Монголын утга зохиол судлалын төвийн тэргүүн Д.Гүн-Үйлс гэхээр өнөөдөр мэдэхгүй хүн ховор биз. Ялангуяа номын хүрээнийхэн, залуучууд, гадаад хэл сонирхогчид бүр ч илүүтэй мэднэ. TV ярилцлага, сонин сэтгүүлийн хуудаснаас түүний үгийг бид олонтаа сонсч байсан. Харин энэ удаа арай өөр сэдвээр ярилцахаар түүнийг зочноор урьлаа. - Таныг 25 жилийн өмнөх үед чинь буцаагаад аваачья гэвэл та яах вэ? - Иймэрхүү асуултыг сэтгүүлчид ихээр тавьдаг нь өөрөө миний гайхлыг төрүүлдэг. Магадгүй, ингэж асууж буй залуус маань өөрсдөө ямар нэгэн цаг үед очих, бага залуу настайгаа эргээд учрах, нэг бол хэн нэгэн алдартай том хүний дүрд орох сонирхолтой байдаг шиг байгаа юм. Миний хувьд гэвэл хэрвээ 25 жилийн өмнө өнөөдрийнхөө ухаан бодолтой очих юм бол их олон юмыг өөрчлөх байх гэж бодож байна. Мэдээж өнөөдрийн миний бичиж туурвисан энэ олон ном товхимол байхгүй л байх байх л даа. Өөрийн дураас шалтгаалахгүй оччих юм бол өөртөө болоод эх орондоо хэрэгтэй зүйлийг их л хийх байсан байх. Өнгөрүүлсэн үеийн алдаа оноо өмнө минь дэлгэсэн захидал мэт илхэн байна шүү дээ. Хэрэв ид шидтэн гарч ирээд өөр чөлөө боломж олгох юм бол хүн биш, харин морь, нохой, яст мэлхийн дүрд хувилж үзэх байсан юм. Мэдээж хэрэг үүрд биш л дээ. Тэд юу боддог , юу сэтгэдэг , тэдний ертөнцөд их зохиолчийн бичсэн шиг янз янзын юм байна уу гэдэг үнэхээр сонин. Ер нь ч энэ дэлхий ертөнц хүнд ганцааранд нь заяагдаагүй шүү дээ. - Та ямар нэгэн амьтан тэжээдэг үү? - Тэжээдэг. Миний хообий бол нохой. Надад хоёр дог, хоёр сенбернар, нэг немц овчарк бий. Дахиад ч өөр төрлийн нохой авахаас буцах юм алга. Тийм олон нохойг орон сууцанд тэжээнэ гэдэг хэцүү. Тийм болохоор гэрээсээ өөр газар байлгадаг. Хотын төвөөс зайдуу миний эдлэн байдаг юм. Барууны ойлголтоор бол эдлэн газар. Тэндээ тэднийгээ өсгөж тэжээдэг. Нохой их хөөрхөн, ухаантай амьтан. Би тэдэндээ хайртай, тэд ч надад хайртай. Хүнээс өөр амьтан чамайг хайрлана гэхээр сонин байгаа биз дээ. Их сонин мэдрэмж. Гэхдээ гоё. Ямар ч мөнгөөр тийм таашаалыг худалдаж авах боломжгүй. Одоогийн залуучууд нохой их тэжээдэг болж. Үүнийг би зөв гэж боддог. Нохой чамаас хэзээ ч урвахгүй. - Хоёулаа одоо залуу насны талаар ярилцах уу? - Залуу нас гэдэг бол дуу хууртай, хөгжөөн наргиантай нас байдаг. Хүний амьдралын сайхан үе шүү дээ. Гэхдээ хүний амьдралын энэ үе нь сайхан, тэр үе нь муухай гэж хэлэх гээгүй. Амьд явах агшин бүр сайхан. Хаа ч очсон зузаан зузаан нүдний шил зүүсэн залуу хүмүүс ном уншаад л, номын санд зайгүй суугаад л, зугаа цэнгээний газар хоосроод л, зөвхөн хичээлийнхээ тухай яриад л байна гэж байхгүй. Гэсэн хэдий ч залуу насанд сурсан эрдэм хамгийн үр өгөөжтэй байдаг. Оюутан ахуйн дөрөв тавхан жил алс хэтийн амьдралын олон жилийн түвшинг тодорхойлдог гэдгийг санах хэрэгтэй юм. Залуу насанд сурсан эрдэм гантиган дээр сийлсэн мэт, өтөл насанд сурсан эрдэм элсэн дээр бичсэн мэт гэж үг байдаг. Залуусыг дотор нь гурав хувааж болмоор мэт. Баян айлын үнэтэй машин унасан залуус хоорондоо их нийлэх жишээтэй. Гэхдээ эдэн дундаас зарим нь сайн хүн болж, чадвар эзэмших нь бий. Түүнчлэн дундаж түвшний болон ядуу айлын хүүхдүүд гэх маягаар ангилагдаад байх шиг байгаа юм. Ер нь ямар ч нийгэмд ийм л байдаг л даа. Бүх зүйл орлогоороо яригдаж байна. Хүн хэдий хэрийн орлоготой байна гэдэг нь харамсалтай нь амьдралын маш том үзүүлэлт болчихжээ. Орлого багатай хүн хүүхэддээ чанаргүй, амин дэмээр дутмаг хоол хүнс авч өгнө. Нүдийг нь тайлах, боловсролд нь хэрэг болох зүйлд бага сургана, амьдралын ухаанд боловсруулахдаа тааруу. Ийм мэтийн зүйлээс болж ядуу байдал нь залгамж чанараа хадгаладаг. Энэ өнөөгийн нийгмийн эмгэнэлтэй дүр зураг. Аав ээжүүд үр хүүхэддээ хөгжлийн чиг баримжаа олгохгүй байна. Тэгэхээр аав ээж нь л зөв залах ёстой. Тэрчлэн эцэг эхчүүдийн орхисон энэ орон зайг багш нар нөхөх хэрэгтэй. - Улс орны хөгжил залуусаас эхэлнэ гэдэг шүү дээ? - Тэгэлгүй яахав.Улс орны хөгжил тэдний хандлагаас эхэлнэ. Одоо яваад байгаа энэ нэгэн хэвийн хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Сэтгэлгээний нэг хэвийн загвараас чөлөөлөгдөх хэрэгтэй. Үүн дээр зарим нэг нь уламжлалын тухай сөхөх байх. Уламжлалаа авч үлдэнэ гэдэг маань хуучинтайгаа зууралдана гэсэн үг биш. Тэгээд ч аливаа шинэчлэлийг зөвхөн насны хувьд залуу хүмүүс л хийдэг. Нас нь явсан хүмүүс шинэчлэл хийсэн түүх хүн төрөлхтөний түүхэнд байхгүй. Тэгэхээр залуу байна гэдэг гоё нас юм. - Хөгжил, хандлага хоёр салшгүй холбоотой байхнээ? - Би тийм гэж боддог. Жишээ нь нэг ийм хандлага байж болох юм. Монголын засгийн газар дэлхийн нэртэй хамтлаг юм уу нэг дуучныг урьж авчраад Монголын тухай сайхан дуу захиалж болно. Нилээд хэдэн ногоон төлнө л дөө. Тэр нь дэлхийд хит болог л дээ. “Касабланка” шиг. Мароккод байдаг хариугүй л газар шүү дээ. Тэгэхэд өнөөдөр Касабланка-г мэдэхгүй хүн дэлхийд бараг алга. Энэ бол Монголын тухай маш том сурталчилгаа болно. Одоо чинь хамтлаг дуучидтай холбоо тогтооход их амархан болсон байна. Өөрсдөө үгийг нь зохиогоод өгсөн ч болно шүү дээ. Түүнийг нь орчуулаад өгөх чадалтай орчуулагчид манайд байна. Дуу гэдэг бол гайхамшигтай зүйл. Дууг дагаад аяндаа залуус маань ч хөгжинө. Нэр хүнд хүнийг хүмүүжүүлдэг гэдэг үнэн юм шүү. - Улс төрд залуу хүмүүс их орох болжээ. Үүнийг та юу гэж боддог вэ? - Улс төрд орохын тулд тухайн хүн өөртөө би улс төрд орох хүн мөн үү биш үү гэдэг шалгуурыг тавих ёстой. Улс төр гэдэг энэ том тогоонд чанагдах хүн өөрийгөө үл хайхран өргөн олныхоо эрх ашгийг өмнөө тавин, тэдний төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг байх ёстой. Бараг л лам хувраг шиг л юм. Лам нар энэ насны амьдралаа үл хайхран, нирваанд хүрэхийн төлөө явдаг. Тэдэнд эхнэр хүүхэд, энэ насны эд баялаг гэж байх учиргүй. Тэд хувилгаан шинж нь бүрдчихсэн хүмүүс байдаг учраас энэ насны явдлыг огт тоодоггүй. Улс төрчид үүн шиг л юм. Өөрийгөө, өөрийн өчүүхэн ашиг сонирхолоо юман чинээ тоодоггүй ард олноо л гэж явах учиртай. Намаа ч тоох ёсгүй. Тэгвэл эгэл жирийн хүмүүс өөрийгөө, өөрийн ашиг сонирхолоо бодож болдог. Харин дарга болох зорилгыг өмнөө тавиад гутлаа гялалзтал тослоод, зангиагаа чивчийтэл зүүгээд явах нь залуу хүний улс төрд орох шалгуур биш. Нөгөөтэйгүүр улс төрийн аль нэгэн намд орно гэдэг бол үзэл онолын асуудал. Итгэл үнэмшил байдаг. Социалист ардчилсан, либерал, социал демократ, бүгд найрамдах гэх мэт үзэл онолуудын аль нэгнийг нь шүтэж, итгэл үнэмшлээ болгож байж л тэр үзлийг дээдэлсэн намд нь ордог шүү дээ. Түүнээс биш энэ намд нь миний найз нар, ах нар байдаг юм чинь орчихноо гэвэл буруу. Зарчмын хувьд ийм юм. Хүн аль нэгэн намд элслээ гэхэд үзэл онолыг нь л харгалздаг. - Зарим залуус маань мөнгө олохын тулд сурч боловсрохоо ардаа тавьдаг. Харин зарим нь сурч мэдээд түүгээрээ мөнгө олно гэж боддог. Та үүн дээр юу хэлэх вэ? - Амьдрах маш олон арга зам байдаг байх. Зарим нь дунд сургуулиа төгсөнгүүтээ мөнгө олохоор шийдээд амьдралаас бүхнийг сурч мэднэ гэсэн бодолтой байдаг. Нөгөө хэсэг нь зөвхөн мөнгө л олохыг урдаа барин боловсрохыг бүр мартдаг. Үнэнийг хэлэхэд оюутнууд маань яг л нэг хэвийн байх юм. Суралцаж буй мэргэжлээр нь жил бүр маш олон оюутан төгсөж байна. Эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаагүй хоньчин хургачингууд олон байна. Би нэг жишээ хэлье. Гадаадын нэр хүндтэй их сургуулийн эдийн засгийн багш нар нийлээд нэгэн компани байгуулсан байгаа юм. Гэтэл хэсэг хугацааны дараа компани нь дампуурсан байдаг. Яагаад гэвэл тэд эрсдлийг хэтэрхий их тооцоолж, онолыг хэтэрхий их баримталж л дээ. Амьдрал дээр бол өөр. Миний нэг найз өнөөдөр 5 тэрбум төгрөг хурааж чадсан. Тэгсэн мөртлөө тэр ямар ч сургууль төгсөөгүй. Магадгүй тэр эдийн засгийн ном уншаад байсан бол тийм их мөнгө хураахгүй ч байж болох байсан. Мөнгө үнэхээр эмзэг асуудал. Мөнгөтэй болох эсэх, цаашлаад сайхан амьдрах эсэх асуудалд их болгоомжтой хандах нь зүйтэй. - Таны бодлоор залуу хүн ямар байх ёстой вэ? - Ямар ч үед өөрийнхөөрөө байх зан чанар хамгийн гайхамшигтай. Магадгүй тэр хүн ухаан муутай байг л дээ. Яваандаа хүмүүс түүнийг ухаан муутайгаар нь хүлээж авч, хүндлэн хайрладаг болох жишээтэй. Мөн үргэлж сайн сайхныг бодож сайхан өнгө ялгаруулах хэрэгтэй. Хурц тодоор ялгараагүй мөртлөө од болох гэж зүтгэсэн хүнд би дургүй. - Сүүлийн жилүүдэд залуус маань хэлийг мэргэжил болгохоосоо илүү хэрэглээ гэж үзэн тухайн мэргэжлийнхээ хажуугаар нь сурч байна. Энэ зөв үү? - Зөв байлгүй яах вэ. Хүн ямар нэгэн хэлээр бусадтай ойлголцдог, харилцан ярьж чаддаг болсон, одоо хангалттай гэж үзэж байгаа бол болно шүү дээ. Миний хувьд гэвэл хэлийг өөрийг нь судалдаг, мөн чанарыг нь сонирхдог хүн учраас хэл гэдэг нь мэргэжил болчихож байгаа юм. Мэдээж хэрэг хүн бүр хэлзүйч болох албагүй шүү дээ. Нэгэнт хэлний тухай яриа дэлгэснийх залуус маань хэл сурахын тулд өөрийнхөө сайн мэддэг зүйл дээрээ тулгуурлан сурах нь дээр байдаг гэж хэлмээр байна. Миний найз МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан 14 хэл мэддэг. Бүр мэдсэн шиг мэднэ. Гэхдээ тэр хэлний идэвхитэй орчин байгаагүй үед сурсан гэж байгаа. Найз маань спорт сонирхдог учраас тэр сонирхолоо хөгжүүлэхийн тулд түүн дээрээ түшиглэж сурсан. Би бол утга зохиолд дуртай учраас түүн дээрээ түшиглэн хэл сурах гэж оролдож байна. Монголчууд орчуулга, дуун хөрвүүлгэ хийх арвин их туршлагатай ард түмэн. Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ч.Чимид, Л.Хүрэлбаатар, Г.Аким гээд томчууд байна шүү дээ. Би тэдний дэргэд бол өчүүхэн, нэг хоёр өгүүлбэр холбох төдий. - Одоо та ямар бүтээл дээр ажиллаж байна даа? - Би Пүрэвсамбуу гэдэг хүнтэй хамтран “Уншихыг хориглоно” гэсэн нэртэй сэтгэлгээний талын ном бичиж байна. Ер нь би нэг дор хэд хэдэн ном зэрэг эхэлчихдэг юм. Нэгэн дээр нь гацвал нөгөөгөө бариад суучихдаг. - Ямар сонин нэртэй юм бэ? - Аливаа зүйлийг эргэцүүлдэггүй түүнээс хол хөндий байдаг хүмүүс уншчихаад шүүмжлээд байх вий гэсэн агуулгаар ингэж нэрлэсэн юм. Ерөнхийдөө сүнс, амьдрал, үхэл, хүн гээд мөнхийн асуултанд ганц нэг хариулт өгөх гэж оролдсон ном. Сонирхолтой бүтээл болох байх гэж найдаж байна. Үнэхээр л “залуу насанд сурсан эрдэм гантиган дээр сийлсэн мэт” гэдэг мэргэн үгийг сонсоод сэтгэлд нэг бяцхан гал асчихаад бүүр их гал болон дүрэлзэхийг хүсэх шиг.,, Түүний үнэтэй цаг хугацаанаас хугаслан залуусын тухай ярилцсан минь энэ.Залуусаа та бүхнийг энэ сургамжтай олон үгийг дотроо тунгаан ,амьдралдаа хэрэгжүүлэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Эх сурвалж цаг төр дот эм эн |
"Холын хүнд өршөөл тус хүргэж, ойрын хүнд асрал өглөгийг хүртээвээс эв эе бүтэж хүч нэммүй, харийн газар арга чадлаа бэхлэж, халуун зуураа эе эвээ хичээ, үхэлгүй насны шидийг эс олсны тул мөнх бусыг санаж, эрдэмт ламын тангарагийг эвдэлгүй, эзэд хаадын зарлигийг давалгүй, эцэг эхийн сургаалыг марталгүй явагтун" Оюун түлхүүрээс
Friday, 24 December 2010
Д.ГҮН-ҮЙЛС: "АМЬД ЯВАХ АГШИН БҮР САЙХАН"
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment