Friday, 24 December 2010

О.БАТСАЙХАН: "МАНЖААС ТУСГААРЛАХ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ УДИРДСАН ХҮН НЬ БОГД ХААН"


Зочин булан энэ дугаартаа ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Түүхийн ухааны доктор Оохнойн Батсайханыг урьсан юм. Түүний “Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба” түүхэн сэдэвт ном нь саяхан уншигчдын гарт очоод байгаа билээ.
- Яагаад заавал Богдын тухай ном бичих болов оо?
  - Түүхэн үнэнийг тодруулбал Богдыг магтан дуулахгүй байх үндэс байхгүй. Гэхдээ магта­хын тулд биш, түүхэн бодит байдлыг ямар нэгэн үзэл сурталд автахгүйгээр, будаг шунх хэрэг­лэхгүйгээр судалж, энэ хүний үнэн дүр төрхийг тодруулах нь чухал байгаа юм. Ийм зорилгоор VIII Богдын Монголын үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэлд оруулсан хувь нэмрийг тодруулж, эл номоо бичлээ.
  - Энэ тухай материал цуглуулахад бэрхшээлтэй байв уу, бодит байдлаасаа үнэн нь хэр гажсан байсан бэ?
  - Энэ хүний тухай судалгааны ном бараг л байхгүй байна. Социа­лизмын үед VIII Богдыг хамгийн ихээр дайрч гутаан, доромжилж байсан. Түүнийг амьсгалаа хураа­тал Монголын ард түмний хамгийн заналт дайсан, харгис этгээд байсан мэтээр бичжээ. Энэ бүхэн дэндүү өрөөсгөл, түүхэнд харалган байдлаар хандсаны илрэл гэж хэлмээр байна.
  - Монголын түүх үнэн бодитой биш байгаа нь тухайн үеийн нийгмийн үзэл суртал нөлөөлснийх үү?
  - Монголчууд түүхээ сайн мэдэх­гүй байна. Тиймээс түүхээ сонирхдоггүй. Социализмын үед түүхийг үзэл суртлын зэвсэг бол­гож ашигладаг байсан. Хаад ноёдын тухай ярихаасаа ч айдаг байсан шиг байгаа юм. Одоо их, дээд сургуульд түүх бол заавал үзэх хичээл биш, хүсвэл сонгож үзэх хичээлээр л үздэг. Ийм байхад хүмүүс түүхээ мэдэхгүй байх нь аргагүй шүү дээ. Харин гадагшаа гарсан хүмүүс Монголын түүхээ илүү бодит үнэнээр нь мэдэхийг хүсэж байна. Америк соёл уламжлалаараа бахархдаг. Гэтэл манайд “Битлз” хамтлагийн хөшөөг босгоно гээд яриад байдаг мөртлөө Богдын ганц ч хөшөө байхгүй л байна шүү.
  - Богд гэж хэн байв аа. Монголын түүхэнд ямар гавьяа байгуулсан хүн бэ?
  - Манжаас тусгаарлах үндэсний хөдөлгөөнийг удирдсан хүн нь Богд Жавзандамба хутагт. Түүнийг нас барснаас гурав хоногийн дараа Богдын тамгыг өөрөөр хэлбэл төрийн тамгыг Засгийн газарт сүр дуулиантай шилжүүлсэн нь Богд амьд сэрүүндээ төрийн эрх мэдлийг хянаж чадаж байсныг илтгэнэ. VIII Богдын нэр хүнд, нөлөө монголчуудын дунд, бүр нарийвчлан яривал буддын шашинтай халимаг буриад, барга гээд бүхий л монгол овогтны дунд шүтээн нь болсон байсныг XX зууны эхэн үеэс харж болно.
  - Ямар буруу үйл хийснээс түүний нэр хүнд унахад хүрэв. Богдыг архи уудаг, авгай хүүхэн эргүүлдэг байсан гэж бичдэг нь хэр ортой вэ?
  - Хамгийг захирсан Богдын хөрөнгө чинээ, эрх мэдэл нь хязгааргүй байсан учраас түүнд зарим үед билэг танхай аашлах үе гардаг байсныг түүх үгүйсгэдэггүй. Түүний бие даасан байдал нь магадгүй Манжийн эрх баригчдын эсрэг зоригтой дуугарахад нөлөөл­сөн байж болох юм. Бид зах зээлд ороод арван хэдхэн жил болоход хөрөнгө мөнгөтэй хүмүүс ямар ааш аягтай болдгийг харж байна. Хүрээнээс манж амбанг хөөн явуулж, Манжийн эрх баригчдын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байж, нууцаар Орост төлөөлөгч илгээж чадсан нэгэн шүү дээ. Түүний бие даасан байдал нь Монголын үндэсний хувьсгалын удирдагч, эцэг нь болох боломж, бололцоог нээж өгсөн болов уу. Тэрбээр Хиагтын гурван улсын гэрээний дараа Дундад улсын Их Жунтангаас тусгай элчийг тусгайлан томилж, Богд хаанд алтан тамга, өргөмжлөл ирүүлсэнд хүлээн авахгүй буцаасан байдаг. Богдыг амьд сэрүүн байхад нь түүнийг хүндэлдэггүй, түүнд мөргөдөггүй төрийн болон намын удирдах хүмүүс байгаагүй биз ээ. Түүний талаар гарсан сөрөг мэдээллүүд нь ихэнхдээ Богдыг нас барсны дараа л гарсан хэрэг байх.
  - Богдыг төр, шашныг хослон баригч гэдэг. Ер нь төр, шашныг хослуулах асуудлыг та юу гэж үздэг вэ?
  - Богд төр, шашны тэргүүн байсан. 1911 оны Манжаас тусгаар­лахад Богдын роль чухал байсан. Хэрэв тэр байгаагүй бол Түвдийн хувь заяа бидэнд ирэх байсан ч байж магадгүй. Тиймээс тухайн цаг үедээ бол оносон шийдвэр байсан гэж үздэг. Орчин цагийн тухайд төр шашин хослох нь зөв буруу эсэхийг би хэлж мэдэхгүй.
  - Манж амбан, Жавзан­дамба хутагт хоёрын харил­цааны тухайд?
  - 1910 оны эхээр Шиш­маревын хийсэн нэгэн тэмдэг­лэлд: “Хутагт болон Хүрээний амбан Сандо хоёрын харилцаа лам нарын хэргээс үүдэн улам хурцадсаар байна”, “Шанзодба болон да лам нарыг албан тушаалаас нь зайлуулах тухай Бээжингийн шийдвэрийг Хутагт болон Шавийн яам хэрэгжүүлэхгүй байгаа тухай” Сандоо Бээжинд мэдээллээ хэмээн Оросын консул тэмдэглэсэн байдаг. Жавзандамба хутагт Манжийн Засгийн газрын шийдвэрийг сөрж, лам нараа хамгаалан зогсож чадаж байсны нэгэн илэрхийлэл юм. Тэр үед болсон лам нарын зодооны тухайд энэ нь зөвхөн хэдэн лам нарын танхайрсан хэрэг төдий бус бүр улс төрийн шинжтэй болохыг харуулсан. Эл зодоон нь Манж амбанд монголчуудын дундах уур амьсгал хичнээн хурц байгааг харуулаад зогсоогүй хэзээ мөдгүй шүдэнз зурахад л асахад бэлэн байгааг мэдрүүлсэн болов уу.
  - Богд хааны хүүхэд нас, гэр бүлийн талаар мэдээлэл ховор байх шиг ээ?
  - Таван настай байхад нь тодpуулан Хүpээнд залж иpснээс хойш түүний бүхий л амьдpал Монголын түүхтэй холбогдсон юм. Богдын эцэг Гончигцэрэн нь замдаа нас барсан тухай мэдээ бий. Иймээс тэрбээр хоёр ах, ээж Ойдовдулам, дүү Лувсанхайдав нарын хамт долуулаа Монголд ирсэн байна. Богдын дүү Лувсанхайдав нь шарын шашны чойжин лам болж, Хүрээнд тусдаа сүм бариулсан нь эдүгээ ч Чойжин ламын сүм нэрээрээ хадгалагдан үлджээ. Богд багаасаа сэргэлэн цовоо хүүхэд байсан тул монгол хэл, бичиг чадамгай сурч, улмаар биеэ их л чөлөөтэй авч явдаг нэгэн болсон төдийгүй Бээжингийн хяналтанд тэр бүр орохгүй байжээ. Богдод багаас нь төвд, монгол хэл бичиг зааж, улмаар шашны болон дорно дахины ёс заншлыг түүнд сургасан байна.
  - Богдыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжлөхөд өрсөлдөх хүмүүс гараагүй юм уу. Алтан ургийн хан, ноёдууд бүгд л байсан шүү дээ?
  - Чухамдаа түүнтэй өрсөлдөх хүмүүс гараагүй гэж хэлж болно. Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын хаан ширээнд өргөмжлөхөд хэд хэдэн үндэслэл нөлөөлсөн нь дамжиггүй юм. Тухайлбал, тэрээр монголчуудын дунд шашны тэргүүн төдийгүй улс төрийн хамгийн нэр хүндтэй зүтгэлтэн болж амжсан байв. Бүр 1895 онд Хүрээнд сууж байсан Оросын ерөнхий консул Шишмарев бичихдээ “Хэрэв Монголд үндэсний ямар нэгэн хөдөлгөөн гарах аваас түүнийг Богд толгойлоход гайхах хэрэггүй” хэмээн түүний нэр, нөлөөний тухай бичсэн.
  Нөгөөтэйгүүр Анхдугаар Богд Жавзандамба болох Өндөр гэгээн Занабазар нь Чингисийн алтан ураг болох Түшээт ханы хүү байсан тул түүний хувилгаан дүрүүд нь алтан урагтай шижим холбогдсон хэрэг хэмээн монголчууд үзэж байв. Богдын зөвшөөрөлгүйгээр хэн ч өөр алхам хийж байгаагүй бөгөөд 1911 он гэхэд Хүрээнд ноёдын цугларах, тарах нь хүртэл Богдын адисгүйгээр болдоггүй байс­ныг эх сурвалжид нэг бус тэмдэглэгджээ.
  - Монголын үндэсний хувьсгалын оргил үеийн талаар 2007 оноос эхлэн тэмдэглэж буй үндэсний эрх чөлөөний өдөр чухам юу болсон талаар хэр зэрэг тусгагдсан бэ?
  - Богд Жавзандамба хутагтын санал, санаачилга, удирдлага дор монголчуудын Манж Чин улсаас тусгаарлах тэмцэл үргэлжилсээр түүний оргил болж, 1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр тусгаар тогтнолоо албан ёсоор тунхаглан зарласан төрийн ёслол болсон билээ. Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын наран гэрэлт түмэн наст эзэн хаанд, Цагаан дарийг улсын эх гэж өргөмжилж, оны цолыг Олноо өргөгдсөн гэж нэрийдэж, Их Хүрээг улсын төв Нийслэл Хүрээ болгон Монгол улсыг байгуулж, дэлгэр их ёслолыг явуулсан билээ. Ингэхдээ Богд эзэн хаанд хааны эрдэнэ, хасын тамга, алтан үсэгт өргөмжлөл наймаад хадаг сэлтийг бэлэглэн өргөж, төрийн ордноо хуралдсан хүн бүгдээр хичээнгүйлэн Богд хаан, Улсын эхэд тус тус гурвантаа сөгдөж, есөнтөө толгой дохиж” мөргөсөн гэж бичсэн байдаг.
  - Богд хааны тухай түүх судлалд явж ирсэн хуучин, шинэ дүгнэлтүүд хэр зөрүүтэй вэ?
  - Бүгд Найрамдах Монгол ард улсын түүхийн нэгэн ботид “Монголын шарын шашины толгой Жавзандамба хутагт монголчуудын эзэн хаанд өргөмжлөгдөж, шашин төрийг хослон барьсан тэргүүн болжээ” гээд “Бүгд найрамдах байгуулал тогтоох аятай шалтаг нь Богд гэгээн нас барсан явдал байв” хэмээн бичсэнээс өөр дүгнэлт хийгээгүй байна. Уг түүх бичлэгт ерөнхийдөө Богдын засгийн газар гэх юм уу, Богд тэргүүтэй хар, шар феодлууд шунахай мөлжигч байсан гэснийг нотлох үүднээс хийгдсэн бичлэгүүд олонтаа тохиолдоно. Богдын үйл ажиллагаанд эерэг талаас нь дүгнэлт өгөх оролдлого социализмын үед ч гарч байсныг тэмдэглэх нь зөв байх.
  Монголын эрдэмтэн Ш.Сандаг бүр 1971 онд хэвлүүлсэн зохиол­доо “Нэн ялангуяа 1911 онд Монголын үндэсний тусгаар тогтнолыг тунхаглаж хэмжээгүй эрхт Богд хаант феодлын Монгол улс байгуулсан явдлын ач холбогдлыг олон талаас дэнслэн үзээгүй, тэр үеийн улс төрийн зүтгэлтний үйл ажиллагааг хавтгайруулан дүгнэсэн” гэж бичсэнээсээ болж, өөрөө дарамт шахалтанд орж байсан удаатай. 1990-ээд оны эхэн үеэр шинэ уур амьсгал орж эхэлж байх үед бичиж хэвлэгдсэн “ХХ зууны Монгол” хэмээх түүхийн зохиолд “Монголын тусгаар тогтнолын тэмцлийн удирдагчийн тухай ярихад VIII Богд Жавзандамбын тухай дуугүй өнгөрөх аргагүй юм. Түүний бие Ар Монголын шашины тэргүүн гэгддэг байсан боловч шарын шашиныг шүтдэг нийт монгол туургатны номын багш хэмээн шүтэгддэг байжээ хэмээн өгүүлсэнбайдаг.
  - Түүхчийн хувьд Богдын талаархи өөрийн тань байр суурь?
  - Богдын оролцоогүйгээр, түүний удирдлагагүйгээр Мон­голын үндэсний хувьсгал ийм үр дүн олохгүй байсан байж мэднэ гэж бодож байна. Хэдийгээр түвд цустай хүн боловч Монголын үндэсний хувьсгалыг удирдан амжилтанд хүргэсэн эцэг нь яах аргагүй мөн билээ. Үндэсний хувьсгалын эхний үйл явц Монголд өрнөхдөө Богд Жавзандамба хутаг­тын бодсоноор өрнөж, Халхын ноёдын дагалдсанаар болсон байж болзошгүй. Харин үйл явц нэгэнт эхэлж, үр дүн гарч эхэлсний дараагаар ноёдоос Монголын төрийн уламжлал, угсаагаа бодож, Богд эзэн хааны явуулж эхэлсэн бодлоготой тэрсэлдэх явдал гарч эхэлсэн болов уу хэмээн санадаг.
Ярилцсан О.БОЛОРМАА
Эх сурвалж Цаг төр хүмүүс сэтгүүл

No comments:

Post a Comment