөх завгүй олдоогүй дээ.

-Та шүлэг бичиж байв уу. Түүнийгээ дуу болгон гитар дээр дарж байсан уу?

-Хааяа шүлэг оролддог байсан. Гэхдээ дууны шүлэг бичиж байгаагүй юм байна.

-Хувь тавилан гэдэгт та итгэдэг үү?

-Хувь хүн л өөрийнхөө заяа тавилан­гийн зам мөрийг гаргаж явдаг гэсэн итгэлтэй хүн би. Сонсонгуут л амьдралын философи ханхалдаг манай ардын ухаанд “Эзэн хичээвэл заяа хичээдэг” гэсэн хэлц үг байдаг даа. Монголчууд маань нийгмийн ардчилал руу хөл та­виад 20-иод жилийн нүүр үзлээ. Хувь хүн сонголт хийж заяа та­вилангаа өөрөө хариуцаж амьдрах бо­ломж өргөжсөөр байгааг Монгол хүн бол­гон мэдэрч байна гэвэл нэг их дэгс дүгнэлт болохгүй биз.Тосон ирэх мэт санагдах хувь тавиланд бус өөрөө бүтээж босгох хувь заяандаа итгэж явна даа би.

-Магадгүй хүүхэд насандаа урлагийн хүн болохыг хүсч байсан уу? Урлагийн хүн болох боломж гарсан бол багш болох замыг сонгох байсан уу. Гэнэт хувь тавилан асуусан нь ийм учиртай юм аа?

-Урлагийн хүн болох талаар ерөөсөө бодож байгаагүй. Ерөнхий боловсролын сургуульд байхдаа математикийн багш болохыг хүсдэг байсан. Бидний үеийн хүүхдүүд хичээл, урлаг спортоор зэрэгцүүлж явдаг байлаа гэвэл нэг их онгирсон болохгүй болов уу. Туулж өдий хүрсэн бидний үеийнхний амьдрал ийм байлаа. Урлаг сонирхсон болгон урлагийн хүн болох албагүй байх. Сайн сайхныг эрхэмлэн сэтгэл өөдрөг урам зоригтой амьдрахуйн ухаанд суралцах зам мөрийг урлаг, уран зохиол заагаад засаад өдөөгөөд байдаг учраас хүмүүсийн нэг хэсэг нь урлагийг сонирхдог байх аа. Хүн ер нь сайхныг хүсэмжлэгч унаган гэмээр сэтгэл санаатай амьтан байх шүү. Багшийн мэргэжилдээ би дуртай. Орчлонгийн нууцыг таньж мэдэхийг хүс­сэн шавь нартаа хичээл зааж оюун ухаанд нь шинэ мэдлэг өгч гал асааж өглөө дөө гэж өөртөө итгэж зүтгэж чар­майж явах шиг жаргал гэж багшид байхгүй болов уу.

-Яагаад заавал математикийн багш гэж?

-10 жилийн хоёрдугаар дунд сур­гуулийн VI ангиас Д.Ичинхорлоо гэж математикийн багш маань дааж байсан юм. Багшаасаа их ч айдаг байлаа. Багш маань зарчимч, чадвартай мундаг хүн байсан. Манай ангийнхан ч их сүрдэж хүндэтгэдэг байлаа. Ер нь тэр үеийн багш нараас хамгийн айж сүрддэг нь математикийн багш нар байлаа. Тэр цагаас хойш “Математик бол шинжлэх ухааны хаан” гэсэн ишлэлийг үндэс бол­гож багш шигээ мундаг хүн болохыг хүсэх болсон доо.

-Таны бахархал болсон багш одоо хаана байгаа вэ. Ойрд уулзсан уу?

-Багштайгаа үе үе уулздаг. Одоо ч багш маань цэгцтэй яриатай, сурган хүмүүжүүлэх ухаан нь уужуу, бидэндээ захиа даалгавраа өгсөн зарчимтай хэ­вээрээ л байгаа даа. Удахгүй манай сур­гуулийн ой болно. Тэр үеэр манай ангийнхан уулзаж, хүүхэд насаа дур­сан хөгжилдөж багштайгаа хамт нэгэн өдрийг өнгөрөөнө байх даа. Хүүхэд нас гэдэг хүний хамгийн жаргалтай, дур­самжтай, гэгээлэг үе юм даа.

Б.МЯГМАНСАНЖ

ЭХ СУРВАЛЖ: НИЙГМИЙН ТОЛЬ СОНИН

No comments:

Post a Comment