Сагсан бөмбөгийн монголын лиг, АНУ-ын NBA-ын багт тоглож байсан Ц.Шаравжамцын тухай мэдэхгүй хүн ховор бизээ. Харин тэрээр одоо “Bayanzurh buulls” багийн дасгалжуулагч хийхийн хажуугаар “Кингс Кидс” сургуульд биеийн тамир, түүхийн багшаар ажиллаж байгаа ажээ. - Сүүлийн үед юу хийж байна даа? Их л чимээгүй байх шиг… - “Кингс Кидс” сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байгаа. Мөн арав, арваннэгдүгээр ангиудад дэлхийн түүхийн хичээл англи хэлээр зааж байна. - Спорт хөөж байсан хүн түүхийн багш хийнэ гэхээр нэг л бууж өгөхгүй байна? - Би өөрөө түүх сонирхон судалдаг, түүхийн талаар ярилцах их дуртай. Өөрийнхөө сонирхдог чиглэлээр ажиллана гэдэг сайхан. Ном сурах бичгийн мэдээлэл дээр өөрийн уншиж, сонссон зүйлүүдээрээ баяжуулаад хичээл заах сайхан байдаг. - Нэг хэсэг олон хүний анхаарлын төвд байж, NBA-д тоглохоор явж байсан. Тэр үеийнхээ алдаа, оноо дурсамжтай үеэ дурсвал… - Залуу байсан үеийг маань яриад байна аа даа. Тэр үед сайн тоглоно гэсэн зорилготой л байлаа. Олон том зүйлийг хүсч, мөрөөдөж явсан. Зарим нь биелсэн. Зарим нь одоо болтол хэвээрээ. Амьдрал гэдэг чинь алдаатай, оноотой шүү дээ. Энэ нийгэмд олны нүдэнд өртөж байж, хүний сонирхлыг татаж мөнгө олдог болчихож. Олны танил байх гэж юунд дурладаг юм бэ? Ийм нийгэмд амьдарч байгаа ч гэсэн хэний ч анхааралд өртөхгүй, нам гүм гэр бүлийн амьдралаар амьдраад явсан нь хамаагүй сайхан гэж боддог тийм л хүмүүсийн нэг нь би. - Олон зорилготой байсан гэлээ. Тэгэхээр таны мөрөөдөл, зорилгууд биелсэн үү? - Америкт очоод NBA-гийн тоглогчдыг хажуугаас нь харах юмсан гэж боддог байсан. Бүр болохгүй юм бол заалных нь шалыг угаагаад ч хамаагүй хажуугаас нь харах юмсан гэж мөрөөддөг байсан. Очоод тэд нартай тоглочихсон. Мөрөөдөл биелсэн. Биелэх биелэхдээ даваад биелчихсэн. Биелээгүй мөрөөдөл ч бий. Хэмжээнээсээ хэтэрсэн мөрөөдөлтэй хүн ч юм уу гэж заримдаа өөрийгөө боддог юм. Энэ улс орныг аятайхан болгочих юмсан гээд л чадлаас хэтэрсэн мөрөөдлүүд байгаа. Гэхдээ нэг их удахгүй биелэх байх гэж итгэдэг. Тэртээ тэргүй цаг хугацаа наашаа эргэж байгаа. Нэг мундаг хүн “Бумбын эрин эхлэхэд мөнхийн цэвдэгтэй улс дэлхийд ноёлох суурийг эзэлнэ” гэж хэлсэн байдаг юм билээ. Дэлхий дээр Түвд, Монгол хоёр л мөнх цэвдэгтэй. Тэгэхээр монгол л байх гэж итгэдэг. Загасны эрин дуусч бумбын эрин эхэлж байна. - Эх орноо сайхан болоосой гэж хүн бүр л хүсдэг. Харин залуучуудын оролцооны талаар ямар бодолтой байдаг вэ? - Аливаа юм байнга л хоёр талтай байдаг. Хийгээд бүтээгээд явах нэгэн байхад, зүгээр цаг нөгцөөгөөд явж байгаа нь ч бий. Угаасаа залуу нас тийм юм чинь. Өнөөгийн нийгмээс болоод ч тэр үү мөнгө хөөцөлдөх нь их болчихож. Ямар ч хамаагүй аргаар мөнгө олж, мөнгө дагаж хүч ирнэ гэсэн бодолтой залуус олон байна. Харамсалтай байна. Наад зах нь эх нутгийнхаа газрыг гадныханд өгөөд мөнгө авч байгаа хүмүүст үнэн сэтгэлээсээ дургүй. Уурхай нэртэй хэсэг газар авчихсан, түүнийгээ хөрөнгө оруулагч нэртэй хэдэн гадаадуудад өгчихөөд, баяжаад явж байгаа тэр нэг хэсэг залуучуудад дургүй. Бас төрийн алба нэртэй, авлигал аваад, амьдралаа зохиогоод явж байгаа залуучуудад дургүй. - Танаас сагсан бөмбөгийн талаар асуухгүй өнгөрч болохгүй байх. Монголд энэ спортын хөгжил хэр байна гэж үнэлэх вэ? - 2000 он гарсны дараа нэг хэсэг уналтад орсон. 1990-ээд оны дунд үе бол ид сайхан байсан. Одооноос сэргэж байна. Ямартаа ч тэмцээний үеэр үзэгчид маань дүүрдэг болчихлоо. Өнгөрсөн жил сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргил лигийн тэмцээний хаалт дээр “Одоо манай сагс сонирхогчдод заал нь багаддаг болчихжээ” гэж хэлж байсан. Энэ спорт ямар ч байсан манайд хөгжиж байгаа. - Монголд багийн спорт хөгжихгүй ээ гэж их ярьдаг. Та үүнтэй санал нийлэх үү? - Улс нь сайжраад, баяжаад ирэхээр багийн спорт хөгжөөд, хувийн спортууд мартагдаад эхэлдэг. АНУ өчнөөн олон олимпийн аваргуудтай ч хэн нэг ганц тамирчинг асуувал тэр бүр сайн мэдэхгүй. Харин америк хөл бөмбөг, сагс, бейсболын нэг багийн тухай асуухад бүгд мэддэг. Өөрөөр хэлбэл улс орон хөгжиж хүчирхэгжихийн хэрээр эдийн засаг тогтвортой болж, эргээд багийн спортыг хөгжүүлж, ард түмнийхээ сэтгэл зүйг дэмждэг. Тийм болохоор манайд багийн спорт хөгжихгүй биш, хөгжих арай болоогүй байна л гэж боддог. Нэг хүнийг бэлтгэл хийлгээд явах, арван хүнийг бэлтгэх хоёрын хооронд эдийн засгийн асар том зай бий. Манайх одоо нэг хүний, хувийн спортыг хөгжүүлэх чадалтай болчихсон. Баталгаа нь гэвэл өнгөрсөн олимпийн таван медаль. Төрд ч бас спортоо дэмжих бодлого байх ёстой. Харин манай төрд тийм зүйл байгаа эсэхийг би мэдэхгүй л байна. Ерөнхийдөө дэлхийн жишгийг хараад байхад улс чадалтай байх тусмаа багийн спортын хөгжил сайн байдаг. Тэгээд ч дэлхий даяар хамгийн олон хүн сонирхдог спортын төрлүүд дандаа л багийнх байдаг шүү дээ. - Багийн спорт олон нийтийн сэтгэл зүйд үүрэг роль ихтэй гэсэн. Энэ талаар тодруулбал… - Хүүхэд багаасаа багийн спортоор хичээллэвэл хүнтэй хамтран ажиллах, бие биенээ хүндлэх, лидерийг хүлээн зөвшөөрөх гээд нийгэмд хэрэгтэй олон олон сайн чанаруудыг олж авдаг. Одоо манайд лидерээ хүлээн зөвшөөрөх, хамтран ажиллах гэсэн зүйлүүд дутагдаад байгаа шүү дээ. Яагаад гэхээр багаасаа багийн төлөө бус хувиа хичээгээд өсчихсөн хүүхдүүд том болохоороо хэвээрээ л байна. Харин багийн спортод би өөрийгөө золиослоод ч хамаагүй багийн төлөө явж бүгдээрээ амжилтад хүрдэг. Одоо бол бид өөрсдөө мацаад, зарим нь илүү гарсан нэгнийгээ татаж унагаагаад л өөрөө зүтгээд байна. Бие биенийгээ доороос нь дэмжиж нэгийгээ дээш гаргаад, тэр сайн байвал би сайн явна гэдгийг ойлгодог. Харин хувийн спорт нэгийн эсрэг нэг /1:1/ гэсэн зарчмаар урдаас харсан дайсныг дарах ёстой гээд л явдаг. - Хүүхэд, залуучууд спортоор хичээллэхээсээ илүү РС тоглоом хөөх юм. Багш, эцэг эхчүүд биеийн тамирын хичээлийг хоёрдугаарт тавьчихдаг тал бий. - Би энэ тал дээр их шүүмжлэлтэй ханддаг. Улаанбаатарт тоо томшгүй олон сургууль, замбараагүй олон заал байгаа. Энэ заалнууд тэр сургуулийн мөнгө олдог хэрэгсэл болсон. Сургууль нь түрээслүүлчихдэг. Хэрвээ заалаа түрээслүүлдэггүй, амралтын өдрүүдээр хаалга нь хүүхдүүдийнхээ өмнө нээлттэй байсан бол өглөөнөөс орой болтол тэр заал пиг дүүрэн байна. Тийм болгох л ёстой. Боловсролын салбарын хүмүүс энэ талаар бодох л учиртай. Мөнгө олох гэж биш, хүүхдүүдийг эрүүл байлгах гэж заал барьж, байгуулсан баймаар юм. Хамгийн чухал хичээл биеийн тамир. Тэгэхдээ манайхан стандарт гэж нэг юм гаргаж ирээд хүүхдийн дургүй зүйлүүдийг хүчээр заагаад, түүнийг нь шалгаж, дүнгээр унагаадаг. Тэгж зовоох шаардлагагүй. Хүүхэд бүхэн 100 метр газрыг тэдэн минутад гүйнэ гэсэн норм мөрдүүлэх биш биеийнхээ ачааллыг даагаад явахаар эрүүл байхад нөлөөлөх дасгал хөдөлгөөнүүдийг хийлгэх ёстой. Тэр ачааллаа даагаад ажиллаж чадаж байвал эрүүл байна гэсэн үг. Биеийн хөгжлийг нь сайжруулсныхаа дараа тухайн хүүхдийн сонирхдог зүйлээр нь хичээллүүлэх ёстой. Энэ хичээлийн үндсэн зорилго нь хүүхдийг эрүүл, чийрэг болгох. Бичсэн М.Гэрэлтуяа Эх сурвалж: Цаг төр хүмүүс сэтгүүл |
"Холын хүнд өршөөл тус хүргэж, ойрын хүнд асрал өглөгийг хүртээвээс эв эе бүтэж хүч нэммүй, харийн газар арга чадлаа бэхлэж, халуун зуураа эе эвээ хичээ, үхэлгүй насны шидийг эс олсны тул мөнх бусыг санаж, эрдэмт ламын тангарагийг эвдэлгүй, эзэд хаадын зарлигийг давалгүй, эцэг эхийн сургаалыг марталгүй явагтун" Оюун түлхүүрээс
Saturday, 25 December 2010
Ц.ШАРАВЖАМЦ: "МӨНГӨ ДАГАЖ ХҮЧ ИРНЭ ГЭСЭНБОЛОЛТОЙ ЗАЛУУС ОЛОН БАЙНА"
Labels:
ШАРАВЖАМЦ Ц
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment