“Нэг сэдэв” булангийн маань зочин Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны дарга, доктор/Ph.D/, профессор, зохиолч Долгорын Цэнджав энэ удаа “эр зориг”-ийн тухай өгүүлэх болно. Тэрбээр саяхан “Хөх жавар” хэмээх өгүүллэг, эсээ, туужийн номоо хэвлүүлсэн бөгөөд түүний өгүүллэг “Утгын чимэг” наадамд тэргүүн байранд олонтаа шалгарч байв. Энэхүү номд эр зоригийн бахархал болсон үе үеийн эх орончдын тухай гайхалтай урнаар дүрсэлсэн байна. - Монголчууд эртнээс эрх чөлөөний төлөө тэмцэх дуртай хүмүүс байсан юм шиг надад санагддаг. Таны “Цахарын хар шуурга” туужид эх орончдын дүрийг бахархалтай урлажээ. Хоёулаа эр зоригийн тухай ярилцъя. Монголчууд Чингис хаан шигээ эрэмгий хүмүүс мөн биз дээ? - Монгол бол эр зоригийн орон. Монголын юугаар ч шавхагдашгүй өв болсон өвөг дээдсээрээ бахархдаг. Тэд маань ямар гайхамшигтай эх орончид байсан юм бэ? Өвгөдийн цусанд нь монгол газар шороо эргэлдэж байдаг. Өглөө бүхэн уул усаа харсан үр ач нар маань хэзээ ч урвагч болохгүй. Тиймээс бид эх орноо алдаршуулж үлдээх ёстой. Миний “Цахарын хар шуурга” туужийн гол дүр гүн Бавуужавын хувь заяа хөөрхийлөлтэй бөгөөд монголын эх орончдын дунд хамгийн их цоролзсон гал дөл байсан юм. Цэргийн жанжин хүн хатуу, ширүүн байх ёстой. Туйлбаргүй хүн бол жанжин биш. Бавуужав гүн тулалдаанд цэргүүдээ манлайлж явдаг байсан дайчин эр. Холоос цэргээ дурандаж суудаг Наполеонтой адилгүй. Монголын түүхэнд 1911 онд л ардын хувьсгал ялснаас илүү үйл явдал, эрх чөлөөний тэмцэл болсон юм. Энэ үед 220 гаруй жил дарласан манжуудыг хөөн зайлуулж, монгол хүн төр барьж, бие даасан Засгийн газраа байгуулсан. Монгол хүн бүрийн зүрхэнд эрх чөлөөний гал шатаж байсан оргил үе. Богд хаанаа ширээнд залж, тусгаар тогтнолын төлөө хүчтэй давалгаа цалгиж байсан цаг. Тэр үед Өвөрмонголын эх орончдын манлайд Бавуужав гүн туг шиг намирч явсан юм. Гэтэл түүхийн сурах бичигт түүнийг “хулгайч, дээрэмчин” гэж бичсэн байдаг. Үнэнийг ингэж гуйвуулж болно гэж үү? Бавуужав шиг эх оронч цөөхөн. Тэр “Чингисийн үеийн Монгол улсыг сэргээн байгуулъя” гэсэн зорилго өвөрлөж явсан жанжин. Тухайн үедээ Өвөрмонголын 36 хошууг нэгтгээд, 10000 гаруй цэрэг захирч тулалдсан зоригт эр. Өнөө үед ийм эрэмгий дайчин эрс өдрийн од шиг цөөрч дээ. - Өнөөдөр аймхай хулчгар эрчүүд олон уу, эсвэл эр зоригтой хүмүүс нь их үү? Гэмт хэрэг, аймшигт аллага их гарах юм? - Жинхэнэ эр зориг эх оронч хүнд л байх ёстой. Эр зориг нийгмийн эрх ашигтай холбогдож байдаг. Өнөөдөр цаг үеийн бэрхшээлийг давах сэтгэлийн тэнхээгүй, аймхай хучгар эрс олширсон байна. Амьдралд гутарлаа гээд архи их уух юм. Тэглээ гээд ямар жаргах биш дээ. Гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүс ихэнхдээ эр зориг гэхээсээ уурын мунхагаар, согтуудаа хүн хөнөөж, хулгай дээрэм хийсэн байдаг. Энэ бол шунал хүслээс үүдсэн мунхаг явдал болохоос зоригтой хүний хийх үйлдэл биш ээ. - Өнөөдөр монголоо гэсэн сэтгэл, эх оронч үзлээс илүү харийхныг шүтэн бишрэх хандлага газар авч байх шиг санагдах юм? - Эх оронч үзэл харийн хүмүүсийн нөлөөнд автаж, гадаадыг шүтэх үзэл дэлгэрч байгаад, миний сэтгэл эмзэглэж явдаг. Эр зоригийг хэрэгтэй үед нь ашиглах хэрэгтэй. Эр зориг дайн байлдааны үед эх орноо хамгаалахад хүчтэй илэрдэг. Гадаадыг шүтэх үзэл, даяарчлал эх оронч үзлийг бүдэгрүүлж байна. Баабар монгол хүнээ муулж, урмыг нь их хугалах юм. Би монголчуудынхаа сайн талыг харж, урам зоригтой, өөдрөг амьдраасай гэж боддог. Дэлхийд Монголоо авч явах зөв ухаан эр зориг юм. Зөв шийдвэр, зөв удирдлага бол эр зориг. Буруу шийдвэр гарч, ард түмнийг бухимдуулж байна. Өөртөө эрсдэл гаргаж чадах бол эр зориг. Шударга байх нь монголчуудын эр зоригийн бахархал юм аа. Ярилцсан Ш.Билэгсайхан Эх сурвалж цаг төр хүмүүс сэтгүүл |
"Холын хүнд өршөөл тус хүргэж, ойрын хүнд асрал өглөгийг хүртээвээс эв эе бүтэж хүч нэммүй, харийн газар арга чадлаа бэхлэж, халуун зуураа эе эвээ хичээ, үхэлгүй насны шидийг эс олсны тул мөнх бусыг санаж, эрдэмт ламын тангарагийг эвдэлгүй, эзэд хаадын зарлигийг давалгүй, эцэг эхийн сургаалыг марталгүй явагтун" Оюун түлхүүрээс
Saturday, 25 December 2010
Д.ЦЭНДЖАВ: "ДЭЛХИЙД МОНГОЛОО АВЧ ЯВАХ ЗӨВ УХААН ЭР ЗОРИГ"
Labels:
ЦЭНДЖАВ Долгорын
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment