Saturday, 25 December 2010

Д.ЭНХБАТ: "ИРЭХ СОНГУУЛИАС ӨМНӨ ХОЁР НАМ БҮР БАЛИАРТАНА"


УИХ-ын гишүүн Д.Энхбатыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Элдэв оршилгүйгээр асуухад, та бүхэн Нэгдсэн намыг албан ёсоор хэзээ байгуулах вэ?

-Бид Монголд эрүүл, улс төрийн шинэ хүчин байгуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Ийм хүчнийг хамтран байгуулъя гэж Иргэний зориг намд манай намынхан уриалсан. Тэд бидний саналыг хүлээн авч, Улс төрийн зөвлөл нь дэмжсэн гэсэн мэдээлэлтэй байна. Мэдээж хэрэг, энэ асуудлыг бүгдээрээ шууд дэмжчихгүй. Хоёр нам их хурлаа хуралдуулж, нэгдсэн саналд хүрэх ёстой. Ногоон намын бага хурал саяхан хуралдаж “Эрүүл, улс төрийн шинэ хүчин байгуулж, хамтарч ажиллах алхмыг хэрэгжүүлье” гэсэн даалгаврыг намын дарга надад өгсөн юм. Ажил үүний дагуу явж байна. Ногоон нам, Иргэний зориг намаас хамтарсан ажлын хэсэг байгуулах байх. Тэр үед дотоод процедур, намын нэр, туг, үзэл баримтлалын талаар ярилцана. Хэрэв бид тохиролцож чадвал их хурлаараа эдгээрийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Гэвч хоёр намынхан дээрх асуудлуудаар тохиролцож чадахгүй бол нэгдэхгүй ч байж болно шүү дээ.

-Хоёр нам нэгдсэн тохиолдолд эрх мэдэл, эрх ашгийн хуваарилалтаа хэрхэн хийх вэ. УИХ-ын гишүүн С.Оюуныг намын даргаар сонгох гэж байгаа гэлүү?

-Энэ талаар урьдчилж ярилцаагүй. Өөрөөр хэлбэл, намын дарга, туг, тэмдэг, дүрмийн тухайд юу ч яриагүй.

Намын дарга нь хэн ч байж болно. Учир нь улс төрийн шинэ хүчнийг хэн авч явж чадах вэ гэдэг бол маш том асуулт. Түүнээс биш Д.Энхбат, С.Оюун хоёрын асуудал биш.

-Тийм л дээ. Гэхдээ танай намын жирийн гишүүд “Иргэний зориг намд С.Оюунаас өөр хүн “харагдахгүй” байна” гэдэг. Иргэний зориг намынхны хувьд ч ялгаагүй “Ингэхэд Ногоон намд Д.Энхбатаас өөр хэн байгаа юм бэ” гэлцдэг шүү дээ. Иймэрхүү яриаг та нэг биш удаа сонссон л байх?

-Үгүй ээ, ер нь бие биедээ таалагдахгүй бол нэгдэх албагүй. Тэгж ярьж байгаа хүмүүст ингэж хэлмээр байна. “Хоёр нам заавал нийлэх албагүй” гэж. Үнэхээр нэгдье гэвэл нэг нэгнээ гоочлох хэрэггүй. Миний хувийн бодол их энгийн. Эрүүл бөгөөд улс төрийн гуравдагч хүчнийг байгуулах нь монголчуудад хэрэгтэй. Харин Д.Энхбат, С.Оюун хоёрт хэрэгтэй юү, аль эсвэл хоёр намынханд хэрэгтэй юү гэдэг нь дараачийн асуудал. Бид Монголын улс төрийг өөр байгаасай гэж хүсдэг. Өөр байлгахын тулд өөрсдөө өөр байх учиртай биз дээ. Тэгэхгүйгээр бусадтай адил хэрүүл хийж, хоорондоо зууралдаад бие биенээ муу хэлээд байвал улс төрийн шинэ хүчин байгуулж чадахгүй. Ийм л хатуу байр суурьтай байна.

-Уг нь олон нийт Ардчилсан намын эрүүл үзэл бодолтой зарим хүнд их найдаж байлаа. Гэвч сая хуралдсан ҮЗХ-ны хурал намдаа, бас иргэдийн сэтгэхүйд хувьсгал хийх нь бүү хэл олны элэг доог болсон. Тиймээс та бүхэн улс төрийн ямар шийдэл гаргаж, зоримог үйлдэл хийх нь сонин байна?

-Нэлээд нарийн ярилцана аа. Ямар ч байсан Ардын нам, Ардчилсан намын араас орсон, монголчуудын хүсээгүй, авлигад идэгдсэн, засгийн эрхэнд хууль бусаар гардаг улс төрийн хүчин болохыг бид хүсэхгүй. Зөвхөн УИХ-ын гишүүн болж, албан тушаал сонирхдог хүмүүс байсан сан бол хэн нэгэн маань аль нэгэн намд элсч, өөр замаар явчихаж болох л байсан. Гэвч “Тэднээс огт өөр замаар явъя” гэж байгаа учраас түүнийхээ төлөө л явна. Ногоон нам, Иргэний зориг нам механик аргаар нэгдэх ёсгүй. Бид улс төрийн цоо шинэ платформ гаргах ёстой. Улс төрийн нээлттэй, гишүүдтэйгээ ойр ажилладаг бүтэц бий болгох хэрэгтэй. Тиймээс дотоод ардчиллынхаа талаар сайн бодох нь чухал. Яагаад гээч. Бидний байгуулах гэж буй улс төрийн хүчин Ардын нам, Ардчилсан намаас огт өөр байхаас гадна Ногоон нам, Иргэний зориг намаас ч өөр байх юм. Тэгэхээр хоёр намынхан зөвхөн хоорондоо нэгдэх тухайд яриагүй байгаа биз дээ. “Монголчуудын итгэлийг даах улс төрийн шинэ оршин тогтнолын бяцхан үрийг суулгая” л гэж бодсон хэрэг. Үүнийг хийж чадахгүй бол нэгдэх хэрэг байхгүй.

-С.Оюун гишүүний хувьд, эвсч, хамтрахын ид шидийг ч бишгүй үзсэн байх. Басхүү горыг нь цөөнгүй амссан улстөрч. Зарим зүйл дээр урьдчилж тохиролцъё гэдэг үүднээс тантай энэ тухай ярьсан уу?

-Бид хоёрын дунд өрнөсөн яриаг би сонинд дэлгээд яах вэ. Хүмүүс С.Оюуныг “Хэд, хэдэн намтай эвсч, хамтарч, ийм, тийм болж байсан” гэж муулдаг л юм. Миний хувьд, тэднээс өөр байр суурьтай байна. Ер нь С.Оюун биш, зүгээр сууж байсан хүмүүс буруутай. С.Оюун бусад намынхантай хамтарч ажиллах гэж бүх талаар оролдсон. Гэвч түүнийх нь төлөө түүнийг буруутгаж болохгүй шүү дээ. Ногоон намын тухайд байдал маш энгийн. Дэлхий дахинд улс орнуудын Ногоон намууд маш хүчтэй болж байгаа. Германд бараг ¹2 улс төрийн хүчин болж гарч ирж байна. Үүнээс юу гэж дүгнэж болох вэ гэвэл, Ногоон нам хүн төрөлхтөний захиалга, ногоон үзэл бодол хэмээгч нь монголчуудын зүрх сэтгэлд ямагт байдаг. Тиймээс бид үүнд нь тохируулж, зөв ажиллах ёстой. Улс төрийн платформ маань ч ойлгомжтой. Манай нам Иргэний зориг намтай нэгдсэнээр иргэн ба байгаль орчны чиглэлээр явуулдаг үйл ажиллагаа маань улам бэхжинэ. Ногоон нам бол иргэн төвтэй нам. Иргэний зориг намтэй нэгдэх гэж буйн гол шалтгаан энэ ч байж болох юм.

-Нэгдсэн нам хэмээн тодотгож хэлэхэд та үгүйсгэсэнгүй. Тэгэхээр та бүхэн улс төрийн шинэ хүчнээ Нэгдсэн нам гэж нэрлэхээр эцэслэн шийдчихсэн хэрэг үү?

-Өө, үгүй. “Нэгдсэн” гэдэг үгийн тухайд манай хоёр нам нэгдэх талаар л ярьж байгаа юм. Бид хоёр намынхаа бүтэн нэрээр нэрлэхээр шийдсэн. Тэгээд ч “Намын нэрээр маргахаа больё. Том нам болсны дараа гишүүд маань өөрсдөө шийдэг” гэж үзэж байна. Хоёр намын нэгдлийн тухай ярьж байгаа хүмүүс заавал шинэ нэр бодож олоод маргалдах хэрэггүй. Иргэний зориг-Монголын Ногоон нам гэсэн урт нэрээрээ байж л байг. Тэртэй тэргүй энэ нам нэг цул, нэг хамт олон болно. Харин нэг жилийн дараа намынхаа нэрийг өөрчлөх эсэхээ өөрсдөө шийдэг дээ.

-Үзэл баримтлалын хувьд зөрчилдөх зүйл гарахгүй гэж үү?

-Иргэний зориг намынхан өөрсдийгөө “Либераль үзэл баримтлалтай” гэдэг. Ногоон намын тухайд, дэлхийн олон оронд зүүний чиглэлийнх байдаг. Онцлог нь бид үзэл баримтлалыг догматик байдлаар сахидаггүй. Бизнесийн салбарт либераль үзэл баримтлал давуу талтай. Байгаль дэлхий, бүх нийтийн эрх ашгийн төлөө зүүний үзэл баримтлалыг сахигчид их сайн ажилладаг. Өөрөөр хэлбэл, бизнесийн асуудлыг зүүний үзлийн дагуу, байгаль дэлхийн талаар либеральчаар шийдвэрлэж болдоггүй. Харин дэлхийн Ногоон намууд амьдралд илүү прагматик ханддаг. Бизнесийн асуудалд либеральч, байгаль дэлхийн тухайд бүх нийтийн эрх ашгийг хамгаалдаг гэсэн үг. Тухайлбал, Туул голыг хувийн бизнесийн эрх ашгийн үүднээс хэзээ ч харж болохгүй. Богд хан уулыг хувийн өмч хөрөнгийн хэмжээнд ярих нь утгагүй. Тийм учраас дэлхийн Ногоон намууд үзэл баримтлалд хэзээ ч захирагддаггүй. “Заавал консерватив, заавал либераль байна” гэж бид ярьдаггүй. Ногоон намынхан өөрсдийгөө “Амьдралын нам” гэдэг. Амьдрал хэзээ ч нэг үзэл бодлоор явдаггүй. Ногоон нам дэлхийд хүчирхэгжиж буйн гол шалтгаан нь хүмүүс тогтсон үзэл бодлоос залхсан байна шүү дээ. Ер нь юм болгоныг либеральчилж болохгүй. Манай нам төвийн үзэл баримтлалтай учраас Иргэний зориг намтай зөрчилдөх зүйл гарахгүй гэж бодож байна. Бид тус намтай битгий хэл Ардын намтай олон асуудлаар давхцана. Ардчилсан намтай ч мөн адил. Тэгээд ч Монгол орны байгаль, уул, ус, экологийн сэдвээр улс төрийн намууд зөрчилдөнө гэж би бодохгүй байна.

-Хоёр намын нэгдэл, бас УИХ-ын 2012 оны сонгуулиас та бүхэн томоохон үр дүнг хүлээж байгаа байх. Хоёр жилийн дараах дүр зургийн та хэрхэн төсөөлж байна вэ?

-Монголын сонгогчид 2004, 2008 оны сонгуулиас их зүйлийг ойлгосон байх. “Хоосон амлалт, хэт улстөржилт, хийрхэл огт хэрэггүй юм байна. Эдийн засгийн бүлэглэлүүдийг хуйвалдааны замаар дагах ёсгүй юм байна. Хоосон мөнгөнд итгэх хэрэггүй. Уул уурхайн баялгаар цөм амьдарна. Бүгдээрээ ажил хийхгүйгээр тэтгэвэр аваад сууна гэж мөрөөдөх хэрэггүй юм байна. Туйлшрах ч учиргүй. Маш энгийн зарчим ярьж, зөв яваа хүмүүстэй л ажиллах ёстой болохоос бус гэнэт гарч ирчихээд “Та нарт нэг сая төгрөг өгье. Бүгдийг нь тэжээе” гэж байгаа нь хэрэггүй гэдгийг хүмүүс ойлгосон. Ер нь улс орны амьдралыг 20 жил үймүүлж байгаа хүмүүсээс монголчууд маань салах цаг боллоо. Өөрөөр хэлбэл, улстөрчдийг солих нь зөв. Гэлээ гээд “Ногоон намыг заавал сонго” гээгүй шүү. Монголчуудыг өнгөрсөн аравны туршид ядууралд оруулсан, Улаанбаатар хотыг утаатай нь хутгаж, газрын наймааг цэцэглүүлэн байгаль дэлхийг бусинуулсан хүмүүст хариуцлага тооцох ёстой. Тэдний оронд гарч ирж, ард түмний төлөө ажиллаж чадах шударга, мэдлэг, мэргэжилтэй хүн зөндөө байгаа.

-Харамсалтай нь энэ бүтэшгүй санаа л даа…

-Яагаад?

-Таны хэлсэнчлэн, бас иргэдийн шүүмжилдэгчлэн өнөөх газрын наймаачид, луйварчид, хутган үймүүлэгчдийн дараа үеийнхэн, бүр тодруулбал, тэдний хүүхдүүд төрд ажиллахаар ээлжээ хүлээж байна шүү дээ. Ардын намын ээлжит их хурлын үеэр энэ дүр зураг маш тодорхой харагдсан?

-Тэгвэл Ардын намыг сонгохгүй л байна биз. Тэгээд боллоо шүү дээ.

-Үгүй, харин яаж. Сонгууль болгоноор олонхи болдог эрх баригч хүчнийг дийлэхгүйг та бүхэн мэдэж байгаа биз дээ?

-Эцсийн эцэст, монголчууд наад бодлоос чинь салах хэрэгтэй. Монголчуудын толгой дээр Ардын нам гараад гагнагдчихсан юм уу. Сольж л орхиг.

-Энэ чинь хамтарсан засаглалын эрин үе байх аа. Хоёр намынханд бие биенээсээ салах хүсэл одоохондоо алга?

-Хамтад нь аваад хаячихгүй юу. Ардын нам, Ардчилсан намын үзэн ядсандаа ингэж хэлж байгаа юм биш. Ерөөсөө улстөрчдийг сольж байх хэрэгтэй. Улстөрчид, памперс хоёрыг үе, үе солихгүй бол өмхийрдөг. Тийм учраас соль. Хариуцлага тооц. Ядуурлыг бууруулж, хүмүүсийг ажилтай болгон авлигыг зогсоож чадаагүй тэд юунд гомдох юм бэ. Тэдэнд эрх мэдлийг өгсөн үү гэвэл 20 жилийн туршид өглөө. Хар машин унуулсан уу, унуулсан. Дарга болгосон уу, болгосон. Гэтэл түмний төлөө юу ч хийгээгүй байж “2012 онд дахин сонгож өгөөч” гэвэл инээдтэй биз дээ. Ард түмэн тэдэнд “Одоо боллоо” гэж хэлэх ёстой.

-Эл дол болсон элдэв амлалтад иргэд дасчихсан, өөрсдөө улстөрчдөөс олон зүйл нэхдэг, хардаг учраас тэгж хэлж чадахгүй. Та ч гэсэн энгийн иргэн Энхбат байсан бол тийм л байх байсан болов уу?

-Тийм бол болиг л дээ. Хулгай хийж, хүмүүсийг ядууруулж байгаа хүнийг сонгож л байгаа юм бол араас нь бухимдаад хэрэггүй. Миний хувьд, сонгогчдод “Тэднийг нүүрэн дээр нь улаан цайм хатуу хэл” гэдэг. Ер нь хулгайчийг сонгочихоод “Хулгай хийчихлээ” гэж гаслаад хэрэггүй л байхгүй юу. Би үүнийг зөвхөн Ардын нам, Ардчилсан намынханд хамаатуулж хэлээгүй. Ногоон намынхан ч гэсэн засгийн эрхэнд 12 жил гарчихаад ядуурлыг бууруулж чадахгүй бол хөөгөөд явуулчих хэрэгтэй. Энэ бол зарчим.

-Ардчилсан намынхан зарчимдаа захирагдаж чадав уу. Тэд сая жижиг эрх ашигтаа дийлдчихлээ. Харин та тус намд өрнөж буй үйл явцад ямар дүгнэлт хийв?

-Би өөрөөс тань нэг зүйл асууя. Монголын төрийн эрхийг хэн барихыг Ардын намын Удирдах зөвлөл шийддэг юм уу, аль эсвэл ард түмэн үү?

-Үндсэн хуульд ард түмэн мэднэ гэж заасан байдаг юм билээ. Гэвч Ардын намын Удирдах зөвлөлөөс тоглоомын дүрэм ихэвчлэн зохиодгийг улстөрчид та бүхэн мэдэхгүй биш дээ, ямар?

-Харин тийм. Тэгэхээр Үндсэн хууль зөрччихсөн байгаа юм. Төрийн эрхэнд хэн байхыг Ардын нам шийддэг юм бол 1990 оноос өмнөх байдалд бид орлоо гэсэн үг. Тэр ч атугай Ардын нам Ардчилсан намыг төрд урих эрх ч байхгүй. Яагаад гэвэл, Монгол Улсын төрийн эрхийг хэн барихыг Ардын намын Удирдах зөвлөл шийддэггүй юм. Үүнийг зөвхөн ард түмэн шийднэ. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намыг “Төр битгий барь” гээд шийдчихсэн. Хамтарсан Засгийн газрыг стандарт бус гэж яагаад нэрлэсэн юм бэ. Хууль бус гэсэн үг шүү дээ. Гэтэл хууль бус байж болдог нь ямар учиртай юм бэ.

-Төрийн ажлыг үргэлжлүүлэх үү, түр зогсоох уу гэдгийг ч эрх баригч нам мэддэг. Эл байдал XXVI их хурлынх үеэр, бас Бага хурлын ээлжит хуралдаануудын үеэр тодорхой харагддаг шүү дээ. Ардчилсан намынхан ч үүнийг нь дуурайх боллоо. Ер нь ийм байж таарах уу?

-Энэ бол яах вэ. Хүний зан чанар жижиг зүйл дээр илэрдэг. Тэр зан нь л илэрч байгаа юм. Ардын намынхан УИХ-ыг хүндэтгэхгүй байгаагийнх нь л шинж. Гэлээ гээд би муу хэлээд яах вэ. Сонгогч түмэн харж байгаа. Ардын намынхантай Ардчилсан намын ҮЗХ барьцаж байна лээ. Тэгэхээр эдгээр намууд Монголын төрийг хүндэтгэхгүй байна.

-Таны хэлснийг Ардчилсан намтай жишиж болох юм. Намын дарга Н.Алтанхуяг, гишүүн С.Эрдэнэ нарын зөрчилдөөнийг ажиглавал, үл хүндлэлийн асуудлыг хөндмөөр. Гэтэл намын дарга нь намынхаа гишүүнийг, тэр тусмаа УИХ-ын эрхэм гишүүнийг тагнуулснаа өөрөө хэлсэн шүү дээ. Үүнийг эхнэр, нөхрийн маргаан, хардлагатай зүйрлэж таарахгүй, тийм үү?

-Дүрэмгүй явахаар тодорхой хугацааны дараа хэрүүл үүсдэг. Хэрүүл гурав хоног үргэлжлэхээр анх юунаас болсныг нь ч мартдаг. Хэний зөв, хэний буруу нь хамаагүй болдог. Нэг заваарвал ингэдэг юм. Энэ хоёр нам анхнаасаа л дүрэмгүй явлаа. “Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэдэгчлэн 2012 оны сонгууль дөхөх тусам тэд улам заваарна. Өөр тань нэг зүйл хэлье. УИХ-ын ирэх сонгуулиас өмнө Ардын нам, Ардчилсан намынхан хамт явж чадахгүй болно. Бас салж ч чадахгүй. Ёстой балиар юм болно.

-УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн хямралд орчихсон бололтой. Тэд “Ирэх сонгуульд ялагдах нь тодорхой боллоо” гэж байна. Танд ямар дүр зураг харагдаж байна вэ?

-Ялагдах нь тодорхой. Хамтарсан Засгийн газрыг анх байгуулахад л ингэх нь тодорхой байсан юм. Гэвч олон хүн ийм байдалтай болохыг харахыг хүсээгүй. Дэлхийн II дайнаас өмнө Английн эрх баригч хоёр нам засаг барьж, XX зууны хамгийн бохир, луйвар хийдэг засаглалыг бий болгосон. Одоогоос таван жилийн өмнө Германы Христосын ардчилсан холбоо, Социал демократ нам эвсч, нэр хүнд нь яаж уналаа. Тиймээс 20 жилийн өмнө байгуулагдсан Ногоон нам хамгийн том нам нь болж гарч ирсэн. Эрх баригчид нь заваарсан учраас Германы ард түмэн тэднийг унагасан юм. Үүнтэй адил шийдвэрийг Монголын ард түмэн гаргавал улс төр эрүүлжинэ. Унагаахгүй бол энэ заваан юм үргэлжлээд л байна. Тэгэхээр бүх зүйл сонгогчдоос хамаарна. Танай сонины уншигчдад хэлмээр байгаа юм. Улстөрчид заваарч л байг. Тэднийг цагт нь зүгээр л унагаачих. Улс төрийг улстөрчид л муухай болгодог. Улс төрийг улстөрчид л сайхан болгодог гэдгийг энд хэлмээр санагдчихлаа.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!

С.БАТТУЛГА

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

No comments:

Post a Comment