МАН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа Хөдөө аж ахуйн биржийн тухай хуулийн төслийг дэмжсэн аж. Түүнчлэн АН-ын бүлэг ч энэ хуулийн төсөлд нэгдсэн байр суурьтай байгаа гэнэ. Тодруулбал, биржээр зөвхөн малын гаралтай барааг борлуулаад зогсохгүй зөгий, гахай, тахиа болон жимс жимсгэнэ, төмс ногоо гээд газар тариалангийн бүхий л бүтээгдэхүүнийг борлуулахаар тусгажээ. Мөн уг төслийн хүрээнд “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон байна. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Балдан-Очироос зарим зүйлийг тодруулсан юм.
-Таны гардан боловсруулсан “Монгол мал” хөтөлбөр нэгэнт ажил хэрэг болох нь тодорхой болж, төсвөөс 100 тэрбум төгрөг тусгахаар болжээ. Эхний ээлжинд ямар ажлаас эхлэх вэ?
-Миний хувьд, хөдөө нутагт төрж, өссөн хүн. Тэр утгаараа борог, ширүүн амьдралтай энэ хүмүүсийг төрийн анхааралд оруулахыг хүсч, уг хөтөлбөрийг санаачилсан. Ингэснээр зах зээлийн харилцаанд шилжсэн 20 жилийн дараа малчин хүн, эрдэнэт мал хоёр төрийн бодлогын төвд тавигдсан нь энэ юм. Тодруулбал, нэр бүхий гишүүдтэй хамтран хоёр том баримт бичгийг санаачлан боловсруулж, хэд хэдэн асуудлыг нарийвчлан гаргалаа. Энэхүү баримт бичгийг УИХ баталсанаар монголын төр малчин хүн, хөдөөгийн хөгжлийн талаар ойрын ирээдүйд ямар бодлого баримтлах вэ гэдэгт маш тодорхой хариулт өгсөн юм. Эхний ээлжинд энэ хөтөлбөрийн хүрээнд яамд, холбогдох албан байгууллагатай хамтран ажиллаж эхэлсэн. Нэгэнт улсаас хөрөнгө мөнгийг нь батлаад өгсөн болохоор ажил урагшаа чиглэх нь гарцаагүй. Түүнчлэн энэ хөтөлбөрийн хүрээнд залуус идэвхтэй суралцаж байгаа. Өөрөөр хэлбэл, төрийн бодлогыг залуус сайн дэмжиж байна гэсэн үг.
-Хөтөлбөрийн талаар тодруулбал?
-Гол чиглэл нь бэлчээрийг усжуулах, малын тэжээлийн баазыг бэхжүүлэх, мал эмнэлэг, үржлийн ажлын нэгдсэн тогтолцоог бий болгох зорилготой. Мөн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, мал эмнэлэг, үржлийн лабораторийг олон улсын стандартын түвшинд хүргэх, эм тариа, вакцины үйлдвэрлэл хангалт зэргийг шийдвэрлэх юм. Хамгийн гол нь мал эмнэлэг үржлийн нэгдсэн тогтолцоо нь Улсын мал эмнэлэг, үржлийн агентлаг, аймгийн мал эмнэлэг үржлийн салбар, сумын үржлийн нэгж гэсэн шатлалтай байх юм. Энэ тогтолцоог “Монгол мал” хөтөлбөрийн дагуу энэ оны намраас эхлэн аймаг сумдад зохион байгуулж жигдлэсэн. Ийнхүү малын чанар сайжруулах, эрүүлжүүлэх, хамгаалах зэрэг олон асуудлыг төрийн зүгээс хариуцах нэгж, эзэнтэй болгосон. Малыг эрүүлжүүлэх, малын чанар сайжруулах асуудал нь Монгол Улсын хувьд тулгамдсан, төрийн шууд оролцоотойгоор шийдвэрлэх явдал гэж үзсэн юм. Өөрөөр хэлбэл, малын эрүүл мэнд, үржлийн ажлыг улс, аймаг, сумдын түвшинд төрийн байгууллагын шууд босоо удирдлага, зохион байгуулалт, хяналтын дор явуулж байж эрүүл, чанартай мал аж ахуй, түүхий эдийг биржээр дамжуулан гадаад, дотоодын зах зээлд нийлүүлэх зорилготой болно гэсэн үг.
-Эдгээр асуудлыг шийдвэрлэснээр манай улсад тодорхой ямар дэвшил гарах вэ?
-Мах экспортлох, ялангуяа хөрш орнуудад нийлүүлэх олон улсын мал эмнэлэг, хорио цээрийн дэглэм, хүнсний аюулгүй байдлын шаардлага хангагдах юм. Хэдэн малчид маань бороо цасанд даарч хөрч, хөдөө хөхөрч, гадаа гандаж явж л монголын мал өсөж үржиж байна. Мал бол монголын эдийн засгийн гол бааз. Монголын ард иргэдийн амин зуулга болсон малчдаа бид төрийн бодлогоор дэмжиж тэтгэх шаардлагатай. Малын чанар муудчихсан, ашиг шим татарсан, малын гоц халдвар, янз бүрийн өвчнүүд сэргэчихсэн байна. Үүнтэй тэмцэх нь малчдын тулгамдсан асуудал биш. Монгол төрийн тулгамдсан асуудал. Үүнийг төрийн бодлогын түвшинд байх ёстой гэж үзэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Малыг эрүүлжүүлэх, чанарыг сайжруулах талаар цогцолбор арга хэмжээ авна” гэдэгт заалт оруулж өгсөн. Түүнчлэн 1990 оны ардчилсан хувьсгал ялснаас хойш анх удаа монголын төр мал, малчиддаа хандсан том бодлого явуулж, эргэлт авчирч байгаа нь энэ. УИХ-аар малчдын талаар төрөөс баримтлах бодлого “Монгол мал” хөтөлбөрийг баталснаар монгол төрийн бодлого тодорхой боллоо.
-Тус хөтөлбөрийн хүрээнд одоогоор амжуулсан ажил бий юу?
-Байлгүй яах вэ. Тухайлбал, сумдад мал эмнэлэг, үржлийн нэгжүүд байгуулан малын чанар сайжруулах ажил эзэнтэй болж, төрийн бодлогыг газар дээр нь хариуцан зохион байгуулах боллоо. Саяхан Завхан аймгийн сумдын мал эмнэлэг, үржлийн нэгжийн ахлагч нарын семинарыг Улаанбаатарт хийж ажил үүргээ ойлголцож, бодлого чиглэлээ нэгтгэн, санал солилцлоо. Мөн шинээр байгуулагдсан нэгж нь сумын Засаг даргын Тамгын газрын бүтцэд ажиллах төрийн үйлчилгээний албан хаагчид юм. Өндөр ашигтай хээлтүүлэгч, цөм сүргийн эх малыг зөв арчлан хамгаалах, малчин бүрт хүргэж үйлчлэх, малын чанарын удмын бүртгэл хөтлөж, үр дүнг тооцоход сум, аймгийн удирдлага, малчдын идэвх оролцоо, санаачлага, дэмжлэг ихээхэн ач холбогдолтой.
-Удахгүй ес эхлэх нь. Сүүлийн жилүүдэд Завхан нутагт ган, зуд болж мал ихээр хорогдон малын тэжээл дутах, холын аймгаас өвс тэжээл татах зэрэг хүндрэл ихээхэн учрах болсон. Түүнчлэн тэжээлийн өртөг нэлээд өссөн. Энэ жилийн тухайд, өвөлжилтийн бэлтгэл хэр хангагдсан бэ?
-Үнэхээр байдал ийм л байгаа. Мал, малчин хоёр өвлийн цагт туйлдах болсон. Орон нутгийн удирдлага байгалийн боломжийг зөв ашиглаж малын тэжээл бэлтгэх, үйлдвэрлэх санаачлага өрнөхгүй байна. Малын тэжээлийг зохистой шийдэх нэг гарц нь усалгаатай тариалан эрхлэн ногоон тэжээл тариалах, багсармал тэжээл үйлдвэрлэх явдал. Ийм боломж Завханд байна. Услагаатай тариалалт эрхлэхэд тоног төхөөрөмжийн өртөг өндөр байдаг. Гэхдээ УИХ-аас энэ онд манай аймгийн Ургамал болон Тэлмэн сумын Хүрэн талын услалтын систем байгуулах хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүллээ. Эдгээр услалтын систем ашиглалтад орсноор малын тэжээлийн хангамжид эрс ахиц гарсан. Үүнээс гадна хэд хэдэн аж ахуйн нэгжид орон нутгийн боломжийг түшиглэн ногоон тэжээл тарьж хураан авч бэлтгэсэн. Тиймээс энэ жил өнөтэй сайхан өвөлжих байх. Түүнчлэн энд нэг зүйлийг тодруулахад, байгалийн хадлангийн хэмжээг нэмэгдүүлэх, хөрш зэргэлдээ аймаг, сум болон Тува улстай хэлэлцэн тохиролцож хадлан бэлтгэх ажлыг зохион байгуулах чиглэлийг баримтална.
О.СЭЛЭНГЭ
ЭХ СУРВАЛЖ: НИЙГМИЙН ТОЛЬ СОНИН
No comments:
Post a Comment