Saturday, 25 December 2010

Ж.БАТЗАНДАН: "ЭРДЭНЭС ТТ-Д ИРГЭНИЙ ОРОЛЦООГ ХАНГАНА"


“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.

-Дэлхийн хэмжээний томоохон төсөлд ажиллах болсонд тань баяр хүргэе. Томилгоо хэрхэн болсон талаар манай уншигчид сонирхож байгаа байх. Энэ талаар эхлээд тодруулахгүй юу.

- Ашигт малтмалын тухай хуульд иргэний хяналт, оролцоог хангах тухай зүйл, заалт бий. Энэ заалтын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д хараат бус гурван гишүүн томилогдлоо. Ашигт малтмалын ордыг ашиглах, олборлох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах тухай хуулийн зүйл заалтууд 2004 оноос эхэлсэн Иргэний Хөдөлгөөнүүдийн шаардлага, тэмцэлийн үр дүнд бий болсон юм шүү дээ. 2004 онд Эрүүл Нийгэм Иргэний Хөдөлгөөний тэргүүний хувьд миний бие нөхдүүдийнхээ хамт ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөх, стратегийн томоохон ордуудаас ард түмэндээ алтан хувьцаа олгох, хувь хишиг хүртээх асуудлыг анх тавьж жагсаал, цуглаан зохион байгуулж, 300 гаруй мянган хүний гарын үсгийг цуглуулж явлаа. Одоогоос бараг зургаа, долоон жилийн өмнө.

Үүний хүчинд Ашигт малтмалын тухай хуулийн концепц үндсээрээ өөрчлөгдөж шинэчлэгдсэн.
Өнөөдөр ашиглалтанд орж буй аль ч уул уурхайн ордууд дээр иргэний хяналт, иргэний оролцоог хангах эрх зүйн үндэс тавигдсан.
“Оюутолгой”, “Тавантолгой” гэх мэт томоохон ордуудаас эхлээд орон нутагт өрнөж буй ямарч уул уурхайн үйл ажиллагаанд иргэд хяналт тавих боломжтой болсон.

Эрдэнэс Тавантолгой компанийг байгуулах үйл явц ч энэ хуулийн хүрээнд өрнөж байна. Тиймээс Төрийн өмчийн хороо Эрдэнэс Тавантолгой компанид иргэний оролцоог хангах үүднээс ТУЗ-ийн хараат бус гишүүдийг томилсон гэдгээ мэдэгдсэн. Бид ч хариуд нь энэ төсөлд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа уламжилсан. Үүний дагуу ТУЗ-ийн гишүүнээр намайг сонгосон гэж би ойлгож байгаа.

- ТУЗ-ийн гишүүнд таны нэр багтсаныг шүүмжилж буй хүмүүс ч байна? Зарим хүмүүс намын гишүүн учраас иргэний нийгмийг төлөөлөх боломжгүй гэж ярьж байх шиг байна.

- Би эрх зүйч, хуульч хүн. Тиймээс бүх зүйлд хуулийн хүрээнд хандахыг хичээдэг. Тиймээс хэдхэн аргумент хэлье. Нэгдүгээрт, улс төрийн нам гэдэг нь нэг төрлийн иргэний нийгмийн байгууллага. Саяхан хуульч Б.Чимэд гуайн бичсэн “Улстөр хуульчийн нүдээр” гэдэг номонд энэ талаар тодорхой бичсэн байна билээ. Харамсалтай нь, Монголын өнөөгийн улс төрийн намууд иргэний байгууллагын шинж чанараа алдчихсан байна. Иймээс иргэд бухимдаад байгаа юм. Нөгөө талаас иргэний нийгмийн гишүүн улс төрийн намын гишүүн байж болохгүй, намын гишүүн иргэний нийгмийн гишүүн байж болохгүй гэсэн хуулийн заалт Монголд байхгүй.

- Тавантолгойн төслийг удирдлагаар хангах багийн гишүүний хувьд хараат бус статуст үүргээ хэрхэн ойлгож, дүгнэж байгаа вэ?

- Хараат бус гишүүн бол ард түмний ашиг сонирхлын төлөөлөл байна гэсэн үг. Миний хувьд иргэний нийгмийн 15 байгууллагын удирдах бүрэлдэхүүнд багтдаг. Иргэний нийгмийн таван байгууллагын үүсгэн байгуулагч,санаачлагч, тэргүүнээр ажилласаар ирсэн. Одоо ч ажиллаж байна. Хамгийн сүүлд гэхэд Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийн бодлогын хэлтсийн даргаар томилогдсон. Энэ ажил маань ч гэсэн бас л иргэний нийгмийн статустай. Онцлог нь гэвэл Ерөнхийлөгч томилдог. Тэгэхээр Батзандан иргэний нийгмийн төлөөлөл биш гэж ярьж, сандарч байгаа нөхдүүдийг хараад гайхаж байна.

- Та дээр дурьдсан. Иргэний хөдөлгөөнүүд Ашигт малтмалын хуульд иргэний хяналт, оролцоог хангах боломжийг нээж өгсөн талаар. Энэ талаараа тодруулж өгөхгүй юу?

- Ашигт малтмалын тухай хуульд иргэний хяналт, иргэний оролцоог хангах тухай, мөн ард түмэн ашигт малтмалын баялгаасаа хувь хүртэх ёстой гэж долоон жилийн өмнө биднийг гудамжинд тэмцэж, жагсч байхад тухайн үеийн эрх баригчид басамжлан, доромжилдог байсныг санаж байна. Бүтэхгүй шаардлага тавьж байна гээд биднийг ордон руу ч оруулдаггүй байлаа. Тэр хүнд цаг үеүүдийг зарим нь одоо мартчихсан тууж байна л даа.

- Нэг зүйл тодруулмаар санагдлаа. ТУЗ-ийн гишүүдийг томилсон өнгөрсөн баасан гаригт тантай холбогдож лавлахад яагаад баталгаатай хариу өгөөгүй вэ?

- Дөнгөж өчигдөр/уржигдар/ би ТУЗ-ийн гишүүнээр сонгогдсон тухай томилгоог хүлээж авлаа. Албан ёсны шийдвэрээ гар дээрээ хүлээж авахаас нааш томилогдсон гэж хэлэх боломжгүй байлаа. Хуульч хүний хувьд процедурын асуудал байсан учраас би өөрт тань тодорхой хариулт өгөөгүй юм.

- Миний хувьд таны тэр байдлыг тухайн үедээ өөртөө итгэлгүй байсан юм болов уу гэж дүгнэсэн?

- Энд итгэлтэй, үгүйн тухай асуудал байхгүй. Би өөрөө захиргааны эрхзүйч учраас хүний амаар, эсвэл хэвлэл дээр гарсан зүйлд итгэж асуудалд хандаж болохгүй гэдгийг мэднэ. Эрх зүйт төрд эрх зүйн зарчмыг л баримтлах ёстой.

- Хамт ажиллах ТУЗ-ийн гишүүдийнхээ бүтцэд хэр сэтгэл хангалуун байна вэ?

-“Эрдэнэс Тавантолгой” бол төрийн мэдлийн компани. 10 хувь нь иргэдэд үнэ төлбөргүй хувьцаа хэлбэрээр олгогдох ёстой. 30 хүртэл хувийг гадаадын хөрөнгийн биржэд гаргаж мөнгө босгох учиртай. 10 хувийг дотоодын компаниудад хувьцаа хэлбэрээр олгохоор заасан. Тэгэхээр Монголын төр өөрийнхөө өмчийг хэнээр мануулахаа мэдэж байгаа байх гэж найдая. ТУЗ есөн хүний бүрэлдэхүүнтэй. Төрийн төлөөлөл үндсэндээ дийлэнх хувийг эзэлж байгаа. Хараат бус гурван гишүүн байгааг та бүхэн анзаарсан байх.

- Хараат бус төлөөлөл нь тэгэхээр эхний ээлжинд чухам юун дээр төвлөрч ажиллах боломжтой гэж та үзэж байгаа вэ?

- Ард иргэдийн эрх ашиг, тодруулж хэлбэл хувь нийлүүлэгчдийн болон хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхол, нийгмийн шаардлагыг эн тэргүүнд тавьж ажиллах хүмүүс юм. Ер нь сүүлийн үеийн компанийн засаглалд менежментийг боловсронгуй болгох үүднээс хараат бус төлөөллийг багтаадаг арга барил нэвтрээд байгаа юм. Энэ зарчмаар л “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ байгуулагдсан. Тиймээс ТУЗ-ийн гишүүний хувьд компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, бодлогыг тодорхойлох, бизнесийн болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлах, зохион байгуулалт, бүтцийн асуудалд анхаарлаа хандуулах, мөн Монгол улсын холбогдох хуулийн хэрэгжилтийг хангах, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, хангах тал дээр илүү анхаарч ажилллана гэж бодож байгаа. Тавантолгой бол дэлхийн хэмжээний том төсөл. Тиймээс ч дэлхийн хэмжээний бизнесийн бодлого барьж, тэр хэмжээнд сэтгэж ажиллаж байж амжилтад хүрнэ. Энэ бол бизнесийн байгууллага. Бизнесийн байгууллагыг бизнесийн зарчмаар нь явуулахын төлөө л зүтгэнэ.

- Харин тийм л учраас зарим хүн Батзандан улстөржүүлэх вий гэж хардаад байх шиг байна?

- Батзандан гэдэг хүн ямар ажлыг ямар зарчмаар хийхээ мэддэг. Улстөрийн байгууллагад улстөрийн зарчмыг, иргэний нийгмийн байгууллагад иргэнлэг зарчмыг, бизнесийн салбарт бизнесийн зарчмыг л баримтлана.

-Хараат бус гишүүдийг Төрийн компанид хяналтын бүлгийн үүрэг гүйцэтгэнэ гэж ойлгож болох уу?

-Хяналт тавьж хамтарч ажиллана гэвэл илүү зохимжтой байх. Үр дүн хамгийн чухал. Ажил явуулахын тулд ам зөрөх явдал зөндөө гардаг. Эцэст нь амжилт байх ёстой гэж би боддог.

-“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ анхны хуралдаанаа хийж дарга, гүйцэтгэх захирлаа баталлаа. Хурлын уур амьсгал чухам ямархуу байсан талаар хэлж өгч болох уу?

-ТУЗ-ийн гишүүд анхдугаар хурлаа амжилттай хийж, хэлэлцэх асуудлуудаа бүрэн хэлэлцэж шийдвэрлэсэн. Гадаадын төлөөлөл энэ удаагийн хуралд оролцоогүй. Бусад ТУЗ-ийн гишүүдтэйгээ өчигдөр анх удаа уулзаж санал бодлоо солилцлоо.

Түүхэн хариуцлагатай төсөлд оролцож байгаа учраас өндөр хариуцлага хүлээж ажиллана гэдгээ хэлсэн. Тавантолгой төсөл бол дэлхийн хэмжээнд эхний тавд багтах нүүрсний том төсөл. Энэ төслийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, өөрийн бүх хүч чадлаа дайчлан ажиллана. Ард түмэндээ ашигт малтмалаас алтан хувьцаа хүртээхийн төлөө ажиллана. Энэ компани хэдий чинээ амжилттай ажиллана, ард иргэд төдий чинээ их хувь хүртэх боломжтой гэсэн үг. Тэр хэрээр Монгол улсын хөгжлийн боломж, бололцоо нэмэгдэнэ. Хүний хөгжлийн сангийн тухай хуулийн хэрэгжилт ч бодитой хангагдана.

-Хэрэв иргэний хөдөлгөөнүүд уул уурхайн асуудалд анхаарлаа хандуулаагүй байсан бол, жагсаагүй бол гэж Та бодож үзэв үү?

-Хүмүүсийн ихэнх нь зовлонгоо амархан мартаж, жаргалд амархан ташуурдаг. Хэдхэн жилийн өмнө Монголын дийлэнх том ашигт малтмалын орд газрууд хэдхэн хүний мэдэлд очсон байсныг, тэдгээрийг иргэний хөдөлгөөнүүд тэмцэж байж төрд буцаалгаж байсныг арай мартаагүй биз дээ.

Хэрвээ иргэний хөдөлгөөнүүд тэмцэж жагсаагүй байсан бол өдийд иргэний оролцоо, иргэний хяналтыг хангах тухай асуудал байхгүй. Ялангуяа Ашигт малтмал, Авилгын эсрэг хуульд иргэний хяналт, оролцооны тухай томоохон өөрчлөлтүүд, ялангуяа орон нутгийн иргэдийн оролцооны тухай олон чухал заалт орохгүй байх байсан. Энэ бүхнийг бид мартаж болохгүй. Өвлийн хүйтэнд надтай хамт даарч, бээрч жагсаж явсан нөхдүүдээ би мартахгүй. Юуны төлөө тэд тэмцэж байсныг би сайн мэднэ.

-ТУЗ-ийн гишүүнээс тодруулмаар санагдлаа. 200 жил идэх “толгой” гэдэг ч ТЭЗҮ-ийг нь ч батлаагүй гүйцэд судлаагүй гэх юм билээ. Таны гарт өнөөдөр яг ямар мэдээлэл байна. Нууц биш бол ордын талаар жаахан ярихгүй юу?

- Хуучнаар оросуудын судалгаагаар Тавантолгойн орд 6,1 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Нийт 68 мянган га талбайг хамарч байна. Ойрын үед жилд 15 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй байгаа.

УИХ-ын 39-р тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Тавантолгойн бүх лиценз шилжих учиртай. Ордыг үндсэндээ хоёр хэлбэрээр ашиглана. Нэгдүгээрт, Цанхийн зүүн талыг “Эрдэнэс Тавантолгой” өөрийн хүч боломжоор ашиглана. Хоёрдугаарт, Цанхийн баруун хэсгийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хамтарсан консорциумуудыг оруулж ашиглана. Төмөр зам, цахилгаан станц барих, коксийн болон нүүрс цэвэршүүлэх үйлдвэр байгуулахаас эхлээд нүсэр том бүтээн байгуулалт хийгдэнэ. Үүнтэй уялдаж байгаль болон хөдөлмөр хамгаалал, боловсон хүчин, хөрөнгө, санхүүгийн шинжтэй олон шийдвэрлэх асуудал хүлээгдэж байна.

-ТУЗ-д орохоос өмнө Та ер нь Тавантолгойг сонирхож судалж байгаагүй юу?

-2004 онд иргэний нийгмийн төлөө жагсч явахдаа ашигт малтмалын салбарт бодлогын том өөрчлөлт гарах ёстой гэдэгт итгэж байсан. Энэ тэмцлийн үр дүн, бодлогын өөрчлөлтийн хүчээр “Оюутолгой”-н ТУЗ-д Н.Багабанди гуай хүртэл ороод ажиллаж байна. Энэ бол иргэний нийгмийн тэмцлийн бодит үр дүн.

Ер нь аливаа асуудлыг бодитой харж сурах хэрэгтэй л дээ. МАХН-ын гишүүн Багабанди “Оюутолгой”-н ТУЗ-д орсон нь буруу гэж би хэлэхгүй. Тэр хүн иргэдээ төлөөлж чадна. Мөн АН-ын гишүүн Батзандан ч иргэдийнхээ төлөө зүтгэх ёстой. Ер нь алийн болгон ахмадуудаараа ачааны хүндийг бид үүрүүлэх вэ дээ. Залуучууд эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх ёстой, хийх ёстой гэж би боддог. Чадахгүй, мэдэхгүй гэж хэлэх шиг амархан зүйл байхгүй. Ер нь бид мэдэхгүй бол, бид чадахгүй бол энэ улсыг хэн хөгжүүлэх юм бэ. Ер нь цаашид ч стратегийн томоохон ордуудын ТУЗ-д хараат бус гишүүд, иргэдийн төлөөлөлийг түлхүү оруулах жишгийг тогтоох ёстой. Манайхан шинэ юманд их сонин хандах юм. Ойлгохгүй юмаа шүүмжлэх, үгүйсгэх дуртай улс. Эхлээд сонс, дараа нь ярь гэдэг зарчмыг бид дандаа мартах юм. Миний бие таны нэгэн адил амьдарч буй нийгэмдээ шинэ жишиг, дэвшилтэт хандлага тогтоохыг хүсч байна. Эрх чөлөө, эрүүл нийгэм, шударга ёсонд би дуртай.

-Дашрамд сонирхоход компанийн Гүйцэтгэх захирал томилогдлоо. Ер нь Тавантолгойн удирдлагууд ямар нэг хувилбараас сонголт хийлгүй, гэрлийн хурдаар явчих шиг боллоо?

-ТУЗ-ын хурлыг ТӨХ-ны дарга Д.Сугар нээж, ТУЗ-ийн даргыг сонгох асуудлаар ТӨХ-ны дэд дарга санал оруулж, гишүүд сонгосон. Бүх юм дүрмийнхээ дагуу явсан. Энэ бол төрийн өмчит компани. Бизнесийн үндсэн зарчмын дагуу хэнд хяналтын багц байна, тэд шийдвэрээ гаргадаг. Энэ зарчмаар л явж байна. Өнөөдөр ашигт малмалын эрэлт хэрэгцээ, үнэ цэнэ дэлхийн зах зээл дээр өндөр байна. Аль болох цаг хожиж томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нь зөв байх. Бизнесийг улс төржүүлэх шаардлагагүй. Хэрэлдэх бус хэлэлцэж явах учиртай. Дараа дараагийн хурлаар шийдэх олон асуудал бий.

-“Тавантолгой”-н ажлын явц хэр байгаа талаар мэдээлэл бий юу?

-Гүйцэтгэх захирал бидэнд үйл ажиллагааны талаар танилцуулсан. УИХ-ын 2010 оны долдугаар сарын долоонд гарсан тогтоолын дагуу “Эрдэнэс MGL” компани олон ажил амжуулсан байна. Хөрс хуулалт хийх, уурхайн хотхон байгуулах, “Эрдэнэс Тавантолгой” охин компанийг байгуулах, оператор аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах гэх мэт. Яг одоогийн байдлаар 100 гаруй хүн Эрдэнэс Тавантолгой компанийн үйлдвэрлэлийн бэлтгэл ажлыг хангах үйл ажиллагаанд оролцоод явж байна. “Эрдэнэс Тавантолгойн”-н гүйцэтгэх захирлаас хамгийн түрүүнд шаардах зүйл гэвэл, төсөлтэй холбогдож гарч ирж буй бүх баримт бичгүүдийг авч үзмээр байна. Хуульч хүний хувьд аливаа асуудалд эрхзүйн баримт бичгүүдэд тулгуурлаж хандана. Хэвлэл мэдээллээр гарч буй мэдээлэл туйлын үнэн байх албагүй. Тиймээс хэвлэлээс уншсан мэдээллээр хязгаарлах биш, бүгдийг харж танилцана гэж бодож байна. Тиймээс би Гүйцэтгэх захиралд саналаа тавьсан.

-Оператор компанийн тендер буцчихлаа. Шинээр тендерт саналаа ирүүлж буй компаниудын тухай мэдээлэл хэр байна?

-Энэ бол “Эрдэнэс МГЛ”, ТӨХ-ний эрх мэдлийн асуудал. Одоогийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” дөнгөж ТУЗ, Гүйцэтгэх удирдлагаа сонгож, дүрмээ батлаад байна. Бүртгэлийн ажил энэ ондоо багтаад хийгдэх байх. Тэгэхээр ирэх оны нэгдүгээр сараас үйл ажиллагаа нь жигдрээд ирнэ. Миний нэг мөрөөдөл байдаг юм. Монголчууд бид одоо өөр хоорондоо биш, дэлхийтэй өрсөлдөх ёстой. Үндэсний хэмжээнд бус дэлхийн хэмжээнд бизнес эрхлэх ёстой. Хоёр “толгой”, томоохон ордууд, байгалийн баялгууд маань бидэнд дэлхийн хэмжээний бизнес хийх боломжийг олгоно гэж би харж байгаа. Гэхдээ ганц уул уурхайг түшсэн эдийн засгийн бодлого баримтлахаас илүү хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэрлэлийн салбараа дэмжих чиглэлд анхаарах ёстой. Уул уурхай руу хэт туйлшрах нь буруу. Уул уурхайгаас хэт хараат байж бас болохгүй. Уул уурхай бол 100 жилийн настай л бизнес. Харин Монгол үндэстэн үүрд оршин тогтнох учиртай. Иймээс ирээдүй рүү чиглэсэн эрүүл бизнест уул уурхайгаас орж ирэх орлогыг чиглүүлэх ёстой гэж би боддог.

-Эцэст нь тодруулахад хэрвээ та дургүйцэхгүй бол бизнесийн хэр туршлагатай болохоо хэлэхгүй юу?

-Хуульч хүний хийдэг хамгийн том бизнес бол хуулийн фирм. Би ийм бизнес хийдэг. Харин та энэ асуултаа Тавантолгойн ТУЗ-ийн гишүүнээр ажиллах хэмжээний бизнесийн туршлагатай эсэх гэдэг агуулгаар асууж байгаа бол Монголд ийм хэмжээний том бизнес хийж явсан туршлагатай нэг ч хүн байхгүй гэдгийг хэлье. Оюутолгойн ТУЗ-д буй П.Цагаан, Н.Багабанди гуайд ч бизнесийн туршлага гээд байх юм байхгүй. Амьдралын туршлага бол харин байгаа. Хүн юмыг хийж байж сурдаг. Эрдэнэтээс хоёр дахин том бүтээн байгуулалт энд босно. Бид хийхгүй бол өөр хэнч хийхгүй. Гадныханд найдаад гараа хумхиад суух эрх бидэнд байхгүй. Монголчууд бид бүгдээрээ саяхныг хүртэл коммунист нийгэмд амьдарч байсан хүмүүс. Ганзагын наймаа, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлсэн туршлага бол бид бүгдэд байгаа. Харин Дэлхийн хэмжээний төсөл хэрэгжүүлж байсан, түүнийг удирдаж явсан туршлага нэг ч монгол хүнд алга. Тиймээс ч гадныхныг хөлсөлж байна шүү дээ.

Д.Золзаяа

Зохиогчийн эрх:
“Өдрийн шуудан” сонин
Ньюз дот эм эн-ээс авлаа

No comments:

Post a Comment