Monday, 20 December 2010

Х.ТЭМҮҮЖИН: "Ц.НЯМДОРЖ САЙД АЖЛАА ХИЙХГҮЙ БАЙНА ГЭСЭН ҮГ"


УИХ-ын Хүний эрхийн дэд хороо өчигдөр хуралдсан юм. Уг хуралдааны дараа Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-С.Зоригийн хэрэгтэй холбогдуу­лан Д.Энхбатыг Францаас баривчилж ирсэнтэй холбогдуулан Хүний эрхийн дэд хорооноос ажлын хэсэг гарч байна. Цаашдаа ажлын хэсэг ямар чиглэлээр ажиллах вэ?

-Хүний эрхийн дэд хороонд бараг хоёр сарын өмнө Л.Санжаасүрэн гэдэг иргэнээс гомдол ирсэн. Тэр гомдол ямар асуудлаар байсан бэ гэхээр 2003 онд Д.Энхбат гэж Монгол Улсын иргэнийг Францаас тагнуулын байгууллага хулгайлж авчирсантай холбоотой. Л.Санжаасүрэн гэгч тэр хэргийг өмгөөлөх явцад өөрийнх нь эрх зөрчигдсөн тухай гомдоллосон байгаа. Хоёр хүсэлт ирүүлсэн л дээ. Хүний эрхийн зөрчил ямар байгаа талаар дүгнэлт гаргаж өгөөч, түүнчлэн миний өмгөөллийн эрхийг сэргээж өгөөч ээ гэсэн. Төд удалгүй Дамирангийн Баяр гэж иргэнээс бас өргөдөл ирсэн. 2003 онд Францаас хулгайлж ирсэн Д.Энхбат гэдэг хүний эрх нь зөрчигдсөн тухай асуудлаар. Энэ өргөдлүүдтэй холбогдуулаад Хүний эрхийн дэд хороо Хүний эрхийн үндэсний комисс руу албан тоот явуулж, энэ асуудалд хүний эрхийн зөрчил ямар байгаа, хууль тогтоомжийн ямар төвшинд зөрчил байна, дүгнэлт өгөөч ээ гэсэн. Тэгээд 11 дүгээр сарын 29-нд Хүний эрхийн үндэсний комиссоос дүгнэлт ирсэн. 2003 онд яг энэ асуудлаар Хүний эрхийн үндэсний комисст хандсан өргөдлүүд нэлээн ирж байсан юм билээ. Тэр дагуу шалгалт хийсэн, шалгалт хийхэд ямар бэрхшээлүүд байсан, хууль, хүчний байгууллагууд ямар хариу өгч байсан, энэ асуудлыг Хүний эрхийн үндэсний комисс юу гэж үзэж байгаагаа тодорхой бичсэн дүгнэлт ирүүлсэн. Дүгнэлтэд энэ асуудалд хүний эрхийн томоохон зөрчлүүд байна, хууль хүчний байгууллагууд энэ чиглэлээр Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллах ямар ч сонирхолгүй байна, ер нь энэ хэрэг дээр хүний эрхийн чиглэлээр хяналт явуулахад томоохон бэрхшээлүүд тулгарч байсан гэж бичсэн байгаа. Энэ дүгнэлтийг авсны дараа Хүний эрхийн дэд хорооноос тусгайлан ажлын хэсэг байгуулах хэрэгтэй юм байна гэж үзсэн. Ажлын хэсгээ байгууллаа. Цаашдаа энэ ажлын хэсэгт Хүний эрхийн дэд хорооны гишүүдээс гадна бусад байгууллага, ТББ-аас тодорхой төлөөллүүд ороод, ажил үргэлжлэх байх.

-Д.Энхбат гэдэг хүнийг ба­ривчилж ирэх тушаалыг хэн өгөв гэдэг асуудал байгаа. Энэ талаар ажиллах уу?

-Ажлын хэсгийн чиглэл бол эхний ээлжинд Д.Энхбат гэж хүнийг Францаас авчирсан нь хууль бус байсан эсэх, ямар ямар хууль тогтоомжуудыг зөрчсөн, хүний эрхийн ямар зөрчил гарсан гэдэг дээр мэдээллүүдээ цуглуулж, дүгнэлт өгнө. Хоёр­дугаарт, тухайн хууль бус үйлд­лүүдийг илчилж, хууль зүйн туслалцаа үзүүлснийхээ тө­лөө Санжаасүрэн гэдэг хүн яагаад хохирсон бэ гэдэг асууд­­лыг хөндөх байх. Энэ асуу­далд хуулийн нэлээд олон “нюанс” байх шиг байна. Гуравду­гаарт, ер нь энэ тагнуулын байгууллага иргэний эрх чө­­лөөг зөрчсөн иймэрхүү асуу­дал руу ороод байгаа нь ямар шалтгаантай байна вэ. Тог­тол­цооны хувьд байна уу, ямар асуудлаас үүдэж байна гэд­гийг нэлээд томоор харсан дүгнэлт гарах байх. Цаашдаа хуу­лийн байгууллагуудыг яах тухай. Долдугаар сарын 1-нтэй холбоотой асуудлаар гарсан зарим дүгнэлт давтагдах байх гэж урьдчилсан байдлаар харж байна. Тэгээд энэ байдал нь улс төр юм уу, эсвэл хууль бус байлаа гэхэд ямар тушаал шийдвэрээр хийгдэв ээ гэдгийг харах байх. Тэрний дараа асууд­лууд тодорхой болно л доо. Ажлын хэсэг эхний ээлжинд ямар ч байсан мэдээлэл цуг­луул­на. Цуглуулсан мэдээ­лэл дээрээ дүгнэлт гарга­на. Мэдээлэл бүрэн цугла­раа­гүй байна. Хуулийн байгууллагуу­дад байгаа мэдээллүүдийг ха­раа­хан авч амжаагүй байгаа. Хүний эрхийн үндэсний комиссын дүгнэлтэд байна л даа. Шаардлагатай мэдээллийг авч чадахгүй байгаа учраас бид бүрэн дүүрэн дүгнэлт хийж чадахгүй байна, яагаад гэвэл хуулийн байгууллагууд мэдээллээ гаргаж өгөхгүй байна гэсэн байна. Тэгэхээр Хүний эрхийн дэд хорооноос ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг хуулийн байгууллагуудаас тэр мэдээллийг татан авч, судална л даа.

-Тухайн үед Д.Энхбатыг Францаас баривчилж ирснийг тэр үеийн төр, засгийн удирдлагууд бараг мэдээгүй гэх маягийн зүйл ярьдаг. Энэ талаар?

-Мэдэхгүй. Мэдээллээ бүрэн гүйцэд аваад эхлэхээр бүх зүйл тодорхой болох байх. Одоо урьдчилаад тийм байсан, ийм байсан гэж хэлж мэдэхгүй. Ажлын хэсгийн хийх ажил нь тэр байхгүй юу. Ажлын хэсэг тэр ажлаа хийгээгүй байхад нь урьдчилаад дүгнээд, яриад байх нь зохимжгүй. Ер нь энэ бол зөвхөн манай улсын дотоод асуудал биш, олон улсад Монгол Улсын нэр хүнд ямар байхтай холбоотой болж хувираад байна. Тэгэхээр ямар ч байсан, Монгол Улс өөрөө хүний эрхийг эрхэмлэдэг, хүний эрхийн том хэмжээний зөрчил гарч байгаа бол түүний араас шалгадаг, хянадаг хүсэл эрмэлзэлтэй байна гэдгээ харуулах ёстой байх.

-Б.Хурцын тухайд ямар нэ­гэн ажил хийх үү. Үүрэг гүй­цэтгэснийхээ төлөө ба­ривч­лагдлаа гэж ярьж бай­гаа?

-Тэр тухай асуудал ажлын хэсгийн явцад тодорхой болох байх л даа. Үнэхээр үүрэг гүй­цэтгэж байсан юм уу, үгүй юм уу, үүрэг гүйцэтгэж байсан нь хууль ёсны байсан юм уу, үгүй юм уу гэдгийг дүгнэнэ. Энэ ажлын хэсгийн дүгнэлтийн эцсийн үр дүн тэнд харагдах биз. Ганц Хурц биш шүү дээ. Тэрнээс гадна дахиад гурван хүний нэр яригдаад байгаа. Тэндээс авчирсны дараа тагнуулын байгууллага долоо хоног ор­чим нууц шорон маягийн Тагнуу­лын байгууллагын дор байдаг юманд эрүүдэн шүүсэн тухай яриад байгаа. Сүүлдээ онгоцоор авчраагүй болгох гэж Сэлэнгэд авчирч, цагдаад хүлээлгэж өг­сөн гээд хууль зөрчсөн нэлээн олон факт байгаа. Тэр фактуудыг детальчлаад судал­на.

-Дэд хороо энэ асуудлаар ажлын хэсэг байгуулаад, дүгнэлт гаргаснаараа ямар үр дүнд хүрэх юм бэ?

-Хоёр чиглэлээр дүгнэлтийн үр дүн хэмжигдэх байх. Нэгдү­гээрт, мэдээж хууль тогтоох байгууллагаас байгуулагдаж бай­гаа ажлын хэсэг учраас да­хиад хүний эрхийн том зөрчил, ийм үйл явдал гаргуулахгүйн тулд яах ёстой вэ. Эрх зүйн орчны хувьд, зохион бай­гуу­лалтын хувьд яах ёстой вэ гэдгээр дүгнэлт гаргах байх. Хоёрдугаарт, ер нь тухайн үед хууль зөрчсөн байна гэдэг чинь цаана нь хэн нэгэн буруутай, хариуцлага хүлээх ёстой л гэсэн үг шүү дээ. Тийм учраас хэрвээ хууль зөрчсөн үйлдэл байгаа бол шалгагдах ёстой газраараа шалгагдаад, явах ёстой гэсэн дүгнэлт гарах байх.

-Долдугаар сарын 1-нд хү­ний эрх зөрчигдсөн үү гэх асуудал эргэн сөхөгдөж байх шиг байна. Хууль зүйн байнгын хорооноос аж­лын хэсэг гарч ажилла­хаар бол­лоо. Гэхдээ хэлэлцүүл­гийн явцыг харж байхад, зөвхөн хүний эрхийн зөрчил гэлгүй асуудлыг багцаар нь авч үзэх хэрэгтэй гэж олон гишүүн үзэж байсан. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Нийтээр, багцаар нь гэдэг нь юуг хэлж байгаа вэ гэдгийг би ойлгоогүй л дээ. Хамгийн ойлгомжтой, тодорхой юм нь юу вэ гэхээр, Монгол Улсын Үндсэн хуулиар хүний эрх гэдэг хамгийн чухал зүйл ээ гэж хүлээн зөвшөөрсөн бол Үндсэн хуульд заасан хүний эрхийн зөрчлүүдийг бид дор нь шийдэх ёстой л доо. Тэр хүрээндээ бидний хамгийн тү­рүүнд шийдэж чадах юм юу вэ гэхээр, хууль, хүчний байгууллагуудынхаа буруу тог­тол­цоо, ажлын хууль бус арга барил байна шүү дээ. Үүнийг таслан зогсоох чиглэлээр дорвитой шийдэл хийж болох юм. Тэрийг заавал улс төрийн эсвэл, өөр зүйлтэй холих ал­ба­гүй. Хууль зүйн байнгын хороо бол мэргэжлийн байн­гын хороо. Тэгэхээр асууд­лыг улстөржүүлээд байх шаардлага­гүй. Долдугаар сарын 1-ний ард сургамж байна уу, байна. Тэр сургамж дотор дийлэнх нь хууль хяналтын байгууллага руу чиглэж байна. Нэгэнт хууль, хяналтын байгууллагууд руу чиглэж байгаа бол тэр асууд­луу­дыг шийдье гэдэг хүсэл эрмэлзлийг УИХ өөрөө Засгийн газарт бий болгох ёстой. Тэр алхмаа л хийх ёстой. Тэр нь өөр нэг зүйлтэй барьцалдаж, хойшлогдох ёсгүй л гэж үзэж байгаа л даа.

-Гэхдээ тухайн үед иргэ­дийг өдөөн турхирсан нөх­дүү­дэд ч бас хариуцлага ярих ёстой гэж байсан?

-Энэ асуудлыг тухайн үед хууль хяналтын байгууллагууд шалгаад, зарим хүмүүст нь шийт­гэлийг нь оноогоод, за­ри­­мыг нь шийтгүүлэлгүй үл­дээж, хэргийг нь хэрэгсэх­гүй болгосон. Хуулийн байгуул­лага ингэж улстөржиж, асууд­­лыг ялгамжтай, хоёр өөр стандартаар шийдэж байна гэдэг манай хуулийн байгуул­ла­­га асуудалтай байна гэсэн үг. Тийм учраас хуулийн бай­гууллагуудыг шинэчлэх ёс­той гэдгийг л дахин дахин хэлээд байгаа юм. Тухайн үед оролцсон гэдэг нэрийн дор маш олон залуусыг шийтгэчихээд, яахаараа зохион байгуулсан хүмүүст нь хэрэг үүсгэж явж байснаа гэнэт хэрэгсэхгүй болгодог юм. Хууль яагаад ийм ялгамжтай байгаа юм гэдэг асуудал байна. Энд улс төрийн нөлөө байна уу, үгүй юу зэрэг дүгнэлтүүд илт харагдаж байгаа. Тийм учраас энэ асуудлуудыг шийдэхийн тулд бид хуулийн байгууллагыг эргэн харах ёстой юм байна, улс төрийн нөлөөг нь алга болгох ёстой юм байна гэж үзээд байгаа юм.

-Ажлаа гүйцэтгэж яваад жаданд сүлбүүлсэн цагдаа на­рын асуудлыг орхигдуу­лаад байгаа гэж шүүмжилж байсан. Танай ажлын хэсэг энэ чиглэлээр ажиллаагүй юм уу?

-Ажлаа гүйцэтгэж яваад гэмт­сэн цагдаатай холбоотой асууд­лыг бид хөндсөн шүү дээ. Цагдаагийн асуудал бай­на, энэ манай дэд хорооны асуу­дал биш боловч бид хөндье. Яагаад гэвэл энэ бол хөдөлмөр аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас Засгийн газартай холбоотой юм байна. Засгийн газар яагаад энэ цагдаа нарынхаа асууд­лыг шийдчихээгүй юм бэ гээд салбарын яам руу нь бичиг явуулсан. Манай ажлын хэсгээс бичиг явуулсны дараа л энэ асуудлууд шийдэгдэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэд ажлаа хийхгүй байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр үймээнийг тараах үеийн цагдаа нарын үйл ажиллагааг бид ерөнхийдөө хууль ёсных гэж үзэж байгаа. Галт зэвсэг хэрэглэснээс бус­даа­раа. Үймээнийг тараасны дараа баривчилж ирсэн иргэ­дээ яагаад зоддог юм бэ гэдэг асуудлаас эхэлж хүний эрх яригдаж байгаа юм. Түү­нээс биш, гудамжинд эмх зам­бараагүй байсан хүмүүсийг та нар яагаад тараасан юм бэ гэдэг асуудлыг ерөөөсөө ярих­гүй байгаа шүү дээ. Тэр бол хууль ёсных байна. Гэтэл цагдаа нар зүй бусаар эрхээ хэтрүүлэн эдэлсэн байна, зүй бусаар. Дээр нь хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд эрүүдэн шүүх зэрэг алдаанууд их гарсан байна аа. Яг буруутай этгээдүүдэд нь ялаа завшаад явчихсан байдаг. Хөөцөлдөөн байхгүй, мөнгө байхгүй иргэд нь л шоронд орчихсон байгаа байхгүй юу. Энэ чинь бас шударга уу гэх мэтчилэн. Ийм байдлаар хүний эрхийн зөрчил явагдаад байгаа юм.

-Долдугаар сарын 1-ний асууд­лыг улстөржүүлээд бай­гаа юм биш үү. Байн­гын хорооны хэлэлцүүлгээс харахад, жишээ нь Ц.Ням­дорж сайд нэлээд бухимдал­тай байгаа харагдсан. Бараг л энэ асуудлыг хэлэлцүүлэх хэрэгтэй юм уу гэх аястай?

-Хэлэлцэх асуудал байгаа юм уу гэж Ц.Нямдорж сайд бас ч хэлсэнгүй л дээ. Хэлэлцье, гэхдээ энэ чинь өөрөө өрөөсгөл байгаа юм биш үү гэдэг юм ярьж байна. Үндсэндээ Хууль зүйн сайд өөрөө дутуу хийсэн л байхгүй юу. Асуудлыг гүн яривал. Тухайн үймээний үеэр хохирсон иргэд хохирлоо барагдуулж авсан уу, үймээний үеэр ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаа нар хохирлоо барагдуулсан уу гэдэг асуудал байгаа. Үүнийг хэн хариуцах ёстой вэ, Ц.Нямдорж сайд хариуцах ёстой. Гэтэл энэ хоёрыгоо дахиад асуудал бол­­гоод ярьж байна гэдэг чинь өөрөө ажлаа хийхгүй байна гэсэн үг байхгүй юу. Цагдаа­гийн хөдөлмөрийн аюул­­­гүй байдалтай холбоотой асуудал гэвэл шууд Засгийн газарт харьяалагдана. Үймээ­нээс үүдэлтэй хохирсон эд хөрөнгөтэй холбоотой асууд­лаар хууль гараад, хуулиа­раа Хувьсгалт нам чинь байшин дээрээ есөн тэрбум төгрөг гар­гуулаад явчихсан шүү дээ. Гэтэл яахаараа хувьсгалт нам мөнгө авчихаад байхад, иргэд аваагүй байдаг юм. Тэгвэл энэ Засгийн газар бас дутуу ажилласан байна шд. Засгийн газрын ажил байх­гүй юу. Манай ажлын хэс­гийн ажил биш л дээ. Гэтэл өөрс­дийн­хөө ажлыг хийгээгүй байж, бид нарын хийсэн ажлыг нураах гэж оролдож болохгүй байхгүй юу.

-Цаашдаа энэ асуудлыг ер нь яах юм бэ. Эцэс төгсгөлгүй маргаан, намуудын улс тө­рийн шоу болох нь гэх бол­гоомжлол байна?

-Улстөржүүлээд байвал мар­гаан болох л байх. Эндээсээ сургамж аваад, хуулийн бай­гуул­лагуудаа шинэтгээд авъя гэвэл маргалдахгүй шүү дээ. УИХ-д оруулъя гэж байгаа дэд хорооны дүгнэлтэд ямар ч улстөржсөн үнэлэлт, дүгнэлт байхгүй байгаа. Аль нэг улс төрийн нам буруутай, буруу­гүй энэ тэр гэсэн. Ердөө эндээс сургамж аваад, бид ийм ийм асуудал шийдье гэдэг л саналууд явж байгаа. Цаг­даа­гийнхаа бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх ёстой юм байна, прокурор, шүүх эрх мэдлийнхээ хувийг дахиад нэг харах ёстой юм байна. Дотоод хяналтын тогтолцоо, хариуцлагыг сайжруулах ёстой юм байна гэх зэрэг саналууд байгаа. Энэ бол улстөржөөд байх санал биш. Мэргэжлийн үүднээс л харсан санал. Гэтэл үүнийг улс төр болгож харж байгаа нь өөрсдөө алдаатай байгаа байхгүй юу.

-Танд нэг дэвтэр байгаа тухай ярьж байсан. Энэ дэвт­рийн асуудал дахин сөхөг­дөх үү?

-Галт зэвсэг хэрэглэсэнтэй холбоотой асуудлаар манай ажлын хэсэг дүгнэлт гаргаж чадаа­гүй. Яагаад гэвэл сонсголоо хийгээгүй, асуудлаа шийдээгүй байгаа. Тэр дэвтэртэй холбоотой асуудлаар надад хоёр долоо хоногийн өмнө прокурорын мөрдөх албанаас бичиг ирсэн. Дэвтэр байна гэсэн сураг байна. Түүнийгээ гэмт хэрэг илрүүлэхэд туслах зорилгоор бидэн руу явуулаач ээ гэсэн албан бичиг ирсэн. Тэр бичгийнх нь дагуу прокурор руу явуулчихсан.

-Тэгэхээр үлдсэн асуудлыг прокурор мэднэ гэсэн үг үү?

-Тийм.

-Тэр дэвтэр дээр ер нь юу гэж бичсэн юм бэ?

-Одоогоор би тэр дэвтрийг задалж чадахгүй. Задлах хэ­рэгцээтэй гэж үзвэл прокурор задална биз.

Л.ЭНХДЭЛГЭР, "Монголын мэдээ" сонин

No comments:

Post a Comment