-Ярилцлага авья гээд утасдахад зуслан уруугаа явж байна. Маргааш уулзая гэсэн. Танай зуслан хаана байдаг бэ?
-Манайх Гачууртад ш дээ.
-Би Ардын жүжигчин Д.Жаргалсайхан гуайн нэг ярилцлагаас танайхыг Хужирбулан хавьцаа байдаг юм уу гэж ойлгосон. Танай гэр бүлийнхнийг байнга л орж гардаг гэж ярьсан байсан?
-Тэднийх замд байдаг юм. Тэгээд тэднийхээр дайрч шорлогоо идчихээд явдаг байсан байхгүй юу.
-Тэднийх очсон хүмүүсийг “долгор салат” гэж их л амттай салатаар дайлсан гэсэн байсан. Таны л нууц жор бололтой юм?
-Тийм салат бий шүү. Тэр уг нь итали салат юм. Түүнийг л би монгол хүнд зориулаад жаахан мах энэ тэр нэмээд “долгор салат” болгочихсон хэрэг. Уг салат нь ямар ч мах байхгүй өндөг, салат ногоо, оливын жимсээс бүтдэг. Тэгэхээр нь би дээр нь өөрөө жор зохиож сыр, гахайн мах нэмээд өөрийн гарын салат болгочихсон юм.
-Одоо ийм гарын хоолоороо хүмүүсийг хэр дайлж байна. Хүүхдүүд том болоод гэрийн ажилд оролцохоо больсон гэж ярьж байсан. Тэгэхээр дайлж цайлах ажлыг бас л хүүхдүүддээ даатгачихаад байна уу?
-Хэн нэгнийг гэртээ зориуд урьсан тохиолдолд тэдэндээ зориулж гарынхаа хоолыг хийлгүй яахав. Би алтан үеийн ахмад уран бүтээлчидтэйгээ их ойр дотно байдаг юм. Цогзолмаа гуай, Дашдулам гуай гээд л … Тэднийгээ гэрээрээ оруулах их дуртай. Тэгээд “таныг нэг гэртээ аваачина аа” гээд амалчихвал амалсандаа хүрэхсэн гэж их хичээдэг. Ер нь би ямар нэг зүйл хэн нэгэнд амалсан бол амлалтаа биелүүлэхгүй байхаас их айдаг юм.
-Түүнээс биш өөрөө бол нэг бэрийнхээ гарын хоолонд орчихоод “чамаас салахгүй шүү” гээд сууж байдаг гэж байгаа биз?
-Тийм ш дээ. Тэд нар тусдаа амьдрах дуртай л юм шиг байгаа юм. Тэгэхээр нь бид хоёр “миний хүүхдүүд ингээд тааваараа л байж бай. Бид хоёрт яахав ээ, тэр булангийн өрөө л байхад болно” гэж жаахан долигонодог юм. Залуугийнх шигээ ажлаасаа ирээд шууд хоол ундаа хийх гэхээр амармаар санагдаад байдаг болчихож. Тэгэхэд миний охин чинь их сайхан хоол хийнэ. Үнэхээр сайхан байдаг юм. Үнэндээ ч бэрийнхээ хоолонд орчихлоо доо.
-Тэгвэл гэртээ ихэвчлэн ач нарыг л эрхлүүлдэг ажил хийж байна уу?
-Аа, эрхлүүлж байна. Гэхдээ дэргэд нь байгаад л хуурайлахад нь туслах зэргээр яг эмээгийн ажлыг бол би хийж чадаагүй шүү дээ. Миний муу ижий бол яг тэгж хүүхдүүдийг маань өсгөж өгсөн. Би чинь “мөөмөө ижий” гэдэг шиг зөвхөн мөөмөө л хөхүүлдэг. Бусад хуурайлж барих, шөнө босох гээд бүх л зүйлийг муу ижий минь хийдэг байсан. Одоо бодоход хөөрхий дөө, их ядардаг л байсан байх. Яг ингэж ээж шигээ би эмээгийн ажлыг хийсэнгүй. Гэхдээ удахгүй тэтгэвэртээ гарах юм чинь эмээгийн ажил хийх байлгүй дээ. Одоохондоо бол хүүхдүүд маань ч намайг гэрт суулгах дургүй байдаг юм.
-Ач, зээ нарт хүүхдүүдээсээ илүү амь байдаг гэдэг дээ?
-Үнэхээрийн тийм шүү. Утас энэ тэрд ач, зээ нарын зураг бий. Тэрийг хараад л хэлээ зажилаад л, энд тэнд таарчихаар хөөрхөн хувцас харагдвал өмссөнөөр төсөөлөөд л явж байгаа юм чинь. Гэтэл ач нар том болоод намайгаа халамжилдаг болоод байна. Миний том ач, зээ нар чинь арван тав, зургаа хүрчихсэн шүү дээ. Тийм болохоор эмээгийнхээ толгой тархийг барьж өгнө. Ямар их халамжилна гэж санана.
-Ач нараа эрхлүүлэхээс гадна, тэдэндээ одоо эрхлээд сууж байдаг болжээ дээ?
-Ерөнхийдөө тийм болчихоод байна. Тэднийхээ ач буяныг хүртэж эхэлж байна шүү дээ.
Дуурь бүжгийн эрдмийн театр сүүлийн үед ахмад жүжигчидээ бөөнөөр нь тэтгэвэрт гаргахаар шахаж эхэлсэн. Энэ нь дуурийн урлагийг сонирхогчдод төдийлөн таашаагдахгүй байгаа гэж болно. Нэг томхон дуурь тайзнаа тавихад өнөө л тэтгэвэрт хөөсөн хэдээс нь өөр дуулчих дуучин олддоггүй. Залуу боловсон хүчнээ гүйцэд бэлтгээгүй байж ийм шийдвэр гаргасан нь учир дутагдалтай санагддаг нь нууц биш. Бид хоёрын яриа ч ач зээ, гэр бүлийн сэдвээс хальж өөрийн эрхгүй ажил мэргэжлийн яриа уруу шилжчихлээ. Ардын жүжигчин маань ч удирдлагынхаа дээрх шийдвэрт сэтгэл дундуурхан байгаа нь ярианаас нь анзаарагдаж байсан юм.
-Өглөө театр дээр ирээд таныг сураглатал “Дуудлагаар л ирж байгаа шүү дээ. Түүнээс байнга ирэхгүй байгаа” гэж байсан?
-Ер нь бол театрын ажил тийм маягаар явагддаг юм шүү дээ. Тухайлбал, нэг дуурь тоглох гэж байгаа бол төдийд өдийд бэлэн бай гэсэн дуудлага гарна. Гэхдээ театрын захиргаа өглөө 10-01 цагийн хооронд байж бай л гэдэг юм /инээв/.
-Тэгэхээр та л сэмхэн хийдүүлчихдэг байх нь ээ?
-Хамгийн гол нь өөрт оноогдсон ажлаа л хийдүүлчихгүй сайн хийх хэрэгтэй л дээ. Одоо ч тэгээд нэг үеэ бодвол сураад байх юм бага болж. Олон жил дуулсан болохоор ихэнх дуурьт өөрөө тоглоод бүх юм гарт орчихсон байна. Шинээр тоглож байгаа ганц нэг дуурьт тоглохоор бол сургуулилт хийж байна. Гэхдээ сүүлийн үед шинээр тавигдаж байгаа дуурьт миний хоолойны ангилал байхгүй болохоор бараг оролцоогүй ээ.
Тэгээд давхар багшилж байгаа. Тийм болохоор долоо хоногийн хоёр өдрийг яг СУИС дээр өнгөрөөдөг юм.
-Ингэхэд Дуурийн театр ахмад жүжигчидээ бөөнөөр нь тэтгэвэрт гар гэж хөөгөөд байгаа гэсэн. Таныг арай тэгж хөөгөөгүй байна уу?
-Бид чинь тухайн үед ямар дарга байна. Тэр даргын ширвээлтэд л өртөж явдаг шүү дээ. Жүжигчидээ хасахгүйгээр цалин мөнгөө аргалчихъя гэсэн хүн байсан бол асуудлыг өөрөөр шийдэж болох л байсан байх. Тэтгэвэрт гарсных нь араас харамсдаггүй юмаа гэхэд адестатчилаар хасагдсан гэх дөрвөн дуучдын асуудлыг өөрөөр шийдэж болох байсан болов уу гэсэн эргэлзээ надад байдаг юм. Тэгээд ч ахмадууд л гэнэ. Гэтэл ахмад болчихсон ч энэ залуу дуучдаас илүү ахмадууд байна шүү дээ. Түүнийг бас тооцож үзэх хэрэгтэй байхгүй юу. Тухайлбал, дэлхийн хэмжээний дуурийн дуучид тэтгэвэрт гарна гэж байдаггүй. Миний хувьд одоохондоо гайгүй л байна. Хөөгдөх л байлгүй дээ.
Түүнийг хоолойн цараа шалгасан олон сайхан зохиолын дуу дуулсныг үзэгчид маань мэднэ. Гэхдээ сүүлийн үед энэ чиглэлээр уран бүтээл хийхээ завсарлаад байгаа гэнэ. Сүүлийн үед их олон ижил дуунууд гарах болсон. Тэгээд ч сайхан клип хийгээд гаргая гэхээр цацдаг бүх газар нь мөнгө нэхдэг болчихсон болохоор дургүй нь хүрээд байдаг гэсэн. Энэ FM, телевизүүдээр дандаа мөнгө өгсөн дуунууд л цацагдаж байна шүү дээ. Нэг их сонин дуу хийчихээд л мөнгө өгөөд улиг болтол цацаж байна. Энэ их утгагүй санагдаад байдаг юм. Тэгээд клип ч хийлгэхээ больсон. Зарим нь бүр хүний дуулсан дууг шинэ цомог гарангуут аваад дуулчихаж байна. Үнэхээр утгагүй. Тухайлбал, нэг дуучин миний “Бодлын цагаан хун”-г аймаар муухай дуулчихсан байна лээ гэж ярьсан юм.
Үзэгчид маань түүнийг “Бодлын цагаан хун”-гийн Долгор гэж нэрлэдэг болохоор энэ дуундаа их хайртай аж. “Бодлын цагаан хун”-гийн шүлгийг бичсэн Амгалан гуай “Морин хуур” наадамд тэргүүлэхэд хун бэлэглэснээс үүдээд дуучин маань бүхэл бүтэн хунгийн чуулгантай болжээ. Нэрэн дээрээ цуглуулагч нь Долгор гэх боловч нидэр дээрээ бүх гэр бүлээрээ уг цуглуулгаа нүдний цөцгий шиг хайрладаг гэсэн.
-Цуглуулгынхаа хамгийн үнэтэй хунг хаанаас авч байв?
-Францаас авсан алт, циркон чимэглэлтэй хун байна даа.
-Нууц биш бол хэдэн төгрөгөөр авсан юм бэ?
-300 гаруй евро. Цуглуулгандаа л үнэтэй юм даа. Тэгэхдээ үнийг нь биш хийц, надад байхгүй загвар гэдгийг нь их хардаг л даа. Мэдээж хамгийн дурсгалтай нь Амгалан гуайн анх өгсөн хун. Гэхдээ найз нөхдийн өгсөн дурсгалтай хун олон бий. Жишээлбэл, миний нэг шавь хумсын толион чинээхэн хун бэлэглэж байлаа.
-Та хунгийн сүргээ тоолдоггүй юм аа гэхэд алга болсон эсэхийг нь хараад бүртгэчихнэ биз дээ?
-Ерөнхийдөө хараад сайн бүртгэнэ шүү. Ер нь гэр бүлээрээ л нүдлэн хамгаална шүү дээ. Бүгд л ийш тийшээ явбал авчирна.
-Хунгаас гадна сонирхож цуглуулдаг зүйл бий юү?
-Хүмүүсийн дурсамж ном их цуглардаг юм. Өвгөн бид хоёр сайхан номонд бас их дуртай.
-Хүмүүсийн дурсамж ном гэснээс та өөрөө дурсамж бичих талаар бодож байв уу?
-Үгүй ээ. Хамгийн гол нь би өдрийн тэмдэглэл хөтөлж байсангүй. Уг нь дурсамж байх их сайхан юм гэж боддог.
-Ер нь хүний амьдралд сайхан дурсамжууд олон. Та хамгийн сайхан дурсамжаасаа бидэнтэй хуваалцаач?
-Бага байхад сургуульд орно гэдэг гайхамшигтай зүйл байлаа. Би найман нас хүрээгүй байхдаа ээжээсээ гуйгаад сургуульд орж байсан юм. Ээж маань намайг сургуульд орно гэж бэлтгээгүй байсан болохоор хэдэн дэвтэр марльд боогоод сургуульд хүргэж өгч байсан санагдана. Мөн хөдөө аж ахуйн техниккумд жаахан хүүхэд очиж байсан дурсамж байна. Хамгийн сайхан нь Хөгжим бүжгийн сургуульд орсон явдал байлаа. Соёлын ордонд дагалдан болчихоод анх удаа хөдөө томилолтоор явж, тайзан дээрээс жүжигчин Долгор гээд зарлуулж байсан, хойшоо сургуульд явсан, анх ээж болсон гээд олон сайхан дурсамж бий дээ.
-Техниккумаа төгсч ирээд ер нь мэргэжлээрээ ажилласан уу?
-Зоотехнникч мэргэжлээр төгссөн юм шүү дээ. Тэгээд энэ Гачууртад ирчихээд айлд 14 хоног байж байгаад л гэрээ аймаар санаад, төгссөн оюутан болгонд өгдөг тэтгэмжийг нь аваад л бултчихсан. Тэр үед их хатуу байсан шүү дээ. Заавал мэргэжлээрээ ажилла гэнэ. Тийм болохоор Төв аймгийн соёлын төвд жүжигчин болчихоод Хөдөө аж ахуйн яамнаас зөвшөөрөл авах гэж бөөн юм болж байсан. Соёлын төвдөө хоёр жил ажиллаад л Хөгжим бүжигт ороод, дараа нь хойшоо яваад 1984 онд төгсч ирээд л энд ажиллаж байна даа. 25 жил. Ямар амархан юм бэ.
-Би анх таныг арван жилийн хүүхэд байх даа зурагтаар харж байсан юм. Цагаан даашинзтай, их л гоё эгч байсан санагддаг юм. Одоо ч тэр хэвээрээ л байна. Нууц нь чухам юунд байна вэ?
-Тэр үед эгч нь туранхай, залуухан ч байж. Одоо бол жилд л хоёр кило нэмээд байна шүү дээ. Төгсч ирсэнээсээ хойш даруй хорин хэдэн жил нэмэгдчихээд сууж байна шүү дээ. Аймшигтай юм аа.
-Гэхдээ л сайхан харагдаж байна?
-Хамгийн гол нь би өөрөө өөрийгөө сэтгэлийн зовлонгүй байлгахсан гэж боддог. Олны танил байх ч бас их зовлонтой шүү дээ. Үрчгэр муухай байвал умс шиг муухай хар авгай л гэх байх. Одоо бол намайг татуулсан энэ тэр гэж ярьдаг юм гэсэн.
-Одоо ч та сонин хэвлэлээр сайнаар ч, саараар ч бичүүлсээр байгаад дөжирчихөө биз дээ?
-Дөжирчихсөн ш дээ. Баргийн юмыг тоохоо больсон. Нэг л удаа хулгайч гэж бичүүлээд “Сэрүүлэг” сонинтой заргалдаад нэлээд мөнгө авчихсан шүү. Хулгайч гэж хэлүүлэх их эвгүй юм билээ.
-Саяхан хүртэл нэг сонин дээр танай нөхөр Сайнцогийг таныг аймаар харддаг. Хартайдаа Сэлэнгэ рүү араас нь давхиад очиж гэнэ гээд биччихсэн байна лээ?
-Хөөрхий дөө. Хамгийн харгүй хүн байхгүй юу. Анх надтай танилцаад хайртайдаа дагаад явчихсаныг л бичиж л дээ.
Үнэндээ анх танилцаад удаагүй байхдаа дуучны маань нөхөр Орос гаргаж өгөх гэж яваад сэтгэл нь хөдлөөд дагаад явчихаж байсан гэдэг. Ардын жүжигчинг хоёр дахь амьдралаа зохиосон гэдгийг хэн хүнгүй мэддэг. Олны танил байхын нэг хэцүү тал нь энэ шүү. Байнга л энэ тухай асууж байдаг юм. Олон жил өнгөрч дээ, бид хоёр ханилаад. Арван зургаан, долоон жил өнгөрч. Энгийн хүн байсан бол өмнөх амьдралыг дандаа сөхөхгүй шүү дээ. Гэтэл дандаа л тэр тухай ярина. Одоо нөгөө хүн маань нас барчихсан болохоор тэр тухай ярихаар үнэхээр хэцүү байдаг юм гэж тэр гунигтайхан өгүүлсэн.
Эх сурвалж "UP TOWN" сэтгүүл
No comments:
Post a Comment