"ЦАГ ТӨР ХҮМҮҮС" СЭТГҮҮЛ NTV телевизийн Бизнес төлөвлөлт, маркетингийн албаны дарга Д.Сайнбаярыг энэ дугаарын зочиноор урьлаа. - “Global CEO” нэвтрүүлгийн дараагаас та телевизэд ажиллах болсон. Яагаад ийм сонголт хийв? - Олон компани надад ажлын санал тавьсан. Гэхдээ би хэвлэл мэдээллийн салбарт ажиллаад үзье гэж шийдсэн. Медиа салбар бол нийгмийн хөгжлөөс нэг шатаар өмнө явдаг салбар. Нийгмийн чиг хандлагыг тодорхойлж, хүмүүсийг соён гэгээрүүлэх үүрэгтэй хүчтэй зэвсэг. Харин манай салбар ингэж чадаж байгаа юу үгүй юу? Баруунд хамгийн чадварлаг, хамгийн өндөр цалинтай хүмүүс телевизэд ажилладаг. Харин монголд эсрэгээрээ байх тохиолдол их бий. Гэтэл энд ажиллаж байгаа хүмүүс нь боловсрол багатай, чадвар муутай, цалин багатай байх юм бол яаж соён гэгээрүүлэх юм бэ? Телевизэд ажиллана гэдэг асар том хариуцлага, нэр хүндийн асуудал байх ёстой. Бидний хийж байгаа ажлыг улс орон даяар харж байдаг. Тийм болохоор бидний алдаа, оноо бүхний өмнө ил байдаг. - Тэгвэл яагаад заавал NTV телевиз гэж? - NTV телевиз бол монголын шинэ, өсч яваа телевиз. Би энэ хөгжлийн нэг хэсэг нь болж, хийж болох өөрчлөлтүүдийг хийж, хувь нэмрээ оруулахыг хүссэн. Энэ өдрүүдэд NTV телевизийн 2 жилийн ой тохиож байна. Энэ хоёр жилийн хугацаанд монголын хамгийн олон үзэгчтэй таван телевизийн тоонд багтаж чадсан амжилттай яваа хамт олон. Бид мэдээллийн зуунд амьдарч байна. Завгүй хүмүүст чухал мэдээлэл л хэрэгтэй гэдэг утгаар нь бүгдийг бус чухлыг нь мэдээлэх зорилготой ажилладаг. Мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангахад анхаардаг. Зүгээр нэг мэдээлээд зогсохгүй, энтертайнмент чиглэлээр нэлээд түлхүү ажиллаж монголын тэргүүлэх энтертайнмент телевиз болох зорилго тавьж байгаа. Манай вэбсайтаас хэн дуртай нь ажлын анкет авах бүрэн бололцоотой боловч бид дээр нь ингэж бичсэн байдаг: “Бид өөдрөг өнгөнд дуртай. Өөр өнцгөөр хардаг. Бид өөрчлөлтийг авчирч, хийж бүтээхийг эрмэлздэг. NTV-д та өөрөө өөрийнхөө босс байж болно. Гэхдээ NTV нь бүх хүмүүст зориулагдсан ажлын талбар биш. Энэ нь ч сайн хэрэг. Яагаад гэвэл бид өөрийгөө хамгийн сайн гэж бодож буй, эсвэл хамгийн шилдэг нь болохын төлөө зүтгэдэг тэр хүнийг л багтаа авна.” гэсэн байгаа. Цалин гэдэг монголд харьцангуй ойлголт болж байна. 150 мянган төгрөгийн цалинтай сэтгүүлчээр ажилд ороод, сайн ажиллаад сайн найруулагч болоод сая төгрөгний цалин авах боломж бий. Үнэхээр сайн нэвтрүүлэг хийх юм бол өнөөдөр монголын зах зээлийг жижиг гэж голохооргүй болсон. - Энэ олон телевизүүдийн дүр төрх хэзээ нэг нэгнээсээ ялгарах юм бол? Хэвлэлийн бага хурлын ч юм уу, үйл явдлын яг адилхан асуудал, мэдээнүүд л оройжин ээлжлээд гардаг шүү дээ. Ер нь телевизүүдийн ойрын ирээдүй таныхаар ямар харагдаж байгаа вэ?- Барууны телевизүүд үнэхээр өргөн, далайцтай зүйлүүдийг мэдээлж чаддаг. Дэлхийн хаана, юу болж байна тийшээ очиж чадaх эдийн засгийн нөөц бололцоо нь байж байдаг. Харин манайд яадаг вэ гэхээр Улаанбаатар дотроо л эргэлдээд болоо. Hэг юм боллоо гэхэд монголын бүх телевизийг урьчихдаг. Гэтэл Токиод бол тэгэх боломжгүй шүү дээ. Хөдөө орон нутгаас ч мэдээ бараг бэлддэггүй. Энэ нь хүн амын тоо, эдийн засгийн чадвартай холбоотой. Төлбөртэй ярилцлага, мэдээлэл их явж байгаа. Сайн анзаарвал манай телевизэд “бизнес мэдээ” гэсэн булан байдаггүй. Угтаа бизнес мэдээ гэдэг бол хөрөнгийн зах зээл, алт, зэс, нефтийн ханш, арвай буудайн үнэ ямар байгаа тухай мэдээлдэг байх ёстой. Гэтэл өнөөдөр нэг дэлгүүрт зарагдаж байгаа жинс, чихэр боов рекламдаад бизнес мэдээ гэж нэрлээд байдаг нь буруу юм. - Бүх л телевизийнхэн нэг л цонхоор хараад байгаа юм биш үү? Тухайн үйл явдал харагдаж байгаагаасаа өөр байж болно шүү дээ? - Улс төр тойрсон байнгын будлиан болж байдаг. Үүнийг нь дагаад телевизүүд хүнд хэрэгтэй нэвтрүүлэг гэхээсээ илүү хорин телевиз хориулаа бүтэн хэдэн сарынхаа эфирийн цагийг сонгууль тойрсон хэл аманд зориулж байна шүү дээ. Эдийн засгийн тооцоо хийвэл ямар их цаг, ямар их бололцоо алдаж байгааг харж болно. Сонгуулийн хуулийн ойлгомж муутай заалтаас болоод эхэлсэн тэр хэрүүлийг мэдээлснээрээ, дамжуулснаараа, хүмүүс түүнийг нь үзснээрээ ямар бодит үр дүн гарах юм бэ? Анхнаасаа бүх зүйл тодорхой байсан бол бид ийм юманд цагаа зарахгүй шүү дээ. Гэхдээ телевизийн салбарт ирээдүй бий. Эдийн засаг жилээс жилд асар хурдацтай өсч байна. Телевизийн оршин тогтнох эх үүсвэр бол бизнес ертөнц. Бизнес хөгжөөд, компаниудын тоо, бараа үйлчилгээний тоо, төрөл нэмэгдэх тусам өрсөлдөөн ширүүсч телевизийн хэрэгцээ болоод чанар нь сайжирна. Шууд утгаараа бол захиалгат нэвтрүүлэг бус харин цэвэр реклам сурталчилгаа нь телевизийн эдийн засгийн гол эх үүсвэр болж байдаг. Жилд нэг хүнд зарцуулагдаж буй реклам сурталчилгааны үнийн дүн хөгжилтэй орнуудынхаас хэдэн зуу дахин бага байгаа. Эдийн засаг өсөх тусам энэ үнийн дүн өсөх учиртай. Энэ дундуур цөөн хэдэн телевизүүд дампуурах ёстой. Ялгарал хийж чадаагүй, өөрийн гэсэн үзэгчээ татаж чадаагүй нь зах зээлийнхээ жамаар дампуурна. Хүн амынхаа тоотой харьцуулбал монголд ийм олон телевиз байх хэрэгтэй юу, үгүй юу гэдэг асуулт гарч ирнэ. - Телевизүүд эфирийнхээ ихэнх цагийг гадны сувгуудын орчуулгын шоугаар дүүргэж байна гэсэн шүүмжлэл их байна... - Орчуулгын кино, нэвтрүүлгүүдийн талаар шүүмжлэлтэй ханддаг хүмүүс бий. Хэдийгээр би АНУ-д сургууль төгссөн, зохиогчийн эрхийн тухай сайн мэддэг хүн ч гэсэн нөгөө талаас харах нэг зүйл байгаа. Өнөөдөр бид BBC, FOX-ooс ч юм уу чанартай сайн шоуг нь сая доллар төлөөд авч чадахгүй нь тодорхой ийм нөхцөлд орчуулаад гаргахаас өөр аргагүй. Бүгдээрээ орчуулгагүй, гадны сайн шоу гаргахгүй болчихвол яах вэ? Ард түмэн юу үзэх юм бэ? Залуучууд хөгжил дэвшилтэй хамт алхах хэрэгтэй шүү дээ. Манайх АНУ-ын зарим нэг компаниудаас шоу худалдаж авах талаар яриа хэлцэл хийж байгаа. Хэрвээ худалдаад авчихвал бусад телевизүүдийг тухайн шоуг битгий гаргаарай гэсэн шахалтыг үзүүлж эхэлнэ ээ дээ, Tэгэхээр нөгөө телевизүүд тэр компани руу хандаад биднээс илүү мөнгө төлөөд авч болно. Энэ бол чөлөөт өрсөлдөөн. Гэхдээ бид өндөр үнэтэй шоуг үнээр нь аваад үзүүлдэг цаг үе ирнэ гэдэгт найдаж байна. - Хэзээ нэгэн цагт тэгнэ ингэнэ гээд байдаг. Хэзээ тэр цаг ирэх юм болоо? - 200 гаруй мянган монгол гадаадад ажиллаж, амьдарч, сурч байгаа. Тэр хүмүүс эхнээсээ ирж байна. Энэ хөдөлгөөн цаашид үргэлжилнэ. Ямар ч байсан таван жилийн дараа телевизүүд шал өөр болно. NHK, BBC зэрэг том том сувгууд нэг нэвтрүүлэг хийхийн тулд бүтэн жилийн өмнөөс төлөвлөөд, санхүүжилтийг нь хэдэн сарын өмнө батлаад хийдэг. Монголд тийм боломж байхгүй. Мэдээж уран бүтээлчдээс шалтгаалах олон хүчин зүйл байгаа. Гэхдээ тэднээс хамаарахгүй зүйлүүд ч бий. Одоо бид ийм байгаа ч энэ бол явах ёстой л зам. Тэр жамаараа л явж байна. - “Global CEO” нэвтрүүлгийг гарснаас хойш залуучууд үнэхээр чадваржиж байгаа юм байна гэсэн сигнал олон хүн авсан байх. Харин чадвартай залуусыг ажиллуулах хөшүүрэг байхгүй, гадагшаа алдаад байна гэж ярьдаг шүү дээ. - Монгол залуучууд боловсрол, мөнгө олохоор гадагшаа гарч байгаа. Гадаадад байгаа залуучууд бүгдээрээ маш сайн явж байна. Гадагшаа гарсан хүмүүсийг эх оронч биш энэ тэр гээд ярьдаг. Хаана байгаа нь хамаагүй, тэр эх оронч мөн биш гэж ярих нь утгагүй. - Гадагшаа гараад олон жил болчихсон, тэнд хүүхэд нь төрчихсөн хүмүүс эргэж ирээд монголд амьдарч чадах болов уу? - Би арваад жил монголд амьдраагүй. Гэхдээ амьдарч болоод л байгаа. Өдөрт зарцуулж байгаа мөнгө АНУ-д байснаас бараг илүү гарч байна. Амьжиргааны өртгийг Америктай харьцуулах юм бол лаазтай коланы үнэ яг ижил, талх бас ойролцоо, бензин монголд илүү, үл хөдлөх хөрөнгийн үнэ Америкийн зарим мужуудтай ижил байна. Хүнийг машинаар төсөөлье л дөө. Цагт 100 км давхих чадвартай байлаа гэхэд Улаанбаатарт нөөц бололцоо 25 км цагаас хэтрэхгүй байвал яах вэ? Тэгвэл 100 км давхиж чаддаг газартаа л оч. Магадгүй тэр нь дэлхийн хаана ч байж болно шүү дээ. Хаана илүүг хийж бүтээх нөөц бололцоотой байна. Тэндээ л очих хэрэгтэй. Гадаадад хар бор ажил хийгээд авдаг цалинг монголд мэргэжлийнхээ ажлыг хийгээд авах боломж бүрэн байна. Чадвартай байх юм бол сарын 1000-2000 долларын цалин бол юу ч биш болсон. Монголд утаа, замын бөглөрөл гээд стресс их байгаагаас биш, бусдаар доордоод байх юм бараг байхгүй. Хотын төвөөр олон өндөр байшингууд баригдаж байна. Улс орон маань хөгжиж л байна шүү дээ. - Би яг өнөөдрийнхөөрөө ажлаа хийгээд л яваад байхад ойрын хэдэн жилдээ цалин маань 2000 доллар болно гэхэд итгэхгүй л байна. - Бололцоо байлгүй яахав. Монгол улс ДНБ-ээрээ дэлхийд 130-д жагсаж буй мөртөө нэг хүнд оногдох жийпээрээ дэлхийд тэргүүлэх гэж байна шүү дээ (инээв). Энэ жийпнүүд хаанаас гараад ирсэн юм бэ? Авлигаар өчнөөн олон зүйл хийгээд байгаа биз дээ. Авлига байхгүй байгаад жамаараа явах юм бол тэр мөнгө цалин болох ёстой. Авлига ч байна уу цалин ч байна уу, ямартаа ч монголд мөнгөний эргэлт сайн байна. Тэгэхээр компаниуд баруунд сургууль төгсчихсөн, хэлтэй, юм үзэж, нүд тайлсан хүнийг авах сонирхолтой, цалинг нь төлөх чадвартай болсон. Тэнд зүгээр л хоёр, гурван жил болоод ирэхэд шал өөр болдог. Яалт ч үгүй өдөр тутмын амьдрал тэр хүнийг өөд нь татаад өгдөг. Биеэ дайчлаад, өөрийгөө хөгжүүлээд, хэл сураад, гадагшаа гар. Хорвоо ертөнцтэй танилц, бусдаас сур. Хэдэн жилийн дараа эргээд ир. Тэгэхэд чамайг хэдээр үнэлэхийг нь хараарай. - Хүний үнэлэмж муу байна гэж ойлгож болох уу? - Үнэлүүлэх юмаа маш сайн хий. Ажилд орох гээд ирсэн хүмүүс CV-гээ форматаар нь хийгээд ирэх байтугай тийм юмны тухай сонсоогүй байх нь элбэг. Өө намайг үнэлэхгүй байна гэхээсээ өмнө өөрийгөө чадваржуулах хэрэгтэй. Телевизүүдийн титрийн алдааг ч гэсэн харж байгаа биз дээ. Тийм болохоор яаж үнэлэх юм бэ? Манайхан залхуу. Өөрсдийгөө аймаар магтдаг хэрнээ хийж байгаа юм нь ямар билээ. Өөрөө ажлаа мэддэг, наад зах нь монголоор сайн бичиж, илэрхийлж чаддаг, зохион байгуулалт хийчихдэг, мэдэхгүй юмаа интернетээс хайгаад олчихдог тийм хүмүүсийг ажилд авах, өндөр цалин өгөх газар зөндөө бий. Гудамжны хогийг хар л даа. Бид л үүнийг хаяж байгаа тийм л ухамсартай хүмүүс шүү дээ.бид. Өөрсдийгөө хэт магтахаа больцгооё. Урд явж байгаа машины цонхоор хүмүүс хогоо хаяхаар нь би сигналдаад, дараагийн дохион дээр гүйцэж очоод “Чи болиоч ээ. Яагаад хогоо хаяж байгаа юм бэ” гэж хэлдэг. Ухамсар өөрчлөгдөхөд хугацаа хэрэгтэй. - Тэгээд яах вэ? Яаж өөрчлөх вэ? - Баабарын хэлдэгээр үе солигдож байж энэ бүхэн өөрчлөгдөнө. Дээр нь залуус бид маш завгүй байх ёстой. Зарим хүн надаас уйдахаараа юу хийдэг вэ гэж асуудаг. Надад уйдах цаг байдаггүй. Хоногийн 24 цаг аймаар үнэтэй ш дээ. Цагт доод тал нь арав хорин мянган цаас хийхгүй бол болохгүй гэж өөртөө зорилго тавьдаг. Сарынхаа цалинг ажлын өдөрт хуваа. Түүнийгээ найман цагтаа хуваачих. Тэгээд миний нэг цаг ийм л үнэтэй байна даа гээд мэдчих хэрэгтэй. Тэр үнэлэмжээ өсгөх, бүтээмжээ өсгөхийн төлөө өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай. Хөгжилтэй орнууд ажлын хөлсийг цагаар үнэлдэг нь хамгийн шударга үнэлэмж шүү дээ. - Өндөр байшин хөгжиж байгаагийн илрэл мөн үү, биш үү гэдэг дээр ч маргаан байдаг шүү дээ. - Мөн байлгүй яахав. Арван жилийн өмнө хаа сайгүй л хоосон газар байсан. Байшин барих мөнгөгүй байсан. Юун байшин барих, үл хөдлөх хөрөнгө гэж юу юм бэ гэдэг байсан. Хамгийн түрүүн хүмүүсийн ухамсар өөрчлөгдөх ёстой. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар бид нар ямар байгаагаа, ямар сонголт хийдгээ харлаа. Миний мэдэх маш сайн боловсрол эзэмшсэн, туршлагатай сайхан сайхан залуучууд сонгогдоогүй л байна лээ. Сонгоогүй шүү дээ. Ардчилал нийгмийн бүх гишүүд нь зөв сонголт хийх хэмжээний боловсролтой үед жинхэнэ утгаараа хэрэгждэг. Боловсролгүй хүмүүс боловсролгүй хүнийг л сонгодог. Гэхдээ xөдөөнөөс олон залуучууд хотод суралцаж xарин хотыг дүүргэж байсан залуус дэлхийгээр нэг явж байна. Дэлхийн ямар ч том их сургуульд монгол хүн сураад, судалгааны томоохон институтэд ажиллаж байна гэхэд бид гайхахаа больчихлоо. Энэ бол дэвшил. Нөгөөтэйгүүр “never been better” гэж ярьдаг шиг, Монголчууд бид Монголын эзэнт гүрнээс хойш хөгжиж байгаагүй өндөрлөгтөө, урьд хожид байгаагүй их эрх чөлөө, нөөц бололцооны өмнө ирчихсэн байна. XXI зуун бол Монголчуудын хөгжил дэвшлийн зуун. Бид ийм сайхан цаг үест амьдарч байгаадаа баярлах хэрэгтэй. М.ГЭРЭЛТУЯА Эр сурвалж цаг төр дот эм эн |
"Холын хүнд өршөөл тус хүргэж, ойрын хүнд асрал өглөгийг хүртээвээс эв эе бүтэж хүч нэммүй, харийн газар арга чадлаа бэхлэж, халуун зуураа эе эвээ хичээ, үхэлгүй насны шидийг эс олсны тул мөнх бусыг санаж, эрдэмт ламын тангарагийг эвдэлгүй, эзэд хаадын зарлигийг давалгүй, эцэг эхийн сургаалыг марталгүй явагтун" Оюун түлхүүрээс
Friday, 24 December 2010
Д.САЙНБАЯР: "ХХI ЗУУН БОЛ МОНГОЛЧУУДЫН ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ЗУУН"
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment